100 НАСТНЫ “ТӨРСӨН ӨДӨР”-ИЙН СУРВАЛЖЛАГА

2022 оны 5-р сарын 9 өдөр

     Амьдрал сонин, сайхан учрал тохиолоор дүүрэн. 90 настай эмээ 100 настай найзынхаа төрсөн өдөрт уригдаж, ихэд догдолж байх юм. О.Цэвэлмаа гуай “Банзрагч 100 насныхаа ойн баярт намайг урьсан. Ямар бэлэг өгөх вэ” гэж охиноосоо асууснаа “Надад нэг шинэ дулаан өмд бий, тэрийгээ өгөх үү ?” гэнэ.  Эмээ найзтайгаа уулзахаар товлосон өдрөө яаран, яаран очлоо. Хайр хүрэм хоёр эмээгийн уулзах тэр мөчийг гэрчлэн зогсох нь хүний амьдралын ховор агшин шиг санагдсан. Энэ хоёр хөгшин 20 жил хамт нэг дор ажилласан найзууд. 
      Лодойн Банзрагч гэж ой ухаан саруул, үг яриа цэгцтэй, өвдөх зовох юмгүй 100 насыг зооглож байна.  100-гийн тоотой хүн болгон золгоод байдаггүй болохоор үр ач нь эмээгийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэхээр шийджээ. Банзрагч гуай 1922 онд Чойбалсан суманд Лодойн хоёр дахь охин болон мэндэлжээ. Тэрээр таван хүүхэд төрүүлж өсгөн өдгөө үр ач нь 38-уулаа болсон гэх. 100 настай хүнтэй дэргэдээ “орчуулагч”-тай л нэвтрэлцэх байхдаа гэж санасан нь үгүй аж. Ануухан хөгшин байна. “100 насыг зооглож зургаадай таяг тулж байгаа танд баяр хүргэе” гэхэд “Би хүүхдүүдийг ингэж баярлуулна гэж мэдээгүй. Өнөөдөр их сайхан өдөр байна” гэлээ. Тэрээр өвөлдөө Улаанбаатар хотын Налайх дүүрэгт дунд охин дээрээ очиж, дулаан цагт бага охин дээрээ ирж нутагтаа зусдаг юм байна.  Бага охин нь аймгийн төвөөс 120 км-т нутаглана. Төрсөн өдрөө тэмдэглэчихээд цэвэр агаарт, сүү цагаан идээн дээрээ гарна даа гэж байв.  Ач, зээ нар нь эмээгийнхээ төрсөн өдөрт ийн гэнэтийн бэлэг барьжээ. “Өнөөдөр гоё бэлэг их авав уу” гэхэд “Түмэн-Өлзийтөд өвгөнийхөө газар дээр очсон. Газрыг нь таньсангүй. Хүүхдүүд маань алтан ганжиртай, зул барьдаг суварга босгосон байна. Сэтгэл өмрөөд жаал уйллаа. Ийм сайхан хүүхдүүдтэй хүн юундаа уйлах вэ гэж бодсон ч баярласандаа нүднээс аяндаа нулимс урсаад байсан” гэнэ. Түүний хань Рэнцэнгийн Лувсанжамц гэдэг хүн байж.
    Эмээ “Миний хүүхдүүд номхон даруу, ном эрдэмтэй,  ажил хөдөлмөрт сурцгаасан. Том хүү маань Цагдаагийн газарт ажиллаж байсан.  Дөрвөн хүүтэй. Гурав нь Цагдаагийн газар ажилладаг. Шөнө орой дуудагдаад л явна. Зам нь шулуун, мөр нь ариун яваарай гэж цай сүүнийхээ дээжийг дандаа өргөдөг, би.  Ээж минь бурхан болоод удаагүй байхад том хүү маань төрсөн” гээд эмээ  хажуудаа суугаа хүүгээ үнэрлэн байв. Ээждээ хүүхэд үргэлж нялхаараа байдаг гэдэг л энэ байхдаа. Л.Банзрагч гуай хүүхдүүддээ ядарсанд тустай амьдраарай гэж захидаг гэсэн.  Эгэл хэр нь эрээд олдохгүй эрдэнэ шиг энэ эх хүн үрсээрээ бахархаж  урт насалсан болов уу гэлтэй.    
     “Өнөөдөр танд баяр хүргэхээр олон хүн иржээ” гэхэд “Манай худалдааныхан ирсэн. Дэндүү сайхан өдөр байна. Би нийтийн хоолны салбарт 30 жил ажилласан. Улаанбаатарт байгаа мэргэжилтэн маань баяр хүргэж утсаар ярьсан” гэв. Та утсаар ярьж чаддаг юм уу гэхэд  “Чадна. Би утастай, дуугарахаар нь аваад ярина. Харин залгаж чадахгүй. Хүнээр тоог нь даруулдаг” гэснээ эмээ ярьж байсан сэдвээ үргэлжлүүлэн “Өнөөдөр нийтийн хоолныхон маань ирээд үнсээд, бэлэг өгсөн.  Ухаангүй их баярлаж байна. Хамт ажиллаж байсан хүмүүстээ хайртай болдог юм байна. Өвгөнтэйгээ би нэг салбарт ажилладаг байсан. Өвгөн маань нярав, нягтлан хийдэг байлаа. Ганц ч алдаа дутагдал гаргаж үзээгүй. Төгрөг битгий хэл жижиг мөнгөний ч зөрүү гаргадаггүй ажилдаа сайн. Нийтийн хоолныхон Амбаагийн тооцоог авна гээд булаацалддаг байлаа. Ой болгоноор шагнуулна. Нөхөртэйгээ хамт Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. Төрдөө хөдөлмөрөө зэрэг үнэлүүлээд буянтай хүмүүс шүү гэж манайхан ярьцгааж билээ. Халхголын 20 жилийн ойгоор Цэдэнбал дарга манай аймагт ирсэн.  14 хоногийн хугацаанд хоолонд алдаа дутагдал гаргавал хариуцлагаа хар толгойгоороо хүлээхэд бэлэн гээд гарын үсгээ зурж байлаа. Дараа нь ажлаа дүгнүүлэхэд “онц” үнэлгээ авсан. Тэр үед нялх хүүхэдтэй, хүний нүднээс нуугдаж хөхөө саачихаад ажлаа хийдэг байв. Касс, цэвэрлэгчтэйгээ гурвуулхнаа 100 гаруй хүний хоол хийнэ шүү дээ. -Ямар хоол их хийдэг байв? “Янз бүрийн хоол хийнэ. 500 гаруй төрлийн хоолны цэснээс сонгож хийнэ. Нэг төрлийн хоол өгч болохгүй. Еэвэн, хавсай гээд хийхгүй юм байхгүй. Одоо юу ч хийж чадахаа больжээ. Зочид буудлын хоолыг хариуцана гэдэг  хэцүү шүү. Би зочид буудалд 15 жил ажилласан. Түмэнд тустай явъя л гэж боддог доо.” гээд эмээ надтай хэсэг зуур хууч хөөрөв. Тэртээх Нэг мянга есөн зуун тавин есөн оны тухай өчигдрийн юм шиг дурсамж хүүрнэх нь 100 настай гэдэгт нь эргэлзмээр.   
      
   Өвөө, эмээ болгонд “амины” нэг ач зээ гэж бий. Л. Банзрагч гуай дунд охиныхоо хоёр дахь охиныг өсгөжээ. “Аав ээж хоёр маань оюутан сургуульдаа явахад эмээ намайг хоёр сартай авч үлдсэнээс хойш одоо хүртэл дэргэд минь байна. Би дутуу төрсөн хариугүй амьтан байсан юм билээ.  Эмээ намайг хүн болгосон болохоор үнэхээр надад амь. Бусдаас нууж надад амттан өгнө. Эмээ маань их цэвэрч, эдэлж хэрэглэж байгаа эд зүйлсээ үргэлж угааж цэвэрлэнэ. Нямбай нь дэндсэн хүн. Хоол хийж байвал хажууд ирээд тусалъя гэнэ. Хөгшин хүн хүний гарт орох нь бий. Манай эмээ тойвгүй ээ. Ажилсаг шүү дээ. Эмээ төрсөн өдрөө маш сайн санадаг. Төрсөн өдрийг нь мартаад тэмдэглэхгүй өнгөрөх юм бол гомдоод дуугаа хураачихна” гээд хайртай зээ охин Г.Ганчимэг нь ярилаа. Хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө амьдарч, өтлөхөд нь үр хүүхэд нь өргөвөл тэр амьдралын аз жаргал, ачлал юм уу даа.    
   Удаан уулзаагүй найзынхаа төрсөн өдөрт ирсэн О.Цэвэлмаа эмээ харих боллоо. Гэртээ ирээд өврөө уудалтал 20 мянган төгрөг байв. “Л.Банзрагч намайг баяртай гээд үнсэхдээ өвөрт минь 20 мянган төгрөг хийжээ. Чи бид хоёр дахиж уулзахгүй байх аа даа” гэж хэлсэн гэв. 
     Л. Банзрагч гуайн үр хүүхдүүд эмээгийнхээ насны ойд ирсэн зочдод сүү өргөх модон жижиг хувин, цацлын 9 нүхтэй халбагыг бэлэг болгон барьжээ. Юу хүссэн есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийг ерөөж байгаа нь тэр болов уу. Эмээ намайг “Үр ачаараа үргэлж жаргаж амьдраарай” гэж ерөөгөөд бидний яриа өндөрлөлөө.   
                                                         

Б.ОДМАА     
 

  • Туяа
  • 283
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313