ХОЁР ӨДРИЙН ХУРАЛДААНААР 

2022 оны 3-р сарын 31 өдөр

       Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит 8,9 дүгээр хуралдаан гуравдугаар сарын 14,15-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Эхний өдрийн хуралдаан 64,8 хувийн ирцтэй эхэлсэн бол, хоёр дахь өдрийн хуралдаан 78,3 хувийн ирцтэй эхлэв. Гуравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар : 
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах
-Хороодын ажиллах журмыг шинэчлэн батлах
-Ёс зүйн дүрэм батлах тухай
-“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үнэмлэх албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам” батлах тухай
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах тухай
-Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллаж байгаа Монгол ажилчдын талаар мэдээлэл сонсох
-“Меланж” ХХК-ийн талаар мэдээлэл сонсох зэрэг асуудлыг хэлэлцлээ.   

      Шинэчлэн батлагдсан “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” оны эхнээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ИТХ дүрэм журмаа баталсан. Өнгөрсөн жилүүдэд аймгийн ИТХ-аар хэлэлцэх асуудлын  дарааллыг  Тэргүүлэгчид хуралдаж шийддэг байсан. Нэг үгээр хэлбэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид бусад төлөөлөгчдөөсөө илүү эрх мэдэлтэйгээр шийдвэр гаргадаг байсан юм. Шинэчлэн батлагдсан “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иар Тэргүүлэгчид байхгүй болж бодлогын хороодыг байгуулж ажиллах хуулийн зохицуулалт хийгджээ. Шинэчилж батлагдсан дээрх хуулиар ИТХ улирал бүр хуралдах ёстой. Хуралдаанд хэлэлцэх асуудлыг бодлогын хороод оруулна. Аймгийн ИТХ өнгөрсөн хоёр жил нэг төлөөлөгч гурван бодлогын хорооны гишүүн байхаар есөн бодлогын хороотой ажиллаж  ирсэн. Энэ бодлогын хороог хэвээр нь ажиллуулах саналыг хэлэлцүүлэхээр хуралд оруулж иржээ. Харин ИТХ дахь Ардчилсан намын бүлэг төлөөлөгчдийг өнгөрсөн хоёр жил харьяа бодлогын хороондоо ажилласан байдлаар нь хуваарилах нь зүйтэй гэдэг байр суурьтай байв. Учир нь хоёр жилд нэг ч хуралдаагүй бодлогын хороо, хуралдаа нэг ч суугаагүй төлөөлөгч байгааг шүүмжилсэн. Тиймээс бодлогын хороодыг цомхотгож илүү мэргэжлийн гишүүдтэй байх ёстой гэж үзэв. Ардчилсан намын бүлгээс бодлогын хороог  7 болгох санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, ёс зүйн бодлогын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн бодлогын хороо, Нийгэм, төсөл хөтөлбөр, цахим бодлогын хороо, Байгаль орчин, орчны бодлогын хороо, Хот суурин дэд бүтцийн бодлогын хороо, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо, Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороо, Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлогын хороо, Эрдэс баялгийн бодлогын гэхчлэн 9 хороог баталж төлөөлөгчдийг хуваарилав. АН-ын намын бүлэг  Ёс зүйн хороог бие даасан хараат бусаар байгуулах ёстой гэж үзсэн  ч  бас л дэмжигдсэнгүй. Тэд цаашид төлөөлөгчийн ёс зүйн асуудалд хариуцлага тооцох аргагүй боллоо гэцгээж байсан. Нэг бодлогын хорооны 13 төлөөлөгч бодлогын хороон дээрээ хэлэлцэж буй асуудлаараа судалгаа тооцоо, санал дүгнэлт гаргахаас  биш тухайн асуудлыг буцаах эсвэл эцсийн шийдвэр гаргахгүй. Бодлогын хороогоор хэлэлцсэн бүх асуудал ИТХ-аар хэлцэгдэнэ гэсэн үг. Тухайн асуудлын эцсийн шийдвэрийг хурал гаргах юм.    Өмнө нь төлөөлөгчид аймгийн ИТХ зарлагдахад хэлэлцэх асуудлынхаа материалтай танилцаж амжилгүй оролцдог байсан бол одоо хуралдаандаа суухын тулд бодлогын хорооны хурал дээрээ асуудалтайгаа танилцана. Нэг үгээр хэлбэл шинэчилсэн хууль аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг ажилд нь шахаж орууллаа. Мөн шинэчилсэн хуулиар сумын ИТХ-ын төлөөлөгчид цалингийн доод хэмжээтэй тэнцэх хэмжээний, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид цалингийн доод хэмжээг хоёр дахин өсгөсөнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг сар бүр авах юм.
Бид аймгийн ИТХ-ын сурвалжлагаар өнөөдөр олон нийтийн дунд анхаарал татаж буй асуудлуудын мэдээллийг түлхүү өгөх юм. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж бүтэн өдрийн турш хуралдааны үед болон хуралдааны чөлөөт цагт ИТХ хэрхэн ажиллах дүрэм журмыг хэлэлцсэн.   

ЗАЛУУС ӨДӨРТ 12 ЦАГ АЖИЛЛАЖ БАЙНА


      Бүтэн өдрийн төгсгөлд гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа монгол ажилчдын талаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх мэдээлэл хийлээ. Тэрээр уул уурхайн компаниудын монгол ажилчдын цалин салбарын дунджаас доогуур байна.  Аймгийн хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талт хэлэлцээрээр уул уурхайн салбарын ажилчдын цалингийн доод хэмжээг 2021-2023 онд 1,5 саяас доошгүй байхаар тусгасан. Энэхүү хэлэлцээрийг Хөдөлмөрийн яам баталсан заалт нь хэрэгжихгүй байгаад аймгийн ИТХ-аас хяналт тавихыг хүссэн юм. Мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгч Ч.Эрдэнэбат “ИТХ-аас ямар шийдвэр гаргуулахыг хүсч байна вэ? Ямар компаниудад “ижил хөдөлмөр- ижил цалин” гэх зарчим алдагдаж байна?. Салбарын дунджаас доогуур цалин өгч байгаа ямар компаниуд байна? гэж асуусан. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх  “Аймгийн хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтэд  ИТХ-аас хяналт тавьж ажиллахыг хүсч байна. Газрын тосны “Петро чайна дачин тамсаг” компани монгол ажилчдын  цалин хөлсний асуудлыг үл тоосон байдалтай явж ирсэн. 2021 оны 7-р сард батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль энэ оны эхнээс хэрэгжих ёстой. Гэтэл Газрын тосны “Петро чайна дачин тамсаг” компани одоо болтол хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яамны хоёр талт хэлэлцээрээр уул уурхайн ажилчдын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин их байна гэж тогтоосон. Гэтэл уул уурхайн компаниуд 14 хоног амарч 14 хоног ажиллах зарчмаар ажлын цагийг уртасган дээрх заалтыг гуйвуулж байна” гэв. ИТХ-ын төлөөлөгч П.Гэрэлбаатар “Өнөөдөр барилгын туслах ажилтны сарын цалин 1,5 сая төгрөг байхад уул уурхай компанид ажиллаж байгаа ажилтны цалин энэ хэмжээнд байх нь зүй ёсны шаардлага. Дэмжиж байна” гэлээ.  Төлөөлөгч Л.Нарангэрэл монгол гадаад ажилчдын харьцаа, хоол хүнс, уул уурхайн салбарт эмэгтэй ажилчид эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөл бүрдэж байгаа эсэхэд товчхон мэдээлэл авлаа. Төлөөлөгч У.Даш “Аймгийн хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талт хэлэлцээрээр цалин хөлснөөс гадна монгол ажилчдын байр орон сууц бусад нийгмийн асуудлаар ямар заалт байна. Ковидын үед “Петро чайна дачин тамсаг” компани ээлжээ солихгүй ажиллаж байсан. Тэнд коронавирусээр өвдсөн хүмүүс эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадаж байсан уу? Энэ гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай аймгийн Засаг дарга захирамж гаргавал яасан юм” гэв.  Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх бид   “Петро чайна дачин тамсаг” компанитай уулзалт хийхээр очиход оруулдаггүй. Хашааны наана цаанаас харьцсан удаа бий. Монгол ажилчидтай уулзуулдаггүй, ноцтой зөрчлүүд байна” гэлээ. “Гурван талт гэрээний 5,3-т Дорнод аймагт ажиллаж амьдарч байгаа залуучууд, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны хотхон байгуулахад газрын асуудлыг шийдвэрлэнэ гэж заажээ. Аймгийн Засаг дарга гарын үсэг зурж байгаа учир газар олголтын асуудлыг шийдэх байх. Яаж хэрэгжүүлэх, санхүүжилт хаанаас гарах нь нарийн дурдагдаагүй юм байна. Энэ асуудлын гарц АН-д санал болгох тодорхой төсөл хөтөлбөр бий. Гэрээ үзэглэсэн талуудтай хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ хэллээ. Төлөөлөгч С.Мөнхжаргал уул уурхайн компанийн ажилчдад цалингаас гадна ямар ямар нэмэгдэл олгогддог тухай асуув.
“Шинь шинь” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Болортөгс ” Манай ажилчдын үндсэн цалин 840, 850, 880, 900 мянган төгрөг, 1 сая 50 мянган төгрөгийг шатлалтай. Хамтын ажиллагааны гэрээгээр удаан жилийн нэмэгдэл 3-10 хувь, хээрийн нэмэгдэл өдрийн 1500 төгрөг, ажлын байрны нэмэгдэл 30,50,70 мянгаар нэмэгддэг. Үр дүнгийн урамшуулал 50-150 мянган төгрөг.   “Шинь шинь” ХХК зогсолтгүй 6 жил ажилласан. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун жилд манай үйлдвэрийг 12, 18, 40  тэрбумын ашигтай ажилладаг тухай ярьж байсан. Манай компанийн үндсэн олборлолт болох хар тугалга, цайр 2021 оны дөрвөн сараас хойш 700 доллараар өссөн. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хар тугалга 2300 доллар,  цайр 3400 долларын ханштай байна. Монгол, Австрали, Канадаас гарч буй хар тугалга, цайр нэг газар очиж үнэлэгддэг. Европын оронд уул уурхайн салбарт ажиллаж байгаа залуус 3000-4000 долларын цалинтай бол Монгол залуус 300 доллар хүрэхгүй цалин авч байна. Цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавихаар ямар нэгэн шалтаг хэлдэг. Уул уурхайн компаниуд хүчээр тушаал шийдвэр гаргаж мөрддөг. Монгол залуус  хоногт 12 цагаар ажиллаж байна. 12 цаг ажилласан хүний хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдана. Эрүүл мэндээрээ хохирно” гэхчлэн бодит байдлыг ярилаа. Аймгийн ИТХ-ын дарга хэдэн Монгол ажилтантай вэ? гэхэд “Шинь шинь” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Болортөгс  “Ил, далд уурхайд 700 гаруй ажилтан бий. Бид 14 хоног ажиллахдаа өдөрт 8 цагаар ажиллавал орон нутагт 50-60 ажлын байр шинээр бий болно. Гэтэл компани та нарын ажлын цагийг 8 цаг болговол цалин 25-30 хувь буурна. Тэгэхээр та нар зөвшөөрөх үү гэдэг” гэлээ.

МЕЛАНЖИЙГ ХУУЛЬ ЁСНЫ  ХУЛГАЙ ГЭВ


     Аймгийн ИТХ-аас гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй монгол ажилчдын байр байдалтай танилцах ажлын хэсгийг байгуулах тухай хэд хэдэн төлөөлөгч санал гаргасан. Энэ асуудалд эрх мэдлийнхээ хүрээнд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Үүний дараа Баянтүмэн сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Меланж” ХХК-ийн талаар мэдээлэл сонслоо. “Меланж” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайг 2015 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  олгохоор баталжээ.  Энэ талбайн дуудлага худалдаа 2016-2017 оны хооронд үргэлжилж дөрвөн компани оролцсоноос “Меланж” компани шалгарсан байна. Ингээд 2017 оны гурван сард нийт 15240,7 га газар хайгуулын тусгай зөвшөөрөл, 9 сард 3977,24 га-д ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг.  2021.11.19 өдөр тус компанитай нутгийн захиргааны эрх, тусгай эзэмшигчийн эрх үүрэг, байгал орчин хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аймагт үзүүлэх мөнгөн дэмжлэг, ажиллагсдын ажиллах орчин, байгаль орчныг хамгаалах, зам тээвэр дэд бүтэц, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой заалт тусгаж аймаг, сум, тус компани гэрээ байгуулсан байна. “Меланж” компани хилийн зурвас газарт үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас холбогдох дээд шатны байгууллагад албан бичиг илгээхэд Газрын харилцаа геодези зураг зүйн газарт ,Ашигт малтмал газрын тосны газарт дараах албан бичгийг илгээжээ. “МУ-ын Их хурал 2014 оны 7 дугаар сарын нэгний өдөр Ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайг ЗГ-ын тогтоолоор баталсан. Батлагдсан талбайн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан. Танай албан бичигт заасан энэ талбай нь ашигт малтмалын тухай хуулийн 9.1-3, 9.1-11-т заалтыг үндэслэн гаргасан ЗГ-ын 2015.12.21 өдөр баталсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн солбицол батлах тухай 511-р тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан талбайг хамаарч байна.  Дээр дурдсан тогтоолд Ашигт малтмал газрын тосны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн сонгон шалгаруулалт зарлах тушаалаар нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад “Меланж” компани шалгарч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны гуравдугаар сард, улмаар ашиглалтын зөвшөөрлийг 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр авчээ. Тиймээс тусгай зөвшөөрөл авсан этгээд газар эзэмших эрхээ эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуульд заасны дагуу бүртгүүлж байхаар заасан”  гэдэг албан бичгийг аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байна. Нэг үгээр хэлбэл төр мэдээд уул уурхайн тусгай зөвшөөрөл өгсөн юм. Бүх юм хууль ёсны дагуу явагдаж байна. Ямар асуудал байгаа юм бэ? гэдэг хариултыг манай аймагт илгээж.
“Меланж”  компанийн төлөөлөл, аймгийн МХГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, Баянтүмэн сумын Засаг дарга нар ИТХ-д ирсэн байв. “Меланж” компани Дорнод аймгаас хэдэн иргэнийг ажлын байраар хангасан бэ? гэдэг асуултад “Аймгийн Хөдөлмөр халамжийн газарт ажлын байранд зуучлуулахаар бүртгүүлсэн 98 хүнийг ажлын байраар хангасан. Манай компани үйл ажиллагааныхаа оргил үед 600 гаруй хүн ажиллуулдаг. Одоогоор 530 хүн ажиллаж байгаа. Ажилчдын цалингийн дундаж хэмжээ нэг сая 800 мянган төгрөг. Үйлчилгээний ажилтан хамгийн багадаа нэг сая 370 мянган төгрөгийн цалин авдаг гэв. Үүний дараа аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүсэлтийн дагуу, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргын удирдамжаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖЯ хамтарсан хяналт шалгалтыг 2022 хоёрдугаар сарын 23-ны өдөр “Меланж” компани дээр хийсэн.  Хяналт шалгалтын дүгнэлт БОАЖЯ-аас ирээгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга,  БОАЖ-ын сайдад танилцуулж Засгийн газрын төвшинд хэлэлцэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн МХГ, ЗДТГ-т мэдээлнэ гэдэг хариу бидэнд өгсөн. Хяналт шалгалтын хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, уул уурхай хяналтын улсын байцаагч найман заалт бүхий албан шаардлагыг “Меланж” компанид хүргүүлсэн” гэв. Мэдээлэлтэй холбоотой төлөөлөгчид асуулт тавьж саналаа хэллээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч У.Даш “Меланжийн асуудал бол монголын ард түмэн баялгийн эзэн биш, төр бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэний тод жишээ. Цагаан дээр хараар бичсэн цаас чинь хууль зөрчөөгүй байж болно. Тусгай зөвшөөрөл авахаас эхлээд бүх үйл явц нь төрийн лантуу бүгдийг шийдсэний жишээ шүү дээ. 2017 оноос өмнө сумын Иргэдийн нийтийн хурал хуралдаад бид нар энэ нутагт уул уурхай үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байна гэдгээ илэрхийлдэг байсан. Өнөөдөр ард иргэд битгий хэл аймгийн Засаг дарга нь мэдээгүй байхад тусгай зөвшөөрөл нь А болоод 100 гаруй машин түчигнүүлээд орон нутагт ороод ирлээ. Монголын төр бүх эрх мэдлээ төвлөрүүлээд ард түмэнд ийм хариу барьж байгаа бол иргэд эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэнэ шүү. Хэчнээн олон жил хууль болон тогтоол захиалах замаар хүч хэрэглэх нь цаг хугацааны л асуудал. Хувь хүний хувьд бухимдалтай байна. Аймгийн Засаг даргын байр суурь ямар байгаа юм? ЗГ-ын өргөтгөсөн хурал дээр аймгийн Засаг дарга “Петро чайна дачин тамсаг” компани дэд бүтэц, ажилчдынхаа ниймийн асуудлыг шийдсэний дараа ашиглалт явуулахыг дэмжинэ гэсэн. “Меланж” компани дээр дэд бүтцээ шийдсэний дараа ашиглалтыг нь зөвшөөрч болох уу?
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ”2015.12.21-ний өдөр ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийн солбицлын тухай тогтоол гаргасан байдаг. Би У.Даш төлөөлөгчтэй зарим зүйл дээр санал нэг байна. МУ-д Үндэсний геологийн алба гэж байгуулагдсан. Төр өөрөө ашигт малтмалаа хайх ажлыг зохион байгуулж он удаан жил ашиглаж амьдарч болохыг тооцоолон энэ хэсэгт нь уул уурхай, энд нь аялал жуулчлал, заримд нь мал аж ахуй хөгжүүлэх юм байна гэдгийг зохицуулалт хийх ёстой. Би Уул уурхайн сайдын баримталж буй бодлоготой санал нийлэхгүй байгаа. Эсрэг байр суурьтай байна гээд шууд нөлөөлж чадахгүй. Энэ нь алсдаа маш их хор уршигтай” гэв.
ИТХ-ын төлөөлөгч П.Гэрэлбаатар ”Монгол улсын дархан хил дээр үйл ажиллагаа явуулж буй “Меланж” компанийн үйл ажиллагааг дэмжихгүй байна. Оны эхнээс шинэчлэгдэн баталсан “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” хэрэгжиж байна.  Уул уурхайн компаниудтай гэрээ байгуулах ажлын хэсэг хуучин ИТХ-аар батлагдсан ажлын хэсэг ш дээ. Хууль шинэчлэгдсэн юм чинь шинэ ажлын хэсэг байгуулах саналтай байна. Хоёрт, аймгийн Засаг дарга, Баянтүмэн сумын Засаг дарга аа “Меланж” компанитай байгуулсан гэрээгээ цуцалчих..” гэдэг санал гаргасан. Жирийн малчин малаа бэлчээдэггүй хилийн бүсэд уул уурхайн компани үйл ажиллагаа явуулахыг хэзээ ч зөвшөөрч чадахгүй” гэж байлаа.
Эхний өдрийн хуралдааны онцлох сэдвүүд дээрх асуудлууд байв. Хоёр дахь өдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар : 
- “Шинэ сэргэлтийн бодлоо” хөгжлийн хөтөлбөр
- “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох
- Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай
- Зарим үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай
- Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай  зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлах тухай асуудлуудыг хэлэлцсэн. Үүнээс бид “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг онцолж байна.  Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮ газарт хяналт, мониторинг хийх ажлын хэсэг байгуулах саналыг Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төлөөлөгч У.Даш, Б.Мөнх-Оргил, Т.Төмөрбаатар, Ч.Эрдэнэбат, Ш.Ганганмөрөн нар сонгогдлоо.


НИЙТИЙН АЖ АХУЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ ТОМИЛЛОО


      Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн. “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах 2011 оны 83-р тогтоол бий.  2020 оны 11 дүгээр сард уг тогтоолд өөрчлөлт оруулж ТУЗ-ийг баталжээ. Хоёр хүн ТУЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул шинэчлэн томилох тухай асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж байгаа аж. “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлд төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, өмчийн эзний төлөөлөл, хараат бус гишүүдийн төлөөллүүд байх ёстой. Энэ удаа өмчийн эзний төлөөлөлд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ө.Амарсайхан, Ч.Эрдэнэбат, У.Энхчимэг, төрийн захиргааны байгууллагын төлөөллөөр аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, ОНӨГ-ын дарга Нямсүрэн, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Аръяазул, хараат бус гишүүний төлөөллөөр МСҮТ-ийн захирал Л.Хишигтогтох, Инженер зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Сүхбаатар, аймгийн Барилгачдын холбооны гүйцэтгэх захирал Төрболд нарын нэрийг санал болголоо.  Хэлэлцэх асуудалтай холбоотой  ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж саналаа хэлсэн. Тухайлбал, П. Гэрэлбаатар:  Бид өчигдрийн ИТХ-аар “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаад дүгнэлт гаргаагүй байхад ТУЗ-ийг шинээр томилчихлоо. Өмнөх ТУЗ нь хариуцлагаас зугтаж байгаа юм шиг дүр зураг харагдаж байна. Тиймээс  ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа шинэ ТУЗ-ийг томилох тухай асуудлыг хэлэлцэх саналтай байна” гэсэн. Түүний асуултад аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Алтансүх  “Захиргааны ерөнхий хуулиараа эрх бүхий байгууллагын албан тушаалтны гаргасан шийдвэрээс үүдэлтэй учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалт бий. Хэрвээ “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын хуучин ТУЗ-өөс гаргасан шийдвэр нь хохирол учруулсан байвал эрх бүхий байгууллага нэхэмжлэх боломжтой. Аймгийн Засаг даргын захирамжаар “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын цэвэр ус, дулааны шугамын  түгээлтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхний ээлжийн саналаа боловсруулж төсвийн тодотголд тусгуулахаар оруулж ирсэн” гэдэг хариулт өгөв.   ИТХ-ын төлөөлөгч У.Даш: Хоёр ТУЗ-ийн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөглөгдөж байгаа учир “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийг томилох тухай асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлж байна гэлээ.  Тийм биш ээ. Түрүү түрүүчийн ИТХ-аас  “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа үнэхээр хангалтгүй байна гэдэг асуудлыг ярьсан учир энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нэгт, ТУЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хоёр гишүүн нь хэн хэн юм? Хоёрт  өмчийн эзний төлөөлөл, хараат бус гишүүний төлөөлөл гэсэн 6 хүний нэрийг хаанаас оруулж ирж байгаа юм?. Төлөөлөн удирдах зөвлөлөөр томилогдоно гэдэг тодорхой үүрэг хүлээх субъект болж байна гэсэн үг. Өчигдрийн ИТХ дээр С.Мөнхжаргал төлөөлөгч хуучин ТУЗ-ийн гишүүдийг төлөөлөгчдийн асуултад хариулаач гэсэн санал гаргасан.  ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Алтансүх “ Эдгээр нэрсийг аймгийн ЗДТГ-аас санал болгож байна.  Аймгийн Засаг даргын зөвлөх Х.Энх-Отгон, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батмөнх нар ТУЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.  Хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт дуусч санал үргэлжилсэн.  Аймгийн ИТХ-ын төлөөлөгч У.Даш “Өмнөх ТУЗ-ийг ажлаа хангалтгүй хийж байна, хуулиар олгогдсон үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзчихээд Шинэ ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хуучин гишүүдийнх нь 50 хувь оржээ. Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл ТУЗ-д орж байгааг дэмжиж байна. Хуучин ТУЗ-ийн  гишүүдийг шинэ зөвлөлд нэр дэвшүүлэхэд эсрэг саналтай байна. Ө.Амарсайхан, Энхчимэг, Л.Хишигтогтох, Нямсүрэн гэсэн дөрвөн хүний оронд өөр хүний нэр дэвшүүлье. Эдгээр хүмүүс өнгөрсөн хугацаанд сайн ажилласан гэж дахин ТУЗ-д нэр дэвшиж байгаа юм уу? Үгийг нь сонсмоор байна. Дорнод аймагт ТУЗ-д ажиллах өөр хүн байхгүй юу? Ажиллаж чадахгүй байна гэчихээд  ядаж өмчийн эзний гурван хүнээ 100 хувь шинэчилж болохгүй байгаа юм уу? Би 100 хувь шинэчлэх саналтай байна” гэв. Харин ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхжаргал “Өмнөх ТУЗ нь “Дорнод НАА” компанийн асуудлыг ийм хэмжээнд хүргэсэн хүмүүс ш дээ. Дахин юунд найдаж улиран сонгох гэж байгаа юм” гэсэн. ИТХ-ын төлөөлөгч Ш.Бямбасүрэн “Дорнод НАА” ОНӨААТҮГ-т үүссэн асуудал засаглалын хямрал. Өнгөрсөн хугацаанд өмчийн эзэн үүрэг хяналтаа тавьж байгаагүй. Эхдээд “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэх ёстой.  “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын ТУЗ, гүйцэтгэх захирал ямар чиг үүргээр ажиллахыг нь тодорхой болгохгүй бол эргээд хариуцлага тооцож чадахгүй ш дээ. Шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүд компанийн засаглалын сургалтад хамрагдаарай” гэсэн юм.  Харин ИТХ-ын төлөөлөгч АН-ын бүлгийн дарга З.Гэрэлт-Од “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын ТУЗ-д шинээр нэр дэвшүүлэх эрх байна уу? Үгүй юу? Байхгүй юм бол бид 6,7 уулаа гар өргөөд санал хураалгаад нэмэр алга” гэдгийг хэлсэн. Төлөөлөгчид зарим ИТХ-ын төлөөлөгчдийг ТУЗ-д нэр дэвшүүлсэн ч бүгд нэр дэвшихээс татгалзсан. Аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид  “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын асуудлыг уг углуургаар нь хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэдэг байр суурин дээр байсан.  Харин МАН-ын төлөөлөгчид  аймгийн ЗДТГ-аас “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын ТУЗ-д санал болгосон хүмүүсийг 100 хувь дэмжиж байлаа.  Төлөөлөгч П.Гэрэлбаатар, У.Даш нарын санал дээр санал хурааж дэмжигдсэнгүй. “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын ТУЗ-өөр  өмчийн эзний төлөөлөлд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ө.Амарсайхан, Ч.Эрдэнэбат, У.Энхчимэг, төрийн захиргааны байгууллагын төлөөллөөр аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, ОНӨГ-ын дарга М.Нямсүрэн, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Аръяазул, хараат бус гишүүний төлөөллөөр МСҮТ-ийн захирал Л.Хишигтогтох, Инженер зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Сүхбаатар, аймгийн Барилгачдын холбооны гүйцэтгэх захирал Төрболд нар томилогдлоо.
Хоёр өдөр ИТХ-аар хэлэлцэж буй асуудалд МАН-ын бүлэг анхны оруулсан саналдаа бат зогсох байр суурьтай хандсан. Харин АН-ын бүлэг асуудалд олонхоороо түрж байна, ажил хэрэгч бүтээлчээр хандах ёстой, хурлаас гарч байгаа тогтоолын үг үсэг дээр нэг бүрчлэн ажиллах ёстой шүү гэдгийг байнга хэлсэн хуралдаан болж өндөрлөлөө.

Б.Одмаа
 

  • Туяа
  • 311
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313