Илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалыг цогцлоох БНХАУ-ын санаачилга

2025 оны 9-р сарын 16 өдөр

Дэлхий дахины байдал эмх замбараагүй, тогтворгүй, олон өөрчлөлт гарч буй энэ цаг үед хүн төрөлхтний сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжиж, соёл иргэншлийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн, хуучин болон шинэ сорилтуудыг даван туулахад тус болох нэгэн чухал шийдлийг БНХАУ санал болголоо.

Энэ бол саяхан буюу 9 дүгээр эхээр Тяньжинь хотноо болсон “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага +” уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний танилцуулсан Даян дэлхийн засаглалын санаачилга /ДДЗС/ юм.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ нь их гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан дэлхий нийтэд чухал ач холбогдол бүхий хэд хэдэн санаачилгыг сүүлийн жилүүдэд дэвшүүлсний нэг нь ДДЗС болж байна. Тус улс өмнө нь Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Даян дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга гэсэн гурван чухал санаачилгыг дэвшүүлээд байсан билээ.

ДДЗС-ын 5 үндсэн үзэл баримтлал

ДДЗС нь илүү шударга бөгөөд илүү эрх тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг цогцлооход хувь нэмэр оруулах зорилготой юм.

Тус санаачилга нь даян дэлхийн засаглалын үндэс суурь, үндсэн зарчмуудын тусгал болох дараах таван үндсэн үзэл баримтлалаас бүрдэнэ.

1.     Бүрэн эрхт эрх тэгш байдлыг сахин хамгаалах

2.     Олон улсын хууль дээдлэх ёсыг баримтлах

3.     Олон талт үзлийг хэрэгжүүлэх

4.     Хүн төвт хандлагыг хөхиүлэн дэмжих

5.     Бодит үр дүн бүхий үйл ажиллагаа явуулах

Эдгээр үзэл баримтлал нь НҮБ-ын дүрэм журам, зорилтууд болон дэлхийн засаглалыг шинэчилж сайжруулах цаг үеийн шаардлагатай нийцэж буй билээ.

Бүрэн эрхт эрх тэгш байдал

Бүрэн эрхт эрх тэгш байдал бол дэлхийн засаглалын үндэс суурь юм. Улс орны хэмжээ, хүч, хөрөнгө чинээ зэргээс үл хамааран бүх улс орон дэлхийн засаглалыг хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад эрх тэгш оролцохын зэрэгцээ адил тэгш үр шим хүртэгч байх ёстой гэсэн зарчмыг БНХАУ баримталсаар ирсэн. Цөөнх ноёрхсон тогтолцоо нь шударга бус бөгөөд тогтвортой байдалд хүргэхгүй.

ДДЗС нь харилцан тэгш эрх эдэлж, тэгш боломж хүртэх, хуулийн өмнө эрх тэгш байх гэсэн улс орнуудын нийтлэг ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийн тусгал бөгөөд олон улсын харилцаанд ардчиллыг хөхиүлэн дэмжиж, хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлж, дэлхийн засаглалын тогтолцоог илүү хүртээмжтэй болгох ач холбогдолтой юм.

Олон улсын хуулийг дээдлэхүй

Олон улсын хууль дүрмийг дээдлэн биелүүлэх нь дэлхийн засаглалыг хамгаалах гол хүчин зүйл билээ. НҮБ-ын дүрэм журам, зорилтууд болон нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны бусад дүрэм журмыг дэлхий нийтээрээ дагаж мөрдөх ёстой.

Гэвч өнөөдөр зарим улс орон “давхар стандарт” баримталж, өөрсдийн тогтоосон дүрмээ бусдад тулгаж, олон улсын хууль, дүрмийг үл ойшоож байна. Тэгвэл ДДЗС нь олон улсын хууль, дүрмийг эрх тэгш хэрэгжүүлж, баримтлах, хууль дүрэмд суурилсан олон талт харилцааг хөхиүлэн дэмжиж, сахин хамгаалах нь чухал ач холбогдолтой болохыг онцолж буй юм. Олон улсын хуулийг нийтээрээ дээдлэн хэрэгжүүлж, шударга ёс, эрх тэгш байдлыг мөрдлөг болгосноор дэлхийн засаглалын тогтолцоог илүү тогтвортой болгох боломжтой.

Олон талт үзэл

Олон талт үзэл бол дэлхийн засаглалыг тогтвортой байлгах үндсэн арга замуудын нэг юм. БНХАУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд олон талт үзлийг тууштай дэмжсээр ирсэн билээ. НҮБ төвтэй олон улсын тогтолцоог хамгаалж, олон талт үзлийг хөхиүлэн дэмжиж, хамгаалахыг тус улс саяхан болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ч олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан.

ДДЗС-ын хүрээнд хамтын хөгжлийн төлөө илүү өргөн хүрээнд харилцан зөвлөлдөж, хамтран ажилласнаар жинхэнэ олон талт үзлийг цогцлоож, дэлхийн засаглалын хамтын ажиллагааны бүтцийг улам бүр бэхжүүлэх боломжтой.

Хүн төвт үзэл

Хүн төвт үзэл буюу хүмүүсийг нэгдүгээрт тавих нь дэлхийн засаглалын тогтолцооны чухал хэсэг. Дэлхийн засаглалын зорилго нь эцэстээ хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг бодит байдал болгон хувиргаж, бүх нийтээрээ хамтдаа хөгжин дэвжиж, сайн сайхны ертөнцийг бий болгох явдал юм.

Тэгвэл ДДЗС нь хамтын хөгжлийг хурдасгах, нийтлэг сорилтод тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, бүх үндэстний хамтын ашиг сонирхлыг ахиулах замаар хүмүүсийн аюулгүй байдал, сэтгэл ханамж, сайн сайхан байдлын мэдрэмжийг дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, ДДЗС нь хүн төвт хөгжлийн философи болон үндэсний ашиг сонирхлыг дэлхийн ашиг сонирхолтой уялдуулах БНХАУ-ын хүсэл эрмэлзлийн нэгэн илрэл юм.

Бодит үр дүнд хүрэхүй

Бодит үр дүнд хүрэх, бодит үр өгөөжийг хүртээх нь дэлхийн засаглалын тогтолцооны гол хэмжүүр.

Өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд болон урт хугацааны сорилтуудыг шийдвэрлэхийн тулд БНХАУ практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бодит үр өгөөж өгөх, бүх ард түмэнд хүрч үйлчилдэг дэлхийн засаглалыг цогцлоохыг эрмэлзэж байна.

Энэ хүрээнд БНХАУ нь засаглалын дутагдал хамгийн их байгаа салбарууд, тухайлбал олон улсын санхүү, хиймэл оюун ухаан зэрэг салбарт практик хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавих юм.

ДДЗС-ын талаар хэн, юу гэв?

БНХАУ-ын дэвшүүлсэн таван үзэл баримтлал бүхий ДДЗС-ыг олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэх, илүү тэнцвэртэй, хүртээмжтэй, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг цогцлоох ач холбогдол бүхий “цаг үеэ олсон” чухал санаачилга гэж дэлхийн удирдагчид, шинжээчид өндрөөр үнэлж байна.

Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ “Ноён Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэн илүү үр ашигтай, үр дүнтэй болгох бүх санал санаачилгыг бид анхааралтай сонслоо. ШХАБ нь дэлхий дахинд илүү шударга, илүү эрх тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй” гээд, ДДЗС-ыг ОХУ дэмжиж буйг илэрхийлсэн юм.

Мөн НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш олон талт үзэлд тулгуурласан, хүн төвт ДДЗС-ыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд “НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог хамгаалах нь чухал. НҮБ-ын 80 жилийн ой тохиож буй энэ үед бид XXI зууны олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, хүмүүсийг ямагт нэгдүгээрт тавьж байх ёстой” гэсэн юм.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Ян хэлэхдээ “НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог тууштай хамгаалах амлалтаа БНХАУ ДДЗС-аараа дахин нотоллоо. Хятад нь НҮБ-ын дүрэмд гарын үсэг зурсан НҮБ-ын анхны гишүүн улс болж байсан. Тус улс НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг тусгасан дөрөв дэх санаачилгаа ийнхүү дэвшүүллээ. НҮБ-ыг тууштай дэмжиж ирсэн, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, аливаа асуудлыг энхийн замаар буюу яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг тууштай дэмжсээр ирсэн ... Хятад улсын хувь нэмэр үнэхээр гайхалтай” гэсэн байна.

Тогтолцооны гажуудал нэмэгдэж, олон улсын харилцаанд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарч буй өнөөгийн нөхцөлд дэлхийн засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. БНХАУ-ын дэвшүүлсэн ДДЗС нь дэлхийн засаглалын тогтолцоо цаашид ямар байх ёстой вэ, хэрхэн илүү шударга, илүү эрх тэгш бөгөөд үр өгөөжтэй засаглалын тогтолцоог цогцлоох вэ гэсэн асуултуудын хариулт болж байна.

Г.Солонго

Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 25
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313