Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний хурд нэмэгдлээ

2026 оны 1-р сарын 23 өдөр

Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. Байгаль эхийн нөөцийг ашиглан, нар, салхи, ус, хөрс, агаар, хий гээд байгаа бүх эрчим хүчээр цахилгаан гаргаж, өөртөө үйлчлүүлэх болсон нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн үе шатны нэгэн им тамга гэлтэй. 
 Уул талаараа хиллэж, ус мөрнөөрөө холбогддог Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчим хүчний холбоо хэмээх нэгэн салбараар хамтын хөгжлөө баяжуулах болсныг ярихад бахархалтай. Үүний нэгэн жишээ бол яах аргагүй Монгол Улсын Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн төсөл юм. Энэхүү төсөл Хятад, Монгол хоёр орны цахилгаан сүлжээг холбох томоохон ажил бөгөөд энэ тухай саяхан уламжлагдсан нэгэн мэдээг та бүхэндээ дуулгахад урамтай байна. Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний групп болон Монгол Улсын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, Диспетчерийн Үндэсний Төв хамтран 2025 оны 12-р сараас албан ёоор хэрэгжүүлж эхэлсэн тус төслийн Техникийн ажлын хэсгийн уулзалт Өвөр Монголын Баяннуур хотод болж өндөрлөлөө. Уулзалтын үеэр Монгол Улсын төлөөлөгчид уг төслийг өндрөөр үнэлэн хэлсэн үгэндээ:
- Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группийн ажилтнуудын мэргэжлийн түвшин, техникийн чадавх, ажилдаа хандах хянуур хандлага, баг хамт олноороо үр дүнтэй ажиллах нийтэч үзэл сэтгэлгээ зэрэг нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээж, төслийг эртхэн ашиглалтад оруулахад ихээхэн дэмжлэг болсон гэж хэллээ. 
БНХАУ-ын "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхлэл болсон 2026 оныг угтан Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группийн охин компани болох Өвөр Монголын Гүөхэ эрчим хүчний компани нь “Бүс ба Зам” санаачилга болон ӨМӨЗО-ны нээлттэй хөгжлийн бодлогуудыг идэвхтэй хэрэгжүүлж, "Үүрэг хариуцлагадаа үнэнч, ард түмэнд ашигтай, түргэн шуурхай ажиллах" үзэл баримтлалын дагуу техникээр холбогдох, стандартыг харилцан хүлээн зөвшөөрөх, хамтдаа судалж харилцан суралцах зэрэг хамтын ажиллагааны цуврал арга хэмжээг зохион байгуулсан. Улмаар Монгол Улсын Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн төслийн хэрэгжилтийг хурдасгаж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Техникийн харилцаагаар түншлэлийг бэхжүүллээ 
Өвөр Монголын Гүөхэ Эрчим хүчний компаниас удирдан хэрэгжүүлсэн Монгол Улсын Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн төслийн Техникийн ажлын хэсгийн уулзалт саяхан Баяннуур хотын Эрчим хүчний хангамжийн компанид болж өндөрлөв. Монгол Улсын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, Диспетчерийн Үндэсний Төв, Оюу Толгой компанийн төлөөлөгчид болон Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группийн техникийн мэргэжилтнүүд, Баяннуур хотын Эрчим хүчний хангамжийн компани болон Гүөхэ эрчим хүчний компанийн төлөөлөгчид хамтдаа реле хамгаалалтын төслийн цаашдын ажил, төслийг эхлүүлэх төлөвлөгөө, харилцаа холбооны автоматжуулалт зэрэг гурван үндсэн сэдвээр хэлэлцэж, техникийн талаар туршлага солилцлоо. Уулзалтын үеэр Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группийн ажилтнууд Монгол Улсын төлөөлөгчдийн хүсэлтийн дагуу техникийн тухай асуултад хариулт өгөн, хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагаанд тулгарч буй асуудал, саад бэрхшээлийг Монголын талтай хамтран судалж, шийдвэрлэх арга бодлогыг хэлэлцэв. Үр дүнтэй харилцаа, ажлын нарийвчилсан хуваарилалтын үр дүнд уулзалт нь бодитой томоохон шийдлүүдийг гаргасан байна. Тодруулбал, реле хамгаалалтын талд параметр цуглуулах, стандартыг оновчтой болгох зэрэг ажлыг гүйцэтгэсэн нь хил дамнасан эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулсан. Төслийг эхлүүлэх тал дээр цахилгаан дамжуулахаас өмнөх техникийн нөхцөл байдал болон онцгой байдлын хариу арга хэмжээний журмыг төгөлдөржүүлсэн. Харилцаа холбооны автоматжуулалтын тал дээр өгөгдөл дамжуулах, сүлжээний бүтээн байгуулалт, интерфейсийн стандартын техник зэрэг асуудлаар санал бодлоо нэгтгэсэн байна. 
Уулзалтын үеэр талууд нийтдээ 42 асуудлаар санал бодлоо нэгтгэж, хүлээгдэж буй 8 ажлыг тодорхойлон, үүрэг хариуцлагыг хуваарилан, төслийн хугацааг тогтоосноор төслийн ажлыг үр дүнтэй сайжруулах, ашиглалтад оруулахад техникийн бат бөх суурийг тавьсан байна. Монголын төлөөлөгчид Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ажил хэрэгч хандлагыг сайшаан, төслийн амжилттай хэрэгжилтэд оруулсан тэдний хувь нэмрийг өндрөөр үнэллээ. 
“Хатуу холболт”-оос “Зөөлөн холболт”-д хүрэв
Монгол Улсын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани болон Диспетчерийн Үндэсний Төвийн мэргэжилтнүүдийн баг 01-р сарын 15-ны өдөр Хөххотод саатан, Монгол Улсын Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн төслийн “Зэс Оюу” хуваарилах байгууламжийн Хятадын талын цахилгаан тоолуурын төлбөр тооцооны анхны үзлэгийг албан ёсоор эхлүүлсэн байна. Энэ нь Монголын талын анхны үзлэг 2025 оны 12-р сард амжилттай хийгдсэний дараах Хятад, Монголын хооронд “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай шийдвэр”-ийг хэрэгжүүлэх бас нэгэн чухал алхам болсон юм. 
Өвөр Монголын Гүөхэ эрчим хүчний компанийн ажилтнууд тухайн өдөр Монголын төлөөлөгчдөд бараа болж, Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Трансформаторын лаборатори, Цахилгааны хүчин чадлын стандартын лаборатори, Цахилгаан тоолуурын сүлжээний холболтын лаборатори болон цахилгаан тоолуурын компанийн хяналтын төвөөр зочилсон юм. Мөн үеэр тус компанийн ажилтнууд лабораторийн үйл ажиллагаа, техникийн чадавхын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, цахилгаан тоолуурын тохируулгын бүх үйл явцыг танилцуулахын зэрэгцээ техникийн асуудал, стандартын талаарх Монголын мэргэжилтнүүдийн асуултад хариуллаа. 
Айлчлалын дараа Монголын мэргэжилтнүүд цахилгаан эрчим хүчний тоолуурын салбар дахь Хятадын талын стандартчилагдсан менежмент, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, хяналт шалгалтын системийг өндрөөр үнэлж, энэ удаагийн солилцоо нь Монголын талд үнэтэй туршлага хангасан тухайд:
- Хятадын ажилтнуудын хийсэн тайлбар товч тодорхой, ойлгоход хялбар байсан бөгөөд тэдний үйл ажиллагаа нь мэргэжлийн байсан учраас бидэнд Хятадын цахилгаан эрчим хүчний тоолуурын талаар илүү гүнзгий ойлгоход тусалсан. Энэ нь бидний дараагийн ажилд ихээхэн тус болно гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Хятадын талын анхны үзлэгийг амжилттай хэрэгжүүлснээр хил дамнасан цахилгаан хангамж дахь тоолуурын тоног төхөөрөмжийг техникээр баталгаажуулсан. Энэ нь Хятад, Монгол хоорондын цахилгаан эрчим хүчний тоолуурын салбар дахь техникийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа шинэ үе шатанд гарсны бэлгэ тэмдэг болж, хил дамнасан тоолуурын стандарт, үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх урт хугацааны, тогтвортой механизмыг бий болгох, эрчим хүчний дэд бүтцийн холболтын чанарыг сайжруулахад бат бөх суурь тавьсан байна. Уулзалтын үеэр талууд мөн "Тоолуурын төхөөрөмжийн стандартыг хамтран хүлээн зөвшөөрөх хөтөлбөр”-ийг боловсруулах талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн "хатуу холболт"-ыг эрчим хүчний стандартын "зөөлөн холболт" болгон өргөжүүлэх ажлыг дэмжсэн байна. 
Хамтын ажиллагаагаар хамтын хөгжлийг дэмжлээ 
Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группийн хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааны гол хэрэгжүүлэгч агентлаг болох Өвөр Монголын Гүөхэ эрчим хүчний компани нь сүүлийн жилүүдэд ажил хэрэгч үйл ажиллагаагаараа хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааны сорилт бэрхшээлүүдийг даван туулж, төсөл боловсруулах, техникийн хамтын ажиллагаа байгуулах зэрэг чиглэлээр баялаг туршлага хуримтлуулсан юм. Энэ удаагийн цуврал хамтын ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны зөвшилцлийг бодитоор хэрэгжүүлсний үлгэр жишээ болсон төдийгүй Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний групп нь үндэсний нээлттэй бодлогод үйлчилж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулахад хувь нэмэр оруулж буйн тод илэрхийлэл болсон юм. 
Гүөхэ эрчим хүчний компани нь Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группийн техник мэргэжил, менежмент, мэргэжилтнүүдийн давуу талыг ашиглан энэ удаагийн хамтын ажиллагаагаар ирээдүйн гараа болгож, Монгол Улстай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлэх, талуудын нөөцийг зохицуулах зэрэг тал дээр эрчимтэй ажиллаж, Монгол Улсын Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн төслийг эртхэн ашиглалтад оруулахаар хүчин зүтгэх болно. Үүний зэрэгцээ хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааны түвшин, цар хүрээг тасралтгүй тэлж, тогтвортой, найдвартай цахилгаан дамжуулах системээр эрчим хүчний аюулгүй байдлыг ханган, Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, эрчим хүчний хамтын ажиллагааны шинэ амжилтуудыг бүтээсээр байх болно.
 Хөрш орондоо цахилгаан дамжуулж, хүн ардад нь гэрэл гэгээ түгээх аянд дөрөө жийн урагшилж яваа Гүохэ компанийн үйл ажиллагаа тухайн нутгийн ард иргэдийн таалалд хүрэх нь гарцаагүй биз ээ.

Эх сурвалж:http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313