ӨӨРИЙН ХҮСЭЛ СОНИРХЛООР МЭРГЭЖЛЭЭ СОНГООРОЙ

2022 оны 4-р сарын 28 өдөр

МСҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Лувсангийн ХИШИГТОГТОХ:

Л.Хишигтогтох дарга Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Түүний хувьд мэдэхгүй чадахгүй ажил биш л дээ. Тэр энэ сургуулийн багшаар ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан гэдэг. Яагаад улс төрөөс боловсролын салбарт ирэв, орчин цагийн мэргэжлийн сургалт юуг чухалчилж байна гээд түүнтэй ярилцлаа.   
- Та энэ сургуульд  хэдэн жилийн дараа эргэж ирэв ээ?
- Их сонин шдээ. Би Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хаалгыг дөрөв дэх удаагаа татаж, гурав дахь удаагаа захирлаар томилогдож байна. Их дээр үеийн юм ярина. МСҮТ бол миний ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн газар.  Анх 1992 онд Ломбодорж захирлын үед багшаар ажилд орж байлаа. Найман жил багшилж, 2000 онд улс төрд хөл тавьсан. Яг 15  жилийн дараа буюу 2015 онд МСҮТ-ийн захирлаар томилогдсон. Тэр үед улс төрд дахиж орохгүй гэж бодож ирсэн юм. Гэтэл тухайн үеийн эрх барьж байсан нам улс төрийн шалтгаанаар захирлын ажлаас чөлөөлсөн. Ажлын ямар ч алдаа дутагдалгүй халагдсан болохоор шүүхэд хандлаа. Яамны сайдтай шүүхдэлцэж байгаа ш дээ. Сайд хэзээ ч шүүх дээр ирэхгүй, бие төлөөлөгчөө ч явуулахгүй шүүх хурал зах замбараагүй хойшилно. Шүүхээр жил шахуу заргалдаж явахдаа “Чи улс төрөөр оролдохгүй бол, улс төр чамаар оролдоно” гэдэг шиг орон нутгийн сонгуульд нэр дэвшиж,  сонгогдож, аймгийн ИТХ-ын дарга болсон. 2016 оны 12-р сард шүүхийн эцсийн шийдвэр миний талд гарч МСҮТ-ийн захирлаар дахин томилсон. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой учир Аймгийн ИТХ-ын дарга байхдаа МСҮТ-ийн захирлын тамгыг авч гурав хоног ажиллаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн дөө.
- Аймгийн ИТХ-ын дарга байх уу? МСҮТ-ийн захирлаар ажиллах уу гэдэг сонголт хийсэн байна ш дээ.
- Тийм тийм. Сонгогдсон томилгооноос татгалзах хэцүү. Томилогдож байгаа томилгооноос татгалзаж болно. Олон хүний сонголтод хариуцлагатай хандаж аймгийн ИТХ-ын даргаар үлдсэн.  Ийм л түүхтэй.  Би боловсролын салбарт ч тэр, улс төрд ч тэр “тооно”-оор орсон тохиолдол байхгүй. Хаана ч ажлыг анхан шатнаас эхэлсэн. Багшийн ажлаас сургалтын менежер, захирал болсон бол, улс төрд сумын ИТХ-ын даргааас эхлээд сумын орлогч дарга, аймгийн орлогч дарга, аймгийн ИТХ-ын даргаар хүртэл ажилласан.
- Энэ сургуулийн босгоор давах мэдрэмж ямар байдаг вэ?
-21 насандаа өөрөөсөө хоёр гуравхан насаар дүү 18,19-тэй хүүхдүүдийн багш болж байлаа. Мартагдахгүй сайхан дурсамж. Тэр үед ахаа, эгчээ гэж хүндэлж явсан хүмүүстэйгээ дахин хамт ажиллахаар томилогдож ирэх нь даргын суудалд суухаас гоё санагдсан.  Сургуулийнхаа хаалгыг татах болгонд сэтгэлд дотно, халуун дулаахан мэдрэмж төрдөг. Улс төрийн албан тушаал сонгуульт хугацаагаар л хэмжигдэнэ. Орон нутгийн улс төрд 20-иод жил явахдаа нэг байгууллагад дээд тал нь таван жил л ажиллажээ. Гэтэл МСҮТ-д багшаар найман жил ажилласан. Тэгэхээр дотно санагдах нь мэдээж.  20-30 нас бол хүний амьдралын “алтан” үе. Ёстой л “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” залуу насандаа энэ сургуульд ажиллаж байсан болохоор улс төрийн ажлаас жаахан л хөндийрвөл МСҮТ гэдэг энэ айл сэтгэлд ойр байдаг болохоор тэрүү  эргэн ирэх тохиол учрал байгаад байх шиг.
- МСҮТ ямар сургалт явуулдаг газар вэ?
- Улс орныг хөдөлгөгч хүч нь мэргэжилтэй ажилтан. Бидний үндсэн үүрэг сайн мэргэжилтэй ажилтан бэлтгэх. Өндөр хөгжилтэй орнууд ч мэргэжилтэй ажилтан бэлтгэх салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлдэг. Тиймээс улс мэргэжлийн боловсролын салбарт бодлогоор анхаарал хандуулж байна. Миний ажиллаж байсан үетэй харьцуулахад сургалтын орчин эрс өөрчлөгдсөн. Багш ажиллаж, сурагч сурч чадвал дутуу зүйл алга. Манай мэргэжлийн боловсролын салбар Герман, Шведийн туршлагыг хэрэгжүүлж байна. 9-р анги төгссөн хүүхэд манай сургуульд гурван жил сурахдаа мэргэжилтэй, 12-р ангийн боловсролын гэрчилгээтэй төгсдөг. Үүний дараа дээд сургуульд орох боломжтой. Манай сургууль 300 гаруй  оюутантай. Насанд хүрэгчийг 12 мэргэжлээр, 9-р анги төгссөн хүүхдүүдийг 7 мэргэжлээр сургадаг. 45 хүртэлх насны оюутнууд сарын  200 мянган төгрөгийн тэтгэлэгт хамрагдана.
- Герман, Шведийн туршлага юугаараа онцлог юм бол?   
- Тухайлбал, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Энэ  тэтгэлгийг оюутныг сургуулиа төгсөхөд нь бөөн хэлбэрээр олгохоор болсон. Та оёдлын ангийн оюутан байлаа гэж бодоход төгсөөд аль нэг оёдлын цехэд ажилд орно. Гэтэл ур чадвар сайтай оёдолчин цехэд бага цалинтай ажиллахыг хүсэхгүй.  Оюутны сар болгоны тэтгэлгийг төгсөхөд нь өгснөөр ажлын байрны хөрөнгө оруулалт хийж байгаа юм.  Бүтэн жил сураад төгсөхдөө 2 сая төгрөгтэй төгсөнө гэсэн үг ш дээ.  Ямар ч ангийн оюутан ялгаагүй. талх нарийн боовны анги төгслөө гэхэд гэрээрээ жижигхэн үйлдвэрлэл эрхлэх шарах зуухтай болох боломжтой.
- Та залуу байсан бол сургуулийнхаа аль ангийг сонгож суралцах вэ? Танайх амьдралд эрэлттэй ямар мэргэжлүүдээр сургаж байна?  
-Би сантехникийн инженер хүн ш дээ. Гэртээ бага зэргийн ус алдах, крант солих зэрэгт хүн дууддаггүй. Би энэ мэргэжилдээ дуртай. Хүний сурсан юм хэзээд хэрэг болдог. Хэрвээ  МСҮТ-д сурах боломж энэ мэргэжлээрээ дахин сурна. Гэхдээ л мэргэжил бүхэн сайхан. Энэ сургуульд сураад төгсөнө гэдэг насаараа энэ ажлыг хийнэ гэсэн үг биш. Манай талх нарийн боовны ангид эмч нар их сурдаг. Өнгөрсөн жил  гэхэд хүүхдээ хараад гэртээ сууж байгаа хэдэн эмч нар манайд сурсан. Төгсөлтийн шалгалт авахдаа “Та яагаад манай сургуульд сурах болсон бэ?” гэж асуухад “Орчин цагт хүн бүр байгалийн гаралтай хүнс хэрэглэхийг зорьдог болсон. Орон нутагт эко хүнс ховор, үнэтэй байдаг. Гэр бүлдээ эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийн тулд хамгийн наад зах нь  баярын ширээнийхээ бялууг өөрөө хийж сурахыг хүссэн юм. Намайг МСҮТ-д сурахад youtube-ээс л сурчихна биз дээ цагийн гарз гэж хэлсэн хүн олон бий. Мэргэжлийн багшаар заалгаж сурах өөр байдаг юм байна” гэж байсан. Гадаадад их сургууль төгссөн  эдийн засагч хүн оёдлын ангид сурч байна. ШУТИС-ийн барилгын инженер төгссөн залуу манай барилгын засал чимэглэлийн ангийг төгссөн. Би гайхаад “Чи манай улсын шилдэг сургуульд том мэргэжил эзэмшчихээд яагаад манайд сурав гэсэн чинь “Багшаа их сургуульд бидэнд инженерийн онолын мэдлэг олгохоос ажлын байрны мэдлэг олгодоггүй юм. Би хувиараа барилгын бригадтай  засал чимэглэлийн ажил эрхэлдэг. Өөрөө хана шавардаж, обой нааж  мэдэхгүй болохоор ажилчиддаа үг хэлж чаддаггүй.  Эрхэлж буй бизнесээ хүнд залилуулахгүйн тулд өөрөө суръя гэж бодож  энэ сургуульд орсон. Одоо ажилчиддаа амаа таглуулахгүй, шаардлага тавих хэмжээний мэдлэгтэй боллоо” гэсэн.  Энэ жишээнүүдээс хүмүүс яагаад МСҮТ-ийг сонгох болсныг харж болно.
- Бидний үед наймдугаар анги төгсөхөд сурлагаар нь жагсааж улаан шугамаас доош 9 дүгээр ангид орж чадаагүй хүүхдүүд МСҮТ-д ордог байсан. МСҮТ-д сурдаг хүүхдүүдийг сурлагадаа муу хүүхдүүд гэж ойлгодог байлаа. Тэр ойлголт өөрчлөгджээ?
- Тэр ойлголт үгүй болсон. Манай сургуулийн төгсөгчдөд Барилгын коллеж, Үйлдвэрлэл урлалын дээд сургууль гээд ижил мэргэжлийн сургуулиудаас урилга их ирнэ.  МСҮТ-д  сурсан мэргэжлээрээ насан туршдаа ажиллана гэсэн үг биш.  Манай сургуулийг амьдралынхаа өгсөх шат болгон ашигла. Энд сураад дээд боловсрол эзэмшиж буй хүүхдүүд олон байна. Манай садангийн нэг хүүхэд гадаадад магистрын зэрэг хамгаалсан юм. Эх орондоо ирээд таарч тохирох ажил олдохгүй буцаад гадаад гарч ажиллахаар болсон.  Гадаадад эзэмшсэн мэргэжлээрээ биш мэргэжлийн ажилчнаар явах гээд МСҮТ-д сурч байна.  Нийгэмд  дунд мэргэжлийнхэн л их мөнгө олж байна. Сайн тогооч өндөр цалинтай байна. Сайн гагнуурчин, барилгын засал чимэглэлчид, мужаан эрэлттэй байна.
-МСҮТ-ийн ирээдүй гэрэлтэй харагдаж байна уу?  
-Тэгэлгүй яахав.  Боловсролын тогтолцоонд өөрчлөлт орж байна. Улсаас чанартай боловсрол эзэмшүүлэх цөөхөн их дээд сургууль, мэргэжилтэн ажилтан бэлтгэх сургуулийг дэмжих бодлого барьж байна. Манай сургууль “Мэргэжил бүхэн сайхан” сарын аян зохион байгууллаа.  Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хандлага өөрчлөгдсөн байна. Өмнө нь ахлах ангийн багш нар сурагчиддаа МСҮТ-д сурах сонголт хийлгэхгүй чи ирээдүйтэй хүүхэд 10-р ангидаа ор гээд Хувийн хэргийг өгөхгүй, сургуулиа танилцуулъя гэхээр сурагчдаа явуулахгүй, ангиараа 10 дугаар ангидаа орно, ангиараа их дээд сургуульд элсэнэ гэдэг байсан. Эцэг эхчүүд ч үеийнхнээс нь хоцроохгүй гээд Улаанбаатарт л оюутан болж байвал ямар ч хамаагүй дээд сургуульд оруулдаг. Дургүйд хүчгүй гэж нөгөө хүүхдүүд нь хоёр гурван жил аав, ээжийнхээ байдаг мөнгийг сургалтын төлбөрт үрээд сургуулиа хаячихдаг. Бөөнөөрөө их дээд сургууль төгсдөг ажлын байр олддоггүй. Дээд мэргэжилтэй ажилгүй иргэд олон байна.  Энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд бид хүүхдүүдэд сонголт бий гэдгийг харуулах хэрэгтэй.  Бид энэ жил Хэрлэн сумын бүх ЕБС-ийн 9,12 дугаар анги төгсөгчдийг сургуулиа танилцуулах уулзалтад урьсан. Ангийн багш нар нь сурагчдаа дагуулаад ирсэн. Манай сургууль ийм мэргэжлээр сургадаг, ийм боломжууд бий, ийм ажлын байранд гардаг гээд танилцуулсан. Түүнээс заавал манай сургуульд ор гэхгүй.  Сонголтыг хүүхэд өөрөө хийх ёстой. Сургуулиудын захирал, ахлах ангийн багш нарт маш их баярласан. Манай сургуультай танилцсан анги болгоноос дөрвөөс таван хүүхэд манай сургуульд орох хүсэлтээ илэрхийлж урилгаа авсан. Хүүхдүүдэд хандаж “Сэтгэл зүрхээ чагнаж сонголтоо хийгээрэй.  Манай хаалга үргэлж нээлттэй шүү” гэж хэлсэн.  
- Сургуулиа сурталчлах өдөрлөгөөр зочдод өөрсдийн урласан бүтээгдэхүүнээ бэлэглэсэн харагдсан?
- Манай сургуулийн багш, оюутнууд олон жил брэнд бүтээгдэхүүнтэй болох тухай ярьсан ч одоогоор оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн байхгүй л байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч У.Энхчимэг төгсөгчдийнхөө спортын тэмцээнд медалийн оронд манай бүтээгдэхүүнийг гардуулах санаачлага гарган хамтарч ажилласан. Хятад улсад үйлдвэрлэсэн медаль худалдаж авахгүй манай сургуулийн зээрийн чихмэлийг дурсгал болгож өгсөн. Чихмэл тоглоомон зээрийн хүзүүнд медаль урласнаараа онцлогтой. Төмөр медалийг нэг удаа хүзүүндээ зүүгээд ханандаа өлгөдөг бол манай бүтээгдэхүүнийг дурсгал болгон хадгалж болно, хүүхэддээ өгч тоглуулж болно. Хүн харахад ч тал нутгийн онцлогийг харуулсан үзэмжтэй.  Бид дөрвөн ч төгсөгчдийн холбоотой хамтарч ажиллан бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн орлогоо оюутнууд өөрсдөө авсан. Захиалга нь огцом орж ирсэн болохоор хүүхдүүд цаг наргүй ажилласан.    
-МСҮТ-өөс оюутнууд юу авч гарах ёстой вэ? Ер нь багш хүн оюутнууддаа юу өгөх ёстой гэж та боддог вэ?
- Би багшилж байхдаа ч, одоо ч оюутнууддаа “Хүний эзэмшсэн мэргэжил хэзээд хэрэг болно. Амьдралынхаа цаг хугацааг зориулж байгаа бол сурах зүйлээ сайн сур. Та нар бүгдээрээ сантехникч болохгүй ч аав, ээж болно. Зөв хүн болж төлөвших ёстой” гэж хэлдэг байсан. Хувь хүн болж төлөвшиж хөгжихгүйгээр хамт олны дунд ажиллаж чадахгүй. МСҮТ-ийг төгссөн компанийн захирал, төрийн албан хаагч, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч, сайн мэргэжилтнүүд бий. Тэгэхээр эндээс хувь хүн өөрийн төлөвшлийг л олж гараасай гэж боддог.
- Боловсролын салбараас улс төрд, улс төрөөс боловсролын салбарт ажиллахдаа Хишигтогтох гэдэг хүн өөрчлөгддөг үү?     
- Өөрчлөгдөнө ш дээ. Багшилж байгаад төрийн албанд ороход намайг багш шиг дарга гэдэг байсан. Аливаа асуудлыг их тайлбарладаг, учир зүйг нь олох гэж үздэг байсан юм шиг байгаа юм. Сургуулийн орчин тайван. Багш нар гэгээлэг хүмүүс. Эхний цаг дээр уурлавал дараагийн цаг дээр уур гараад л инээнэ. Төрийн албанд нэг стрессдсэн асуудал хэдэн өдөр үргэлжлэнэ. Санаа зовохгүй асуудал гэж байхгүй. Энэ сургуульд найман жил багшлахдаа муу багш байгаагүй ээ. Хэрвээ ажлын гараагаа улс төрөөс эхэлсэн бол шал өөр арга хандлагатай хүн байсан байх. Тэр тусмаа мэргэжлийн сургуульд багшлах хүнээс  арга дүй их шаардана. Намайг багшилж байх үед нийгмийн дундаж төвшнөөс доогуур орлоготой айлын хүүхдүүд ихэвчлэн МСҮТ-д сурдаг байлаа. Хүүхдүүд маань хичээлдээ ирэхгүй. Оюутнуудгүй сургууль гэж байхгүй ш дээ. Хүүхдүүдээ сургуульд нь ирүүлэхийн тулд ар гэрээр нь явна. Багш болсноороо амьдралыг илүү ойлгох болсон. 
- Хүүхдүүдийг мэргэжлээ яаж сонгооосой гэж хүсдэг вэ? Та мэргэжлээ яаж сонгож байв? Одоог хүртэл хэчнээн мэргэжил эзэмшив?
- Гоё асуулт байна. Би “Мэргэжлээ яаж сонгох вэ?” гэдэг сэдвээр лекц уншдаг. Хамгийн товчоор хэлэхэд хүүхдүүдийг өөрийн хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгоорой. Бусдын ятгалгаар сонгосон мэргэжил зөвдөх нь ховор.  “Степп кастле” гэж Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд олон барилга барьсан барилгын том компани байдаг юм байна.  Тэр компанийн захирал, орлогч захирал,  аж ахуй эрхэлсэн захирал нь манай сургуулийн барилгын засал чимэглэлийн ангийг төгсжээ.  Хэдэн сарын өмнө компанийнхаа 10 жилийн ойг тохиолдуулан сургууль  дээрээ ирж бэлэг өгсөн. Компанийн захирал залуу “8-р ангиа төгсөөд МСҮТ-д ороход ээж минь эсэргүүцсэн.  Одоо би ажил олгогч, 10-аад ажилтнаа орон сууцтай болгосон” гэж ярьсан. Үнэхээр бахархмаар. Өөрийн сонголт өөртөө зөв гэдгийг тэр хүү харуулж чадсан байна. Би багаасаа багш болно гэж боддог байсан. Их ном уншина. Уншсан номоо бусдад ярьж өгнө. Хүнд юм ойлгуулах авьяастай байсан шиг байгаа юм. Манай нийгмийн ухааны багш “Хишигтогтохоо, чи сайн багш болно. Би чамайг нийгмийн ухааны багш болоосой гэж хүсдэг. Чи 10-р ангиа, дээд сургуулиа төгсөөд ирэхэд багш нь тэтгэвэртээ гарна. Миний ажлыг ав” гэж хэлж байсан
- Та оюутнууддаа лекц уншиж байна уу? Таны хамгийн ярих дуртай сэдэв, заах дуртай хичээл юу вэ?  
- Би сүүлийн үед “Ажлын байрны стресс түүнийг даван туулах талаар , Хөдөлмөрийн хуулийн талаар лекц уншиж байгаа. Уг нь Хөдөлмөрийн хууль чухал сэдэв ш дээ. Тэгэхэд хүмүүс харилцаа хандлагын лекц дахин авъя. Хоёр дахь хичээл нь байна уу? Таны лекцийг файлаар авч болох уу ? гэж асуудаг. Ямар ч ажил эрхэлж байгаа хүнд хүнтэй харилцах харилцаа их чухал. Хүнд өөрийгөө ойлгуулах, хүнийг зөвөөр ойлгоход хүмүүс харилцаан дээрээ алддаг учраас энэ сэдэв эрэлттэй байгаа болов уу. Сургуулийн захирал хичээл заахыг хориглодог. Уг нь бол амьдрал дээр захирал хичээл заадаг бол багш, сурагчдын асуудлыг ойлгоно. Өнгөрсөн жил сургалтын менежер байсан болохоор хөдөлмөр хамгааллын хичээлийг дөрвөн ангид ордог байлаа. Хичээл ордог ангийнхаа хүүхдүүдийг илүү танина, дотно санагдана. Багш нар ч захирал хичээл заадаг байсан болохоор биднийг илүү ойлгодог гээд дуртай. Ер нь би өөрөө багш байхдаа захирлынхаа яахаар нь дургүй байсан билээ гэж боддог.  Багш нартаа таалагддаггүй захирлын ажил урагшлахгүй ш дээ.   
- Баярлалаа Танд амжилт хүсье.  
 
Ихэнхдээ хүмүүс дуу хураагуур унтарсны дараа биеэ барихгүй ярьдаг.  Би түүнээс ярилцлагынхаа төгсгөлд энэ цаг мөч таны амьдралын ямар үе вэ? гэж асуусан юм. Тэр “Ёстой сонин асуулт байна. Намайг дарга цэрэг хийгээд явж байсан үеэ   “алтан” үе гэж хэлэх байх  гэж бодож магадгүй.  Дээр хэлсэнчлэн 20-30 нас бол хүний амьдралын “алтан” үе.  Залуу нас бол ямар ч муу санаагүй, зоригтой, хүсэл тэмүүлэлтэй.  Эргээд бодоход цалин мөнгө хүрэхгүй, цаг завгүй амьдралын хамгийн хүнд үе байх ёстой атал хамгийн аз жаргалтай үе байдаг. Хүүхдүүд бага балчир, аавыгаа ажлаасаа ирэхийг хүлээдэг. Гэр бүлтэйгээ салхилдаг. Халааснаасаа хорин төгрөг гаргаж ирээд түцнээс мушгиа боов, чавга хүүхдүүддээ авч өгдөг. Тэрэндээ өөрөө баярладаг. Одоо 20 төгрөгийн боов авч өгөхөд баярладаг байсан хүүхэд маань 200 мянган төгрөгөөр амттан авч өгөөд ч баярлахааргүй өсч том болж.  Хүн залуу насанд бүтээсэн үнэт зүйлээ нас ахихаараа “идэж” амьдардаг юм байна. Хүний залуу насны найзууд л хамгийн үнэн байдаг” гэсэн. Энэ бол түүний чин сэтгэлийн үг. Магадгүй, эргээд МСҮТ-дээ ирсэн шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй.   

Б.ОДМАА

  • Туяа
  • 328
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313