Хятадын дээд удирдагч Ши Жиньпин саяхан “Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын төв хорооны санал санаачилга”-ын талаар тайлбар хийсэн байна.
ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурал дээр Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны өмнөөс “Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын төв хорооны санал санаачилга”-ыг туурвисан холбогдох нөхцөл байдлыг бүх талаар тайлбарлажээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 15-р таван жилийн төлөвлөгөөг судлан боловсруулах нь Хятадын эдийн засаг нийгмийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулан, социализмын орчин үеийн шинэчлэлийг товлосон цагтаа үндсэндээ биелүүлэхэд илүү бат бөх суурийг тавьж өгөхөд чухал ач холбогдолтой гэжээ.
Хоёрдугаар сарын 11-ний өдөр баримт бичгийг туурвих ажлын хэсэг анхны бүгд хуралдаанаа хийснээс уг санал санаачилгыг туурвих ажил албан ёсоор эхэлсэн. Уг баримт бичгийг туурвих үйл явцад ХКН-ын төв хороо ардчиллыг хэрэгжүүлж, олны саналыг хуримтлуулан төвлөрүүлсэн бөгөөд санал асуулга, судалгаа явуулж, талуудын саналыг өргөнөөр авсан хэмээн Ши Жиньпин онцоллоо.
Ши Жиньпин хэлэхдээ, наймдугаар сарын 4-нд санал санаачилгын эх нооргийг гаргаж, намын дотоодын тодорхой хүрээнд санал асуулга явуулжээ. Үүнд намын ахмад зүтгэлтнүүд, ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдаачдын холбооны хариуцлагатай хүн, нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн төлөөллийн саналыг сонссон байна. Ингэсний дүнд нийт 218 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан нь талуудын 452 зүйлт санал санаачилгыг хамруулсан гэжээ.
Төвийн Улс төрийн товчооны байнгын хороо гурав удаа хуралдаж, Төвийн Улс төрийн товчоо хоёр удаа хуралдан, хянан хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулаад ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хуралд дэвшүүлэн хэлэлцүүлэх санал санаачилгын баримт бичгийг туурвиж дууссан юм хэмээн Ши Жиньпин тайлбарлажээ.
Ши Жиньпин хэлэхдээ, санал санаачилгын баримт бичиг нь 15 бүрэлдэхүүн хэсэгтэй. Гол нь 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь Хятад улсын хөгжлийн томоохон амжилтуудыг дүгнэж, ирэх таван жилийн стратегийн үүрэг болон гол гол бодлогуудыг танилцуулж, намын төв хорооны төвлөрсөн нэгдмэл удирдлагыг баримтлах талаар байршуулалт хийсэн гэжээ.
Үүний зэрэгцээ Ши Жиньпин уг санал санаачилгад дэвшүүлсэн байр суурь, томоохон бодлогуудын талаар онцлон тайлбарласан байна.
Уг тайлбарын төгсгөлд Ши Жиньпин, “Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын төв хорооны санал санаачилга”-ын талаар нямбай тунгаан сэтгэж, гүнзгий яриа өрнүүлэн, бүтээлч санал санаачилга дэвшүүлж, хурал амжилттай болж, санал санаачилгад үр дүнтэй нэмэлт өөрчлөлт оруулж, хянан батлахыг уриалсан байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN