СУМАНД АЖИЛЛАХАД АЙМГИЙН ТӨВӨӨС ИЛҮҮ БОЛОМЖУУД БИЙ

2026 оны 3-р сарын 26 өдөр

Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийндарга У.УРАНБИЛЭГ

У.Уранбилэг төрийн албанд 17 дахь жилдээ ажиллажбайна. Тэрээр төрийн албаны анхан шатнаас алгуур өгсөжөнөөдрийг хүрчээ.  Хөлөнбуйр суманд төслийн зохицуулагч, ЗДТГ-ын бичиг хэрэг, сумын Хяналт шинжилгээний мэргэжилтнээс аймгийн ЗДТГ-т Хяналт шинжилгээний мэргэжилтнээр шилжиж ирсэн. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст уул уурхай хариуцсан мэргэжилтэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтэст агентлаг хэлтэс хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн  гээд түүний төрийн албанд өсөж дэвжсэн түүх нь ил. Өнгөрсөнд хуримтлуулсан туршлага, өнөөдрийн ажлынх нь тухай бид ярилцсан юм.  

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. 

-​Сайн, сайн байна уу? Танд болон “Дорнод” сониныхооуншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би хэвлэлийнхнээс их хол хөндий хүн. Сониныхоо ярилцлагын хойморт урьсанд баярлалаа. 

-​Уншигчдад ойлгомжтой байх үүднээс таны эрхэлдэг ажил, албан тушаалаас ярилцлагаа эхэлье. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс ямарасуудал хариуцаж ямар үүрэгтэй ажилладаг вэ? 

-​Тэгэлгүй яахав. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 25 агентлаг хэлтэс, 14 сумын Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэднийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, мэдээллээр хангах, төсөвт байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мэдээж, бидний ажил жил, сар, долоо хоногоор төлөвлөгддөг. Сумын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд газар, хэлтсүүд дэмжлэг үзүүлэх, уялдаа холбоог хангах зорилгоор 14 сумаа хуваарилж өгсөн. Ингэснээр цас, зуд, гал түймэр гээд цаг үеийн хүндэрсэн нөхцөлд тухайн сумдад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ жил бид төрийн үйлчилгээг иргэнд хүргэх ажилд түлхүү анхаарахаар төлөвлөсөн. Төрийн байгууллагууд аль нэг суманд ажиллахдаа  иргэдийг танхимд цуглуулж мэдээлэл хийдэг. Түүнийгээ сумын иргэдийг төрийн үйлчилгээний мэдээллээр хангасан гэж үздэг. Гэтэл тухайн танхимд төрийн албан хаагчид болон идэвхитэй хэдэн иргэд оролцдог. Иргэн бүр төрийн үйлчилгээний мэдээллээр хангагдсан уу? гэвэл энэ нь учир дутагдалтай. Амьдрал дээр ухаалаг гар утаснаасаа төрийн үйлчилгээг авах боломжтой байхад иргэд төрийн захиргааны байранд ирж цаг алддаг тохиолдлууд байна. Тиймээс бид төрийн үйлчилгээний мэдээллийг иргэний гарт, гэрт нь хүргэж өгөхийг чухалчлах болсон. Яг хөдөөгийн багийн иргэнд та гар утсандаа E-mongolia аппликэйшнийг ингэж татна. Энэ цэснээс ийм үйлчилгээ авна гээд биечлэн зааж өгч мэдээллээр хангахгүй болохоор төрийн үйлчилгээ хэчнээн цахимжсан ч иргэд цаг заваа хэмнэж, үр дүнг нь мэдэрч чадахгүй байна. Төр иргэнээ төрийн үйлчилгээний мэдээллээр хангах үр дүнтэй аргыг эрэлхийлэх  хэрэгтэй.  Манай аймгийн хувьд 79 төрлийн төрийн үйлчилгээг E-mongolia системд холбосон бөгөөд нийт 502 төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд цахимаар авах боломжтой. Хамгийн наад зах ньшилжилт хөдөлгөөнийг цахимаар хийж болдог болсон. Хаяж гээгдүүлсэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэхзэрэг бичиг баримтыг E-mongolia  аппликэйшн рүү ороод дахин захиалж, сунгаж болно. Иргэд маань наад захын үйлчилгээг төрийн захиргааны байгууллагаар биечлэн очихшаардлагагүй авч болдог гэдгийг мэдэхгүй байна.  Төрийн үйлчилгээний цахимжсан мэдээллүүдийг л бид иргэн бүрд хүргэх хэрэгтэй байгаа юм.

-​Төрийн алба хүний нөөцийн дутагдалтай гэдэг. Гэтэл төрд ажилд орохыг хүссэн ч чадахгүй байгаа иргэд бий. Яг одоогоор төрийн ямар албан тушаалд хүний нөөц хэрэгтэй байна вэ? 

-​Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Төрийнажил тасалдахгүй байх нэг үндэс нь хүний нөөц юм. Төрийн алба хүний нөөцийн дутагдалд орсон. Үүнийг мэдэж байгаач  хүний нөөцөөр хангагдахгүй байна. Хоёр хүний ажлыг нэг хүн хийж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн үйлчилгээ иргэнд хангалттай хүрч чадахгүй ш дээ. Манай аймаг төрийн албаны хүний нөөцийг хангах үүднээс “Нутгийн ирээдүй” төслийг 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  Бид эхлээд сумдаас дутагдалтай мэргэжлийн жагсаалтыг авдаг. Түүн дээр нь үндэслэн манай аймагт ийм мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байна гэдгийг гаргаж, тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг авдаг. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэгт 1 жил хамрагдвал 2 жил, 2 жил хамрагдвал 3 жил, 3-аас дээш жил хамрагдвал 5 жил орон нутаг, сумандаа тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулдаг. Энэхүү тэтгэлэг нь эцэг эхчүүд болон оюутнуудад сургалтын төлбөрийн дарамт үүсгэхгүйгээр хичээл сургуульдаа анхаарах, амжилттай суралцах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. “Нутгийн ирээдүй” сургалтын тэтгэлэг олгох төсөлд 2019-2025 онд нийт 35 чиглэлээр 204 оюутан хамрагджээ. 2025 оны байдлаар 78 нь төгсөж ирээд тухайн сум, орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж сумдын хүний нөөцийг бүрдүүлж байна. Хамгийн гол нь бид богино хугацаанд хүний нөөцөө хангах хүсэлтэй байгаа тул энэ жилээс төгсөх курсийн оюутнуудтай гэрээ байгуулах замаар Нутгийн-Ирээдүй төслийн журамд өөрчлөлт оруулна. Манай аймгийн хөдөөгийн суманд ажиллах бусад аймгуудад байхгүй өөр нэг давуу тал нь бид төрийн албан хаагчдаа орон сууцаар хангадаг. “Манай аймаг орон нутгийн төсвөөр 12 суманд 96 айлын орон сууц, улсын төсвөөр 4 суманд 39 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Тодруулж хэлбэл, суманд ажиллах болсноор бие даасан халаалтын систем, цэвэр, бохир ус, цахилгааныг бүрэн шийдвэрлэсэн орон сууцанд амьдрах боломжоор хангасан гэсэн үг. Хөдөөгийн сумдын төрийн албан хаагчийн 10 хувийг орон сууцаар хангаж төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна. Матад сум гэхэд төрийн албан хаагчдынхаа дунд малжуулах төсөлхэрэгжүүлж эхэлсэн. Төрийн албан хаагчдын дунд малжуулах төсөл хэрэгжүүлж байгаа нь төрийн албанхаагчийн нийгмийн баталгааг хангахад анхаарч байгаа нэг хэрэг юм. Оны эцэст сум, агентлаг хэлтсийн ажлыг дүгнэхэд манай хэлтсийн зүгээс төрийн албан хаагчийн нийгмийгбаталгааг хангахад хэрхэн анхаарсныг нь голлох шалгуур болгон авч үздэг. Манай аймагт 5200 гаруй төрийн албанхаагч ажилладаг. Түр болон байнгын орон тоон дээр 110-130 албан хаагчийн хүний нөөцийн дутагдалтай ажилладаг. Одоогийн байдлаар 6 сум газрын даамалгүй байх жишээний. Мөн малын эмчээр төгсөж байгаа хүмүүс төрийнбайгууллагад ажилд орохоос илүүтэй хувийн мал эмнэлэгбайгуулахыг илүүд үздэг учир хөдөөгийн сумдын Мал эмнэлгийн тасаг, хөдөө аж ахуйн тасагт мэргэжилтнүүд дутагдалтай байна. “Нутгийн ирээдүй” төслийн үр дүнд сүүлийн жилүүдэд эмч, багш нарын хүний нөөц  нөхөгдөж байна. 

-​Төрд ажилд орохын тулд хамгийн наад захын шалгуур үзүүлэлт юу вэ?  

-​Үүнийг ярихаар төрийн албаны шалгалтын тухай яриххэрэгтэй болно. Төрийн албаны шалгалт иргэн бүхэнднээлттэй. Их, дээд сургууль төгссөн ямар ч хүн төрийналбаны ерөнхий шалгалтад орох эрхтэй.  Төрийн албаныерөнхий шалгалтад орж байгаа хүмүүс маш сайн бэлдэх шаардлагатай. Шалгалтад орж байгаа хүмүүсийг харахад 70 хувь нь дөнгөж сургуулиа төгссөн залуус. Үлдсэн 30 хувь ньтөрийн албаны нөөцөд бүртгүүлэх хүсэлтэй байдаг. Улсынхэмжээнд төрийн албаны шалгалтад орж байгаа хүмүүсийн30 хувь нь л тэнцдэг гэсэн статистик тоо бий. Манай аймгийн хувьд улсын дунджаас дөнгөж дээгүүр хувьтай гардаг. Энэ бол маш хангалтгүй тоо. Төрийн албаны шалгалт өгч байгаа хүмүүс 100 хувь тэнцэх боломж бий. Гэтэл иргэд ямар ч бэлтгэлгүй шалгалтад орж байна. Шалгалтын материал төрийн албаны шалгалтын номноос л бэлтгэгддэг. Энд тэндээс илүү дутуу ямар ч асуулт ирэхгүй. Үнэхээр төрийн албанд орох сонирхолтой бол E-taz, Т-Тест зэрэг аппликэйшнг утсан дээрээ татаад бөглөх боломж бий. Тэгтэл ганц нэг оноогоор шалгалтад тэнцэж чадахгүй байгаа нь харамсалтай. Шалгалтад бэлтгэсэн байдлаас л төрийн албан хаагч болох хариуцлага харагдана.  Өөртөө цаг зав гаргаж бэлдээд шалгалтаа өгвөл төрийн алба нээлттэй. Ямарч шалгалтгүй төрд ажилд орно гэж байхгүй. Нэг байгууллагад нэг орон тоо гарахад бүгдийг нээлттэй, ил тод зарладаг. Ажил хайж буй хүмүүс cscgov.mn сайт руу ороод ямар албанд ажлын байр зарлагдаж байгааг харж болно. Яг одоогоор манай аймагт 10 гаруй ажлын байр зарлагдсан байна. Төрийн албыг анхан шатнаас нь эхлэхэд илүү өсөн дэвжих боломжтой. Хөдөөгийн суманд ажиллах нь аймгийн төвөөс илүү боломжууд бий шүү дээ. Төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах, төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх сургалтыг 2020 оноос эхлэн жилд 4 удаа үнэ төлбөргүй зохион байгуулдаг. Сургалтад хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь тэнцсэн бол 40 гаруй хувь ньтусгай шалгалт өгч төрийн албанд ажиллаж байна. 

-​Ажилд орох гэж байгаа хүн хамгийн түрүүнд цалин сонирхдог. Төрийн албаны дундаж цалин хэд вэ? Төрийн албанд орох хүсэлтэй иргэдийн тоо буурч байна уу, нэмэгдэж байна уу? 

-​Судалгаагаар хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад төрийн албанд ажилд орох иргэдийн тоо өссөн. Өнгөрсөн жилээс төрийн албан хаагчийн үндсэн цалин нэмэгдсэнтэй холбогдон төрийн албанд ажилд орох хүсэлтэй иргэд нэмэгдэх хандлага байна. Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 100 хүртэл хувь олгодог болсон нь бодит нөлөө үзүүлж байх шиг. Тухайлбал, төсвийн орлогооөөрөө бүрдүүлдэг хөдөөгийн сум төрийн албан хаагчийн орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалинтай тэнцэх буюу 100 хувиар олгож болно. Улаанбаатар хотод ажиллаж байгаа төрийн албан хаагч орон нутгийн нэмэгдэл авахгүй. Би аймгийн төвд төрд ажилласнаар үндсэн цалингийнхаа 70 хувийн орон нутгийн нэмэгдэл гэж авна. Дашбалбар сумын төрийн албан хаагч үндсэн цалин дээрээ дахин 100 хувь орон нутгийн нэмэгдэл авах жишээний. Үндсэн цалин өсөхөөр дагаад зэрэг дэв, ур чадварын нэмэгдлүүд өсдөг.  

-​Иргэд төрийн албан хаагчийн харилцаа хандлагад төдийлөн сэтгэл хангалуун байдаггүй. Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад хэрхэн анхаарч байна? 

-​Төрийн албан хаагчийн сургалтын төлөвлөгөө бүтэн жилээр батлагддаг. Гэхдээ бид ийм сургалт орно гээд дур мэдэн төлөвлөгөө баталдаггүй. Тухайн агентлаг хэлтэстямар сургалт хэрэгтэй байна гэдэг судалгаа авч сургалтын төлөвлөгөөг баталдаг. Төрийн үйлчилгээ авахаар ирж буйиргэн ямар ч ааш авиртай байсан ч хүлээцтэй хүлээн авч төрийн албан хаагч эерэг харилцаа, хандлагатай байх ёстой. Иргэн сайхан аашилбал төрийн албан хаагч сайхан хандана. Иргэн муухай аашилбал төрийн албан хаагч эвгүй харьцанагэсэн юм байхгүй. Уур бухимдалтай яваа иргэнд төрийн албан хаагч  үйлчилгээгээ эелдгээр үзүүлэхэд бэлэн байх ёстой. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 25 агентлагийн 7 нь аймгийн Засаг дарга томилдог бол үлдсэн нь дээд газраасаа шууд томилогддог.  Мэргэжил урчадварын болон техник технологийн шинэчлэлтэйхолбоотой сургалтыг тухайн агентлаг хэлтсийн дээд газраас зохион байгуулдаг. Бид төрийн албан хаагчдадаа ёс зүй, харилцаа хандлага, бүтээлч санааг нэмэгдүүлэх, хамт олныэерэг уур амьсгал бий болгох чиглэлүүдээр сургалтуудыг зохион байгуулдаг. 

-​Танай хэлтэс аймгийн Гадаад харилцааны асуудлыг хариуцдаг юм байна. Манайх  гадаад харилцаа өндөр хөгжсөн аймаг. Нэгэнт хөлөө олсон энэ харилцааг цаашид өргөж явах нь хүнд ажил болов уу? Энэ ажлыг хэрхэн авч явж байна.  

-​Манай аймаг 5 боомттой. Гадаад харилцаа өргөнхүрээнд явагддаг. Ковидын үед гадаад харилцааны ажил суларсан ч бид ковидоос хойш гадаад харилцаагаа эрчимтэй сэргээж байна. Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга хөрш БНХАУ-ын ӨМӨЗОрны хоёр албан  айлчлал, аймагтаа 16 удаа гадаад харилцааны уулзалтыг зохион байгуулсан. Бидхөрш орнуудаас гадна Унгар, Солонгос улстай гадаад харилцаагаа өргөжүүлсэн жил байлаа.  Аймгийн Засаг даргаалбан уулзалтууд зохион байгуулж, гэрээ хэлэлцээр хийсний дараа жинхэнэ ажил эхэлдэг. Тэр ажлыг аймгийн ЗДТГ-ынгадаад харилцааны мэргэжилтнүүд, салбар салбарынагентлаг хэлтсүүд хариуцан ажилладаг. Үүний үр дүнд Хөлөнбуйр хотод 15 оюутныг үнэ төлбөргүй сургаж байна. Хянган аймгаас Улаанзагалмайн хороонд бүрэн тоноглогдсон эрүүл мэндийн автомашин, “Дорнод НАА” ОНӨААТҮГ-т ковш автомашины дэмжлэг үзүүлсэн.  Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөлөнбуйр хоттой хамтран ажиллах Санамж бичиг байгуулж 1000 ширхэг нарс мод аймгийнхаа төвд суулгалаа. Одоохуурайшилтын улирал эхэлж байна. Тал хээрийн түймэр бол бидний айдас байдаг. Алтан-Эмээл буюу Шинэ барга баруун хошуунаас манай аймагт 80 ширхэг гал түймэр үлээгч аппарат, хувцас хэрэглэл өгсөн. Онцгой байдлын газар болон сумын Засаг дарга нартаа бид удахгүй гардуулна. Хөлөнбуйр хоттой хамтын ажиллагааны хүрээнд Дорнод аймгийн иргэдэд үнэ төлбөргүй нүдний болор суулгах мэс засал хийгдсэн гээд  гадаад харилцааны хүрээнд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын салбарт үр дүнгээ өгсөн бодит ажил олон байна. Он гарсаар гадаад харилцааны хүрээнд 100 гаруй сая төгрөгийн бодит дэмжлэгийг авчээ.  

-​Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.                                                  

                                                

 

                                                Б.ОДМАА

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313