
БНХАУ-ын Олон улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлагийн Санхүүжилттэй “Нарны эрчим хүчээр Улаанбаатарын гэр хорооллыг шинэчлэх нь” төслийн гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр буюу 9-р сарын 25-нд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт боллоо. Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска, Улаанбаатар хотын засаг даргын орлогч А.Амартүвшин, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н. Мандуул нар оролцлоо.
Энэхүү төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2.5 сая ам.долларын санхүүжилтээр нийт 500 айлыг хамарна. Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой гэр хорооллын бүсэд явуулж буй төсөл амжилттай хэрэгжсэнээр нүүрсний түлэлтийг 2000 орчим тонноор бууруулж, хүлэмжийн хийг агаар мандалд нэгтгэхээс зайлсхийх боломжтой болно.
Элчин сайд Шэнь Миньжуань арга хэмжээний үеэр хэлэхдээ, өнөөдөр гарын үсэг зурж буй энэхүү арга хэмжээ нь хоёр улсын төрийн тэргүүний саяхан болсон уулзалтаар хүрсэн нэгэн шийдвэрийг хэрэгжүүлж буй бодитой алхам юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, Улаанбаатар хотын олон мянган өрх цэвэр агаартай, дулаан сайхан өвөлжих болно гэдэгт итгэж байна гэлээ.
Төсөлд хамрагдсан айлын төлөөлөл Чингэлтэй дүүргийн 15-р хорооны оршин суугч Б.Чулуунхүү хэлэхдээ, би нөхөр, 2 хүүхэдтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Зөвхөн нүүрсний хэрэглээнд сардаа 300-400 мянга зарцуулдаг, энэ төсөлд хамрагдсанаар зардал хэмнээд зогсохгүй эрүүл орчинг бүрдүүлж, хүүхэд угаартах зэргээс айхгүй боллоо. Төслийг санаачлан, санхүүжүүлж хэрэгжүүлж байгаа бүх хүмүүст баярлалаа гэжээ.
“Нарны эрчим хүчээр Улаанбаатарын гэр хорооллыг шинэчлэх нь” төсөл нь БНХАУ-ын Олон Улсын Хөгжил, Хамтын Ажиллагааны Агентлагийн Дэлхийн хөгжил ба Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны сангийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй 3 дахь төсөл юм. Өмнө нь ойн түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх болон хөдөө орон нутгийн хүүхдүүдийг цахим сургалтын хэрэгслээр дэмжих төслийг хэрэгжүүлж байжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл