Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийв

2025 оны 12-р сарын 4 өдөр

12-р сарын 4-ний үдээс өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийв. 
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Франц хоёр улс нь алсын хараатай, хариуцлагатай, бие даасан том гүрнүүд бөгөөд дэлхийн олон талт байдлыг дэмжиж, хүн төрөлхтний эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал бүтээлч үүрэг гүйцэтгэж байгаа. Өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд хурдтай өөрчлөлт гарч байгаа учраас хүн төрөлхтөн дахин замын уулзварт хүрч ирээд байна. Хятад, Франц хоёр улс хариуцлагаа ухамсарлаж, олон талт үзлийг тууштай баримтлан, түүхэн зөв замыг сонгох ёстой. Хятад улс Францын талтай хамтдаа хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхол болон олон улсын хамтын нийгэмлэгийн урт хугацааны ашиг сонирхлоос үүдэж тэгш яриа өрнүүлж, нээлттэй хамтын ажиллагааг баримталж, Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү тогтвортой, сайн хөгжүүлэхийг хичээн, түүний стратегийн үнэ цэнийг бүрэн харуулж, тэгш, дэг журамтай дэлхийн олон талт байдал, хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн даяаршлыг дэмжихэд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв. 
Ши Жиньпин онцлохдоо, гадаад орчны ямар ч өөрчлөлт гарсан ч Хятад, Франц хоёр улс том гүрний стратегийн алсын хараа, бие даасан байдлыг харуулж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, чухал асуудлуудыг харилцан ойлгон, дэмжиж, Хятад, Францын харилцааны улс төрийн суурийг сайтар хамгаалах ёстой. ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны IV бүгд хурлын “15-р таван жилийн” төлөвлөгөөний саналыг хэлэлцэн баталснаар ирэх 5 жилийн Хятадын хөгжлийн зураглалыг тодорхойлж, дэлхий нийтэд “боломжийн жагсаалт”-ыг санал болгосон юм. Хятад, Франц хоёр улс энэ боломжийг ашиглаж, хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлэн, агаарын тээвэр, сансар судлал, цөмийн эрчим хүч зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, ногоон эдийн засаг, дижитал эдийн засаг, биотехнологи, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны боломжийг нээх хэрэгтэй. Хятадын тал Францын өндөр чанартай бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлох хүсэлттэй байгаа. Францын олон компанийг Хятадад үйл ажиллагаагаа явуулахыг урьж байгаа бөгөөд мөн Францын тал Хятадын компаниудад шударга, тогтвортой орчны хүлээлтийг бий болгохыг найдаж байна. Хятад Франц хоёр орны ард иргэд төрөлхийн дотно харилцаатай байдаг. Бид соёл, боловсрол, технологи, орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцооны гайхамшигт түүхийг үргэлжлүүлэх ёстой гэлээ. 
Эммануэль Макрон хэлэхдээ, Франц Хятад өндөр түвшний харилцаа нягт байж, харилцан итгэлцэж, хүндэтгэсээр ирсэн. Францын тал Хятад хоорондын харилцааг маш чухалчлан үзсээр ирсэн. “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Франц, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжлийг Францын тал сайшааж байгаа бөгөөд нээлттэй хамтын ажиллагааг дэмжиж, дэлхий дахинд илүү олон боломж авчрахыг зорьж байна. Мөн хоёр орны харилцан хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж, худалдаа, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, найрсаг соёлын солилцоог хөгжүүлэхийг дэмжихийг хүсэж байна. Мөн Хятадын компаниуд Францад үйл ажиллагаагаа явуулж, илүү их хөрөнгө оруулалт хийхийг урьж байна. Бид шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчин бүрдүүлэхэд бэлэн байна. 

Францын тал Европ, Хятадын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд хичээн ажиллаж байгаа бөгөөд Европ, Хятад хоёр тал яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг тууштай баримтлах ёстой гэж үзэж байна. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, олон талт дэг журам заналхийлэлд өртөж буй энэ үед Франц, Хятадын хамтын ажиллагаа улам чухал болж байгаа юм. Францын тал Ши Жиньпин даргын дэлхийн засаглалыг шинэчлэн сайжруулах, дэлхийн эдийн засгийг илүү тэнцвэртэй болгох талаарх санаачилгыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Хятадын талтай уялдаа холбоогоо бэхжүүлж, том гүрний хариуцлагыг хамтдаа хүлээж, олон талт үзлийг баримтлан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, хиймэл оюун ухааны засаглал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн энх тайван тогтвортой байдалд хүчин зүтгэл оруулахад бэлэн байна гэжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313