Монгол-Хятадын найрамдлын цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулах зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэг хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-д байрлах Монгол-Хятадын цэцэрлэгт мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дэд тэргүүн, УИХ-ын гишүүн хатагтай Д.Энхтуяа, УИХ-ын гишүүн хатагтай С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга хатагтай Ү.Оюунзул нар болон Монгол Улсаас БНХАУ-д элчин сайдаар ажиллаж байсан ахмад дипломатууд, Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадын бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэрэг нийт 60 гаруй хүн оролцож мод тарив.
Элчин сайд Шэнь Миньжуань арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Бидний байгаа энэ газар бол өнгөрсөн намар ашиглалтад орсон Монгол-Хятадын найрамдлын цэцэрлэг юм. Өнөөдөр бид энд мод тарьж, тус цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын ‘Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байна. Мөн цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж буй хэрэг юм. Бидний хамтын хүчин чармайлтаар энэхүү цэцэрлэг улам үзэсгэлэнтэй болж, Монгол-Хятадын найрамдал ард түмний сэтгэлд гүн бат шингэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дэд тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нээлтийн үеэр хэлэхдээ: “Өнөөдөр бидний тарьсан модны үндэс бат бөх байж, Монгол-Хятадын найрамдлын нэгэн гэрч болох болтугай” гэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: “‘Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөн 2022 оноос хойш идэвхтэй өрнөж байна. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурал манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Ийм ач холбогдолтой үйл явдлуудын төвд энэхүү мод тарих арга хэмжээ болж байгаад бид баяртай байна. Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ. Та бүхний тарьсан мод бүхэн ургах болтугай” хэмээн хэллээ.
Эх сурвалж: mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN