3-р сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүрьеэ болон ДОХ-оос сэргийлэх асуудлаарх элч Пэн Лиюань ДЭМБ-аас зохион байгуулсан 2026 оны Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийн видео хуралд бичгээр мэндчилгээ дэвшүүллээ.
Пэн Лиюань хэлэхдээ, ДЭМБ болон олон улсын хамтын нийгэмлэг хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах эрхэм зорилгыг баримталж, сүрьеэгийн тархалтыг зогсоох зорилтын хүрээнд ихээхэн үр дүнтэй ажил хийж, сүрьеэтэй өвчтөнүүдийн тоо тасралтгүй өсөх хандлагыг эргүүлж чадсан. ДЭМБ-аас зохион байгуулж буй энэхүү видео хурал нь “засгийн газрын дэмжлэг, олон нийтийн оролцоо” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь сүрьеэ өвчний сорилтыг дэлхий нийт хамтдаа даван туулахад чухал ач холбогдолтой гэжээ.
Тэрээр мөн Хятадын засгийн газар сүрьеэтэй тэмцэх ажилд үргэлж өндөр ач холбогдол өгч, олон салбарын хамтын ажиллагааг уялдуулан хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн инновацаар дамжуулан урьдчилан сэргийлэх, эмчлэх арга технологийг тасралтгүй сайжруулж, энэ салбарын ажлыг шат дараатай ахиулж байна. 1.4 тэрбум гаруй хүн амыг хамарсан эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээ нь сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээний хүртээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, өвчлөлийн түвшин тогтмол буурахад нөлөөлсөн гэжээ.
Мөн энэ жил Хятадын “Сайн дурынхны сүрьеэ өвчний тухай мэдлэг түгээх аян” хэрэгжиж эхэлсний 15 дахь жил тохиож байгааг тэрээр тэмдэглээд сүүлийн 15 жилийн хугацаанд 1 сая гаруй сайн дурынхан энэ үйлсэд оролцож, нийт 80 мянга гаруй сайн дурын үйлчилгээний төсөл хэрэгжүүлсэн тухай танилцуулав. Пэн Лиюань өөрөө сайн дурынхантай хамт орон нутаг, сургууль, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, тэдний халуун сэтгэл, тууштай байдал, хичээл зүтгэлийг биечлэн харж, Хятадын сүрьеэтэй тэмцэх ажлын ахиц дэвшлийг гэрчилсэн юм.
Тэрээр төгсгөлд нь, сүрьеэг устгаж, хүний эрүүл мэндийг хамгаалах нь бидний хамтын зорилго, хүсэл тэмүүлэл гэдгийг онцолж, улс орон, салбар бүрийн хүмүүсийг идэвхтэй оролцуулж, дэлхийн хэмжээнд сүрьеэтэй тэмцэх үйлсийг дэмжин, халамж, итгэл найдвар түгээж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулахыг уриаллаа. Эх сурвалж: https://mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN