2026 оны 6 дугаар сарын 5-ны үдээс хойш БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжин хотноо Хятад улсад төрийн айлчлал хийж буй Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тунлун Сисулит-тай албан ёсны хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин Тунлун Сисулит-ийг Лаосын Ардын хувьсгалт намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон улсын даргаар улиран сонгогдсонд баяр хүргээд, Хятадын тал Лаосыг хөрш орнуудтай харилцах дипломат бодлогын чухал чиглэл хэмээн үздэг гэдгийг онцлов. Тэрээр хоёр тал стратегийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, шинэ эрин үеийн Хятад, Лаосын хувь заяаны хамтын нийгэмлэгийг шинэ шатанд гаргахад бэлэн байгааг илэрхийлжээ.
Мөн Ши Жиньпин хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр дөрвөн гол санал дэвшүүлсэн байна. Тухайлбал, социалист хөгжлийн чиг шугамыг тууштай баримтлах, хоёр намын хамтын ажиллагааны шинэ таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гадаад харилцаа, батлан хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын салбарын “3+3” стратегийн яриа хэлэлцээний механизмыг сайжруулах, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тууштай тэмцэхийг онцолжээ.
Түүнчлэн Хятад, Лаосын төмөр замын “алтан гарц”-ын үүргийг бүрэн ашиглаж, Хятад–Лаосын эдийн засгийн коридор болон Хятад–Лаос–Тайландын төмөр замын холболтыг урагшлуулах, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг санал болгосон байна.
Мөн “Хятад–Лаосын найрамдлын жил” болон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан соёл, боловсрол, эрүүл мэнд, залуучууд болон орон нутгийн солилцоог гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлж, “Дэлхийн өмнөд”-ийн орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахыг онцлов.
Тунлун Сисулит хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь улиран сонгогдсоны дараах анхны албан ёсны гадаад айлчлал бөгөөд Лаос, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон “Лаос–Хятадын найрамдлын жил”-тэй давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой гэв.
Тэрээр Лаосын тал Нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалт, мөн Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачлагын үзэл баримтлалыг дэмждэгээ илэрхийлсэн байна.
Мөн батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, цэвэр эрчим хүч, дижитал эдийн засаг, орчин үеийн хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, цахим мөрийтэй тоглоом, цахим залилан зэрэг үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Хэлэлцээний дараа хоёр тал нам хоорондын харилцаа, ард иргэдийн амьжиргаа, банк санхүү, гааль, эдийн засаг, худалдаа, залуучууд, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Угтах ёслолын үеэр 21 удаагийн ёслолын буудлага үйлдэж, хүндэт харуул жагссан бөгөөд оройн зоогийн арга хэмжээг Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар зохион байгуулж, Тунлун Сисулит болон түүний гэргийг хүлээн авсан байна.
Эх сурвалж: mongol.cri.cn Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN