Дорнод аймгийн БОАЖГ-аас Халхгол, Матад, Баяндун, Баян-Уул сумдад биотехникийн арга хэмжээ авав. Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг Цагаан уул орчимд 40 боодол өвсийг цагаан зээрэнд, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг голын хойд талын тохойд 40 боодол өвс, Их тохойд 30 боодол өвс, хагас тн давс, Ялалт багийн нутаг Тамсагбулагт мөн хагас тн давс тавьж өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Дээрх газруудад бөр гөрөөс, халиун буга, хандгай зэрэг ойн туруутан болон цагаан зээр өвөлжиж байгаа юм.
Мөн Баян-Уул сумын нутаг Гахай жалга, Эрээн давааны ар, Дархинтын давааны ар, Баяндун сумын нутаг Дун уул, Буян хөндий, Согоот, Их газар, Тэмээ уул зэрэг газруудад зэрлэг амьтдад 2.5 тн хужир шүү тавьж өгчээ. Эдгээр газруудад бор гөрөөс, зэрлэг гахай, халиун буга зэрэг ойн туруутан амьтад өвөлжиж байгаа учир тус сумдаас биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн саналыг БОАЖГ-т тавьсан байна. Баяндун, Баян-Уул сумын нутагт ой модондоо бага хэмжээний цастай байгаа тул мөс тавьж өгөх шаардлагагүй гэж үзсэн байна.
Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн арга хэмжээ хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.