БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр Монгол улсын Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн 8 сурагч, 7 багш 2026 оны 3-р сарын 30-аас 4-р сарын 03-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМ-ын Хөх хотод тусгай сургуулиас туршлага судлах аялал хийсэн байна.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ 4-р сарын 22-ны өдөр нөхөрсөг уулзалт зохион байгуулж, 29-р сургуулийн багш сурагчид ЭСЯ-д айлчлан аяллын сэтгэгдлээ хуваалцан талархал дэвшүүллээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань нөхөрсөг уулзалтын үеэр хэлэхдээ, өнөөдөр бид энд цугларч, БНХАУ-д айлчилсан Нийслэлийн 29-р сургуулийн хамт олныг угтан авч, хамтарсан уулзалт хийж байгаадаа баяртай байна. Хөх хот болон Улаанбаатар хот хооронд ах дүү хотуудын харилцаа тогтоосны 35 жилийн хугацаанд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын чиглэлээр харилцан солилцоог хэрэгжүүлж эхлээд байна. Миний бие болон манай хамт олон энэхүү солилцоог зохион байгуулж ажиллах завшаан тохиосонд маш баяртай байна. Та бүхний болон гэр бүлийнхнийхээ халамж, дэмжлэгийн ачаар өөртөө итгэлтэй, бие даасан, эрч хүчтэй болж төлөвшсөн хүүхдүүд өөрсдийн эелдэг дулаан сайхан зан чанараараа Хөх хотын хүлээн авагч талд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Би та бүхнээр, Монголын залуу үеэр бахархаж байна. Тусгай сургууль хоорондын харилцан солилцооны байнгын механизм бий болгох талаар 29-р сургууль айлчлалынхаа үеэр Хөх хотын талтай хэлэлцсэн байна. Энэ нь хоёр хот, хоёр улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл хэргийн хамтын хөгжил, мөн ард иргэдийн харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй адил ач холбогдолтой, үр өгөөжтэй солилцооны үйл ажиллагаанууд цаашид ч Монгол улсын Их хурал тэргүүтэй Монгол улсын төр, засгийн бүх шатны байгууллагуудаас томоохон дэмжлэгийг авч ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Монгол улсын УИХ-ын гишүүн Д. Цогтбаатар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, тусгай хэрэгцээтэй сургуулиудын чиглэлээр хамтран ажиллана гэдэг бол Монгол, Хятад орны харилцаа ямар хүн чанартай, хүний төлөө гэсэн харилцаа вэ гэдгийг онцлон харуулж байгаа юм. Тусгай хэрэгцээт сургуулиудын солилцоо хамтын ажиллагаанд анхаарал тавьж дэмжин ажилласан БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-д онцгой талархал дэвшүүлье гэлээ.
Уулзалтын үеэр 29-р сургуулийн захирал, хатагтай С.Батмягмар Хөх хотод хийсэн айлчлалаа танилцуулан, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын төлөөлөгч БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд талархал дэвшүүллээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN