СОНГОГЧ ЗААВАЛ 7 НЭР, 1 НАМЫГ Л ДУГУЙЛНА

2024 оны 5-р сарын 6 өдөр

“СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД” БУЛАНГИЙН ЭХНИЙ ДУГААРТ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА ПҮРЭВЖАВЫН БАТ-ӨЛЗИЙГӨӨС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ТОДРУУЛГА АВЛАА.

-Энэ удаагийн УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр, холимог системээр явагдана. Сонгуулийн хуульд багагүй өөрчлөлт орсон. Хуульд заасан хугацааны дагуу ямар үйл ажиллагаа явагдаж байна вэ?  

-Аймгийн Сонгуулийн хороог хуулиараа 4-р сарын 29 ны дотор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авч байгуулах ёстой. Бүх сумын Сонгуулийн хороог долоо, долоон хүний бүрэлдэхүүнтэй, дарга, нарийн бичиг, дээрээс нь 5 гишүүнтэйгээр байгуулсан.

-Аймгийн Сонгуулийн хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг нэр, албан тушаалаар нь нэг бүрчлэн танилцуулж болох уу?

-Бололгүй яахав. Сонгуулийн үйл ажиллагаанд нууц юм гэж ерөөсөө байхгүй. Иргэн таны өгсөн саналаас бусад нь нээлттэй гэж ойлгож болно. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар миний бие, нарийн бичгийн даргаар Баяржаргалын Цог /МУИС-ийн Зүүн  бүсийн сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхмийн эрхлэгч/, гишүүдэд Паламын Мөнхжаргал /Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга/, Жаргалын Гантулга /Хэнтийн аймгийн ЗДТГ-ын дарга/, Ванданхүүгийн Туяахөлөг /Дорнод аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга/, Цэрэндоржийн Баяржаргал /Дорнод аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга/,  Пүрэвийн Мөнхбаяр /Дорнод аймгийн ЦГ-ын дарга/, Дашнямын  Оюунбаяр /Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга/, Цэндийн Одчулуун /Дорнод аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга/

-Гишүүдэд нь Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нарын нэр байна. Бүсчилсэн хэлбэрээр болохоор тэр үү?

-Хамгийн олон сонгогчтой нь манай аймаг болохоор Дорнод аймгийг тойргийн төвөөр тогтож дээрх хоёр аймгийн дарга нар манай Сонгуулийн хороонд орж ирж байгаа юм.

-Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын хувьд гол анхаарах зүйл юу вэ?

- Манайх 6-р тойрог. Дотроо 7 мандаттай. Нэг үгээр хэлбэл Дорнод, Хэнтий, Сүхбаатар гэсэн Зүүн бүсийн гурван аймаг нэгдэж 7 хүнд нэг л санал өгнө. Гэхдээ энэ удаагийн УИХ-ын сонгууль Үндсэн хуулинд өөрчлөлт орсноор 128 гишүүнтэй болсон. Үүний 78 нь мажоритар буюу хуучин бидний шууд саналаа өгдөг аргаар, үлдсэн нь жагсаалтаар. Жагсаалт гэдэг нь зөвхөн намын төлөө л саналаа өгнө. Нам хэдэн хувийн санал авна, тэр авсан саналын хувиар өөрийн намын жагсаалтад орох хүмүүсээс оруулна гэсэн үг.

-Сонгогчдод ойлголт өгөх үүднээс шууд буюу мажоритараар сонгох  аргачлалыг хэлж өгөөч?

-Мажоритараар сонгохдоо заавал 7 хүний нэрийг дугуйлна. Илүү гаргаж болохгүй, дутааж бас болохгүй. Илүү гаргах юм уу, дутаавал тэр саналын хуудас хүчингүй. Хүчингүй саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж уншихгүй, буцаагаад гаргачихна. 

-Саналын хуудсанд хэдэн ч нам бичигдсэн ч ганц л намыг дугуйлах уу?

-Зөвхөн 1 намыг л дугуйлна. Түүнээс олныг дугуйлбал санал тоолох төхөөрөмж бас уншихгүй. Тэгэхээр 7 хүн, 1 намыг дугуйлах нь байна.

-Саналын хуудас буцаад гараад ирсэн тохиолдолд нэмж шинээр хуудас өгөх үү?

-Энэ тохиолдолд зайлшгүй өгнө. Зөв дугуйлаад байхад буцаад гараад байвал хэсгийн хорооны даамлаас ч юм уу, итгэмжлэгдсэн хүнээс арга зүйн зөвлөгөө авч болно. Зөвлөгөө өгөх гэж байгаа хүн тухайн хүний дугуйлсан хуудсыг заавал үзье, харья гэхгүй, дахин шинээр саналын хуудас авах боломжтой.

-Хар машин хакердлаа гэдэг яриа их гардаг?

-Хар машинд итгэхгүй хакердлаа гэдэг олны хардлага сэрдлэгийг арилгахын тулд Сонгуулийн хуульд өөрчлөлт орж хар машинаар уншсаны дараа бүх хэсгийн хороод 100 хувь гараар дахин тоолно. Ингэхдээ саналын хуудсыг хайрцагнаас нэг нэгээр нь гаргаж тэр тэр 7 хүн, тэр нам гэж саналын хуудсыг дуудаж дууссаны дараа 25-аар нь багцлана.

-Санал хураах байранд камер ажиллана биз дээ?

- Сонгуулийн үйл ажиллагаа дуустал 24 цагийн турш камер ажиллана. Хардлага сэрдлэг төрүүлэхээр эргэлзээтэй асуудал гарвал мэдээж камерыг шүүнэ. 

-Урьд урьдын сонгуулийн санал хураалтын үед гарч байсан, сонгогчдод анхааруулмаар зүйл юу байна? 

- Зайлшгүй анхааруулах бас нэг зүйл нь нэр дэвшигчийн урд талын зуйван дугуйг дүүргэж буддаг ш тэ. Санал тоолох төхөөрөмж болохоор тэр дугуй хэсгийн гуравны нэг нь будагдсан байвал уншина. Гэтэл зарим иргэн тухайн нэр дэвшигчийн нэрийн өмнө элдэв үг сараачдаг. “Дэмжихгүй” ч гэдэг юм уу. Гэтэл энэ үгний сүүлийн ганц , хоёр үсэг нь дугуйлах хэсэгт орчихвол санал тоолох төхөөрөмж уншчихдаг. Дараа нь гар тооллогоор дээрх санал гараад ирэхэд тухайн хүний төлөө өгсөн гээд төхөөрөмж уншчихсан байдаг, нүдээр харахад “дэмжихгүй” гэсэн үг байдаг. Ингэж  санал зөрөх тохиолдол гардгийг иргэд анхаарах хэрэгтэй. 

Иргэдийн бас нэг анхаарвал зохих зүйл бол биеийн эрүүл мэндийн шалтгаантай иргэдээс урьд өдөр нь зөөврийн хайрцгаар санал авдаг. Энэ тохиолдолд санал өгөхөөс 72 цагийн өмнө хэсгийн хороонд учир шалтгаанаа бичсэн хүсэлтээ  өгөх ёстой. Эмнэлгийн хяналтанд байдаг бол түүнээ хавсаргана. Гэтэл амьдрал баян. 72 цагаас дотогш асуудал гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ тохиолдолд хэсгийн хороондоо яаралтай мэдэгдэх буюу санал авахаас 24 цагийн өмнө буюу 28-ны өдрөөс урагш 2 хоногийн өмнө гэсэн үг. 

Яагаад гэвэл 27 нд зөөврийн хайрцгаар санал авна. Түүний өмнө  сумын хэсгийн хорооны тогтоол гарч саналыг хаана, хаанаас очиж авах вэ гэдгээ тогтоож, маршрутаа гаргаж зардлаа тооцоод намуудын ажиглагч нарт мэдэгдэнэ. Тэгэхгүйгээс “та нар авах ёсгүй хүмүүсээс авлаа” гэдэг үл ойлголцол иргэд, ажиглагч нарын хооронд үүсдэг.  Тогтоолыг зургадугаар сарын 27 ны өмнө буюу зөөврийн хайрцгаар санал авахын өмнө 26- ны өдөр гаргасан байна

-Урьд нь манай аймагт ийм тохиолдол гарч байв уу?

-Эмнэлэгт нэг өрөөнд зэрэгцээ хэвтэж байгаа хоёр өвчтөний нэг нь хэсгийн хороондоо хүсэлт өргөдлөө гаргасан байхад нөгөө нь өгөөгүй байдаг. Өргөдлөө өгсөн хүнээс нь саналыг нь аваад гарахад өгөөгүй хүн “надаас  авсангүй” гэдэг хэл өгүүлэл гарч байсан. Бас сахиурын асуудал байна. Мөн л хүсэлтээ гаргаж тогтоолд орох ёстой. Сахиурыг сольж болно гэж үздэг учраас хуулинд өөрийн биеэр очиж саналаа өгөх заалт орсон. Гэтэл амьдрал дээр өвчтөнөөс саналыг нь авахаар очиход сахиур нь би саналаа өгье гэдэг асуудал гардаг. Тогтоолд ороогүй учраас таниас авах боломжгүй гээд явчихсан чинь дараа нь нэг дор байгаа хоёр хүний нөгөөгөөс нь авсангүй гэдэг гомдол гардаг. Энэ мэт хуулийн зүйл заалтыг иргэдэд ойлгуулах нь чухал юм.

 

-Баярлалаа Танд. Дараа дараагийн Тодруулга булангаар эргэн уулзаж иргэдийн сонирхсон асуултад хариулт авах болно.

 

 

 

  • Туяа
  • 58
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313