Ши Жиньпин суурь боловсролын асуудлаар чухал чиглэл өглөө

2026 оны 7-р сарын 23 өдөр

Суурь боловсролын асуудлаарх үндэсний зөвлөгөөн долоодугаар сарын 22-нд Бээжин хотноо болж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өгсөн чухал чиглэлийг уламжлав. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян зөвлөгөөнд оролцож үг хэлжээ.
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан суурь боловсролын асуудлаар чухал чиглэл өгөхдөө, шинэ аянд Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдлага болгож, боловсролын тухай намын бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн, ёс суртахууны төлөвшлөөр дамжуулан хүнийг хөгжүүлэх үндсэн зорилтыг биелүүлэх хэрэгтэйг онцлов. Мөн Намын шинэлэг онолоор сурагчдын үзэл санаа, үнэт зүйлийг төлөвшүүлж, ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүй, хөдөлмөрийн хүмүүжлээр бүх талаар хөгжсөн социализмын бүтээн байгуулагч, залгамжлагчдыг бэлтгэх шаардлагатай гэжээ.
Тэрбээр боловсролын зүй тогтлыг баримтлан, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, сургалт, хүмүүжлийн чанарыг дээшлүүлэх замаар сурагчдын бие, сэтгэлийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, авьяас чадварыг дэмжихийг шаардлаа. Түүнчлэн ард иргэдийн шинэ хүлээлтэд нийцүүлэн суурь боловсролын чанартай нөөц, үйлчилгээг өргөжүүлж, чанарыг сайжруулахын зэрэгцээ боловсролын тэгш байдлын үндсэн шугамыг чанд сахих хэрэгтэйг тэмдэглэв.
Ши Жиньпин сурган хүмүүжүүлэгчдийн эрхэм үзэл санааг түгээн дэлгэрүүлж, багшийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг бэхжүүлэн, өндөр ур чадвартай, мэргэшсэн багш нарын эгнээг бүрдүүлэхийг онцоллоо. Бүх шатны Намын хороо, засгийн газар улс төрийн хариуцлагаа бодитоор хүлээж, боловсролын байгууллагын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, боловсролын цогц шинэчлэлийг гүнзгийрүүлэх, сургууль, гэр бүл, нийгмийн хамтын оролцоог хангах замаар суурь боловсролыг чанартай хөгжүүлэх шинэ нөхцөлийг тасралтгүй бүрдүүлэх ёстой гэжээ.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян хэлэхдээ, боловсролын тухайн намын бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, Намын шинэлэг онолоор сурагчдын үзэл санаа, үнэт зүйлийг тууштай төлөвшүүлэхийн зэрэгцээ ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүй, хөдөлмөрийн хүмүүжлийг зэрэгцүүлэн уялдуулж, сурагчдын эрүүл өсөлт, бүх талын хөгжлийг дэмжих шаардлагатай гэв. Тэрбээр элсэлт, сургуульд хамруулах үйл ажиллагааны удирдлагыг чангатгаж, хөдөө орон нутагт асран хамгаалагчгүй үлдсэн хүүхдүүд болон хотод шилжин ажиллагсдын хүүхдүүдэд тавих халамж, анхаарлыг нэмэгдүүлэн, боловсролын тэгш байдлыг баталгаажуулж, суурь боловсролын тэнцвэртэй хөгжлийг ахиулах хэрэгтэйг онцлов. Мөн хүн амын өөрчлөлтөд нийцүүлэн боловсролын нөөцийг оновчтой хуваарилж, санхүүжилтийн баталгаа, сургуулийн байршил, суралцах орон тооны хангамж, багшлах хүчний зохицуулалтыг цогцоор нь төлөвлөх шаардлагатай гэжээ.
Дин Шюэшян мөн сурган хүмүүжүүлэгчдийн эрхэм үзэл санааг түгээн дэлгэрүүлж, багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах замаар шилдэг боловсон хүчнийг багшийн мэргэжлээр тогтвортой ажиллахад татах шаардлагатайг тэмдэглэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313