
Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарт хүрлээ. Тэрбээр 7-8-нд Монгол Улсад албан ёсоор айлчлах юм. Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана.Энэхүү айлчлалаар хоёр тал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцоно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа
Гэрэл зургийг Б.Чадраабал