Дорнод аймаг Скаутын удирдагч багшийн гурван модон тэмдэгт зэрэглэлтэй багштай боллоо. Энэ сарын 15-наас 18-ны хооронд болсон сургалтын багийн туслах багш бэлтгэх зорилготой сургалтаар Дорнод аймгийн скаутын удирдагч багш Ж.Зоригтбаатар гурван модон тэмдэгттэй болсон байна. Тэрээр 1999 онд скаутын холбоонд элссэн төдийгүй аймгийнхаа түүхэн дэх анхны гурван модон тэмдэгт зэрэглэлтэй багш болж байгаа юм.
Скаутын багш нарт 4 зэрэглэл бий. Улсын хэмжээнд 4 модон тэмдэгттэй 5 багш байдаг бол гурван модон тэмдэгт зэрэглэл нь анхан шатны бүлгийн удирдагч бэлтгэх сургалт явуулах эрхтэй.
Манай аймгийн хувьд скаутын холбоо 1, 5, 8, 11, 12 Хан-Уул, Шинэ хөгжил цогцолбор, Дорнод их сургууль, МСҮТ, “Шинэ зуун” сургууль болон Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чойбалсан сумын сургуулиудад бүлгэм салаа байгуулан ажиллаж байна. Скаут дотроо каб, скаут, венчир, ровер, насанд хүрэгчид гэсэн нас насны ангилалтай байдаг аж.