БНХАУ-ын Сун Чин Лин сангаас Монгол улсын Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Сонгинохайран дүүргийн Эрүүл мэндийн төв, Энэрэл эмнэлэгт хандивласан хиймэл оюун ухаанд холбогдсон суурин рентген аппаратыг хүлээлгэн өгөх ёслол 4-р сарын 10-нд боллоо. Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, Монгол улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох албан тушаалтнууд оролцжээ.
Элчин сайд Шэнь Миньжуань арга хэмжээний үеэр хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, бодит ахиц дэвшлүүд гарч байна. Хятадын зүгээс Монголын талд дэд бүтцийн бүтээн байгуулалтын дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд Монголын олон газарт эмнэлэг, амбулаторийн барилга байгууламжуудыг барьж, төрөл бүрийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байна. Энэ долоо хоногт би Дорнод аймагт ажиллах үеэрээ Монголын Зүүн бүсийн эмчилгээ, оношилгооны төвөөр зочилж, Монголын Эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан хандивласан хөхний хавдрын эрт илрүүлгийн төхөөрөмжийн ашиглалтын байдалтай танилцлаа. Үүний зэрэгцээ бид эмнэлгийн үйлчилгээ, чадавхыг дээшлүүлэх дэмжлэгийг тасралтгүй хэрэгжүүлж, эмч, мэргэжилтнүүдийн солилцоо, сургалтуудыг зохион байгуулж, төрөлхийн зүрхний эмгэг өвчнөөр оношлогдсон хүүхдүүд болон нүдний болор цайх өвчнөөр өвдсөн ахмад настнуудад үнэ төлбөргүй мэс засал хийж, элэгний хамтарсан лаборатори байгуулах зэргээр Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний түвшнийг дээшлүүлж, ард иргэдийн амьдралыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлж байна гэв.
Хандивын төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажилтай зэрэгцэн Хятад улс техникийн ажилтнуудаа Монголд илгээж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулга зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм байна. Цаашид мөн онлайн сургалтыг үргэлжлүүлэн явуулж, тоног төхөөрөмжийг зөв ашиглах, дүрс оношилгооны чадавхыг дээшлүүлэх зэргээр өвчтөнүүдэд эмнэлгийн үйлчилгээг улам сайн үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх болно. Эх сурвалж:https://mongol.cri.cn Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN