
Дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд Хятадад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын ерөнхий сайд Мишустинтай 05-р сарын 24-ний үдээс хойш уулзав.
Ши Жиньпин Мишустинаас ерөнхийлөгч Путинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэв. Ши Жиньпин хэлэхдээ "Би энэ оны 03-р сард ОХУ-д төрийн айлчлал амжилттай хийж, ерөнхийлөгч Путинтэй хамт хойшдын хэсэг хугацааны Хятад, Оросын харилцааны хөгжил болон олон салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргасан юм. Хятад, Оросын харилцааг сайтар бэхжүүлэн хөгжүүлэх нь ард түмний хүсэл эрмэлзэл төдийгүй цаг үеийн чиг хандлага юм. Хятад, Оросын хамтын ажиллагааны өргөн орон зай, саруул ирээдүй, хангалттай хөдөлгөгч хүч зэрэг давуу байдлыг хоёр тал үргэлжлүүлэн бадруулж, олон салбарын хамтын ажиллагааг өндөр түвшинд ахиулж, шинэ эрин дэх хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны утга агуулгыг тасралтгүй баяжуулахыг хүсэж байна" гэжээ.
Мишустин Ши Жиньпинд Путины мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг уламжлаад "Ши Жиньпин дарга энэ оны 03-р сард ОХУ-д түүхэн чанартай төрийн айлчлал хийж, айлчлал маш амжилттай болсон юм. Тус айлчлал Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны шинэ эрин үеийг нээсэн. Оросын тал Хятадын талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, хоёр орны ерөнхий сайд нарын тогтмол уулзалт болон холбогдох хамтын ажиллагааны механизмыг бүрэн ашиглаж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Орос улс Хятадтай хамтдаа дэлхийн олон туйлшралын үйл явцыг ахиулж, олон улсын хуулиар үндэс суурь болгосон олон улсын дэг журмыг бэхжүүлэхэд бэлэн байна. Хятадын талтай нийгэм соёлын харилцаагаа улам бэхжүүлж, Орос, Хятадын найрамдал үеэс үед уламжлагдан үлдэхийг Оросын тал хүсэж байна" гэжээ.
Эх сурвалж: http://www.solongonews.mn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа