Аймгийн хэмжээнд авто машины тоо ихэссэнтэй холбоотойгоор зориулалтын зогсоолоос эхлээд авто зам тойрсон асуудлуудыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ онд авто зам эзэмшигчдийн татварын орлого болох 1 тэрбум гаруй хөрөнгө авто замын ажилд зарцуулсан байна.
Одоогийн байдлаар найрамдал цэцэрлэгт хүрээлэнд 40 авто машины эко зогсоол болон 320м явган хүний зам тавих ажилд 166 сая төгрөг, Илч хорооллын 600 гаруй метр битүү хучилттай зам тавих ажилд 599 сая төгрөгийг зарцуулжээ. Замын ажлын явц 73 хувьтай явж байна. Гэвч үнийн өсөлтийн улмаас ажлын явц удааширч хүндрэл учраад байгааг Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дурдлаа. Тухайлбал цементийн үнэ 238 мянгаас 335 мянган төгрөг байсан бол энэ сард 600 мянган төгрөг хүртэл өсчээ. Засгийн газраас орон нутгийн хөгжилд төсөвлөсөн хөрөнгөнд Инфляцийг харгалзан үнийн дүнд өөрчлөлт оруулдаггүй ба Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтад анхаарч Орон нутгийг орхигдуулж буй нь цементийн хомсдол үүсэх шалтгааны нэг юм.