НИЙТЛЭГ НЭГЭН ЖИШЭЭ

2026 оны 2-р сарын 23 өдөр

“Өрөө төлөөч ээ, та нар өрөө өгчихвөл би бас цааш нь өрөө төлмөөр байна”. “Өрөө өгөхгүй хүмүүсийг мэйшиндэнэ” гээд олон нийтийн сүлжээнд ийм утгатай үголонтоо тааралдах болжээ.  Үнэхээр өртэй нэгнээ ингэж ил тод зарлаж болдог юм уу?, өртөй бол элдвээр дайрч доромжилж болно гэсэн үг үү? Эсвэл өгснөө авах үнэхээр хэцүү юу?.

Эцсийн дүндээ энэ харилцаа хуулиар л зохицуулагдана. Энэ бол амьдрал дээр байдаг нийтлэг нэгэн жишээ.

ЮУ БОЛОВ?

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ц.*******ад 2015 оны 01-р сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч зээлүүлсэн. Энэ зээлийг боломжтой үедээ буцааж төлөхөөр сарын 20 хувийн хүүтэй авахаар тохирсон. Дараа нь дахин мөнгө хэрэгтэй гэхээр нь 2015 оны 01-р сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг зээлүүлсэн. Ингэхдээ өмнөх зээлүүлсэн 500.000 төгрөгийн 1 сарын хүүг суутган, 1.900.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэх үедээ хүүгээ суутгахаар тохирсон. Зээлийг сарын 20 хувийн хүүтэй авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ц.*******ын төлбөрийн чадварыг харгалзан үзээд 2015 оны зээлийн хүүг тооцон авах болно. Тиймээс *******аас үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 2.500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ. Харин хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж байгаа боловч албан ёсны гэрээ байгуулсан баримт байхгүй байна. Ц.******* Н.*******гаас мөнгө авсан гэсэн баримт байгаа боловч талууд харилцан тохиролцон гэрээний үндсэн нөхцлийг хангаж хийсэн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй учраас зээлдүүлэгч хүү авах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд зээлсэн мөнгийг л буцаан төлнө гэсэн байр суурьтай байна. Ц.******* нь 500.000 төгрөг болон 1.900.000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа. Зээлийн гэрээний дагуу хүү суутгасан байдал нь нотлогдохгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2.400.000 төгрөг авсанаа буцаан төлнө. Нэгэнт хуулийн шаардлага хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр биш байдаг учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

МӨНГӨ ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХДЭЭ ГЭРЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.******* нарын хооронд зээл ийнхүү төлөх талаар бичгээр гэрээ байгуулсан. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох гэрээгээр батлагдана. Талуудын хооронд заавал гэрээний стандарт нөхцлийг хангасан гэрээ байгуулах шаардлагагүй, талуудын итгэлцлийн үндсэн дээр уг гэрээг байгуулсан гэж үзнэ. Мөн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн Н.*******гийн бусад хүмүүст зээл өгсөн талаарх баримт болон дансны хуулбараар Н.******* нь бусдад хүүтэй зээл олгодог болох нь давхар батлагдаж байна. Иймээс Ц.*******аас зээл 2.500.000 төгрөг, зээлийн хүүнд 2.500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэж маргадаг. Харин хариуцагчийн төлөөлөгч ******* нь 2015 оны 01-р сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 01-р сарын 14-ний өдөр 1.900.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийг Н.*******гаас зээлэн авсан талаар маргаагүй боловч хүү өгөх талаар талуудын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй. Иймээс зээлийн хүү гэх 2.500.000 төгрөгийг төлөхгүй. Түүнчлэн 2.000.000 төгрөг зээлэх үед хүү гэж 100.000 төгрөг суутгасан нь үндэсгүй учир түүнийг төлөхгүй. Иймээс Н.*******гаас зээлсэн 2.400.000 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гарган маргадаг. Монгол Улсын иргэний хуулийн282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Ингэхдээ мөн хуулийн 282.3-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй болхүү тогтоосон  зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульд тусгажээ.

ШҮҮХ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭВ

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох бөгөөд гэрээ хуульд заасан журмыг баримтлан хийгдэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан зээлийн гэрээнд хүү авахаар тохирсон гэх бичгийн баримтаас харахад / ******* ******* 7-б-14 тоот гээд доод талд нь 2015-1-5. 500.000 20% , 2015-1-14. 2.000.000 20% Н.*******гаас авсан үнэн болно гээд Ц.******* гарын үсэг зурсан байна/ Ц.******* Н.*******гаас 2 удаа мөнгө авсан баримт гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсэг зураагүй зэргээс харахад иргэний хуульд заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэрээ гэждүгнэх боломжгүй гэж шүүх үзлээ. Талууд 2015 оны 01-р сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 01-р сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг зээлсэн талаар маргаагүй боловчзээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй тул Н.******* нь 2.000.000 төгрөгийг Ц.*******ад шилжүүлэхдээ 100.000 төгрөг хүүнд  нь суутган тооцсон нь үндэслэлгүй байна.

“Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагчЦ.*******аас 2.400.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчН.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 2.500.000 төгрөг, хүүнд тооцон суутгасан 100.000 төгрөг нийт 2.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж шүүх шийдвэрлэжээ.

 

ХЭН ХЭН НЬ МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Манай улсад банкнаас зээл авахын тулд “баян” гэдгээ нотлох хэрэгтэй гэж үг бий. Банкны зээлийн шалгуур өндөр учир хувь хүнээс хүүтэй мөнгө зээлэх нь  хурдан бөгөөд бичиг баримт бүрдүүлэлт бага. Банк, ББСБ-аас зээл авахад орлого нотлох, дансны хуулга, өрхийн мэдээлэл гэх мэт маш олон бичиг баримт шаарддаг. Зээлийн түүх муу эсвэл орлого нотолж чадахгүй , орлого тогтмол биш гэхчлэн энэ олон зүйлээс шалтгаалан хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэхшалтгаан болдог. Хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх нь хоёр хүний хоорондын асуудал бус эргээд энэ нийгмийн тогтолцооны асуудал юм. Цахим сүлжээнд хувь хүний өрширтэйг нь зарлаж үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тараах нь тухайн хүний нэр төр, алдар хүндийг нь гутааж, гүжирдэж гүтгэх нь гэмт хэрэгт тооцогддог байна. Хэрэв та“энэ хүн өртэй” гэж зарласан бол  тэр нь үнэн эсэх, нотолгоо байгаа эсэх чухал.  Хэрэв үнэн эсэх нь баталгаагүй бол “гүтгэлэг, нэр төрд халдсан” гэж шүүхийн өмнө үнэлэгдэх магадлалтай. Ямар ч хүмүүсийн харилцаанд үнэн эсэхийг нотлох зүйл байх ёстой гэдгийг хууль шаардах юм.

Б.Одмаа

 

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313