ЗҮҮН БҮС ХИЛИЙН ХАМГИЙН ОЛОН БООМТТОЙ НЬ ХӨГЖЛИЙН ДАВУУ ТАЛ БОЛНО

2024 оны 5-р сарын 23 өдөр

    Ажил амьдрал нь тэгш өөдөө яваа Дорнодын залуус олон бий. Тэдний нэг нь Эрхэмбаатарын Төмөрбаатар. Тэр Хэрлэн сумын гуравдугаар баг “Хөх шир” хорооллын хүүхэд. 9-р бага сургууль, Хан-Уул цогцолбор сургуульд суралцаж байсан. Амьдрал хөөж нутгаасаа эрт гарсан тэрээр өнөөдөр нутгийнхаа хөгжлийн төлөө санаа бодлоо хуваалцаж явна. Төмөрбаатарын аав Амарсайханы Эрхэмбаатар нь Дорнод аймгийн Хөдөө Аж Ахуйн Техникумыг механикч мэргэжлээр төгсөж, аймгийнхаа авто баазад жолооч хийж байгаад 1990-ээд оны нийгмийн шилжилтийн ороо бусгаа цаг үед Хавирга, Эрээнцавын боомтоор урагш хойшоо ганзагын наймаанд гарчээ. Өвөө Я.Амарсайхан нь Дорнод аймгийн Хөдөө Аж Ахуйн Удирдах Газарт мал зүйч, Хөдөө Аж Ахуйн Техникумд багш, Мал Аж Ахуйн Үржил Селекцийн улсын станцад ерөнхий мал зүйч, дарга зэрэг албан тушаал хашиж байгаад 1999 онд тэтгэвэртээ суусан. Ээж Дондовын Мандармаа нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул. Дорнод аймаг дахь хөдөө аж ахуйн техникумыг төгсөж, аймгийн дулааны цахилгаан станцад агрономичоор ажиллаж байсан. Хөлөө олсон залуус унасан газар, угаасан усаа зориод ирж байгаад нь олзуурхан баярламаар. Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөх Э.Төмөрбаатартай ярилцлаа.

 - Сайн байна уу? Яриагаа шуудхан эхэлье. Төмөрөө одоо ямар ажил эрхэлж байна?

- Би “Хэттрик групп” компанийн захирлаар ажилладаг. Манай компани 200 орчим ажилтантай, улс хоорондын ачаа тээвэр, олон улсын тээвэр зууч, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай аав тээврийн жолооч хүн. Жолоочийн хүүхэд автомашины хоббигоороо тээврийн бизнес эрхэлдэг болсон гэх үү дээ. Аав дүүтэйгээ нийлэн хоёр машинтайгаар анх бизнесээ эхлүүлж байлаа

- Монгол Улс бүсчилсэн хөгжлийн концепцийг бодлогын баримт бичиг болгон батлаад хориод жил болсон ч бодитой хэрэгжилт, үр дүнг төдийлөн мэдэрсэнгүй. Энэ удаад тус хөгжлийн загварыг сонгуулийн тогтолцоотой холбох замаар шийдэл хайж байна. Ямарваа бүс нутгийн хэрхэн яаж хөгжих вэ гэдгийг тодорхойлдог хамгийн гол хүчин зүйл бол газар зүй. Та зүүн бүс буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хөгжлийг тодорхойлох эдийн засаг газарзүйн онцлогийг хэрхэн харж байна вэ?

- Зүүн гурван аймгийн давуу тал, том боломж нь юун түрүүнд бусад бүс нутгуудаас хамгийн олон боомттой бүс юм. Хоёр хөрш улстай хилийн зургаан боомт, Дорнод аймгийн Чойбалсан хотын олон улсын зэрэглэлийн нисэх буудал, зүүн босоо тэнхлэгийн төмөр замаар холбогдох Бичигтийн боомтыг тооцвол үндсэндээ найман боомт бүхий бүс нутаг өөр байхгүй. Хилийн боомт бол экспорт, импортын гарц төдийгүй үүгээр зөвхөн ачаа бараа нэвтрэх бус хүмүүс зорчино. Тэр тусмаа Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том зах зээл Хятад улстай жуулчид солилцох хамгийн өргөн дэлгэр гарц, боломж гэж харж байна. Манай Дорнод аймгийн Сүмбэрийн боомтоос 120 орчим км ын цаана жилдээ дөрвөн сая жуулчин хүлээн авдаг Хятадын Рашаан гэдэг газар бий. Тэнд амарч яваа жуулчид Монгол руу ирэхийг, өөр орноор аялахыг хүсэж байгаа. Хууль, эрх зүйн орчны хувьд бооцоот тоглоом, казино, бусад дагалдах үйлчилгээ сервис үзүүлэх боломжтой учраас хил орчмын аялал жуулчлал, Буйр нуурыг түшиглээд байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Буйр нуур гэхэд Баянхошуу боомтоос тун ойрхон, ердөө 10-20 км-ын зайд байгаа шүү дээ. Ялангуяа Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс байхаар хөгжлийн бодлогыг тодорхойлоод хэрэгжүүлж байгаа нөхцөлд зүүн бүсийн эдийн засгийн газар зүйн нэг давуу тал нь яах аргагүй олон боомт юм. Харин үүнийг эдийн засгийн эргэлт ихтэй, өрсөлдөх чадвартай, стратегийн ач холбогдолтой болгох нэг чухал хүчин зүйл нь дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ юм. Үүнийг бий болгох төмөр замын бодлогын хэрэгжилт яригдаад явж байна, авто замын сүлжээг бас тавиад явж байгаа нь талархууштай. Гэхдээ эдгээр замууд хаана хүрэхээр хаана яваа юм бэ, дараагийн транс хаанаас хаа хүрэх юм бэ гэдгийг бас ярих ёстой. Өнөөдөр хэрэгжиж буй бодлогын зөвийг нь үргэлжлүүлэх, буруу дутууг нь залруулаад цаашаа явах нь зөв. Яагаад гэвэл МАН ын Монгол, АН-ын Монгол гэж тусдаа улс байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм

- Дорнод аймгийн нутагт өмнө нь ашиглаж байсан Эрээнцав Чойбалсан чиглэлийн төмөр замыг урагшаа Хятадтай хил залгаа Бичигтийн боомт хүртэл үргэлжлүүлэн тавих ажил энд яригдаж байгаа. Зүүн босоо чиглэлийн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор юун түрүүнд бүс нутгийн хөгжлийг хөшүүрэгдэнэ гэж үзэж байна уу?

- Дорнод аймгийн Эрээнцавын боомтоор орж ирсэн 237 км урттай төмөр замыг одоо ч ашиглаж байгаа. Ойролцоогоор энэ замын 1 км нь 2 сая ам.долларын үнэлгээтэй гэж бодоход 480 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө эдийн засгийн үр ашиг, ач холбогдолгүй шахам байж байна. Тэгэхээр Чойбалсангаас Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавихад энэ замын 1.6 сая ам.доллар эргэлтэд орж, илүү ашигтай, бүтээмжтэй ажиллаж эхлэх нь байна. Төмөр зам барих явцад 4000 орчим ажлын байр бий болно. Байнгын ажиллагаанд орохоор 1000 ажлын байр бий болно. Тэгэхээр ажлын байр хаана байна, тэнд хөгжил ирнэ. Цаашдаа зүүн коридорын энэ замаар жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Тийм хэмжээний ачаа эргэлт өнөөдөр байгаа юу гэж хүмүүс асуух байх. Ачаа байна. Нэгдүгээр үндэслэл нь зүүн гурван аймгийн иргэдийн өөрсдийнх нь амь амьжиргаатай холбоотой асуудал байна. Нэг жишээ хэлэхэд 2014 онд БНХАУ-ын төрийн тэргүүн ирэх үеэр манай улс Хятад улсын долоон боомт ашиглахаар болсон. Үүний нэг нь л Тянжинь боомт юм. Бид Япон, Солонгос улсаас машин захиалахад 90-100 хонож ирж байна. Үүний 60-70 хоног нь Тянжинь боомтын ачаалал, дараалалд зарцуулагдаж байгаа юм. Гэтэл Жөн Жөү гэдэг боомт Бичигт боомттой илүү ойрхон байрлалтай төдийгүй ачаалал багатай. Тэгэхээр Дорнод аймгийн иргэн Японоос машин захиаллаа гэхэд 30 хоногийн дотор Чойбалсан логистикийн төв дээр буух боломжтой болно. Мөн бараа, бүтээгдэхүүний үнийн 30 хувийг бүрдүүлж байгаа тээврийн үнэ дор хаяж 15 хувиар буурна. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн, барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ буурах бүрэн боломжтой эдийн засгийн ач холбогдол байна.

- Хоёр дахь үндэслэл нь юу вэ?

Хоёр дахь үндэслэл нь зүүн бүс нутагт хүрэн нүүрсний том сав газрууд байгаа. Дорнод аймгийн Адуунчулууны уурхайгаас урагш Хөөт хүртэлх сав газарт 3-5 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц байна. Энэ нүүрсийг баяжуулаад тээвэрлэх үйлдвэрлэл явна. Тэгэхээр хангалттай ачаа байна. Мөн БНХАУ, ОХУ-ын хооронд бараа эргэлт 300 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд энэ хэмжээний ачаа хоёр улсын хооронд тээвэрлэгдэх төмөр замын гурван л суваг бий. Тэдгээрийн нэг нь ОХУ-БНХАУ-ыг холбосон Казахстаны төмөр замын суваг, Орос Украйны асуудлаас болоод гацалттай байна. Нөгөө нь ОХУ-аас Манжуураар тойрсон төмөр зам. Энэ зам, бараа бүтээгдэхүүн нь хахчихсан, хоёрт гэвэл ОХУ-ын зүүн хязгаар нутаг нь хүн амын суурьшил ихтэй бүс нутгаас арай холдоод байгаа бэрхшээл бий. Харин хамгийн ойрхон, хамгийн боломжтой нь Монгол, Оросын “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн манай Монголоор дайрч буй төмөр зам. Гэтэл манайх энэ замаар жилдээ транзит тээвэрт гуравхан сая тонныг л явуулж чадаж байна. Энэ нь манай потенциалын л хэмжээ. Тэгэхээр ачаа байна. Транзит тээврийн 10 сая тонн ачаа, дотоодын хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүний 10 сая тонн ачаа, иргэдийн ахуй амьдрал импортын таван сая тонн ачаа гээд нийт 25 сая тонн ачаа эргэлт явах бүрэн боломжтой учраас зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг хамгийн түрүүнд эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Сайншандаас Баруун-Урт, Хөөт чиглэлд орж ирэх төмөр замын төсөл дараагийн шатанд хэрэгжих хөшүүрэг болно. Тэгснээр Баруун Уртад вагон засварын том депо баригдах болно. Чингис хаан хот дээр аялал жуулчлалын том цогцолборууд, магадгүй Чингис хаан, Баруун-Уртад хөдөө аж ахуйн том үйлдвэрүүд барина. Тэдгээр үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүн хямд, найдвартай тээвэртэй учраас хоёр хөрш рүү гарах, өрсөлдөх чадвартай болох том боломж. Тэгэхээр энэ боломжийг гурван аймгаараа нийлж ашиглах нь 230 мянга гаруй хүний амьдралд нөлөө үзүүлнэ. Тэдний амь амьжиргаа дээшлэх, нутагтаа сайхан амьдрах боломж нэмэгдэнэ гэж харж байгаа юм.

- Та ямар мэргэжилтэй вэ?

- Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй

- Хөгжил ярихаар дэд бүтэц ярина, дэд бүтэц ярихаас зам ярина. Дэд бүтцээ хөгжүүлэх нөхцөл боломж бидэнд бий юу? Гарц гаргалгаа ярьж байгаа учраас асууж байна л даа.

- 2012 онд шинэчлэлийн Засгийн газар эхлээд 21 аймгаа авто замаар холбоё. Дараа нь аймгуудыг, аймгийн төвөөс хамгийн ойр орших боомтыг, стратегийн ач холбогдлоор нь сумдаа эрэмбэлж дэс дараатай авто замаар холбох хэрэгтэй гэдгийг төлөвлөж байсан. Харамсалтай нь энэ бодлого алдагдаж улс эх орны эрх ашгаас тойргийнхоо эрх ашгийг илүүд үзэж төрд нөлөө бүхий УИХ ын гишүүд аймаг сумдаа авто замаар холбочихсон. Дорнод аймаг боомттойгоо ч авто замаар холбогдсон юмгүй хоцорсон байгаа нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд Боомтын сэргэлт ярьж байна. Энэ шинэ зүйл биш ш дээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед яригдаж л байсан асуудал. Боомтын захиргаа хүртэл тусад нь байгуулж бодлогыг аль эрт тодорхойлж хийгдээд эхэлсэн ажил. Ер нь АН-ын Монгол, МАН-ын Монгол, АН-ын Дорнод, МАН-ын Дорнод гэж байхгүй. Улс орны хөгжлийн бодлого эрх мэдэлд хэн байхаас үл хамаараад үргэлжлээд явах учиртай. Ялангуяа дэд бүтцийн ажил зогсох ёсгүй. Замгүй байж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эргэлтэнд оруулна гээд яриад л байх юм. Хөдөөгийн сэргэлт, боомтын сэргэлт бүгд замтай холбоотой асуудал. Зам дагаж хөгжил гэдэг үг зүгээр ч нэг бий болоогүй юм. Миний хувьд нэн яаралтай Хавиргын боомтыг авто замаар холбох хэрэгтэй. Хоёрт Баруун Урт, гуравт Цагаан-Овоо, Баян-Уул чиглэлийн замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлэх нь Зүүн бүсийн дэд бүтцийн хөгжил гэж харж байна. Манай аймаг 14 сумтай. Хөдөөгийн 13 сумаас 3 сум нь дотроо 1-2 км авто замтай. Ер нь яагаад бүх сум дотроо 3 км авто замтай байж болохгүй гэж. Энэ дааж давашгүй ажил биш ш дээ. Хүүхдүүд дугуйгаа унаж, роликоор гулгаж, ээжүүд тэргэн дээр хүүхдээ түрж салхилдаг орчинд амьдрах хүний амьдралаас давсан хүсэл биш шүү дээ. Сум ч эмх цэгцтэй болдог, тоос шороогүй амьдрах орчин цэвэр цэмцгэр болно.

- Монгол Улсын эдийн засгийн 10 тэргүүлэх чиглэлийг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хэмээн тодорхойлсон байдаг. Энэ гурван салбар зүүн бүсэд хэрхэн хосолж хөгжих ирээдүйтэй гэж харж байна вэ?

- Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхэд хамгийн боломжтой загвар модель болохуйц бүс нутаг бол зүүн гурван аймаг. Дорнод аймаг бол зүүн хойд Азийн хамгийн том хөндөгдөөгүй хөрс, газар тариалангийн нутаг. Үйлдвэрлэл түлхүү хөгжиж ирсэн гэдэг утгаараа малын тоо толгой харьцангуй цөөн. Мөн Дорнодын Адуунчулууны уурхайгаас урагш орших нүүрсний сав газар болон бусад эрдэс баялгийн нөөцийг түшиглэн ирээдүйд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих нь тодорхой. Хэнтий аймаг бол түүхэн дурсгалт аялал жуулчлал хөгжих агуулгаар баян. Энэ утгаараа хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал нэг нэгэндээ харилцан нэмүү өртөг шингээхүйц хоршил болон хөгжихөд газар зүйн байрлал, хилийн боомтуудын нөөц бололцоо бүрэн бүрдсэн бүс нутаг. Гурван аймгийн хэмжээнд 2023 оны эцсийн дүнгээр 11.3 сая толгой мал тоологдсон, нийт 23 мянган малчин өрхтэй. Бусад аймгуудтай харьцуулахад малын тоо толгой харьцангуй цөөн учраас бэлчээрийн даац хэтрээгүй. Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн хадланг бэлтгэдэг гол нутаг. Үүнийгээ хадгалах, хамгаалах менежментээс гадна хөдөө аж ахуйн салбарт зөв бодлого хэрэгжүүлэх нь гурван аймгийн эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болно.

- Тэгвэл “зөв бодлого” гэдэгт таны хувьд юуг багтааж байгаа юм?

- Дорнод аймгийн Халхгол суманд 500 мянган га газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг Ардчилсан нам засаглаж байх үед батлан гаргаж, энэ нь нэлээн маргаан хэл ам дагуулж байсан. Өнөөдөр Халхгол суманд 111.3 мянган га газарт, мөн Хэнтий аймгийн Дадал суманд 44 мянган га газарт тус тус мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулахаар ажиллаж байна. байрлал, хилийн боомтуудын нөөц бололцоо бүрэн бүрдсэн бүс нутаг. Гурван аймгийн хэмжээнд 2023 оны эцсийн дүнгээр 11.3 сая толгой мал тоологдсон, нийт 23 мянган малчин өрхтэй. Бусад аймгуудтай харьцуулахад малын тоо толгой харьцангуй цөөн учраас бэлчээрийн даац хэтрээгүй. Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн хадланг бэлтгэдэг гол нутаг. Үүнийгээ хадгалах, хамгаалах менежментээс гадна хөдөө аж ахуйн салбарт зөв бодлого хэрэгжүүлэх нь гурван аймгийн эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болно. - Тэгвэл “зөв бодлого” гэдэгт таны хувьд юуг багтааж байгаа юм?- Дорнод аймгийн Халхгол суманд 500 мянган га газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг Ардчилсан нам засаглаж байх үед батлан гаргаж, энэ нь нэлээн маргаан хэл ам дагуулж байсан. Өнөөдөр Халхгол суманд 111.3 мянган га газарт, мөн Хэнтий Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортлох боломжийг энэ бүс бүрдүүлж байгаа. Зөвхөн Халхголын мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүсэд жилд 3.5 сая орчим мал эргэлтэд орох боломжтой. Тэгэхээр мал, махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг үнэд хүргэх зорилго бүхий бодлого үргэлжлэн хэрэгжээд явж байна. Малчид хорио цээрийн эрүүл бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд малаа амьдаар нь зарах, аж ахуйн нэгжүүд эрүүл халдваргүй бүсэд малыг бордож эмчилгээ үйлчилгээнд оруулан стандартын дагуу нядлаад экспортлох гарц юм. Тэр тусмаа Баянхошуу, Сүмбэр боомтын хооронд үүнийг барьж байгаа нь зүүн бүсийн хувьд дахиад давуу тал. Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэд ч тийшээ малаа нийлүүлэх боломжтой байна.

- Мал аж ахуй Зүүн бүсийн тулгуур гээд олон жил ярилаа дорвитой шийдсэн зүйлгүй л байна ш дээ?

- Миний хувьд малчин өрхүүдийг эрчимжсэн мал аж ахуй руу шилжихэд төрийн бодлогоор, ялангуяа аймаг, орон нутгаас нөлөөллийн ажил хийх ёстой гэж боддог. Жишиг загвар өрхүүдийг бий болгох, арга техникийг нь заах, ноу хау, технологийг олж өгөх, механикжуулахад түлхүү анхаарч ажиллах шаардлагатай. Бид саяхан л Австралид ингэдэг, Шинэ Зеландад тэгдэг гэж ярьдаг байсан бол өнөөдөр хөрш зэргэлдээ БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд малчид хагас эрчимжсэн, бүрэн эрчимжсэн аж ахуйтай болж, яаж ажилтай, орлоготой сайхан амьдарч болж байгааг харж байна. Халамжийн бодлогоор биш сургалтын бодлогоор, хөгжүүлэх стратеги барин хамтдаа урагшлах ёстой. Хүн бүрд, өрх бүрд ач холбогдол, үр шимийг нь ойлгуулах ёстой. Өнөөдөр манайд малын үнэ хямд байгаа учраас орлогоо нэмэгдүүлэхийн тулд тоо толгойгоо нэмээд улмаар бэлчээрийн даац хэтрээд байна. Олон мал маллаж байгаа хүний ачаалал нэмэгдэнэ, тэр хэрээр эрсдэл нь өснө. Эцэст нь манай модель урвуу хамааралтай болчихоод байна. Өнөөдөр үндсэндээ малаас мах л үнэ хүрч байна. Улаанбаатарт мах үнэтэй байна, малчдыг дэмжлээ гэдэг гомдол их байдаг. Малчин хүний хөдөлмөр хүнд. Мал нь хувийнх нь өмч мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ нь үйлдвэрлэл. Үйлдвэрлэл өөрөө зардал. Гэтэл энэ зардлаа нөхөж байгаа бүтээгдэхүүн нь ганцхан мах л байна. Тэгэхээр махны үнэ дээрээ бүх зардлаа шингээгээд байгаа учраас үнэ нь өсөөд байна. Иймд махнаас бусад түүхий эдийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Ер нь шинэ 30 жилд хөдөө аж ахуйд суурилсан, солонгорсон эдийн засаг руу л явах ёстой. Үүний хамгийн том боломж нь зүүн бүсэд байна.

- Таны ярианаас зүүн гурван аймгийн бэлчээрийн даац хэтрээгүй, хөндөгдөөгүй хөрс бүхий үүц ихтэй нутаг гэж ойлголоо. Мөн уул уурхайн баялаг ихтэй. Тэгвэл таны бодлоор уул уурхайн баялгийг олборлох, байгалийн эвдэгдээгүй онгон дагшин тогтцыг хадгалах хэрэгцээ шаардлагын алийг эн тэргүүнд тавих ёстой вэ?

- Энэ өргөн уудам нутаг дэвсгэрт уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хамгийн боломжит хоршлоор шийдэх ёстой юм. Тухайлбал, Халхгол сав газар, Мэнэнгийн талыг уул уурхайд хамаатуулж ярихгүй. Энэ бол аялал жуулчлал, хөндөгдөөгүй эрүүл хөрс, эко бүсээрээ үлдэх ёстой. Адуунчулууны уурхайгаас төмөр зам дагасан нүүрсний том бассейн бүхий тэр бүс нутгаа уул уурхайн чиглэлээр ашиглах ёстой. Бидний гол худалдан авагч Хятад улс 2030 оноос эрчим хүчний эх үүсвэрээс нүүрсний хэрэглээгээ шат дараатай бууруулсаар 2050 он 12 гэхэд бүрэн халахыг зорьж байгаа. Тэгэхээр бид амжиж нүүрсээ зарах ёстой. Багадаа 10 сая тонн нүүрс жилд авъя гээд захиалга ирчихсэн байхад бид сая тонныг ч гаргаж чадахгүй байж байна. Өрх гэр дээр бодоод үзэхэд өөрт байгаа зүйлийг нь хүн авъя гээд байхад л хүргээд өгчихөж чадахгүй байгаа нь харамсалтай л даа. Хөдөө аж ахуй уул уурхайтай хамт хөгжиж болохгүй гэсэн юм бас байхгүй. Хөдөө аж ахуй уул уурхайдаа ханган нийлүүлэгч болно. Эхний ээлжинд дэд бүтцэд хөрөнгө оруулагч нь уул уурхай болно. Уул уурхайн орлогоос хөрөнгө оруулалтын зардлаа нөхөөд сайхан замтай, сайхан дэд бүтэцтэй, сайхан хоттой болчихсон байхад дараа нь хөдөө аж ахуйгаа дагнаад хөгжүүлж болно.

- Уул уурхайн салбараас хөгжлийн хөрөнгө оруулалтыг бий болгохоос өөр аргагүй гэж та ярилаа. Тэгвэл мөнгөтэй, хөрөнгө оруулалттай болсны дараах ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

- Ирээдүйн 30 жилийн хөгжилд бид өөрсдөө оролцоод явах ёстой. Мөнгөө эхэлж яаж олох вэ, ажлын байрыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарч байгаа ч удахгүй бид мөнгөтэй болно. Олуулаа болно. Тэр үед бэлэн байх ёстой. Монгол Улсын хоёр дахь том төв нь Чойбалсан хот болох боломжтой. Одоогоор Өвөрхангай аймаг шинэ Хархорин гэж төсөөлж байгаа боловч дахиад гурав дахь хот болж хөгжих боломжтой. Дахиад хөгжил ярихын тулд боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гээд нийгмийн асуудлууд байгаа ч нэг, хоёр асуудалд илүү анхаараад түүнийгээ бодитой хэрэгжүүлэхэд зорьж ажиллавал илүү үр дүнтэй гэж боддог. Тэгэхээр хөгжлийг хурдасгахын тулд нэгдүгээрт, зам дэд бүтэц, хоёрдугаарт түүнийг дагасан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт илүү анхаарал хандуулахыг зорьж байна.

  • Туяа
  • 1258
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

Зочин [49.0.144.24] 2024-05-27 10:34:56

Ийм залуучуудын цаг нь ирсээн, нам хамаагүй ийм дайчин, шударга, амьдралыг тэгээс мэддэг залуус л одоо Монголыг хөтлөх ёстой

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313