ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ, НАСТАН БУУРЛУУД АНХААРУУШТАЙ ЖИЛ ГАРЧ БАЙНА

2025 оны 2-р сарын 24 өдөр

Дорнод аймгийн БурхнЫ Шашинтны төв Данриг Данжайлин хийдийн Хамба лам ЛУВСАНЧОЙ

Тэрээр ”Бурхны шашин бол хүмүүнд сэтгэлийн амар амгаланг бий болгох дадал шүү дээ. Зовлон, жаргал аль аль нь хүний сэтгэлээс гардаг зүйл. Бидий нүдээр ядруухан амьдралтай харагдсан нэгэн сэтгэлдээ их амгаланг мэдэрдэг байхад эд хөрөнгө, эрх мэдэлтэй нэгэн сэтгэлийн ханамжгүй зовлонтой байж болно. Хүний сэтгэлийг амар амгалан байлгахад бурхны шашин ойрхон,  шинжлэх ухаанч шашин гэж эрдэмтэд үзэж буй юм билээ. Жилийн засал номоо заавал хийлгэж байх хэрэгтэй. Бурхан болоочдын “алтан сав” /Шэнжээ нээх/ нээх, өвдөж зовсон хүмүүсийг үзэж шалтаг шалтгааныг нь харж байхад харш жил нь гараад, мэнгэ нь голлож, суудал өнцөгдсөн хэр нь засал номоо уншуулаагүй тохиолдол их бий” гэж хэлсэн юм.

 

-Сайхан өвөлжиж байна уу? Та. Сар шинийн босгон дээр Дорнод аймгийнхаа төв хийдийн хамбатай уулзаж байна. Ирэх жилийн өнгийг хэлж өгнө үү? 

-“Дорнод” сонины уншигч зон олон Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Орчин цагийн он тооллоор 2025 он гарсан ч Ази цаг тооллоор Луу жил алсарч Могой жил ирж шинэ жил гарч байна. Цагаан сар бол хахир өвлийг өнтэй давж хавартай учирсан баяр юм.   Луу жил хур бороо элбэгтэй, хижиг тахал өвчин бага жил байлаа. Уламжлал ёсоор ирж буй жилийн өнгө төрхийг зурхайчид Шороон үхрийн зурлагаар шинждэг. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон Могой жил залууст ээлтэй, настан буурлууд анхаарууштай жил байна гэж зурхайчид хэлж байна. Жилийн эхэн үед хур тунадастай, ногоо цагаа цагтаа дэлгэрч тааламжтай байх бол жилийн дунд үеэс хур тунадас бага, халах шинжтэй гэж айлдсан байна. Уур амьсгал, цаг агаартаа тааруулж ард иргэд идээ ундаандаа анхаарч биеэ тордон, явдал суудлаа тааруулж ажил үйлсээ зохицуулах буй за.  Төгсбуянтын зурхай Монгол ёс заншил, ахуй амьдралд тулгуурлан нар, сарны мандаж жаргахыг тооцоолж Лам гэгээний гаргасан зурхай.  Энэ жил өвлийн сүүл сар илүү байсан. Нэгдүгээр сард өвөл болохгүйгээр хавар золгочих шиг цаг агаар дулаан таатай байлаа. Гэтэл хоёрдугаар сарын эхнээс хүйтэрч хүйтний эрч төдийлөн буурахгүй л байна. Тэгэхээр Монгол орны уур амьсгалтай зохицуулж гаргасан Төгсбуянтын зурхайн зурлага бидэнд ойр байна даа.   

-Сүсэгтэн олон бүтэн жилийн турш ямар өдрүүдийг онцлон залбирч, зул барьж, өргөл өргөдөг байвал зүгээр вэ?  

-Хаврын эхэн сарын шинийн нэгнээс 15-ыг дуустал их ерөөл магтаалын их дүйцэн хурал хурдаг. Бурхан багш бурхны шашнаа хорвоо дэлхий дээр он удаан олон жил оршин байлгахын  тулд шинийн 1-15-ны өдрүүдэд номын хүч чадлыг харуулдаг байж.  Бурхан багшийн хийж хүний сэтгэлд багтахгүй шидийг үзээд бусад шашны сүсэгтнүүд хүртэл гайхан биширч шүтэж байсан гэдэг.  Тийм учир шинийн нэгнээс арван тавны хооронд жилийн засал номоо уншуулбал номын адис жанлав хүчтэй буудаг байх нь. Зуны эхэн сарын шинийн 15-нд бурхан багшийн эхийн хэвлийд оршсон, мэндэлсэн, нирваан дүрийг үзүүлсэн өдөр тохиодог. Энэ өдөр хийд хүрээгээр ирж ижий аав, бурхан болооч нарынхаа хойноос ерөөл маани авч, ном уншуулж зул өргөх нь маш сайн.  Намрын адаг сарын 22-нд бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн эхийн ач санах өдөр болдог. Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тэнгэрийн орноо залран очиж ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирваан хутагт хүргэн эхийн ач хариулан намрын адаг сарын шинийн 22-ны өдөр тэнгэрийн орноос эргэж замбуу тивд залран ирсэн гэдэг. Тэр цагаас хойш намрын адаг сарын шинийн 22-ны өдрийг  “Эхийн ач хариулсан дүйчэн өдөр” хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Энэ өдөр сүсэгтэн олон та бүхэн энэ өдрийг  ачит эх, эмээ тэргүүтэй эрхэм хүндэт ээжүүддээ ачийг нь санан хүндэтгэл үзүүлж баярлуулбал зохилтой. Энэ өдөр аав,ээж нь амьд сэрүүн байгаа бол ач санан бэлэг барьж болно. Хэрвээ аав, ээж нь бурхан болсон бол ном уншуулж зул барьж хүрээ хийдээр ирж гороолж мөргөх нь сайн. Өвлийн эхэн сарын 25 буюу зулын 25нд Богд ламын дүйцэн өдөр тохиодог. Бид бүхэн өвлийн эхэн сард хүйтний улирлын идэш уушаа бэлдэн их олон амьтны амь тасалдаг. Тиймээс зулын 25-нд зул хүж барьдаг уламжлалтай. Үүний дараа өвлийн сүүл сарын 22-30 ны хооронд галын буулттай өдөр Сэцэнханы Санбэйсийн хүрээний уламжлалт жаяг ёсны дагуу галаа тахин баясгаж, хуучин номын хурал хурдаг. Та бид хоёрын ярилцаж суух цаг дор хурал болж л байна даа. Хүрээ хийдийнхээ 10 догшин сахиус, авралын бурхандаа балин зоог барин гурван өдөр тахидаг. Манай лам нар энэ их тахилгад 20-иод хоногийн турш балин хийн бэлддэг уламжлалтай. Тахилгын 4 дэх өдрөөс ирэх жилдээ элдэв гай барцадгүй орохыг бэлгэдэн муу муухайг хөөх зан үйл эхэлж битүүний өдрийн өмнөх өдөр Сор залах ёслол болдог. Битүүний шөнө 11 цагаас шинийн нэгний өглөөний 06 цаг хүртэл Цэдор Лхам хурал хурдаг. Настан буурлууд Лхам бүрхны морийг умдаална гээд тотгон дээрээ цас, мөс тавьдаг шүү дээ. Цэдор Лхамын уншлага тахилгын бүрээн дууг сонссон хүн гурван тамын зовлонгоос гэтэлдэг гэдэг. Гомбо, Чойжоо, Лхам гурвыг бурхны шашныг сахин хамгаалагч, үйлсийг түргэн ямагт бүтээгч гол сахиусууд гэдэг учир Богд лам ихэд нандигнан шүтдэг байжээ. Лхам нь өвлийн сүүл сарын битүүнд Замбуу тивд ирэхдээ айл бүрийн идээ будааг таалж ууцны үзүүрийн өөх, шагай чөмөгний толгойн өөх хоёрт Лхам бурхан мутраа хүргэснээр тэр хоёр өөх царцдаггүй болсон гэдэг. 

-Дорнод аймгийн Данриг Данжайлин хийдийн онцлог юу вэ? 

-Дорнод аймгийн бурхны шашинтны төв Данриг Данжайлин хийд Монгол улсын томоохон хийдэд хурдаг бүх л бүрхны шашны номыг хурж байна. Манай хийд 2016 оноос “Номын их айлдвар”-ыг зохион байгуулж байна. 2022 онд Хансүр, лхаарамба Жадо ринбүчи багшийг залж 10 хоног сүсэгтэн олон маань номын айлдвар сонссон. 2024 онд гэхэд Дорнод аймгийн Бурхны шашинтны төв Данриг Данжайлин хийдийн айлтгал, заллагаар Сүхбаатар аймгийн Бурхны шашинтны төвийн Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба, Гавж Егүзэр хутагт Данзанлувсанванжал дээдэс морилж, лам хуврага, сүсэгтэн олонд насны авшиг хайрласан.  Энэ онд “Дорнод Сүнчой” хэмээх номын хуримаараа Энэтхэг улсаас Рэнбүчи багшийг залж сүсэгтэн олондоо ном айлдуулж, лам нарт ном хурах эрх өгөх үйл явдлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

-Түмэн олон баярын өдрүүдээр сүсэглэн залбирч байна гээд санамсаргүй байдлаар алдаа эндэгдэл гаргадаг бол түүнийг нь хэлж өгнө үү? 

-Уул усны лус савдаг их цэвэрч, сэжиглэмтгий хий биет байдаг гэдэг.  Манайхан сүү цай, архи ундааны дээжээ уул усандаа өргөөөд уут сав, шилийг нь тэндээ хаяж явах нь бий. Зорьж очиж залбирч мөргөсөн бол энэ мэт алдаа дутагдлыг бүү гаргаарай. Мөн уул овоондоо сэржим өргөчихөөд өөрөө хүртдэг тал бас бий. Архинд янз бүрийн дэв оршдог учир үүнийг цээрлэх хэрэгтэй.  

 

Ярилцлагын төгсгөлд түүнээс байгууллагын үйл ажиллагаа сайн байх нь хүний нөөцөөс хамааралтай байдаг. Ирээдүйн Данриг Данжайлин хийдийг авч явах лам нарыг хэрхэн бэлдэж байна гэвэл? “Миний багад Монголын амьдрал хүнд хэцүү байлаа. Шашин шүтэхийг хориглосон цаг үед настан буурлууд бурхан шашнаа  санагалзсан үр хүүхдүүдээ лам болгодог байсан. Би бол 1990-ээд онд лам болсон. Данриг Данжайлин хийдийн анхны 10 ламын нэг нь. Одоо хийддээ суусаар байна. Түвдэд шашны боловсрол эзэмшиж суралцсан. Бидний үетэй харьцуулахад лам болох хүүхэд ховордсон. Гэхдээ манай хийдийн 6 лам Энэтхэг улсад шашны сургуульд сурч байна. Эхний очсон хүн 14 дэх жилдээ шашны ухаанд амжилттай суралцаж байна. Бид залгамж халаагаа бэлдэх, орон нутагтаа шашны үйл хэргийг үргэлжлүүлэх сайн боловсон хүчинтэй байх тал дээр анхаарсаар байна” гэсэн юм.

  • Туяа
  • 144
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313