12-р сарын 2-нд Монгол Улсын ГХЯ-нд “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын Ⅱ боть болон “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” гэх хоёр номын монгол хэлний хэвлэлийн нээлтийн арга хэмжээ, “Төр улсыг засах тухай” сэдэвт Хятад-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо.Уг арга хэмжээг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, БНХАУ-ын Гадаад хэлний ном хэвлэн түгээх газар, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулжээ.“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын эхний боть монгол хэлэн дээр 2019 онд хэвлэгдэж байсан бол өнөөдөр хоёр дахь боть нь хэвлэгдэж уншигч, судлаачдын хүртээл болж байна. Уг номыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Чимэдцэеэгийн ахалсан орчуулагчдын баг хятад хэлнээс орчуулсан бол “ Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номыг Хятад судлаач Х.Баатархүү хятад хэлнээс орчуулсан болно.Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, ноён Мө Гао-и нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын бүтээл кирилл монгол бичгээр хэвлэгдсэн нь Хятад, Монголын найрамдлын бэлгэдэл төдийгүй, хоёр улсын соёл иргэншлийн солилцоо, харилцан туршлага хуваалцах шинэ боломжийг нээж байна. Бид энэхүү боломжийг бүрэн ашиглаж, хоёр улсын харилцааг бүх салбарт тууштай хөгжүүлэхийн зэрэгцээ засаглалын туршлагын солилцоог гүнзгийрүүлж, Хятад, Монголын найрамдлын үрийг хоёр ард түмний зүрх сэтгэлд мөнхөд суулгахад бэлэн байна гэжээ.Монгол Улсын Их Хурлын дэд дарга, хатагтай Х.Булгантуяа хэлэхдээ, “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын анхны боть гарснаас хойш уг номоор дамжуулан олон монгол хүн Хятад улсын хөгжлийн замнал, хөгжлийн чиг хандлагыг сайтар ойлгоход түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байна гэсэн бөгөөд “Ши Жиньпин даргын “Төр улсаа засах тухай” номын III, IV ботиуд тун удахгүй монгол хэлнээ хэвлэгдэн гарч, манай ард иргэдэд Хятад улсын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг илүү сайн ойлгох боломж, нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Нээлтийн арга хэмжээний дараа “Төр улсыг засах тухай” сэдэвт Хятад-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал болж, хоёр орны эрдэмтэн судлаачид хоёр номын тойронд болон Хятад-Монгол хоёр орны харилцаа, ядуурлыг бууруулах, шинэ чанарын үйлдвэрийн хүчин зэрэг сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавьжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл