
9-р сарын 2-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын 7 дахь удаагийн уулзалт хийв.
Ши Жиньпин онцлохдоо, сүүлийн жилүүдэд Хятад Орос Монгол гурван талын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, бодит үр дүнд хүрсэн. Гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны шугамын зураг төсөл амжилттай хэрэгжиж, гурван орны худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэн, эдийн засаг, худалдаа, технологи, экологи хамгаалалт, соёлын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр ирсэн. Уул усаараа залгалдсан, найрсаг хөршүүд болсны хувьд Хятадын тал Орос, Монгол хоёр оронтой хамтдаа анхны зорилтоо бат сахиж, гаднын хүчний нөлөөллийг арилгаж, гурван талт хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин Хятад Орос Монгол гурван талт хамтын ажиллагааг ахиулах талаар гурван зүйлт санаачилга дэвшүүлжээ.
Нэгд, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх. Өнөөгийн ээдрээ будлиантай олон улсын нөхцөл байдалд Хятад Орос Монгол гурван тал эв нэгдэл хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэхээ өргөжүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлыг хүндэтгэж, өөрсдийн хөгжил, сэргээн мандлын замнал дахь стратегийн бат бөх тулгуур хүчин байх ёстой.
Хоёрт, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх. Дэд бүтцийн харилцан холболтоор чухал чиглэл болгон, гурван улсыг холбосон хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй ахиулж, хамтын ажиллагааны агуулгыг улам баяжуулах ёстой. Мөн “зөөлөн холболт”-ыг чухал хөшүүрэг болгож, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн төлбөр тооцооны цар хүрээг өргөжүүлэх ёстой. “Сэтгэлийн холболт”-ыг чухал үндэс болгон, гурван улсын хөрш зэргэлдээ муж хоорондын солилцоог бэхжүүлж, аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ёстой.
Гуравт, Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам нятруулах ёстой. ШХАБ нь бүс нутгийн орнуудын аюулгүй байдлыг хамтдаа хамгаалж, хамтын хөгжлийг эрэлхийлэх чухал индэр юм. ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын санаачлан байгуулсан хамтын ажиллагааны олон платформ, төвүүдийг сайтар ашиглаж, хамтын ажиллагааны орон зайг улам илүү өргөжүүлэх ёстой.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Орос, Хятад, Монгол гурван улс нь найрсаг хөршүүд бөгөөд удаан жилийн турш хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Иймд улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх нь маш чухал, энэ нь гурван талт харилцааны суурийг бэхжүүлэхэд ашигтай юм. Оросын тал Хятад, Монгол хоёр талтай эрх тэгш, харилцан ашигтай, ирээдүйд чиглэсэн стратегийн хамтын ажиллагаа өрнүүлж, гурван талт хамтын ажиллагааг хоёр талын хамтын ажиллагаатай харилцан нөхөж, харилцан ахиулах болно. Гурван тал хөгжлийн стратегиа нягт уялдуулж, хэлхээ холбоогоо бэхжүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөж, санхүү, эрчим хүч, дижитал эдийн засаг, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлж, бие биенийхээ эдийн засгийн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн интегралчилийг дэмжиж, иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ёстой гэжээ.
У.Хүрэлсүх хэлэхдээ, Хятад, Орос хоёр орон бол Монгол улсын чухал хөршүүд. Монгол Улс хоёр талт харилцааг бэхжүүлж, гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, улмаар Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулан, соёлын солилцоог нэмэгдүүлж, гурван орны ард түмэнд үр өгөөжөө өгч, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна. Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон ЗХУ-ын Аугаа их эх орны дайнд ялсны 80 жилийн ой тохиож байна. Монгол Хятад Орос гурван орны ард иргэд энэхүү түүхэн мөчийг хамтдаа дурсан тэмдэглэж, Дэлхийн 2-р дайны түүхийг зөвөөр сурталчлах ёстой гэв.
Цай Чи, Ван И нар уг уулзалтад оролцжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй