БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шэнь Миньжуань саяхан Өдрийн сонин, News.mn сайтад “Хятад улсын Хоёр чуулган бол бүх үйл явц дахь ардын ардчиллын бодит хэрэгжилт” гарчигтай нийтлэл нийтлүүлжээ. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе.
Жил бүр болдог Хятад улсын Хоёр чуулган (Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны чуулган) саяхан амжилттай зохион байгуулагдаж, улсын өнцөг булан бүрээс, нийгмийн бүхий л салбараас ирсэн 5000 орчим төлөөлөгч Бээжин хотноо цугларч, төр улсын бодлогыг хамтран хэлэлцэж, хөгжлийн гарцыг хамтдаа эрэлхийллээ. Хоёр чуулган нь олон нийтийн оюун санааг нэгтгэж, нэгдсэн ойлголцолд хүрэх Хятадын улс төрийн институцийн өвөрмөц зохион байгуулалт бөгөөд бүх үйл явц дахь ардын ардчиллын хамгийн бодит, хамгийн төвлөрсөн хэрэгжилт юм.
Бүх үйл явц дахь ардын ардчилал гэж ямар ардчиллыг хэлдэг вэ? Энэ асуултад дараах гурван түүхээр дамжуулан хариулъя.
Эхний түүх нь нэгэн төлөөлөгчийн тухай. Энэ жил Хэнань мужийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэгэн онцгой эмэгтэй багтсан нь Ли Цүйли юм. Тэрээр Ли Шицүнь тосгоны аманд байрлах жижиг дэлгүүрийн эзэн. 18 жилийн өмнө тус тосгоны соёлын амьдралыг баяжуулахын тулд дэлгүүрийнхээ хамгийн сайн зарагддаг архины лангууг зориглон буулгаж, оронд нь хана дүүрэн ном байршуулж, нутгийн иргэдэд үнэ төлбөргүй уншуулдаг болов. Өдгөө энэхүү санаачилгаас үүдэлтэй “Нэг метр квадрат номын тавиур” олон нийтийн сайн дурын төсөл улс даяар 400 байршилд хэрэгжээд байна. Энэ удаагийн Хоёр чуулганд тэрээр хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагыг илүү олон хүнд хүргэх зорилготой оролцжээ.
Хоёр чуулганы төлөөлөгчдийн дунд төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид төдийгүй Ли Цүйли шиг анхан шатны нэгж давхаргын хөдөлмөр эрхлэгчид ч олон бий. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 3000 орчим төлөөлөгчдийн 16 гаруй хувь нь ажилчид, тариачдаас бүрддэг ба үндэстний цөөнхийн төлөөлөл 15 орчим хувийг бүрдүүлдэг.
Хятадын бүх үйл явц дахь ардын ардчилал нь цөөнхийн давуу эрхийн тухай бус, хүн бүр улс орны хэрэгт тэгш оролцох эрхийг хангах хүчтэй баталгаа юм.
Хоёр дахь түүх нь нэгэн саналын тухай. Хөдөлгөөнд саадгүй байгууламжууд баригдсан хэдий ч бодитоор ашиглахад тодорхой хүндрэлүүд байсаар байгааг Шанхай хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ван Сэнь өдөр тутмын амьдралынхаа явцад ажиглажээ. Шанхайд таван жилийн төлөвлөгөө боловсруулах үеэр, засгийн газрын зүгээс хотын бүх иргэдээс санал авч байсан бөгөөд Ван Сэнь “хөдөлгөөнд саадгүй байгууламжийг ашиглалтад хүлээн авахын өмнөх туршилтын үе шатыг нэмэх хэрэгтэй” гэх саналыг гаргажээ. Энэхүү саналыг төлөвлөгөө боловсруулах баг судалж дүгнэсний эцэст Шанхай хотын XV дахь таван жилийн төлөвлөгөөний үндсэн баримт бичигт шууд тусгасан байна.
Дээрх шиг жишээ олон бий. Хятад улс XV дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа олон нийтээс цахим сүлжээгээр санал асуулга явуулж, нийтдээ 3.113.000 гаруй санал хүлээж авсан ба эдгээр “онлайн сэтгэгдэл” эцэстээ 27 чиглэлийн 1500 гаруй бүтээлч, төлөөлөгдөхүйц санал болж нэгтгэгдсэн бөгөөд тэтгэврийн асуудлаас эхлээд хиймэл оюун ухааны хэрэглээний ёс зүй хүртэл, цаашлаад газар тариалангийн усжуулалт зэрэг олон салбарыг хамарч, эдгээрийн дотроос олон санал нь үндсэн баримт бичигт туссан байна.
Хятадын бүх үйл явц дахь ардын ардчилал нь хэлбэр төдий зүйл бус ард иргэдийн амьдралд тулгамдаж буй нэн яаралтай, хүндрэлтэй, санаа зовоосон асуудлууд хууль тогтоох дээд байгууллагад шууд хүрч, үнэн бодитоор “олон нийтийн асуудлыг олноороо хэлэлцэн шийдвэрлэх” юм.
Гурав дахь түүх нь нэгэн дэлгэцийн тухай. Энэ жил Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Хоёр чуулганд иргэдийн амьдралд шууд хэрэгжих бодит ажлын жагсаалт танилцуулагдсан бөгөөд үүний нэг санал нь Жиусан нийгэмлэгээс ирсэн юм. Тэд мужийн ахмад настнууд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг анхаарал хандуулах шаардлагатай зорилтот бүлгийг ухаалаг технологийн тусламжтайгаар 24 цагийн эрүүл мэндийн зөвлөгөө, эмийн заавар, шинжилгээний тайлбар зэрэг үйлчилгээг авах боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан гэрийн эмчээр хангах саналыг гаргасан байна. Нэгэн дэлгэцээр гарсан энэхүү санал хэдхэн сарын дотор бодит ажил хэрэг болж хэрэгжсэн бөгөөд оршин суугчид гэртээ ухаалаг төхөөрөмжөөр цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ гэх мэт үзүүлэлтүүдээ хэмжиж, мэдээлэл нь эмнэлгийн эрүүл мэндийн удирдлагын платформд шууд дамжуулагдах боломжтой болсноор эмч нар өвчтөний эрүүл мэндийн үзүүлэлтийн өөрчлөлтийг тодорхой харж, асуудал гарвал тосгоны эмч болон өрхийн эмч гэрт нь очих эсвэл утсаар тайлбарлах боломжтой болсон нь үнэхээр хялбар болжээ.
Хятад улсад жил бүр мянга мянган санал, зөвлөмж бодит үр дүн болж хэрэгждэг. 2025 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдөөс гаргасан 269 санал, 9160 зөвлөмж бүгд эцэслэгдсэн бөгөөд Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүдийн 5000 гаруй саналын ихэнх нь холбогдох бодлогын баримт бичигт туссан байна.
Хятадын бүх үйл явц дахь ардын ардчилал нь чимэглэл бус, иргэдийн амьдралын жижиг асуудал бүрийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, иргэдийн шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх юм.
Иргэд саналаа хүргүүлж, төлөөлөгчид шийдэл гаргаж, засгийн газар хэрэгжүүлдэг. Хятадын бүх үйл явц дахь ардын ардчилал нь хамгийн өргөн хүрээтэй, бодитой, үр дүнтэй ардчилал бөгөөд Хятадын улс орны онцлогт хамгийн тохиромжтой ардчилал юм. Энэ нь Хятадын Коммунист Намын “нам нь олон нийтийн сайн сайхны төлөө үйлчилж, засаглал нь ард түмний эрх ашгийн төлөө үйлчлэх” гэсэн улс төрийн үйл ажиллагааны үзэл баримтлалыг илтгэнэ. Хятадын Коммунист Нам өдгөө ард иргэдэд үйлчлэх үүргийг бодит ажил хэрэг болгох явдлыг урагшлуулах зорилгоор улс төрийн үйл ажиллагааны зөв үзэл баримтлалыг төлөвшүүлэх, хэрэгжүүлэх сургалтыг хэрэгжүүлж байна. Хятад улс бүх үйл явц дахь ардын ардчиллыг үргэлжлүүлэн дэлгэрүүлж, улсын хөгжлийг урагшлуулж, нийгмийн дэвшлийг ахиулж, иргэдийн амьдралыг сайжруулах замаар хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийг баяжуулан, хөгжүүлэхэд илүү том хувь нэмрээ оруулах болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN