5-р сарын 12-ны өглөө Хятад, Монголын хамтарсан сурвалжлах баг Эрээн хот дахь Хаоган жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын ложистикийн парктай танилцлаа.
Тус паркийн ерөнхий менежерийн орлогч Жан Юйчэнгийн хэлснээр, жимс, хүнсний ногоо өдөр бүр өглөө 10:30 цагийн орчимд гааль, хилийн шалгалтад орж, ачааны машинд ачигддаг. Дараа нь Эрээн боомтоор гарч, маргааш өглөө 05:00–06:00 цагийн үед Улаанбаатар хотын бөөний захуудад хүрдэг байна. Үд гэхэд иргэдийн хэрэгцээнд шууд нийлүүлэгддэг бөгөөд бүх процесс ердөө нэг хоног хагасын дотор явагддаг.
Сурвалжлах баг мөн жимс, ногоо тээвэрлэдэг монгол жолооч Гүнжаргалтай уулзжээ. Тэрээр энэ салбарт 8 жил ажиллаж байгаа бөгөөд долоо хоногт хоёр удаа тогтмол тээвэр хийдэг байна. Түүний хэлснээр, Эрээн боомтоор өдөрт дунджаар 25–30 ачааны машин жимс, хүнсний ногоо тээвэрлэдэг бөгөөд нэг машин 19–27 тонн ачаа зөөдөг.
Өмнө нь Монголд жимс, хүнсний ногооны төрөл хязгаарлагдмал байсан бол одоо энэ ложистикийн паркаар дамжин дэлхийн олон орноос бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байна. Ингэснээр зах зээл дээр чанартай, төрөл бүрийн жимс, ногоо нэмэгдэж, иргэдийн хүнсний сонголт илүү баялаг болсон байна.
Одоогийн байдлаар Хятадаас Монголд нийлүүлж буй жимс, хүнсний ногооны 80 гаруй хувь нь Эрээн боомтоор дамждаг. 2025 онд тус парк 173.6 мянган тонн бүтээгдэхүүн экспортолсон бол 2026 онд 180 мянган тонноос давах төлөвтэй байна.
Жолооч Гүнжаргалын хэлснээр, энэ паркаас тээвэр хийх давуу тал нь хадгалалт, тээвэрлэлтийн стандарт өндөр байдагт оршдог. Бүх бүтээгдэхүүн мэргэжлийн агуулахад хадгалагдаж, “хүйтэн гинжин хэлхээ”-ний дагуу тээвэрлэгддэг. Мөн тээвэрлэлтийн явцад температурыг байнга хянаж, жимс, ногооны шинэлэг байдал, чанарыг бүрэн хадгалдаг байна.
Эрээн хот нь Хятад, Монголын хоорондох хамгийн том хуурай замын боомт бөгөөд Монгол руу чиглэсэн зорчигч тээврийн 70 гаруй хувь, бараа бүтээгдэхүүний экспортын 80 гаруй хувь нь энэ боомтоор дамждаг.
2026 онд Өвөр Монголд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдах бөгөөд Эрээн хот энэ бүсийн чухал хэсэг болно. Үүний ачаар хил дамнасан худалдаа улам өргөжиж, цаашлаад Оросын зах зээлд жимс, хүнсний ногоо нийлүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Ерөнхийдөө энэхүү ложистикийн парк, хил дамнасан тээвэр, шинэ бүтээгдэхүүний нийлүүлэлт нь хоёр улсын зах зээлийг холбохоос гадна иргэдийн харилцааг бэхжүүлэх гүүр болж байна. Цаашид чөлөөт худалдааны бүсийн нөлөөгөөр энэ үйл ажиллагаа илүү хурдан, үр ашигтай хөгжих хүлээлттэй байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа

DORNODMEDIA.MN