Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн сурагчдын дунд “Зохиолын баатрууд амилсан нь” тэмцээн боллоо.
Уг тэмцээнд төрийн 3 удаагийн шагналт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, хүүхдийн зохиолч Д.Содномдорж, О.Цэндсүрэн, Д.Гармаа, Ж.Дашдондог нарийн бүтээлээс сонгон дүрийн тоглолтоо бэлтгэх шаардлага тавьжээ. Дүрийн тоглолтод Хэрлэн сумын 5-р сургуулийн 5г ангийн сурагчид Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” зохиолоор 1 дүгээр байр эзэлсэн бол Шинэ хөгжил сургуулийн 5а ангийн сурагчид Д.Содномдоржийн “Норовын намтар” зохиолоор 2 дугаар байр, Хэрлэн сумын 1-р сургуулийн 5-р ангийн сурагчид хамтран О.Сундуйн “Түмэн наст улиасны дүрсгүй нэгэн нарсны тухай” зохиолоор 3 дугаар байрыг эзэлжээ.
Эх хэлээрээ зөв цэвэр ярьж сургах, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжих, үлгэр домог, ном зохиолын баатрын дүрээр дамжуулан амьдралын сайн муу чанарыг ялган ойлгож бие биенээ хүндэтгэн талархаж сурах, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд 80 гаруй сурагч оролцжээ.
Э.ОТГОНТУЯА