

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт энэ оны хоёрдугаар сарын байдлаар 179 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэгсэнийг Ашигт малтмал газрын тосны газрын статистик мэдээлэлд дурджээ. Үүнээс хайгуулын 110, ашиглалтын 69 тусгай зөвшөөрөлтэй 180 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд аймгийн МХГ-аас уул уурхайн 45 ААН-д 14 чиглэлээр хяналт шалгалт хийж, зөрчил дутагдал нэлээдийг илрүүлж, 29.7 сая төгрөгийн торгууль, хоёр сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан удаатай. Уул уурхайн компаниудаас голдуу байгаль орчны менежмент, үйл ажиллагаа, хайгуул, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаагүй, улсын комисс хүлээж аваагүй байхад ажлаа үргэлжлүүлсэн, байгаль орчны нөхөн сэргээх нэрийдлээр олборлолт хийдэг, гол мөрний урсац, усан сан хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илэрдэг байна.
Дорнод аймгийн эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь өсч байгаа. Тиймээс аймгийн зүгээс ашигт малтмалын болон холбогдох хуулинд заасны дагуу уул уурхайн компаниудад нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулахыг цаашид шаардах аж. Одоогийн байдлаар дөнгөж гурван компани л нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээнд үзэглэжээ. Угтаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 70 гаруй компани бий гэнэ. Дээрх зөвлөгөөнөөр аймгийн уур уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээс гадна Дорнод аймгаас Эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлж, оролцогч талуудаас санал авахаар төлөвлөжээ.
Дорнод аймгийн зүгээс санаачлан явуулж буй энэхүү зөвлөгөөнд УУХҮЯ, АМГТГ, тус аймгийн холбогдох агентлаг хэлтсийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцлоо.