ТЭР СЭТГЭЛ ДҮҮРЭН АЛХАЖ ЯВНА

2025 оны 4-р сарын 21 өдөр

Олон нийтийн сүлжээнд  шинэ санал санаачлага дэвшүүлдэг, нийгмийн сайн сайхан руу олон нийтийг хөтөлдөг хүмүүс дундаас нутгийн нэг залууг онцоллоо. Түүнийг Батхуягийн Батдэлгэр гэдэг. “Мянгат” орон сууцны хорооллын хүүхэд юм билээ. Залуусын мөрөөдөл болсон алс холын Америк оронд гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг тэрээр үзэл бодлоороо, үйл хэргээрээ үргэлж л нутгаа гэх. 

 Хүн амьдралдаа үр удмаа үлдээх, мод тарих, ном бичих гээд 3 буяныг хийвал их сайн юм гэсэн. Б.Батдэлгэр хүний хорвоод хүслээ гүйцээж яваа нэгэн.  2022 онд түүний аав хорвоогийн мөнх бусыг үзэж, хойдын буянд нь мод тарьжээ. Гэхдээ их утга учиртай. Тэр 108 ширхэг шинэс, улиас, нарс авчран дотнын хүмүүсийнхээ хамт суулгасан нь 99 хувьтай ургасан гэх. Мод тарих нэг хэрэг. Тарьсан модоо ургуулах нь өөр нэгэн хэрэг болно. Монгол улс даяар мод тариад ургаагүй нь ургаснаасаа их. Батдэлгэр Япон технологиор боловсруулсан бордоо ашиглан мод тарьснаараа онцлог. Тэр сайхан газар амьдарч идэж ууж, эдэлж хэрэглэхдээ хүртэл нутгаа л бодох. “Миний амьдардаг Вашингтон хот АНУ-д эхний 5-д орох ногоон орчинтой. Түүнийг хараад төрсөн нутгаа ногоон орчинтой болгох юмсан гэж эрхгүй боддог. Хавар Баян-Уул сумын мэргэжлийн Мод үржүүлгийн ойн ангиас 250 гаруй ширхэг модны үрсэлгээ авахаар тохиролцсон. Түүнийгээ өсөж өндийж, тоглож торнисон “Мянгат” хорооллынхоо хүүхдийн тоглоомын талбайг тойруулж тарина. Манай Чойбалсан хот ил салхитай,  шороогоор их шуурдаг. Хүүхдийн тоглоомын талбай тойруулаад мод тарьчихвал шороо босохгүй, 2022 онд мод тарьсан туршлагаасаа харахад ургамал гэдэг байнгын усалгаа арчилгаанд ургах юм билээ” гэнэ.   “Мод тарих нь өсөж төрсөн эх орон, байгаль дэлхийнхээ ачийг хариулж байгаа буянтай үйл.  Аав нь тэнгэрийн орноос хараад хүүдээ баярлаж байгаа“ гэхчилэн  түүнийг олон нийтийн сүлжээнд дагагчид нь үргэлж дэмжинэ.  

 Энэ өвөл Батдэлгэр 96 настай эмээтэйгээ золгох гэж нутагтаа ирэхдээ 50 хүүхдийг хөл нь дулаан яваг гээд гуталтай болгожээ. Түүний Facebook-ээс харахад л арав гаруй жилийн өмнөөс тэрээр өвлийн -35 хэмийн хүйтэнд гэр бүлээрээ хотын захын амьдралын нөхцөл тааруу айл өрхөд хүүхдийнхээ тоглоом, хувцас хунар гээд хэрэглээний зүйлээс гадна эхнэр нь эмнэлгийнхээ орлогоос хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хүргэж өгдөг байжээ.  Эдний гэр бүлд бусдад өгье гэсэн өгөөмөр сэтгэл амьдралынх нь нэг хэсэг дадал хэвшил болжээ гэж харагдана.  Сар бүр орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулж бусдад туслахад зориулдаг гэнэлээ. Мөн хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилгоор “Гэгээн ертөнц” ТББ байгуулжээ. 

 Батдэлгэр зөвхөн өөрөө нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулаад зогсохгүй олон нийтийг нийгмийн сайн сайханд  уриалдаг хүн.  Тэр 2019.03.27-нд нэгэн пост бичсэнийг энд сийрүүлье. “Хаан банкны Signature картын өдөрлөгт очиж “Ид шидтэй ах”  тэмдэг авсан боловч “Хаанбанк” над руу холбогдож өгнө гээд таг болсон. Би ч ажил ихтэй явсаар нэг өдөр хэрэг болгож “Ид шидийн орон”-ы  дансыг олж аваад гэр бүлийнхээ гишүүн бүрийн тоогоор өдөр бүр 500₮ төгрөг , нийт 3’500₮ татагдаж байхаар тохиргоо хийчихлээ. “Далайд дусал нэмэр, Дуслыг хураавал далай болно” гэдэг дээ. Жилд 1’277’500₮ болох юм.  Гэр бүлийнхээ өдөр бүрийн хэрэглээний мөнгөнөөс хаа нэгтээ өлсөж байгаа бяцхан үрсэд зарцуулж байгаа гэж бодохоор сэтгэл нэг л өег. Нийгэмд маш хэрэгтэй ажлыг санаж сэдэж, түүнийгээ ажил хэрэг болгож чадсан, олон зуун мянган хүүхдийг баярлуулж байдагт нь Чадраабалын Ганжавхланд гүнээ талархаж, баярлаж, бас бахдаж явдаг юм. Жаахан дулаарахаар гэр бүлээрээ “Ид шидийн орон”-д зочилж номын санд нь өөрсдийнхөө гаргасан “Баатрууд ирлээ-1,2,3” цуврал номыг, мөн ам, гарын ариун цэврийн хэрэглэл гэхчлэн зүйлийг бэлэглэнэ гэж эхнэр бид хоёр ярилцдаг. Хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролд зориулан сургалт хийж өгсөн ч болно.  Та бүхэн ч гэсэн  Хаан банкинд данстай бол энэхүү постоороо зургаар оруулан зааврын дагуу тохиргоо хийж бяцхан зүрхнүүдийн төлөө халуун гараа сунгаарай.  Өдөрт хандивлах доод дүн 100₮.  Дээшээ 300, 500, 1000₮ гээд хэд ч байж болно. Та бүхний 10 цагаан буян үргэлж дэлгэрч байх болтугай.” гэжээ.  Өдөрт 500 төгрөг биднээс гарахад мэдэгдэх, мэдрэгдэх зүйлгүй. Гэтэл энэчлэн бидний мэдэхгүй, мэдрэхгүй өнгөрч байгаа зүйл хэн нэгний гэрэлт ирээдүй болно гэдэг гайхалтай. Батдэлгэр “Ид шидтэй” ах болоод өнөөдрийг хүртэл 7,8 сая төгрөг гэрэлт ирээдүйд хандивласан байна.   Батдэлгэрийн хэлснээр чухам энэ л сэтгэл дүүрэн алхах шалтгаан мөнөөс мөн. 

 БОЭТ- ийн “Төрөх эмэгтэйчүүдийн тасаг” арваад жил нярайн ганц монитортой үйл ажиллагаагаа явуулж иржээ. 2020 оны 11-р сарын 03-ны өдөр энэ хамт олон АНУ-аас гайхалтай бэлэг хүлээн авсан нь нярайн хяналтын аппарат байсан юм. Батдэлгэрийн гэр бүл БОЭТ-ийн “Төрөх эмэгтэйчүүдийн тасаг”-т  хоёрдахь удаагаа манай улсын ирээдүйн эздийн төлөө сайхан сэтгэлийн гараа сунгаж буй нь энэ. Батдэлгэрийн бэлэглэсэн энэхүү хяналтын аппарат нь нярайн амин үзүүлэлтийг үздэг Солонгос улсад үйлдвэрлэсэн 4 сая төгрөгний үнэтэй төхөөрөмж аж. 1000- хан  грамм төрсөн нярай энэ аппаратны анхны хэрэглэгч нь болж амьдрахын төлөө тэмцэж буй бяцхан амь аврагдсан байна. 

 Мөн тэрээр 2019 онд БОЭТ-д 3 сая  төгрөгийн үнэтэй амьсгал дэмжих аппарат, мөгөөрсөн хоолойн дуран бэлэглэж байв. Энэ улсын ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийн төлөө үргэлж сэтгэл дэвсэж байдагт нь БОЭТ-ийн хамт олон Батдэлгэр, түүний гэр бүлд талархаж буйгаа илэрхийлсээр. “Энэ бол үлгэр жишээ залуу үеийн тод төлөөлөл. Сайхан сэтгэлийн илрэл” гэж үхэл амьдралын заагийг мэдэрсэн олон олон бяцхан зүрхний ээж, аавууд түүнд талархана. Батдэлгэр аймгийнхаа БОЭТ-д төдийгүй Хэнтий, Сүхбаатар аймгийн эмнэлгүүдэд ч хандив түгээж байв.  

 Зургаан жилийн өмнө Тайланд улсад мэргэжлээ дээшлүүлээд эх орондоо ирж АШУҮИС-д багшлахын зэрэгцээ “Сондра” нүдний эмнэлэгт ажилладаг эмч дүү нь “Манай эмнэлэгт хараагаа бүрэн алдах аюултай, хагалгаанд орох заалттай ч төлбөрийн боломжгүй хүмүүс ирэх юм аа. Та надтай хамтраад туслалцаа үзүүлэх боломжтой юу? Эмч хүний хувьд хагалгааг нь би 100%  үнэ төлбөргүй хийж өгмөөр байна”  гэжээ. Өндөр настан Будъя гуай нүдний торлогийн хагалгаа хийлгэх шаардлагатай ч хагалгааны төлбөрөө төлж чадахгүйгээс хараагаа бүрэн алдах магадлалтай болжээ. Батдэлгэр дүүтэйгээ нийлж энэ хүнд тусалснаар нэг хүнд өнгөт орчлонг өөрийнхөө нүдээр харах боломж олджээ. Хойшид ч “Гэгээн Ертөнц” ТББ-аараа дамжуулан олон олон хүний мэлмийг гэрэлтүүлэх болно гэх. 

 Хэнд ч амьдрал арван хуруу тэгш заяадаггүй. Өнгөц харахад сайхан амьдрал ч чухам тэд юу туулж ирснийг бид мэдэхгүй. Эсвэл бидний зовж зүдэрч явна даа гэсэн хүн дотроо хэчнээн их сэтгэлийн амар амгаланг эдэлж явааг хэн ч таашгүй. Батдэлгэрийн анхны эхнэр одоогоос 12 жилийн өмнө хорт хавдраар өвдөж ханийнхаа төлөө  тэр чадах бүхнээ хийжээ. Хүний амьдралд хагацах л хэцүү. Түүнээс бусад нь болдог л юм. Өвчнийг давах хүнд. Өвчин гэдэг өвдөж зовохоос гадна айл гэрийн санхүүг тэр чигт нь аваад явдаг зүйл. Агаар нэгэн адил Батдэлгэр эхнэрийнхээ төлөө ах дуу хамаатан садан, найз нөхдийн хүчээр дэмнэж, машин тэргээ зарж үрэн тэмцсэн ч хэтэрхий оройтсон байж.  Охин нь нялхаараа ээжээсээ хагацжээ. Банкны зээлтэй байртай үлдсэн тэрээр бүх л зүйл толгой дээр нь бууж амьдралыг өөрөөр харж ухаарч эхэлсэн гэдэг. Буяны ажилд олны сэтгэлийн дэм болгож өгсөн мөнгөөр өрнөөсөө хугасалж болох ч тэр тэгсэнгүй. 

 Эрхтэн бүтэн эрүүл саруул эр хүн бүгдийг өөрийн хүч хөдөлмөрөөрөө босгож бий болгохыг зорьжээ.  Бусдад буян хийх ухаан тэр л үеэс суусан гэх. Ингээд хорт хавдартай эмчилгээгүй гэгдэх хүмүүс хэвтэж эмчлүүлдэг “хөнгөвчлөх” -ийн өрөөг бүрэн засч, иж бүрэн тохижуулсан нь бусдын төлөө сэтгэл гаргах их үйлсийнх нь эхлэл болсон гэлтэй.  Тэрээр 2018 онд  “ХСҮТ-н Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийг тохижуулж нэг л мэдэх нь 5 өвөл өнгөрчээ. Тус тасгийн эмч сувилагч нар ажилдаа чин сэтгэлтэй, эмчилгээ үйлчилгээ, хоол унд сайтай, сайхан хамт олон бий.  Би нь үргэлж талархаж явдаг юм. Тохижуулсан тасгаараа орж агаар цэвэршүүлэгч тавиад, эргэлт муутай хэдэн хүнд хоол ундны юм дөхүүллээ.  Энд анх бүрэн засвар тохижилт хийснээс хойш үе үе эргэж тойрч, хөргөгч, шарах шүүгээ тавьж, хэвтэн эмчлүүлэгчдийн ариун цэврийн өрөөг тус хамт олонтой хамтран засварлаж, өрөөний паарыг сольж тавьсан. Сүүлд өрөөний зарим хэсгийг дахин засварлаж, шинээр хувцасны шүүгээ, угаалтуур, тосгуур суурьлуулан, агааржуулагч хоолой, цонхны хэсгийг мод болгон засварлах зэрэгт нийт 4.5 сая төгрөгийг зарцуулжээ. Зарим хүмүүс наад өрөөндөө юун ч их анхаарал хандуулж сүртэй тохижуулдаг юм гэдэг. Ихэнх хүмүүс энэ ямар учиртай өрөө болохыг мэддэггүй бас ойлгодоггүй. Энэ тасаг нь эмнэлгийн зүгээр нэг хэвтэн эмчлүүлэгчийн өрөө биш. Энд хорт хавдар гэгч аймшигт өвчнөөр өвдөөд нэгэнт эдгэшгүй шатандаа орсон, шуудхан хэлэхэд үхэх хоногоо тоолж буй тийм л хүн хэвтдэг. Ийм өвчтэй хүмүүсд тайван амгалан орчин сэтгэл санаанд чухал нөлөө үзүүлж өвчний явцад шууд нөлөө үзүүлдэг. Хайртай хүмүүс нь тэдэнтэйгээ нэг өдөр ч гэсэн илүү хамт байх юмсан гэж бүхнээ зориулдаг даа.  Тиймээс л бид өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө боломжоор энэхүү тасгаа анхаарсаар ирсэн. Цаашид ч засаж тохижуулсаар байх болно.” гэж нүүр номондоо постолсон байдаг. ХСҮТ-н Хавдар  хөнгөвчлөх эмчилгээний тасгийг тохижуулснаас хойш нийгмийн, нийтийн төлөө сайн сайхан зүйл хийж хотын захаар олон хүүхэдтэй, хүнд хэцүү амьдралтай айл өрхүүдээр явж, гурил будаа, тос, сахар тараадаг болж. Шинэ жилээр бэлэг авч үзээгүй зуу зуун  хүүхдэд бэлэг илгээж байлаа. Амьдрал баян ш дээ. Аав ээж ах, дүүс, ханийнхаа хайранд бөмбөрөх нэгэн байхад эмнэлэгт эргэж тойрох ар гэргүй бүсгүй заяа ч бий. Тийм ээжүүдэд сүү, хүүхдийн живхийг нь дөхүүлж өгөх нь сэтгэлийн их өглөг. Батдэлгэр бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг нэгэн. Тэрээр хэн хүний сэтгэл хөндүүрлэж өр өвдөм  амьдралд халуун гараа сунгасаар. Хүүхдээ хараад гэртээ орлогогүй суугаа ч амьдралынхаа төлөө ажиллаж яваа эр нөхрөө баярлуулах хүсэлтэй олон ээжийн хүслийг нь биелүүлж явсан. “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэж үг бий. Илүү гарсандаа хүн бусдад буян хийдэггүй. Илүүчлэх сэтгэлтэй учраас бусдыг дэмждэг.  

 

Бусдын төлөө хийсэн зүйл минь намайг санхүүгийн дарамтанд оруулаагүй. Харин ч эсрэгээрээ бүх л ажил, амьдрал минь амжилт ололтоор дүүрэн байдаг. Охин бид хоёрын хүсэл биелж ханиасаа хагацсанаас хойш хоёр жилийн дараа охин минь сайхан ээжтэй бас эгчтэй,  би амьдралын түшиг тулгуур ханьтай, ухаалаг хөөрхөн охинтой болсон. Удалгүй бүл ч нэмж жил дараалан хөөрхөн охидууд минь мэндэлж, би гэдэг хүн хамгийн баян хүн болсон” гэх.  Амьдралын аз жаргал гэр бүлийн аз жаргалаар хэмжигдэнэ гэдэг л энэ байх. Хүний хамгийн үнэтэй зүйл гэр бүл байдаг. Юугаар ч хэмжишгүй харьцуулашгүй үнэт зүйлээ аз жаргалтай байлгахад ухаан хэрэгтэй. Тав тухтай орон гэр, унах унаа, сайн боловсрол зүгээр сууж байхад хар аяндаа бий болохгүй. Хайртай хүмүүсийнхээ төлөө ажиллаж зүтгэсээр өнөөдөр Батдэлгэрийн гэх айл, айлын дайтай амьдарч байна. Ханьтайгаа хоёул дуртай ажлаа хийж, биенээ дэмжинэ. “Миний амьдралд зовлон тохиолдоход би архи дарс ууж бүгдийг мартмаар санагддаг байсан үе бий. Гэвч би тэр хүнд үеийг тэвчиж давж гарч чадсан. Бүх зүйлийг эерэг талаас нь харж, сэтгэж, бусдын төлөө багахан боловч тус хүргэж, тасралтгүй зөв хөдөлмөрлөж явахад амьдрал өөрөө зам зааж, засч залаад өгдөг юм билээ. Бүх найзууддаа жаргалтай сайхан амьдралыг хүсье. Мөн өнөөдрийг хүртэл туслаж, сэтгэл санаагаар дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Ачийг нь үргэлж санаж яваа шүү” гэж тэр хэлсэн юм. Тэр хэн нэгний амьдралд бага боловч урам зориг өгөөсэй, хүн амьдралд хэрхэн хандана бүх зүйл түүнээс шалтгаалдаг гэдгийг хэлэх л гэсэндээ өөрийн амьдралын түүхээ ийн хуваалцсан юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.                                                 

 

                                                   Д.ОДМАА

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313