Дорнод нутгийн аялал жуулчлалын брэнд болох Буйр нуур, Халхгол руу аялах хөтөч ном бэлэн боллоо.
Дорнод Аялал жуулчлалын нэгдлээс аймгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх 10 жилийн хугацаатай мастер төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд долоон төсөл хэрэгжүүлэхийн нэг нь “Аялал жуулчлалын 1000 бүтээгдэхүүн” төсөл юм.
Дээрх төслөөр Дорнодын аялал жуулчлалын 1000 бүтээгдэхүүнийг танилцуулж, гадаад дотоодын жуулчдад сурталчлахаар төлөвлөсөн байна. Уг ажил ийнхүү эхэлж Буйр нуур, Халхгол руу аялах хөтөч газрын зураг бэлэн болоод байна. Аяллын хөтөч зурагт эдгээр газар луу хүрэх зам, зай, хот суурин, үзмэр, шатахуун түгээгүүрийн станц, түүхэн газруудын танилцуулга, бүх төрлийн үйлчилгээний байгууллага болон ашиглаж болох үүрэн холбооны операторын сүлжээг хүртэл багтаажээ.