Манай аймаг өнгөрсөн оныг “Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд төрийн байгууллагууд худалдан авах бараа үйлчилгээгээ иргэдэд ил тод зарлаж, тендер шалгаруулалтад орон нутгийн үйлдвэрлэгчиддээ давуу эрх олгосон юм.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жилийн худалдан авалтын тайлан мэдээг нэгтгэн дүгнэхэд орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс 1,4 тэрбум төгрөгийн худалдан авалтыг өнгөрсөн онд хийсэн байна. Мөн орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжсэнээр аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт, борлуулалт 53.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Бодитой жишээ татахад аймгийн “Дорнын уран гоёл” оёдолчдын холбоо 10 гаруй төрийн байгууллагатай хамтран ажиллаж хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцсыг үйлдвэрлэж нийлүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад оёдлын салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого 60 гаруй хувиар өсч, 15 ажлын байр шинээр нэмэгдсэн байна.
Аймгийн Засаг даргын өнгөрсөн оны худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад давхардсан тоогоор 139 оролцогч оролцож, 91 оролцогчтой гэрээ байгуулснаас 75 нь орон нутгийн гүйцэтгэгч байв. Мөн сумд сумын орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4,9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж ажилласнаас давхардсан тоогоор нийт 229 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсны 194 нь орон нутгийн гүйцэтгэгч байгаагаас харахад орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгон 80-аад хувийг дэмжиж ажилласан гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээллээ.