Урлагаар ард олныхоо оюуны дархлааг дэмжинэ

2022 оны 3-р сарын 31 өдөр

ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН ӨДӨРТ
Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын Маркетингийн албаны дарга: Батсайханы ЦЭРЭННАДМИД

      Нэгэнтээ “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг дээр Бавуугийн Лхагвасүрэн гуай “Уйлна гэдэг тархиныхаа угаадсаа гаргаж байгаа юм” гэж билээ.  Дорнодчууд саяхан тархины угаадсаа гадагшлуулсан сайхан жүжиг үзсэн.  Уйлж, дуулж ухаарч жүжиг үзээгүй яасан ч удсан юм. Үзсэн хүн хариад ярихаар, ярьсан хүн дахин дахин бодохоор сайхан жүжиг бичсэн  “Нүдтэй наран тамга” жүжгийн зохиолч Б.Цэрэннадмидыг та бүхэнтэй уулзуулъя. 

-  Та одоо театрт ямар албан тушаал хашиж байна вэ?
- Миний өвөө Дорнод аймгийн Матад сумын хүн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхнэр авч тэндээ суурьшсан гэдэг. Аав минь Сүхбаатар аймгийн уугуул. Би Сүхбаатар аймагт төрж өсөж, ажиллаж амьдарч байсан. 2010 онд Кино урлагийн дээд сургуулийн сонгоны ангийн багшаар ажиллаж байхад Л.Наранхүү дарга хамтарч ажиллах санал тавьж Дорнод аймгийн ХДТ-т Ерөнхий найруулагчаар ирж байлаа. Хөдөө төрж өссөн, хөдөө ажиллаж амьдрах дуртай болохоор Л. Наранхүү даргын саналыг хүлээж авсан. 2016 онд манай театрт Маркетингийн алба шинээр байгуулагдаж одоог хүртэл хариуцан ажиллаж байна. Манай Маркетингийн алба найман хүний бүрэлдэхүүнтэй.  Урлагт маркетинг маш чухал. Дээхэн үед үзэгчид өөрсдөө театрт зорьж ирдэг байсан бол одоо яаж үзэгчдийг театрт ирүүлэх вэ? гэдэг нь шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна.
- Та урлагт яаж хөл тавив ?
- Манай аав, ээж хоёр багш мэргэжилтэй. Аавынхаа мэргэжлийг өвлөж монгол хэл, уран зохиолын багш эсвэл сэтгүүлч болно гэж боддог байлаа.  1987 он, намайг аравдугаар анги төгсөхөд Улсын багшийн Их сургуулийн Кино драмын ангийн элсэлтийн шалгалт манай аймагт ирсэн. Жүжигчний мэргэжлийг сонирхож байгаагүй болохоор дуртай дургүй  шалгуулсан нь тэнцчихдэг юм. Тэр үед элсэлтийн шалгалт авсан “Говийн зэрэглээ” киноны Арслан- Доржсамбуу багш, “Гарын таван хуруу” киноны Шагдар- Лхасүрэн багш энэ хүүхдийг л авмаар байна гээд  УБИС-ийн Кино драмын ангид орсон доо. Биднийг оюутан байхад СУИС байгуулагдаж УБИС-иас СУИС-руу шилжиж анхных нь төгсөгч болсон. Одоо драмын театрын жүжигчин Болд-Эрдэнийн аав манай ангийн багш байлаа. Манай ангийнхан монголын урлагт мандаж байна ш дээ. Олон гавьяат төрсөн.  Би 2000 онд шоу найруулагчаар сурч урлагийн маркетинг түлхүү судалсан. Сүхбаатар аймгийн театрын даргаар ажиллах хугацаандаа энэ чиглэлээр нэлээн мэргэшсэн.
- Тэр үеийн сургалт сайн байж л дээ?
- Анх манай Кино драмын ангид 20 гаруй хүүхэд элсэж орсон ч 14- үүлээ төгссөн шдээ. Өглөө найман цагаас орой автобус зогстол сургууль дээрээ. Заримдаа ангидаа хононо. Өдөр 14 цагт ерөнхий эрдмийн хичээл дуусаж 16 цагаас ур чадварын хичээл эхэлнэ. Балбуулна даа. Яг л жүжигчин болно гэсэн нь үлдэж бусад нь яваад өгдөг юм билээ. 1991 онд төгсөхөд Доржсамбуу багш УДЭТ-ын даргаар ажиллаж байсан. Энэ хүүхдүүдийг ангиар нь авна гээд ангираа УДЭТ-ын жүжигчид болсон. Тэнд олны хэсэгт жил хэртэй тоглож байгаад Эстрад дууны “Вариата” чуулгын дарга намайг чуулгатаа урьж, орсон. Тэнд их юм сурсан. Дараа нь урлагаас хэсэг хөндийрч наймаа хийсэн. Тэгэж байтал Сүхбаатар аймгийн театр ажиллах санал тавьж Уран сайхны удирдаач, ерөнхий найруулагчаар ажилласан.
- “Нүдтэй наран тамга” таны бичсэн хэд дэх жүжиг вэ?
- Хүүхдийн жүжиг гурав, драмын жүжиг гурвыг бичсэн. “Нүдтэй наран тамга” миний зургаа дахь жүжиг. Сая нэг моно жүжиг хүлээлгэж өглөө. Одоо хоёр жүжгийн захиалга бий. Ирэх таван сард “Ялалтын цуваа” моно жүжгийн уралдаанд манай жүжигчид оролцохоор бэлдэж байна. Манай багш нар зохиолын задаргаа их хийлгэнэ. Тухайлбал, би чамд хайртай гэж хэлээд  гарч яваад хайртай хүнийхээ төлөө амиа хорлосон хүний дүр байна. Тэр дүр урьд нь ямар амьдралтай байв?  Яагаад энэ хүнд хайртай болов? гэхчлэн үгийн тоо зааж намтрыг нь  бичүүлнэ. Би зохиолын задаргаа их сайн хийдэг оюутан байсан. Хүнд эрдэм багадахгүй. Хүн биеийн хүчний дасгал хийдэг шигээ оюуны дасгал хийх ёстой. Би залуусыг монгол хэлээ маш сайн мэддэг байхын сацуу гадаад хэл сураасай гэж боддог. Гадаад хэл сурах нь оюуны маш сайн дасгал болдог. Гэрлэн дохион дээр зогсож байхдаа би секундыг нь англиар, оросоор, солонгосоор тоолдог. Тархиа залуугаар нь байлгаж чадвал хүний чадвар хөгшрөхгүй. Сурах түр зуурын зовлон, сураагүй нь үүрдийн зовлон гэдэг шүү дээ.  Залуусаа, өдөрт хоёрхон цагийг тархиндаа зориулаарай. 
- Жүжиг бичих санаа хаанаас яаж төрдөг юм бэ?
-  Уран бүтээлчид бол үзэгчдэд шинэ сонин юу үзүүлэх вэ гэж үргэлж бодно ш дээ. Толгой байнга ажиллана. Тэгж байж урлаг хөгждөг. Оюуны хөдөлмөр хүнд. Ядаргаанд орно, нас богиносоно, зожиг зан сууна. Тэгсэн хэр нь сэтгэлгээ задгай байхыг шаарддаг.  “Нүдтэй наран тамга”  анх 150 сая төгрөгийн санхүүжилттэй бүжгэн жүжиг байсан юм. Корона гарч санхүүжилт нь цуцлагдсан.  Тэгэхээр нь манай театр Швейцарын хөгжлийн агентлагт хандсан. Тэд “Бид нэг байгууллагад нэг л удаа дэмжлэг үзүүлдэг. Танай байгууллага итгэлтэй төсөл хэрэгжүүлдэг учир дахин дэмжлэг үзүүлье” гэсэн хариу өгсөн.  Төслөө бичээд явуулсан нь  жаран таван сая төгрөгний төсөв батлагдсан. Ингэж л “Нүдтэй наран тамга” амилсан даа.  Анх Бөртэ чоно, Гоо марал тэнгис далайг гатлан Онон мөрний хөвөөнд ирж, Батцагаан хэмээх хүү төржээ гээд л... Бүжгэн жүжиг бичих гээд Бөртэ чоно, Гоо маралыг судалсан. Эртний улс чинь Энэтхэг, Хятад шүү дээ. Энэтхэгийн хааны хүү ааваасаа зугтаж явсаар газрын мухарт жилийн дөрвөн улиралтай нутагт ирж л дээ. Тэр нутагтаа Гоо марал хэмээх бүсгүйтэй танилцан Монголын анхны хор улсыг байгуулж. Тэндээс хүн төрөлхтөн үүсэж, хөх тамгаар тамгалан “хүн” гэж нэрлэлээ гэдэг санаагаар анх “Нүдтэй наран тамга” жүжгээ бичсэн. Бүжгийн жүжиг масс ихтэй. Бидэнд тийм олон бүжигчин байхгүй. Хөрөнгө мөнгө их шаардана. Нэг бүжгэн жүжиг 200 сая төгрөгөөс наашгүй. Швейцарын хөгжлийн агентлагаас тодорхой санхүүжилттэй болсон болохоор жүжгээ хөгжимт драмын хэлбэрт шилжүүлсэн. Продюсертайгаа саналаа солилцож дотроосоо найруулагчаа сонгон Б.Мөнх-Амьдралд санал тавьсан. Нөхөр маш талархалтай хүлээж авч, бүх хүчээ дайчилсан. Ерөнхий найруулагч, хөгжмийн зохиолч, бүжгийн найруулагч дөрвүүлээ зүтгэсэн. Ариунбаатар, Мөнх-Амьдрал хоёр маань “Гэгээн муза”-гийн хоёр удаагийн Гранпри шагналтай чадварлаг уран бүтээлчид. Дүрийн сонголтыг хүний нөөцдөө тааруулсан. Манай жүжигчид бүгд маш их хичээсэн. Театрынхан тэр чигтээ зүтгэсэн. Гавьяат багш Г.Бүдтуяа “Нүдтэй наран тамга” жүжгийг УИХ-ын 76 гишүүнд үзүүлэх юмсан гэж сэтгэгдлээ бичсэн байна билээ. Бидний хэлэх гэсэн санаа үзэгчдэд хүрчээ гэж баярлаж сууна. Байгаль нуурын хойд талд баргуудын тахиж шүтдэг “Нүдтэй наран тамга” нэртэй овоо байдаг тухай сонсоод судлаад үзсэн чинь боржигончууд нүдтэй наран тамгаар адуугаа тамгалдаг байсан юм билээ. Үүнээс анхны санаагаа авсан. Эзэн Чингис хааны үед, их Юань улсын үед монголчууд яагаад хүчтэй байсан юм гэхээр оюуны дархлаа өндөр төвшинд байжээ. Монголчууд тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Мөнх хөх тэнгэрийг шүтдэг учраас хөх тамгатай төрдөг. Хөх толботой төрдөг учраас онцгой ард түмэн. Хөх тэнгэрийн  нүд нь нар юм байна.  Тэнгэрийн мэлмий наран ээж хүн, байгалийг  ээхдээ Монголчуудад  илч гэрлээ илүү хайрлаж. Монголчууд хөх тэнгэрээ шүтэж эв нэгдэлтэй байвал хэзээд хүчирхэг хэвээр оршино гэдэг санааг илэрхийлсэн.   
- Түүхэн жүжиг бичихэд маш их судалгаа хийгддэг байх?
- Маш их уншина. “Нүдтэй наран тамга” жүжгийг бичихийн тулд Монголчууд ямар үедээ хамгийн хүчирхэг байсан юм бэ гэдгийг судлах шаардлагатай болсон. Уншаад судлаад үзэхээр эзэн Чингис хааны үе бол Их монгол улсын дайн самуун хядлагын үе байжээ. Би хувьдаа Монголчуудын ноёрхлыг  Юань гүрний үе гэж харсан.  Тэр үед Монголчууд тэнгэр шүтлэгтэй байсан. Шашин бол ард түмний итгэл үнэмшил учраас аливаа улсыг эзлэхдээ тухайн улсын соёлыг хүндэлж шашныг нь хөндөөгүй байж.  Хубилай хааны үед бид дэлхийн толгой дээр суулаа хэмээн тайван замыг сонгож буддын шашин шүтэх зарлиг гаргасан нь бий. Дэлхийн улс орнуудын харилцааны томоохон сувгууд монголчуудын мэдэлд байсан нь Торгоны замаас харагддаг. Энэ түүхэн жүжгийг бичихийн тулд Юань гүрний үеийн зоосыг  хүртэл харж судалсан. Монголчууд алтан зоос гаргаж байсан нь ямар хүчирхэг, баян байсныг харуулж буй хэрэг юм. Монгол хүн бөгс, зоо нуруун дээрээ хөх толботой төрдөг.  Энэ бол бидний энерги. Хөх толбо хүүхдийг 10 нас хүрэхэд цусанд нь шингэж, тархинд нь орж задарч оюуны гурав дахь мэлмий болдог юм байна. Хэдий чинээ их хөх толботой байна төдий чинээ юуны хүчтэй хүн байна гэж үздэг байж. Ингэж бодож “Нүдтэй наран тамга”-ыг бичсэн.  Жүжгэнд гардаг Буян хаан бол зохиомол дүр.  Жүжгийн төгсгөлд Буян хаан төр үнэн байж үүрд бат орших болтугай гэж хэлдэг нь ерөөсөө энэ жүжгийн тайлал. Төрийн хууль хаан хүү, харц ардад ижил үйлчлэх ёстой. Төр нь улсдаа үнэнч, ард түмэндээ үнэнч,  дэлхийд үнэнч байж хүчтэй оршин тогтноно. Одоо төрийн бодлогыг хар. Өвөг дээдсийн бодлогыг сана. Юань гүрэн задарч 44 аймагт хуваагдсанаас хойш монголчууд гаднынханы  олз болж зовсон  шүү дээ.  
- Монголчууд тэнгэрлэг ард түмэн гэдгийг бөөгөөр илэрхийлэхийг зорьсон уу?
-  Бөөгийн шашныг сурталчилж байгаа юм биш. Монголчууд тэнгэртэй харьцдаг ард түмэн. Тэнгэрийн шашны төлөөлөл нь бөө.
-  Дуулалт жүжгийг үг толгой, сүүл холбож шүлэг хэлбэрээр зохидог юм байна гэж харлаа. Тухайлбал, Буян хаан “Төрийн хуулийг үнэн байлгах гэж төрсөн үрээ хөнөөлөө” гэхчлэн олон нийтэд хэлэх санаа, хувь хүний сэтгэлд үлдэх үг арвин байсан?   
- Аавын минь монгол хэлний авьяас надад өвлөгдсөн юм шиг ээ. Миний аав монгол бичгээр гарамгай уншиж бичдэг хүн байсан.  Зураг зурна, шүлэг тэрлэнэ.  Нутгийн хүмүүст Өвөрмонголд байдаг садан төрлөөс нь захиа ирнэ. Түүнийг нь аав уншиж өгч, хариуг нь бас бичиж өгнө. Их сургуулиа төгсөөд би хэсэг хугацаанд Улаанбаатар хотод ажиллаж байгаад сумандаа очсон. Зун аавтайгаа гэрийн мод эрээлнэ. Би сүүдэр тавина. Аав хээгээ тавьчихаад дараагийн айлынхаа модыг эрээлэхээр яваад өгнө. Би сүүдрээ тавьж гүйцэхгүй. Намайг нэг айлын модтой ноцолдож байхад хоёр гурав дахь айлын модоо хээлээд дууссан байдаг. Хүний хөрөг зураг зурна. Аав минь их  залуугаараа бурхан болсон. Ааваасаа сурсан юм их бий. Би зорьж суугаад шүлэг зохиол бичиж байгаагүй хэр нь хүн захиалахад бичээд өгдөг. Бичсэн шүлгэндээ ая хийнэ. Сайн багш нарын шавь байсны ач л даа. Хүн ер нь олсон мэдлэгээ ур чадвар болгоод өөрийгөө хөгжүүлэх ёстой. Жүжгээ эхлээд тархиндаа буулгана. Маш сайн бодсон зохиол цаасан дээр намайг хөтлөөд явчихдаг. Хамгийн гол нь санаа, зорилго тодорхой байх ёстой. Жүжгийнхээ анхны хар зургийг долоо хоногт бичсэн. Театрын удирдлага “та тухтай байрлаад зохиолоо бич” гээд ажлынхаа өрөөнд амьдарсан ш дээ. Жүжгээ бичээд суухад нэг мэдэхнээ шөнө дунд болсон байдаг.  Өөрийгөө хүчээр амраахгүй бол улайраад суучихдаг. Би ийм зохиол бичсэн энүүгээр л тавина гэх утгагүй. Найруулагчийн санаа тусгагдана. Уран бүтээлийг хязгааргүй сэтгэх ёстой.
- Одоогоор хэдэн дууны шүлэгтэй байна. Б.Мөнх-Амьдралын “Даруухан гоо” дууны шүлэг таных байхаа ?
- Гучаад юм бий. Шүлгэндээ ихэвчлэн өөрөө ая хийдэг. Хүнд өгөхөөр голох байх гэж бодоод хүнээр ая хийлгэж зүрхэлдэггүй юм.  Ариунбаатар “Өөрийнхөө шүлгэнд өөрөө л ая хийгээд байх юм. Надад өг л дөө. Тоглолтын төгсгөлд тайзан дээр хоёулаа ёсолбол гоё биз дээ” гэсэн. Манай Ариука мундаг. “Даруухан гоо” дуу санамсаргүй бүтсэн түүхтэй. Байгууллагынхан дундаа “монета” зохион байгууллаа. Би хөгжимчин Оюундалайг сугалсан.  Байгаа үгүй нь мэдэгдэхгүй их даруухан охин. Монитадаа бэлэг явуулахдаа дөрвөн мөрт бичээд явуулаад байсан юм. Нэг харсан нь дуу болчмоор санагдахаар нь  ая хийсэн. Шүлэг бичдэг хүн ховор болохоор Монита задраагүй байхад баригдсан л даа. Өрөөндөө “даруухан гоо чимжээ, даруухан гоо чимжээ” гээд ая хийж байхыг Б. Мөнх-Амьдрал сонсоод энэ миний дуу байна шүү гэсэн.  Тэр үед “Манлайбаатар” жүжиг тавигдаж Б. Мөнх-Амьдрал туслах найруулагчаар ажиллаж байсан юм. Их ажлын дундуур шурдхийн Улаанбаатар явж дуундаа клип хийгээд ирсэн. Санаандгүй хийсэн бүтээл олны хүртээл болдог л юм билээ.    
- Зохиолын дүрүүдэд нэр өгөх нь их утга учиртай байдаг юм гэсэн. Таны хувьд “Нүдтэй наран тамга” жүжгийн дүрүүдийн нэрийг яаж хайрлав?  
- Жүжгийн дүрүүдийн нэр их чухал. Нэрнээсээ тухайн дүр харагдаж байх ёстой. Хааныг яагаад Буян гэж нэрлэв. Хүн төрөлхтөн эртнээс аав ээждээ, өөртөө, үр хүүхдэдээ хэдий их буян хураана төдий чинээ аз жаргалтай амьдрана гэж үздэг. Буянтай хүн гэхээр өгөөмөр нинжин сэтгэлтэйгээр төсөөлөгддөг.  Бүх зүйлийн оройн дээд нь Буян гэдэг утгаар хааныг нэрлэсэн. Хүлэг нэрээр баатарлаг, зоригтой, эрс шийдэмгий хүүг харуулж байна. Цэгц гэдэг нь цэх шулуун байхын илэрхийлэл.  Хунгоо гэж ямар ч  эр хүн сэтгэл алдрахгүй байхын аргагүй гоо үзэсгэлэнгийн төлөөлөл.  Номч түшмэл гэдэг бодлогын чанартай нэр. Энэ цаг үед Хятадын нэг хаалганы бодлогын тухай яригдаж байна. Хятад улс хэзээнээс Монгол улсыг өөртөө нэгтгэх гэсэн үзэл санааг агуулж байсны илэрхийлэл болгож өгсөн нэр. Дүрүүдийн нэрнээс зохиолын уялдаа холбоог харж болно.    
- Хувь хүний үзэл баримтлал уран бүтээлд нь шингэдэг үү?
- Шингэнэ. Үзэл бодлоо шингээхгүй юм бол тэр тухайн хүний уран бүтээл биш. Бид урлагаар дамжуулж иргэдийнхээ оюуны  дархлааг бий болгох ёстой. Оюуны дархлаа бол эв нэгдэл. Залууст хандаж хэлэхэд боловсрол бол нэн тэргүүнд тавигдах ёстой. Хятадад оюутнууд номын санд суух эрх авахын тулд үүрийн дөрвөн цагаас үдэш болтол дараалалд зогсож байна. Тэд хөдөлмөрлөж байна. Манайд залуус тоглоом тоглоно, архи ууна.  Залуусын ухамсар сэтгэхүйг өөрчлөх ёстой. Тухайлбал энэ их хөлс хүч, хөрөнгө мөнгөөр бүтсэн жүжгийг олон хүнд үнэ төлбөргүй үзүүлмээр байна. Уран бүтээлчид хэзээ ч залхуурахгүй.  Санхүүжилтийг нь зохицуулчих юм бол бид хаана ч очиж тоглоход бэлэн.   
-  Бодит биш ч гэлээ түүхэн үйл явдлыг харуулж буй жүжигт  бүх зүйл нь утга учиртай байдаг юм байна л даа. Миний харж байгаагаар Цэгцийг цаазлахдаа ах, дүү хоёрыг дэнсэн дээр зогсоогоод цус гаргахгүй үхүүлдэг. Энэ найруулагчийн шийдэл үү?
- Тэгэлгүй яахав. Зохиол дээр Цэгцийг алсугай гээд л бичсэн байгаа ш дээ. Харин найруулагч  тайзан дээрээс үзэгчдэд харагдах байдлыг сэтгэдэг. Тайзны хөдөлгөөний найруулагч бас бий. Жүжигчдийн хөдөлгөөнийг найруулагч удирдана.  

Б. Цэрэннадмид түүх соёл, нутаг ус, өв уламжлалд хайртай нэгэн юм. “Дорнод аймаг стратегийн ач холбогдолтой нутаг. Онгон дагшин байгалиас эхлээд үзэсгэлэнт сайхан газар олонтой. Энэ нутагт маш их  энерги эрчим бий” гэсэн. Тэр “Нүдтэй наран тамга”-ыг бичихээс өмнө Туг  ууланд гарчээ.  Чингис хааны их цэрэг дайнд  ялагдаад буцах замдаа  Туг ууланд хар сүлдээ цэнгүүлсэн түүхтэй.  Хар туг дайны туг болохоор танхимд залагддаггүй гадаа байрладаг юм байна билээ. Дайны Хар туг тэнгэртэй холбогддог гэдэг. Туг уулын орой дээрээс баруун хойшоо дурандахад Хэрлэн бар хотын хаалга харагддаг. Туг уулын эргэн тойрон тэгш хэр нь холуур хүрээлсэн уултай. Хэрлэн гол хажуугаар нь урсана. Онцгой газар” гэв. Тэр энэ мэдрэмжээ жүжгэндээ ч шингээсэн. Жүжгийн эхлэл Туг уулын энгэрт байгаагаар эхэлж жүжгийн төгсгөлд бөөгийн түшээ Нүдтэй наран тамгыг Туг уулын энгэрээс олж ирлээ гэдэг. Ганцхан энэ өгүүлбэрээр зохиолч Төрийн их тамга манай нутгийнх юм шүү гэдэг санааг илэрхийлсэн гэх.

Б.ОДМАА
 

  • Туяа
  • 281
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313