БОДОХООР БАРИЛГЫН САЛБАР БҮХ ЗҮЙЛТЭЙ ХОЛБОГДДОГ

2022 оны 4-р сарын 15 өдөр


Дорнод аймгийн Барилгачдын холбооны Гүйцэтгэх захирал Т.ТӨРБОЛД

“Дорнод” сонин уншигч Тантай нэгэн залуухан удирдагчийг уулзуулж байна. Тэр бол Төмөрсүхийн Төрболд. Элдэв хачиргүй, хиймэл дүргүй, улс төрийн элдэв амбицгүй түүний ярианд уншигч таныг хөтлөе. 
- Төрболд, ямар гэр бүлд төрж өсөв. Хүний өссөн орчин гэдэг бол чухал нөлөөтэй ойлголт?
- Би Хөлөнбуйр суманд төрж өссөн. Миний аав, ээж энэ сумын барга хүмүүс. Өвөө маань Баяны Дорж гэж багаасаа мал маллаж Хөлөнбуйр сумынхаа Үржлийн фермд барга хонийг үржүүлэхэд хувь нэмрээ оруулан  энэ чиглэлээр олон жил ажилласан. Бөх барилддаг, Сумын заан цолтой хүн байсан. Сумын депутат, Намын 19 –р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож явсан нийгмийн идэвх сайтай хүн байж. Эмээг Алтангэрэлийн Долгоржав гэдэг. Мөн л  эмэгтэйчүүдийн их, бага хуралд оролцож, сонгуульт ажил хийж явсан гэдэг. Миний аавыг Доржийн Төмөрсүх. НИК болон Петровис компанид одоог хүртэл ажиллаж байна. Зөвлөлт Холбоот Улсын Омск хотын Техникийн коллежид суралцаж мэргэжил эзэмшсэн. Ээж маань Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ. Хэрлэн сумын 12-р сургуульд бага ангийн багш. Надад анхны “А”  заасан багш маань гэж хэлж болно.   Эрдэм номд шамдах эх суурийг ээж маань тавьж, дөрөв, таван насандаа үсэг сурч уншиж эхэлсэн. Тэр цагаас номонд дурлаж, өдөр бүр сумынхаа номын санд очно. Маш их ном уншдаг байсан. Номын “цагаан солио” тусатлаа уншсан даа. \инээнэ\ Бидний үеийнхнийг ном их хүмүүжүүлсэн.
-Малд хэр ойр өсөв?
 -Зуны амралтаараа өвөө, эмээ дээрээ очиж мал хариулна. Арав ч хүрээгүй насандаа даага, үрээ сургаж эхэлсэн. Хөдөөний ажилд багаасаа суралцсан болоод тэрүү, үеийнхнээсээ биеэр өсгөлүүн байсан. Тийм болохоор бөхөөр хичээллэж, аймгийн чанартай тэмцээн уралдаанд орж байлаа. Тэр үед  бэлтгэл сургуулилт гэж базаалтай юм юу байхав, ёстой л унаган бяраараа хүч үзнэ. Нэг удаа үндэсний бөхөөр аймгийн хэмжээний тэмцээнд анх удаа оролцож хоёрдугаар байранд орж билээ. Тэгсэн нь түрүүлсэн хүүхэд  надаас хоёр насаар ах, насаа дарж орсон байдаг юм. Ингээд ахлах ангид орохын үед үндсэн суурь хичээлээ хөөх үү, цаашид спортоор явах уу гэсэн сонголтын өмнө ирсэн. Тэр үед математикийн төрөл бүрийн олимпиад уралдаанд ордог, тогтмол медальт байранд шалгардаг байсан. Математикийн анхны суурь мэдлэгийг тавьсан хүн бол Адъяасүрэнгийн Баярмаа багш маань юм. Одоо 5-р сургуулийн менежер. Ахлах ангид орохын үед 12-р сургуулийн Балжиннямын Гантөмөр багш үргэлжлүүлэн заасан. Ингээд үндсэн хичээлээрээ цааш явах сонголтыг хийсэн.   
-Хаврын урь орсон энэ өдрүүдэд бид ярилцаж сууна. Хавартай холбоотой өнгөрсөнд үлдээсэн дурсамж юу байна? Шанхайд сурч байсан үеэ дурсаач?
-Энэ асуултыг тавьсан нь юун түрүүнд хүүхэд насны дурсамж сэдэрч байна. Хавар хонь мал төллөнө, айлууд хаваржаандаа бууна. Манай өвөөгийнх Харуул толгойн баруун урд хөндийд хаварждаг байлаа. Хаврын шар ус түрж горхиор урсах нь эгээ л том голын хүрхрээ шиг санагддагсан. Хүүхэд байхад бүх юм том харагддаг ш тэ. Тэр жижигхэн горхины нөгөө эрэг рүү харайх гэж дунд нь гишгэж, инээд хөөр цалгиан байсан бага насны минь дурсамж ой тойнд тодхон үлджээ. Шанхайд сурч байсан дурсамж гэвэл, би БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцсан. Мэргэжлээ сонгосны дараа Хятад улсаас сургуулийг нь оноож өгдөг. Шанхай хотын Тунжи Их сургууль гэж Хятад улсын Шилдэг сургуулиудын жагсаалтад тухайн үедээ 4 дүгээрт эрэмбэлэгдэж байсан энэ сургуульд хэлний бэлтгэлд сурсан. Шанхай хот бол манайхаас 4000 гаруй км алслагдсан. Халуун бүсдээ ойр, маш цэвэрхэн хот. Оюутны хотхон маань Сакура мод ургадаг гудамжтай. Хавар Сакура цэцэглэх тэр сайхан цагаар оюутнуудын дунд төрөл бүрийн арга хэмжээ зохиогдоно. Олон орны оюутнууд тэнд цуглана. Ёстой л орчноосоо тасарч, байгалийн тийм гэж хэлэхийн аргагүй гоё мэдрэмж төрж, их гоё тайвширлыг олдогсон. Хавар цагийн хамгийн гоё дурсамж тэр л юм даа.
-Үргэлжлүүлэн Чунцин хотод сурсан гэдэг. Энэ хотын хамгийн амтлаг мэдрэмж юу вэ?
-Үргэлжлүүлэн баклавраар Чунцин хотод Харилцаа холбооны Их сургуульд сурч Электрон мэдээллийн инженер мэргэжил эзэмшсэн. Чунцин хот 14  сая гаруй хүн амтай, БНХАУ-ын том хотуудын нэг. Хятадын томоохон хот болгон Шинжлэх ухааны музейтэй. Тэдгээр нь маш сонирхолтой. Тэнгэр баганадсан өндөр барилгуудтай. Энэ хот халуун ногоотой хоолоороо алдартай. Амт нь үнэхээр өвөрмөц. “Чунцин” нэртэй улаан савтай бэлэн хоол манайд худалдаалагддаг. Хааяахан авч идэхэд Хятадад сурч байсан оюутан цагийн амьдрал эрхгүй бодогддог. 
-Өндөр барилга гэхээс хамгийн гоё барилгыг хаана харав?
-АНУ-ын Нью-Йорк хотын Empire State building хамгийн гоё нь. Эзэнт гүрний улсын барилга  гэсэн үг л дээ. Тийм болохоор ч тэр үү, 102 давхар энэ барилга үнэхээр сүрдмээр. Цахилгаан шатаар гарч, хотыг дээрээс нь толидоход тааламжтай гоё мэдрэмж төрсөн. Барилга байшин болоод ер нь юмны чанарыг Америкт илүүтэй мэдэрнэ. Ахлах ангид сурч байхдаа Ассеss  сургалтын хөтөлбөрт хамрагдсан. Peace Corps гэдэг Америкийн Засгийн газрын байгууллагын шугамаар Нэгдүгээр сургуульд ирж ажиллаж байсан мэргэжилтэн багш Julie болон түүний нөхөр Jim-тэй би их ойр байдаг байсан. Тэдэнд миний зан байдал ерөнхийдөө таалагдсан юм шиг байгаа юм. ШУТИС-д суралцаж байхдаа зун нь АНУ руу аялангаа ажиллах хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн энэ том гүрний хөгжилтэй танилцах сайхан боломж олдсон.
-Үеийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулахад бусдаас өөр байж чаддаг уу?
-Би болохоор аливаад логиктой, зарчимтай, дүрмэнд суурилсан байдлаар хандахыг хичээдэг. Нэгэнт тухайн ажилд сэтгэл шулуудан орсон л бол өөрт төсөөлөгдсөнөөр ийм байх ёстой гээд өөрийнхөөрөө зүтгэдэг зантай. Ажил асуудалд хэт гүн ордог гэх үү дээ. Шинжлэх ухаан, сансар огторгуй гээд нууцлаг зүйлсийн талаар хүмүүстэй ярилцах сонирхолтой ч энэ талаар төдийлөн бусадтай ярилцаад байдаггүй. Би бас боддог юм, бидний үеийнхэн бүгд эцэг эх болцгоосон. Арван жилдээ хичээлдээ шамдахгүй байсан зарим хүн сошиалаар муу сурч байснаа бараг “гайхуулах” болж. Хүүхдүүдээ заавал 100 хувь тултал сургах албагүй ч математик, монгол хэл, бичих, ярих чадварыг зайлшгүй эзэмшүүлэх хэрэгтэй. Суурь мэдлэг суусан хүүхэд хожмоо хэнтэй ч харьцахад түүртэхгүй, эцэг эх бидэнд ч  амар шүү дээ. Энэ мэт өөрийн бодлоо тулгахаар бас болдоггүй юм аа.
\инээнэ\
-Хийж байгаа ажил чинь дотоод ертөнцийг чинь хэр илэрхийлж чадаж байна?
-Өнгөрсөн жил аймгийн Барилгачдын холбоог шинэ бүтэц, зохион байгуулалтад ороход  орон тооны ажилтнаар ажиллах болсон. Мэдээж, маш олон хүнтэй харьцана, тэд хурдыг хүсдэг. Миний өөрийн онцлог болохоор аливаа зүйлийн суурийг нь сайн тавьж, судалгаагаа сайтар хийгээд хоорондын хамтын ажиллагаагаа нягт уялдуулж, гадагш чиглэсэн ажилдаа орох ёстой гэсэн зарчим барьдаг.  Мод тарихтай яг адил. Хөрсийг нь сайн бэлдээд усалж тордож ургуулдаг шиг. Надтай хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн хувьд мэдээж тулгамдсан асуудлууд байгаа, түүнийг нь маш хурдан хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байдаг. Хувь хүн талаасаа энэ мэт сэтгэлгээний багахан зөрөлдөөн байгаа ч аль болох тэр хүмүүсийнхээ хурдаар ажиллахыг хичээж л байна. Хамтын ажиллагаагаа уялдуулж сайжруулчихбал аяндаа болно доо. 
-Энэ ажилд татагдан орсон тухайгаа яриач?
-Сургуулиа төгсөөд 2017 онд Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн Дорнод аймаг дахь газарт инженерээр ажлын гараагаа эхэлсэн. Аймагтаа ирээд НАМЗХ-д өөрийн итгэл үнэмшлээр орсон. МАН-ын дэргэдэх Залуучуудын энэ байгууллагыг сонгосон нь бүтэц, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байр суурьтай нь  хүсэл зорилгод минь нийцсэн хэрэг. Нам хэрэггүй гээд залуучууд бүгд зай барьж гадна нь явж болохгүй л дээ. Монгол улсаа хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй маш олон залуусыг дотооддоо хувийн салбар руу болон гадагшаа ч бас алдаж байна. Би болохоор дороос нь, залуучуудын байгууллагаас эхэлж ажилд нь оролцоод явья л гэж бодсон. НАМЗХ-ы тэргүүлэгч. Таны асуултад хариулахын тулд жаахан хазайчихлаа,  зүгээр үү?
-Зүгээр, зүгээр.
-Тэгээд 2018 онд энэ холбоонд элсэж, намайг орж байх үед Дорнод аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Э. Эрдэнэчулуун бас тэргүүлэгч байсан. Тэр үед залуучуудын хуралд хамт явж таарч Барилгачдын холбооны Гүйцэтгэх захирлаар ажиллаач гэдэг саналыг анх тавьсан. Аймгийнхаа барилгын хөгжилд тус нэмэр болж чадах мэдлэг боловсролтой, аливаад үнэнч, зарчимтай хандахыг хичээдэг тийм хүн хэрэгтэй байна гэсэн л дээ. Энэ хүний барилгын салбараа хөгжүүлье, аймаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулья гэсэн хүсэл эрмэлзэл нь надад таалагдсан. Тэгээд бид хоёрын хооронд ямар нэг амлалт тохироо байхгүй,  би түүнээс ямар нэгэн зүйл хүсэж шаардаагүй, хамтарч ажиллая гэдэг дээр санал нэгдэж энэ ажилд орсон. Тэгээд ч миний хувьд аймгийнхаа хөгжлийн төлөө би юу хийж чадах вэ гээд бодохоор барилгын салбар бүх зүйлтэй холбогдож ирдэг. Зам, дэд бүтэц, холбоо харилцаа гээд. Электрон мэдээллийн инженер мэргэжилтэй маань ч холбоотой. Тийм болохоор барилгын салбарт томоохон ажил хийе гэж зорьсон. Мэдээлэл холбооны сүлжээнд Сүлжээний инженер байсан миний хувьд ажил мэргэжлийн хувьд тогтворжсон, ажил гарт орчихсон, цалин мөнгөний хувьд боломжийн байсан. Одоо бол барилгын салбарыг ойлгох гэж, асуудлыг нь таних гэж хичээж л явна. Инженер хүн удирдлага, зохион байгуулалтын ажил хийхэд аливаа юманд илүү бодитой ханддаг байж мэднэ. Тэгээд дээрх саналыг хүлээн зөвшөөрч 2021 оны 1-р сараас ажиллаж эхэлсэн. Барилгачдын холбооны тэргүүнээс гадна гишүүн байгууллагын удирдлагууд намайг маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Ковидын хүнд үе, бараа материалын хомсдол, үнийн өсөлт гээд энэ хэцүүхэн цагт барилгачдын холбоогоо дэмжээд үйл ажиллагааг нь сэргээе, сайжруулья гээд маш зоригтой, зөв шийдвэрийг гаргасан гэж боддог.
-Мэдээлэл технологийн инженер мэргэжлийг сонгоход гол нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?
-Зургадугаар ангид байсан санагдана. Физикийн Ганбаяр багш маань физикийн олимпиадад намайг оруулна гээд тэр үед математикаас өөрийг мэдэхгүй явсан үе л дээ. Тэгээд бэлдэж эхэлсэн. Аймгийн хэмжээний физикийн олимпиадын нэгээс бусдад нь түрүүлсэн байдаг юм. Тэр жил Чулуунхороот суманд зохиогдсон физикийн олимпиадаас алтан медаль авч чадаагүй ч Чулуунхороотын охиныг амьдралынхаа ханиа болгосон маань хамгийн том  аз, амжилт байсан. \инээв\ Ингээд дунд сургуулиа төгсөх үед Ганбаяр багш маань надад маш том салбаруудыг санал болгосон. Цөмийн физик, оптик холбоо гэхчлэн.
-Тэгээд багшийн зааснаар явсан уу?
-2009 онд арван жилээ төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд физикээр 800 оноо, англи хэл дээр 800 оноо, математик дээр 739 оноо авсан. Тэгээд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнес менежментийн ангид элсэн орсон ч нэг жил хэртэй суралцаад эргэлзэж эхэлсэн. Би физик суурьтай юм чинь инженер болох хэрэгтэй юм байна гээд сургуулиа солих шийдвэр гаргасан. Хоёрт гэвэл, гадагш явах хүсэл эрмэлзэл байсан. Америк явж суралцахад тэтгэлэг олж чадахгүй бол хувийн зардлаар сурна гэдэг хүндхэн санагдсан л даа. Америкийн тэтгэлэг  ар, өврийн хаалгаар олддог гэдэг үнэн, худлыг мэдэхгүй тийм нэг ойлголттой байсан. Тэгээд тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судлаад үзэхээр Хятад улсын хувьд хамгийн боломжийн, газар нутгийн хувьд ойр санагдсан. Тэгээд бодсон л доо. МУИС бол өндөр голчтой хүүхэд олонтой. Тийм болохоор харьцангуй өрсөлдөөн багатайгаар нь ШУТИС руу орох нь зөв юм байна гэж шийдсэн.
-Амьдрал гэдэг тэр чигтээ сонголт юм даа?
-Миний хувьд ямар ч асуудалд А, Б төлөвлөгөө үргэлж тархинд зэрэгцэн явдаг. Энэ зам болохгүй бол энэ нь гэсэн эрсдлийг тооцсон хувилбар ямагт байдаг. Тэгээд ШУТИС-д орох болоход багшийн маань  Оптик холбоо гэдэг үг санаанд орж, ямар ч эргэлзээгүйгээр тус сургуулийн Мэдээлэл Холбооны Их Сургуулийг сонгож Оптик холбооны инженерээр суралцсан. Аccess хөтөлбөрт хамт байсан найзуудаасаа Америкт ажил хийх явцдаа аялах  бүрэн боломжтой гэсэн мэдээллийг олж сонсоод 2011 оны зун Америк явсан. Сүүлийн сард нь орчинд нь ирснийх ТОЕFL-д бэлдэж эхэлсэн. Эргэж ирээд энд суралцах тухай бодохоор мөн л сургалтын төлбөрийн асуудал урган гарч, нутагтаа ирээд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэж оролцсон. Математик, англи хэл, хятад хэл гэсэн 3 шалгалт өгч тэнцэн  холбооны чиглэлээ барьсан ч электроникоо давхар авч явах санаа байсан. ШУТИС-д сурч байхдаа  Улсын Электроникийн  олимпиадад орж багаараа алтан медаль авч байсан болохоор тэр тал дээрээ илүү сонирхолтой байсан.
-Олимпиадаас алтан медаль авч чадаагүй ч амьдралынхаа ханийг олж авсан гэж дээр ярьсан. Хэзээ амьдрал зохиов?
-11-р ангид байхдаа Хэнтий аймгийaн Биндэр суманд зохиогдсон физикийн олимпиадад оролцож эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Тухайн үед манай эхнэр Чулуунхороот сумаас оролцсон. Тэгээд мессежээр харилцаж үерхэж эхэлсэн. Оюутан болж хотод очоод дотносож, хүүхэдтэй ч болсон. Эхнэр маань хүүхдээ өсгөхийн зэрэгцээ хичээлдээ шамдана. “Сайн оюутан нөхөртэй, хүүхэдтэй, дипломтой төгсдөг” гэдэг шиг эхнэрийн маань хувьд хүндхэн он жилүүд байсан. \Нүдэнд нь нулимс гялтганана\ Хүүхэдтэй болсоноо мэдсэн тэр зун нь би Хятадын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, тийшээ  явах уу, Монголдоо үргэлжлүүлэн сурах уу гэсэн шийдлийн өмнө ирж, бас л бодсон. Монголдоо үлдэнэ гэхээр хоёул оюутан. Сургалтын төлбөр зардал, амьдрах хэрэгцээ шаардлага гээд бодохоор Монголдоо байх нь хэцүү санагдсан. Хятадад сурвал сургалтын төлбөр цаанаасаа, байр хоол үнэгүй, давхар тэтгэлэг авна. Эхлээд сард 1400 юань авч байсан нь тухайн үеийн ханшаар 300 мянган төгрөг, сүүлд 2500 юань болж өссөн. Сургуулиа төгсөх үед бүл нэмж, хоёр дахь хүүхэд маань мэндэлсэн. Хүүхдүүдээ илүү тайван, цэвэр агаартай орчинд өсгөх, аав ээж, гэр бүлийнхээ дэмжлэгт ойр байх, ер нь хүүхэд байхын миний мөрөөдөл орон нутгаа сайхан хөгжүүлэхсэн гэсэн бодол сэтгэлд уяатай явдаг. “Хүний нутгаас жаргал эрэхээр өөрийн нутгаа диваажин болго” гэж Халхын хэцүү То вангийн хэлсэн үг бий. Тэгээд харилцаа холбооны чиглэлээр аймагтаа хамгийн томд тооцогдох Мэдээлэл Холбооны Сүлжээ  компанид орж ажилласан. Цалин мөнгөний ахиуг харсан бол өөр сонголт байж л байсан. Мэргэжлээрээ хамгийн том бүтцэд нь орж ажиллая гэсэн ганцхан зорилгодоо хөтлөгдсөн.
-Сурсан мэдсэн зүйлээрээ бусдад хэр нөлөө үзүүлж чадаж байна?
-Орон нутагтаа ажиллаж байгаа ихэнх залуус Монголдоо мэдлэг мэргэжил эзэмшсэн байдаг. Миний хувьд тийм ийм сургууль төгссөн гэж илүүчирхэх дургүй. Нарийн мэргэжлийн чиглэлээр гадаадад сурах хүндрэлтэй. Ялангуяа Хятадад. Хэлний бэрхшээл тулгарна. Залуучуудын хувьд илүү технологи хөгжсөн, илүү соёлжсон газар руу явж суралцах хэрэгтэй. Эх орноосоо хол ажиллаж суралцаж, амьдарна гэдэг хүн өөртөө шинэ шат, шинэ боломжийг  нээж өгдөг шиг санагддаг. Тэр бүхнийгээ шууд хэрэгжүүлнэ гэдэг хэцүү л дээ. Наад зах нь Хятадын хөгжил, соёлтой холбоотой асуудлаар яримаар санагддаг ч манай Монголчуудын хэтийдсэн нэг үзэл байдаг. Түүнээс нь болоод тэр бүр яриад байдаггүй. Хятад бол багшийг дээдэлдэг, номыг дээдэлдэг, өв уламжлалаа дээдэлж түүхээ хадгалж ирсэн орон. Нэг ёсондоо өмнөх уламжлал нь хадгалагдан шинэчлэгдэж явдаг. Үүх түүхээрээ бахархахын зэрэгцээ гэр бүлийн хүмүүжил, ёс заншил, дэг журам тал дээр маш сайн. Ямар ч хятад оюутан хичээлээ хийнэ. Зугаацаж цэнгэх үедээ ч зугаацана. Гэхдээ задгай давилуун байдлыг хэзээ ч гаргадаггүй. Спорт, соёлын ажилд байнга оролцоно. Их сургуульд дан ганц Оюутны холбоо байдаггүй. Залуучуудын сонирхлыг нь хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухаан сонирхдог, англи хэлний гэхчлэн оюутны клуб олонтой. Үргэлж өөрсдийгөө хөгжүүлдэг. Өөрт онцын шаардлагагүй дэмий юманд амбицлах нь бага. Бид бусдын түүхээс, хөрш орноосоо суралцах хэрэгтэй юм шиг санагддаг.
-Сэтгэлдээ тээж ирсэн зүйл юу байна? 
-Түүхээ үлдээдэг, технологийг шинэчилдэг, хадгалдаг тийм л болмоор байна. Бид олон зууны үүх түүхтэй гэдэг ч тэр бүхнээс үлдсэн нь ховор шүү дээ. Төмөр боловсруулдаг байсан гэж яриад байдаг хэр нь тэр төмөр боловсруулдаг байсан технологи нь хаана байна. Ер нь цаасан хэлбэрээр бичиж үлдээж байх хэрэгтэй. Өнөөдөр Барилгачдын холбоонд Төрболд гэдэг хүн ажиллаж байлаа гэхэд тодорхой хэмжээний архив бичиг үлдээх, системээ бий болгох хэрэгтэй. Төрийн байгууллага, компаниуд ялгаагүй. Манайд нэг хүний ажлын байр солигдоход тэр чигтээ бүх ажил солигддог. Тэр хүнээс бүх юмаа асуух болдог. Нэгэнт өмнөх хүнээс уламжлагдаж ирээгүй болохоор дараагийн хүн нь бүх юмыг шинээр хийж эхэлдэг. Хятад гэлтгүй Европ барууны соёлд ч нэг зүйл байдаг. Тэр нь цаасан хэлбэрээр бүх зүйлийг үлдээдэг. Сайн, муу ч үлдээж л байх хэрэгтэй. Одоо бол технологи гоё хөгжиж байна. Цаасаар байж болно, мэдээллийн систем дата байж болж байна. Хийх л хэрэгтэй. Хүн болгон энэ тал дээр анхаараасай. 
-Хэд хэдэн сургалт зохион байгуулсан дуулдсан?
-Барилгачдын холбоо маань аймгийн ГХБХБГ-тай хамтран хэд хэдэн удаагийн сургалтыг зохион байгуулсан. Өнгөрсөн оны 8-р сард  “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Галын аюулгүй байдал”, “Анхан шатны тусламж” гэсэн сэдвээр сургалт зохион байгуулж, гишүүн байгууллагуудынхаа ажиллагсдыг хамруулсан. Энэ онд Э.Энхболд захиралтай “Сүх-Индэр” компани өөрсдийн идэвх санаачилгаар Барилга хөгжлийн төвөөс мэргэжилтэн урьж авчирч аймгийн ГХБХБГ-тай хамтран сургалт зохион байгуулсан. Манай Барилгачдын холбооны ерөнхий зорилго бол гишүүн байгууллага болон тэдгээрт ажиллагсдын  эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих, сургалт зохион байгуулах, ажиллагчдыг чадавхижуулах. Энэ зорилго маань эргээд боловсролтой холбогддог. Боловсрол гэдэг арван жилийн эсвэл их сургуулийн боловсролоор хязгаарлагдахгүй шүү дээ. Хүн үргэлж боловсорч, үргэлж уншиж судалж байх хэрэгтэй. Илүү боловсролтой болбол илүү өндөр орлоготой болно гэсэн үг. Тэгэхээр манай барилгын салбарын хүмүүс байнга боловсролоо дээшлүүлж, сурч мэдсэнийхээ дараа би ийм чадвартай, ингэж үнэлүүлэх ёстой гэдэг зарчим руу явах  ёстой юм.
-Ойрын зорилго гэвэл?
- Барилгачдын холбоонд ажиллаж байгаа хэдий ч миний үндсэн мэргэжил бол мэдээлэл технологийн чиглэлтэй ойрхон. Тийм болохоор ажил, мэргэжлээ хооронд нь уялдуулаад барилгын салбарын Нэгдсэн мэдээллийн сантай болгох зорилготой байна. Өөрийнхөө хэмжээнд энэ ажлыг эхлүүлээд явж байна. Дорнод аймгийн барилгын салбарын аппликейшн хийе гэдэг дээр бид тогтож ярилцсан. Энэ нь байгууллагын үйл ажиллагааг сурталчлахаас гадна хоорондоо ажлын зуучлал болон барилгын материалын худалдаа чиглэлээр нэгдсэн том платформтай болох зорилготой. Залуу хүний хувьд аль болох ирээдүйг харсан ажлыг бодож төлөвлөж, хийхийг зорьж явна. 
-Энэ бүх эрч хүч, өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ?
-Хүн дуртай зүйлээ хийх, мэддэг зүйлээ ярихад цаанаасаа эрч хүч ундардаг. Гэхдээ гаднын хүчин зүйл байлгүй яахав. Гэр бүл, найз нөхөд, ойрын хүрээлэл гээд. Энэ бүх хугацаанд арыг минь дааж яваа энэ хүмүүсийнхээ дэмжлэг хүчинд явж байна. Ажлын шугамаар анх танилцаж байгаа хүмүүс ч байна. Шүүмжлэлтэй ханддаг хүн ч бий. Тэдний үгийг авч гаргасан алдаагаа дахин давтахгүй байх нь надад ашиг тустай. Ядраад зүтгээд сэтгэл гаргаад байхад ганц жижиг алдаан дээр дөрөөлөөд урам хугалах шиг муухай зүйл үгүй.  Харин ганцхан хэрэгтэй зүйлийг хэлээд өгөхөд буцаад сэргэдэг. 
-Гэр бүлээ танилцуулаач?
-Миний эхнэрийг Бат-Өлзийн Энх-Уянга гэдэг. Чулуунхороот суманд төрж өссөн, дунд сургуулиа  тэнд дүүргэсэн. МУИС-ийн химийн ангид суралцаж төгссөн. Инженер мэргэжилтэй.Мэргэжлийн хяналтын газрын лабораторид  химичээр ажиллаж байна. Манайх Тэргэл, Оргил нэртэй хоёр хүүтэй. Том нь гуравдугаар анги, бага нь цэцэрлэгийн ахлах анги. Хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдүүд бий. Эхнэр маань их ухаалаг. Алдаан дээр дүгнэлт өгдөг, надад түшиг болдог сайн хамтрагч.

-Шүлэг бичих сонирхолтой гэсэн?
-Мөр холбох дуртай. Өнгөрөгч Мартаар эхнэртээ зориулж бичсэн мөртүүдээ дараалалд оруулаад өглөө найман цагаас эхлээд  хоёр цагийн зайтай зурагтай нь хамт өдөржин постлосон. Өөрийнхөө хэмжээнд ханьдаа бүтээл зориулсан гэх үү дээ. \инээнэ\
-Эцэст нь түүнээс Монгол орныхоо хөгжлийн ирээдүйг яаж харж байгааг нь сонирхлоо.
 “Одоо бол Технологийн хувьд сум, аймаг, дээд талын хөгжлийн шат нь Улаанбаатар хот гэсэн ийм шатлал байгаад байна шүү дээ. Заавал Улаанбаатар хотод амьдрахаар хүний тоонд ороод хүн шиг амьдрах шиг бодох юм. Миний хувьд хотод амьдарсанаараа амьдрал сайхан болчихгүй. Харилцаа холбоо, дэд бүтэц, гар утас, интернет хөгжчихлөө. Томоохон дагуул хотуудаа хөгжүүлэхэд бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл, ХҮН Л ХЭРЭГТЭЙ. Залуучууд бид зөвхөн урдах ажлаа гэхээсээ илүү зарим үед ирээдүйн хөгжлийн төлөө санаа чилээх хэрэгтэй. Ирээдүйн хөгжил гээд хэт амбицлаж улс төр рүү орвол бас онцгүй” гэж тэр хариулсан.  
Нутаг орныхоо хөгжлийн төлөө гэсэн эрч хүчээр дүүрэн Төрболдын яриа хөөрөө уншигч танд нэгийг бодогдуулсан биз ээ. Шижигнэсэн ийм залуу нутаг орноо зориод ирж. Тэр барилгын салбарт зогсож байна. Сууриар нь гаргаж ирж үзэх нь. Түүнд бусдын дэмжлэг хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй.

Шинэ үеийн залуу төлөөлөл Чамд баярлалаа. 

Б.ТУЯА       
 

  • Туяа
  • 268
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313