Жил бүрийн 5-р сарын 19-ний өдөр тохиодог “Хятадын аялал жуулчлалын өдөр”-ийг угтан аяллын шинэ чиг хандлага тодорч байна. Өнөөдөр жуулчид зөвхөн үзэсгэлэнт байгалиар аялах бус, үйлдвэрийн талбайг зорих нь нэмэгдэж, аж үйлдвэрийн аялал жуулчлал хүмүүсийн сонирхлыг татах болжээ.
Хятадын “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-нд хувьсгалт түүхэн аялал жуулчлал, хөдөө орон нутгийн аялал, эрүүл мэндийн сувиллын аялал, аж үйлдвэрийн аялал жуулчлал зэрэг салбарыг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэхийг санал болгосон байна.
Бээжингийн Ижуан дүүрэгт байрлах Xiaomi Auto үйлдвэрийн робот гарууд тасралтгүй хөдөлж, логистикийн ухаалаг системүүд зогсолтгүй ажиллана. Тус үйлдвэрт зочлох нь шинжлэх ухааны уран зөгнөлт киноны орчинд орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.
718 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ үйлдвэрийн цогцолбор 2024 оны 11-р сард олон нийтэд нээлттэй болсон бөгөөд богино хугацаанд жуулчдын сонирхлыг ихээр татах болжээ. Нэг үе 20 тасалбарын төлөө 10 мянга орчим хүн өрсөлдөж байсан байна.
Xiaomi Group-ийн үүсгэн байгуулагч Лэй Жүнь 2025 онд тус үйлдвэр 130 мянга гаруй зочин хүлээн авсныг онцолж, үүнийг “аж үйлдвэр ба аялал жуулчлал”-ын хосолсон хөгжлийн тод жишээ хэмээн үнэлжээ.
Чэндү хотын зүүн хэсэгт байрлах “Зүүн дүүргийн дурсамж” соёлын парк нь 1958 онд байгуулагдсан төрийн өмчит Хунгуан электрон үйлдвэрийн суурин дээр бий болсон. Энэ газар нь нутгийн иргэдийн хувьд хөгжлийн түүхийг хадгалсан чухал дурсамж юм.
2012 онд Чэндү хот орхигдсон үйлдвэрийн барилгуудыг сэргээн засварлах ажлыг эхлүүлж, түүхэн байгууламж, аж үйлдвэрийн дурсгалуудыг хамгаалан шинэчилжээ. Өнөөдөр тус цогцолбор нь урлагийн тоглолт, дижитал соёл, бүтээлч үйлдвэрлэл, худалдааны орчныг хослуулсан иж бүрэн экосистем болж, жилд 17 сая гаруй жуулчин татаж байна.
Хубэй мужийн Ухань хотод жуулчид “Оптик хөндийн фотон” монорэйл галт тэргээр зорчиж, тунгалаг шалаар доорх өндөр технологийн судалгааны төвүүд болон ухаалаг үйлдвэрүүдийг харж танилцах боломжтой. Энэ оны эхнээс тус хотод хиймэл оюун ухаан, инновацийн экосистем, “супер үйлдвэр” зэрэг сэдэвт аяллын маршрутуудыг нэвтрүүлээд байна.
Одоогийн байдлаар Хятад улсад “Үндэсний аж үйлдвэрийн аялал жуулчлалын бааз” хэмээн нэрлэгдсэн 142 газар бий. Судалгаагаар 2024-2029 онд энэ салбар жилд дунджаар 18 хувиар өсөж, зах зээлийн хэмжээ 300 тэрбум юаниас давах төлөвтэй байна.
Эх сурвалж: mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN