Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутагт 2016 оны 10 сарын 29-ний өдрийн орой 23 цагийн орчимд далд уурхайд талийгаач О ньнас барсан эрүүгийн ... дугаартай БНХАУ-ын иргэн М-д холбогдох хэргийг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 2018 оны 05 сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч М нь талийгаач О-ийн амь насыг болгоомжгүйн улмаас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийдвэр гаргасан.
Гэсэн хэдий ч Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад 2018 оны 05 сарын 08-ны өдөр нийтийн сүлжээ facebook хэрэглэгч Босоо Хөх Монгол Адъяа, Har Has MC, Шинжээравдан Босоо Монгол нар болон Choibalsan.mn, Dornod.net, Zaluu.com, Newsmedia.mn вэб сайтууд нь ... Ма гэгч нь том машинтай ачилт хийх явцдаа О г машинтай нь мөргөж амь насыг нь бүрэлгэсэн юм. ... Хятад ковшын жолооч Ма нь уруу газар гулгаж, машинаасаа гарах гэж байсан хохирогч О-г машинтай нь мөргөсөн. ... Уг хэргийг Ма гэх хужаа зориудаар үйлдэж машинийг нь түрэн хананд хавчуулан амь насыг нь бүрэлгэсэн... Ковш гулгаж очиж мөргөх ямар ч нөхцөл байгаагүй газар.... Санаандгүй мөргөх ч нөхцөлгүй. Машинийг нь хажуу талаас нь мөргөөд 2, 3 метр түрсэн байсан. ... Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг шинжилгээ хийхээр ирэхэд нь тус компанийн удирдлагууд буруу газар зааж өгч байсан... шүүгчдэд нөлөөлөл орсон... гэх мэтээр худал ташаа гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл түгээсэн хууль бус үйлдэл нь газар авч байна.
Мөн түүнчлэн шүүх хуралдааны дэг зөрчигдөж шүүгдэгчийн зургийг авч нийгмийн сүлжээнд байрлуулж, улмаар иргэдийн дунд нутаг усаараа талцал хуваагдалд орж, бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдүүлэхээр бие биенээ уриалан дуудаж, бусдыг турхирсан, шүүгч, мөрдөгч, прокурор зэрэг хуулийн байгууллагын ажилтнууд болон аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын хувь хүний болон ажил хэргийн нэр хүндийг нь гутаан доромжилсон, гүтгэсэн мэдээ, мэдээлэл тарааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн олон заалт зөрчигдсөн.
Дээрх хууль бус үйлдлүүдийг гаргасан иргэн, хуулийн этгээдүүдийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”гэсэн мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, үндэсний буюу нийгмийн гарал, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой”гэснийг тус тус зөрчиж, нийгмийн сэтгэл зүйд хууль бусаар нөлөөлж, бусдын эрхийг зөрчиж байгаагаас гадна шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нөлөөлж байна гэж үзэж байна.БНХАУ-ын иргэн М нь 2016 оны 10 сарын 29-ний өдрөөс хойш шүүх хурал болох өдөр буюу 2018 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл 600 орчим хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан тул ажиллах боломжгүй, хилийн хоригтой, хүний амь нас хохирсон эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах хугацаандаа сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хорих ял оногдуулж, цагдан хоригдож эхэлснээс хойш нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл тарж байгаа нь хууль бус бөгөөд БНХАУ-ын иргэн М болон түүний ар гэрийнхэнд хүндээр тусч, эрх чөлөөг нь зөрчиж байгааг дурьдах нь зүйтэй юм.
Шүүхээс хэргийг эцэслэх шийдвэрлэээгүй байгаа бөгөөд БНХАУ-ын иргэн М-ийн өмгөөлөгчийн зүгээс эдгээр асуудлуудыг Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байгаа бөгөөд та бүхэн нэг талыг барьсан худал ташаа мэдээлэлд авталгүй асуудалд хүлээцтэй хандаж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ үү хэмээн хүсч байна.
Хүндэтгэсэн,
ТУН ГУАН МАЙНЗ КОНСТРАКШН МОНГОЛ ХХК-ИЙН ЗАХИРГАА
2018 оны 5 дугаар сарын 14