ЭЦСИЙН ХОХИРОГЧ НЬ ИРГЭД БАЙДАГ 

2022 оны 4-р сарын 15 өдөр

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Пүрэвгэрэлийн ГЭРЭЛБААТАР:
Иргэд өөрийн төлөөллийг шийдвэр гаргах төвшинд сонгохдоо “Та миний өмнөөс яриарай, төрд олон нийтийн нүд, чих нь болоорой” гэж явуулдаг. Гэтэл ИТХ-ын төлөөлөгчдийн цөөхөн нь ярьж, ихэнх нь дуугүй гар өргөдөг. Сануулдаг санаачилдаг, хэлдэг хэлэлцдэг идэвхтэй хэдхэн хүний нэг нь Хэрлэн сумын Хоёрдугаар багаас аймгийн ИТХ-д сонгогдсон бие даагч Пүрэвгэрэлийн Гэрэлбаатар. “Дорнод” сонин аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дунд 37:1 хэмээх цуврал ярилцлагыг эхлүүлж байна. Эхний зочноор аймгийн ИТХ дахь ганц бие даагч гэдэг үүднээс түүнийг урилаа. Энэ булангаар уншигч Та тойргийнхоо төлөөлөгчийг хэзээ, юу хэлэх бол гэж хүлээж суугаарай. Иргэн таны төрд сонгосон төлөөлөгчийг хийсэн ажил, хэлэх үгтэй нь сонины хуудсаараа уулзуулах болно.
-    Сайн байна уу? Урилгыг минь уриалгахан хүлээж авсанд баярлалаа. Ярилцлагаа шууд эхлэе болох уу? 
-    Сайн, сайн байна уу? Ярилцлагад урьсанд баярлалаа. Тэгье, тэгье. 
-    Өнөөдөр би тантай хувийн бизнесээ эхэлсэн түүх, нутаг ус, аав ээжийн сургаал, алдаж оносон сургамж гэхчлэн зүйлийг ярихгүй. Зөвхөн иргэдээс сонгогдсон төлөөлөгч та ямар үзэл бодолтой, асуудалд ямар өнцгөөс ханддаг  хүн бэ гэдгийг сонирхоно.  Аймгийн ИТХ-ын хуралдаанд та ямар байр суурьтай оролцдог вэ? 
-    Аймгийн ИТХ-д АН-аас найман төлөөлөгч, МАН-аас 28 төлөөлөгч суудаг. Хоёр бие даагч сонгогдсоны нэг нь би. Нөгөө бие даагч маань МАН-ын бүлэгт орсон, би аль нэг намын бүлэгт харьяалагдаагүй байна. Намын харьяалалд байж үзсэн. Одоо бол нам гэх хайрцагнаас гарсан. Төрийн дээд, дунд, доод шатанд хэт олуулаа нөхдийн дунд иргэдийн нүд, чих, дуу хоолой хэрэгтэй  гэж сонгогчид бие даан өрсөлдсөн намайг сонгосонд нь талархдаг. Иргэд мэдээлэлтэй байхыг хүсч байна. Гэтэл бүх асуудал хаалттай байна. Угтаа бол олуулаа байх тусам ажил урагшилдаг, хөгжил хурдасдаг байх ёстой. Одоо бол эсрэгээрээ. Хүч түрж юуг ч нууцаар хийх боломж бүрджээ. Аймгийн ИТХ-ын хуралдаанд миний барих зарчим, байр суурь ердөө л энэ. Аль нэг нам эвслийн хүсэл сонирхол хуйвалдаанд оролцохгүйгээр иргэдийн хүсэл зорилгыг илэрхийлэх. 
-    Хүн амьдрах ёстой. Амьдрахын тулд өөрт тохирсон ажлаа олж хийнэ. Та бол хувиараа бизнес эрхлэгч. Аль нэг нам эвсэл дагавал бизнест тань ашигтай биш үү? 
-    Миний хувийн бизнест хууль бус зүйл нэг ч үгүй. Хууль ёсны бизнес эрхэлж байгаа болохоор надад айх айдас байхгүй. Төрийн дарамт шахалт бий. Төрөөс манай ажлыг гацаах, удаашруулах, боломжийг хязгаарлах оролдлого олныг хийдэг. Энэ бүх эрсдэлийг тооцож улс төрд орсон. Захиргааны хуулиар иргэний гомдлыг гуч хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Манай компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа зөвшөөрлийг цаг хугацаанд нь шийдэхгүй, гурав дөрвөн сар хүлээлгэдэг, боломжтой зүйлийг боломжгүй гэж үзэн хуульд байхгүй зүйл заалт гаргаж ирж хаалт хориг тавих гэх мэтээр шахалт үзүүлдэг.
-    АймгийнИТХ-ын хуралдааны уур амьсгалыг олон нийт төдийлөн мэдэхгүй. Бидний нүдээр харахад МАН-аас сонгогдсон төлөөлөгчид олонхиороо хүч түрэн гар өргөөд л шийдчихдэг ш дээ. Цөөнх асуудлыг ярьж хэлэх нь цагийн гарз юм шиг. Бие даагчийн нүдээр харахад хуралдаан ямар уур амьсгалтай өрнөдөг вэ?  
-    Цөөнхийн үг цагийн гарз юм шиг санагдаж болохгүй. Би аймгийнхаа 67 багийн нэг л багаас сонгогдсон төлөөлөгч.  Гэхдээ төлөөлөгчдийн хуралдаан дээр 80 мянган хүнд хамаатай асуудлыг хэлэлцдэг. Иргэдийг төлөөлж эрх баригчдад бид үг хэлэх ёстой.  Эрх баригчид ийм хууль бус юм хийх гээд байна гэдгийг ард түмэнд бид мэдээллийг дамжуулах, тэдний дуу хоолойг хүргэх үүрэгтэй. Төлөөлөгч төр, иргэний хоорондын мэдээлэл дунд байна. Иргэдийн эрх ашигт нийцэхгүй олон шийдвэрийг аймгийн ИТХ дээр таслан зогсоож байсан. Тухайлбал,  өнгөрсөн жил   “Шинь шинь”-ийн уурхай болон “Петро Чайна дачин тамсаг” газрын тосны талбайд баг байгуулах санал орж ирсэн. Уурхай дээр баг байгуулахаар тухайн багийн иргэд нь уурхайн ажилчид болно. Багийн хурлаа хийж байна гээд орон нутагт амьдардаг иргэдийн хүсэл сонирхлыг харгалзахгүйгээр уурхайн ажилчид, уурхайн эрх ашигт нийцсэн асуудлыг шийднэ гэсэн үг. Ийм юм хэрхэвч байж болохгүй гэж ярьж хэлсний эцэст уул уурхайн компаниудад баг байгуулахыг болиулсан. Нэг нам хэт олуулаа шийдвэр гаргах төвшинд иргэдийг төлөөлөх нь ямар харагддаг вэ гэж асуусан. Энгийнээр хэлэхэд тогтоол ус ш дээ. Тогтоол ус өмхийрдөг. 
-    Яг энэ цаг мөчид олон нийт үнийн өсөлтийг эсэргүүцэж байна. Та ч бас нэгдэж аймагтаа жагсаал зохион байгууллаа?  
-    Өнгөрсөн дөрөвдүгээр сарын долооны өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчаас албан ёсны зөвшөөрөл авч аймгийнхаа Тусгаар тогтнолын талбайд үнийн өсөлтийн эсрэг тайван жагсаал зохион байгуулсан. 300 гаруй залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэсэн. Төрийн машин унаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа дарга нар хямраагүй. Өөрсдийнхөө амьдралаар ард түмний амьдралыг хараад байна. Дарга сайхан байна, гоё байна гэхээр амьдрал сайхан байдаг юм биш. Үлгэрт гардаг шиг “хааны шинэ хувцас гоё байна” гэж хашгирсан ч эдийн засгийн тоо худлаа хэлэхгүй. Төгрөгийн ханш унаж 100 төгрөг 50 төгрөг боллоо. Дэлгүүрт 100 мянган төгрөгтэй ороход тор дүүрдэг байсан бол одоо торны ёроолоор л юм авч байна. Би энэ жил Америк, Турк, Арабын Нэгдсэн Эмират улсаар яваад ирлээ л дээ. Тэнд ямар ч хямрал алга. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Ямар ч төр засгийн дарамт шахалтгүй иргэдийнх нь идэж ууж , эдэлж хэрэглэж байгаа хэвэндээ. Ажил төрөл, бизнес нь амжилттай явагдаж байна. Зарим нь хямралыг боломж болгон ашиглаж илүү ч хөгжиж байх шиг. Манай улсад хэт олуулаа засгийн эрхэнд гарахаар хийж бүтээе гэж бодохоосоо илүү энэ суудалдаа яаж удаан тухлах вэ  гэж боддог юм шиг байгаа юм.  Би ч бас МАН-д байсан тэднийгээ мэднэ л дээ. 
-    Таны бизнест үнийн өсөлт яаж нөлөөлж байна? 
-    Манай компани орон сууцны барилга барьж байна. Барилгын материалын үнэ “тэнгэрт хадсан” ш дээ. Алдагдалд орж байна. Эрсдэл үүрч байна. Нэг сард захиалсан барилгын материал одоо хэр ирээгүй байх жишээний. Барилгын материалыг урд хөршөөс татдаг. Юанийн ханш таван зуу гарчихлаа. Үнийн өсөлтийн хамгийн эцсийн хохирогч нь хэрэглэгчид, иргэд.  Хэрэглэгч өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд дуугарах ёстой. Үгээ хэлэх ёстой. Үнийн өсөлт амьдралд мэдрэгдэж л байвал мэдрэмжээ илэрхийл л дээ. Тэгж байж өөрчлөгдөнө ш дээ. 
-    Та яагаад аймгийн төвөөс зайдуу орон сууц барьж байгаа юм. Аймгийн төвд “А” зэрэглэлд барилга баривал ашигтай биш үү? 
-    Манай төсөл зах зээлийн үнэтэй харьцуулахад маш хямд төсөл.  100 хувь ашгийн төлөө биш. Бид аймгийнхаа төвийг ирээдүйн Улаанбаатар болгохгүйн төлөө одооноос анхаарах ёстой. Улс барилга барих газрыг нь олгож, дэд бүтцийг нь шийдвэл бидэнд боломж байна. Аймгийн төвд утаа, тоос шороо, дуу чимээний стресс ихэссэн. Аймгийн төвийн “А” зэрэглэлийн газрууд хуучны дарга нарт, тэдний хамаатнуудад л байдаг. Манай компани тэднээс үнэтэй газар авч барилга барихыг хүсээгүй. Аймгийн төвөөс зайдуу тоосжилтгүй, утаагүй, дуу чимээгүй амар амгалан амьдрал бий болгож болно гэдгийг харуулахыг эрмэлзсэн. Нэгдүгээр багийг сонгон орон сууцны хороолол барьж байгаа нь ч учиртай. Улаанбаатар хотын Яармагийн орчим анх орон сууцны барилгууд барихад энэ хэзээ дүүрнэ дээ гэж бодож байсан. Одоо хамгийн үнэтэй орон сууцнууд тэнд байна. Орон нутагтаа шинэ суурьшлын бүс бий болгохыг зорьж байна. Аймгийнхаа хөгжлийг жаахан тэлье л дээ. 
-    Та шуналтай хүн үү? Юунд шунадаг вэ?   
-    Шуналгүй хүн гэж байхгүй ш дээ. Би бүтээн байгуулалтад шунана. Хөгжил дэвшилд шунана. Гаднын улс орноор явж байхдаа хорвоо дэлхий дээр адилхан хоёр гар, хоёр хөлтэй төрчихөөд яагаад хүнээс дутуу амьдрах ёстой юм гэж хор шар хөдөлдөг. Манай аймаг ингэж тэгж хөгжих боломжтой гээд зөндөө л ярилаа.  1989 онд манай аймаг 84500 хүн амтай байжээ. Одоо энэ тоо хэвээрээ л байна. Жил болгон төрөлт ихсэж байгаа хэр нь хүн амын тоо өсөхгүй байна. Залуус их дээд сургуулиа төгсөөд орон нутагтаа ирэхгүй байна. Аргагүй шүү дээ, орон нутагт өсөж дэвжих, хөдөлмөрлөж хөгжих боломж хязгаарлагдмал. Бусдын хөгжилд атаархалгүй орон нутагтаа соёл, спортын наад захын үйлчилгээ авдаг орчныг нь бүрдүүлэх юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Амьдрах тухтай таатай нөхцөлд хүн ам бодитоор өснө. Хүн ам өсөхөөр бизнесийн болон хөдөлмөрийн зах зээл өснө. Мал хүртэл өвс, ус сайтай газар бэлчдэг. Хот руу шилжсэн зуун зуун залуусын буруу биш. Хаана амьдрах ая тухтай орчин байна, хүн тийшээ л тэмүүлнэ. Бидэнд одоогоор аймгийн Хөгжимт драмын театраас өөр соёл урлагийн үйлчилгээ авах газар алга. Орон нутагтаа залуус сэтгэл хангалуун амьдрах орчныг бүрдүүлье л дээ. Ийм зүйлд л шунамаар байна. 
-    ИТХ-д суухдаа хамгийн их бухимддаг зүйл?  
-    Бид газрын тосны өгөөжийг хүртэж чадаагүй. Манай аймаг урд талдаа “Петрочайна дачин тамсаг”, баруун талдаа “Степ голд”, хойд талдаа “Шинь шинь”-ний уурхайтай. Одоо зүүн талдаа “Меланж” гээд нүүрсний уурхайтай боллоо. Нүүрсний уурхай зөндөө л бий. Миний бухимдаж байгаа зүйл нь жирийн малчин малаа бэлчээх эрхгүй хилийн зурвас бүсэд улс төрчид, тэдний гар хөл болсон бизнесийн нөхдүүд, бүлэглэлүүд өөрсдөдөө зориулж хууль батлаад уул уурхайн үйл ажиллагаа явуулж чадаж байна. Улсын хил гэдэг ард иргэд нь туурга тусгаар амьдарч аж төрөх үндэс биз дээ. Өнөөдөр бид “өө, энэ хууль ёсны юм байна, бичиг баримт нь бүрэн байна” гээд өнгөрч болно. Хамгийн их эмзэглэж буй зүйл бол ирээдүй хойчдоо юу үлдээх юм бэ? Өмнөх 30 жилд ах нарын гаргасан алдааг одоо бид үүрч байна. Өнөөдөр бидний гаргасан шийдвэрийн алдааг үр хүүхэд минь эдэлнэ. “Петрочайна дачин тамсаг” бидэнд ганц км зам барьж өгөөгүй. Газрыг нь ухаж ашиг олж байгаа уул уурхайнууд нэг сайхан спорт цогцолбор, соёлын төв, мөсөн ордон, усан бассейн бариад өгч болноо доо. Нэг өдөр “хууль ёсныхоо” гээд аймгийн төвд орж ирээд ухаад унах вий.
-    Засаглалын хямрал гэж их ярих болж. Яг юуг хэлээд байна?
-    Манай аймагт нэн тэргүүнд шийдэх ёстой зэвтэй усны асуудал байна. Зэвтэй усны асуудал бол засаглалын хямралын тод жишээ. Энэ салбарт  мэргэжлийн хүн алга. Мэргэжлийн хүн удирдвал төдөн жилийн дараа ийм асуудал болно. Одоо бид ийм ажил хийх ёстой гээд тооцоолох ёстой ш д. Гэтэл тэр ч даргын, энэ ч намын хүн гэж ажилд орсноор байгууллага нь мэргэжлийн хүнгүй болчихсон. Асуудлыг эртнээс харж тооцоолж мэдэхгүй тартагт нь тулгаж байна. Эцэст нь хэрэглэгчид хохирдог. Энэ үгийг мөн ч олон хэлж байна даа.  Засаглалын хямрал нүүрлэхээр иргэдийн  амьдрал доройтно.  Хоорондоо шууд хамааралтай. Хөгжлийг мэдлэг боловсролтой хүмүүс урагшлуулдаг юм. Ямар ч мэдлэг боловсролгүй хүмүүс шийдвэр гаргах төвшинд гарахаар аль ч салбар уналтад орно.  Зэвтэй усаа шийдэж чадахгүй хүмүүс толгойд нь сууж байна. Энэ бол хүнд асуудал биш. Дарга нар тайлбарлаад сунжруулаад ч байх албагүй. Мэргэжлийн час хийсэн инженер техникийн ажилтнууд учрыг нь олчихно. 
-    Сонгуульт хугацааны дөрвөн жилийн дараа П.Гэрэлбаатар гэдэг төлөөлөгчөөс юу үлдэх ёстой юм бол?
-    Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд тойрогтоо амалсан зүйл бий. Түүнийгээ хийж хэрэгжүүлнэ. Хүн энэ амьдралд ирээд буцахад нэр л үлддэг. Нэр цэвэр амьдрана гэдэг хувь хүний үнэт зүйл. Энэ үнэт зүйл улс төрд ч адил.  Би хэзээ ч авилга, албан тушаалын эрх ашгийн зөрчилд нэр холбогдсон төлөөлөгч болохгүй. Нийтийн эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээгүүр тавьж иргэдийг төлөөлж сууна. Тухайлбал, Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга долдугаар багийн ИТХ-ын  дарга биш шүү дээ. Өөрийнхөө тойргийн иргэдэд зориулж төсвийг үр ашиггүй  гарын салаагаар урсгах ёсгүй. Тэрбум хоёр зуун сая төгрөгөөр Мянгатын араар зам тавина гэнэ. Түүний оронд нэг,  хоёрдугаар багийн төв зам дагуу явган хүний зам тавья гэж би хуралдаан дээр эсэргүүцсэн. Дахиж сонгогдохын тулд өөрийнхөө тойргийг “усалж” нийтлэг эрх ашгийг орхигдуулж болохгүй. Асуудлыг томоор харах ёстой. ИТХ-ын төлөөлөгч хүн аймгийн нийт иргэдийн эрх ашгийг эрхэмлэх ёстой.
-    Асуултаа энд хүрээд өндөрлөе. Цаг зав гаргасанд баярлалаа. 

Б.ОДМАА 
 

  • Туяа
  • 802
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

Зочин [66.181.161.93] 2022-05-17 23:23:29

Vnen

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313