ШАРАВАА ДАРГА

2022 оны 2-р сарын 28 өдөр

Хөрөг
       Шараваа дарга гавьяат болжээ. Энэ баярт мэдээг догдлол дүүрэн хүлээж авсан хүмүүс бол Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн. Түүнийг аль цэгээс эхэлж, орон нутгийн хэвлэл мэдээллийг, тэр дундаа аймгийн хэдэн сониноо амь бөхтэй байлгаж, авч үлдэхийн төлөө ямархан бэрхшээл, тэмцлийн дундуур туучиж өнөөдрийн өндөрлөгт хүрснийг хамгийн сайн мэдэх хамтран зүтгэгчид нь тэд болохоор арга ч үгүй биз. 1997 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж, төр засгийн статустай сонин хэвлэлүүд татан буугдахад алсыг хардаг, арай сүйхээтэй нь өдөр тутмын гол хэдэн сониныг хувьчлан авч шинэ нэрээр гаргаж эхэлсэн. Харин Орон нутгийнхны хувьд араас нь дагаж, зүг чигийг нь зааж авралын “од” нь болсон хүн бол яах аргагүй Сампилын Шаравдорж гэх энэ эрхэм юм. Хуучнаар ЗХУ-ын Уралын Их сургуулийг Автоматикийн инженер мэргэжлээр төгссөн түүнийг хэвлэл мэдээллийн салбар руу уруу татсан хүн нь Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирал Шагдарын Отгонбилэг агсан. 1996 оны Атлантын олимпын ганц медалийг Эрдэнэт үйлдвэрийн тамирчин Д.Нармандах эх орондоо авчирч, тэр үед Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын захирлаар ажиллаж байсан С.Шаравдорж дараагийн олимпоос алт, мөнгө авах хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн, төсөл төлөвлөгөөгөө гаргачихаад тун маадгар явж. Гэтэл тэр намар нь Зууны манлай үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг түүнийг өрөөндөө дуудаад “Спортын ажил сайн яваа, би мэдэж байна. Гэхдээ спортоос чухал ажил цаана чинь мандаад байна. Чи төвийн сонин, телевизүүдээр гарч байгаа мэдээллүүдийг харж байгаа биз дээ. Үйлдвэрээ хэвлэл мэдээллийн албатай болгож, энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэхгүй бол улс төржилтийн “бай” боллоо. Энэ ажлыг чи л хийж чадна” гээд Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилох шийдвэрээ танилцуулсан гэдэг. Монголын нийгэм ид бужигнаж, шар хэвлэлүүд хүчээ авч, “Ш.Отгонбилэгийн толгой хэдэн “ногоон” хүрэх вэ...”, “Эрдэнэт” гэх саалийн үнээний гарц саарчээ” гэсэн сүржин гарчигтай нийтлэл бараг өдөр бүр гарч байсан үе л дээ. Ингэж л Шараваа дарга хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон түүхтэй. Тэрээр Эрдэнэт үйлдвэр гэх их айлын Хэвлэл мэдээллийн албыг бат суурьтай, оновчтой бүтэц зохион байгуулалтаар хөгжүүлсэн нь одоо ч хэвээр ажилласаар... Энэ тухайгаа тэр аархаж, “автор”-лаж ярьдаггүй. Аливааг цаг хугацаанд нь үлдээж чаддаг эгэл агаад энгүй уужуу хүн.  
      Шараваа дарга хэвлэл мэдээллийн салбарт эргэн ирэхдээ цоо шинэ өнгө төрхтэй “Шинэ мэдээ”-г авчирсан. Анхны дугаараасаа хэдэн мянган хувиар хэвлэгдэж, Орхоныхондоо хэдүйн танигдсан энэ сониноо гаргаад хувиа борлуулж довоо шарлуулаад явж болох л байсан. Гэтэл тэр бусад аймагт ийм боломж байгааг олж харж түүчээлсэн. Дорнодод гэхэд шинэ сонин гаргах саналыг надад тавилаа. 2000 онд шүү дээ. Нийгмээрээ  бужигнасан завсрын үеийг ашиглаад хүүхэд төрүүлэхээр шийдсэн надад үнэхээр цагаа олоогүй санал байсан юм. Охин маань мэндлээд дөнгөж л ой өнгөрч байсан санагдана. Анх санал тавьсанаас хоёр жилийн хойно, Шараваа дарга утасдаж байна. Нөгөө саналаа дахин тавилаа. Хоёр жил гаруй хугацаанд гэртээ суусан хүн дуун дээр зөвшөөрч орхилоо. Шинээр сонин гаргана гэдэг үнэндээ амар ажил биш л дээ. Редакциа чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх, тохитой байр сав бэлтгэх, ажиллах нөхцөл шаардлага гээд ажил ёстой л ундарсан даа. Анхны дугаарын төлөвлөгөөгөө гаргаж, материалаа зэхэж аваад, эх бэлтгэгчээр сургах хүнийхээ хамт идэр есийн хүйтнээр Эрдэнэт хотыг зорьж билээ. Хоёр жил гаруй хугацаанд сонин гаргасан туршлагатай хамт олныг түшиж очсон нь тэр. Шараваа дарга орон нутгийн сонинуудыг дөрөө олтол нь өөрийн зүгээс дэмжлэг туслалцааг харамгүй үзүүлж ирсэн. Шинэ тутмын редакциудыг компьютер, хэвлэгч, хувилагч,  зургийн аппарат, тэр бүү хэл зарим аймгийг унаа тэргээр хүртэл хангасан. Энэ бүхнийг мэдээж хувиасаа л зохицуулна. Төдий насны хүнд хурааж хуримтлуулсан нь юу л байв гэж. Банкнаас өндөр хүүтэй зээл авч, хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж явдаг тухай ойрын хүнээс нь сонсч л байсан. Үнэндээ ашиг тусаа хэзээ өгөх нь тодорхойгүй, магадгүй өгөхгүй байх магадлал өндөр Орон нутгийн хэвлэл мэдээллийг хөл дээр нь босгохын төлөө бүх эрсдлийг ганцаар үүрч, хар толгойгоороо хариуцана гэдэг хэн хүнээс гарамгүй том зүрх зориг басхүү чин сэтгэл. Мань хүнд нэг мундаг чанар бий. Барьж авсан л бол заавал ард нь гардаг чигч тууштай зантай. Тийм дээ ч Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарыг айлын дайтай болгох гэж ухарч няцалгүй, шургаж унатлаа тэр зүтгэсэн. Аймаг болгон адилгүй, хорин аймаг хорин янз. Дэмжээд өгөхөд цааш нь аваад явах нь байхад чирч гулдчаад ч урагшлахгүй нь дийлэнх. Тэглээ гээд орхихгүй. Дахиад л ярина, очино, эрхлэгчийг нь сольж үзнэ, аймгийн дарга нартай нь холбож өгнө. Ажил хийе гэсэн хүнд арга мундахгүй гэх зарчимтай. Арван жил өнгөрөхөд арайхийн эхнээсээ хөл дээрээ босож аймаг бүр, цаашлаад зарим дүүрэг хүртэл өөрийн сонинтой боллоо. Дараа нь FM радио, телевиз, сайт, зарим аймаг сэтгүүлтэй болж Орон нутгийн сонины холбоо маань Орон нутгийн Хэвлэл мэдээллийн Холбоо болон өргөжин тэлсэн. Энхэл донхолтой энэ зам дээрх Орон нутгийн хэвлэл мэдээлэл гэх урт цувааны зүтгүүр нь Шараваа дарга. Хэвлэлийн талын томоохон байгууллагуудтай ёстой л “ганц дайчин ганцаардахгүй” арсалдаж тэмцэлдэн байж “орон нутгийн” гэх орон зайг дархалж чадсан. Чөлөөт сан гэж анх Данийн Засгийн газраас Монголд Хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэхэд гар сунган барьж өгсөн том үйлдвэр бий. Орон нутгийн сонин дөнгөж бойжиж байх үед төвийн өдөр тутмын том сонинууд хэдэн мянган хувиар хэвлэгдэж, түүн дунд төдийлөн жин дарахгүй Орон нутгийн хэдэн сонинг нүд үзүүрлэж, бүр ширвэх хандлага ч гарч байсан. Энэ зуур мань хүн элдвээр хэлүүлж байсан ч чөлөөт хэвлэлийг дэмжих анхны үзэл санааг нь ахин дахин тэдэнд сануулж үзэлцсээр орон нутгийн сонинуудыг хөнгөлөлттэй үнээр хэвлэх шийдвэрийг гаргуулж байлаа. Хүч тэнцвэргүй тулаанд ихэнхдээ тэр ялна. Ер бусын зөрүүд гэмээр тууштай зан нь зах зээлийн мэдрэмж, инженерийн сэтгэлгээ, гүйлгээ ухаантай нь хослохоороо баргийн дайралтад амар цохигдохгүй. Хэдэн жилийн дараа төвийн сонинууд шил шилээ даран өөрийн үйлдвэртэй болж Чөлөөт хэвлэл сангийн голлох үйлчлүүлэгчид нь Орон нутгийн сонингууд болж үлдсэн дээ. Өнөөх басангуй дээрэнгүй байдал ард хоцорсон. Одоо орон нутгийн сонинууд нийт дүнгээрээ 20-30 мянган хувиар хэвлэгдэж, телевизийн тоо 63-т хүрч, сайт гэхэд төдий тооны байна. Энэ бол дийлдэшгүй хүч, орон даяар цуурайтах чанга дуу хоолой. Ганцхан тоон баримт дурдъя. Өнөөдөр орон нутгийн сонины захиалагчийн тоо нэг аймагт 1000-3000 байхад өдөр тутмын топ гэгдэх сонинууд аймагт дээд тал нь 300 гаруйхан захиалагчтай байх жишээний. Ингээд бодохоор Орон нутгийн хэвлэл мэдээлэл хэдүйн эрийн цээнд хүрчээ. Энэ зэрэгт хүрэхэд Шараваа даргын хүчин зүтгэл хэмжээлшгүй. Бүхий л амьдралаа, буй биеэ орон нутгийн хэвлэл мэдээллийн хөгжилд зориулсан санагддаг. Гэхдээ түүнд Монголын их спортод оруулсан хувь нэмэр гэх тусдаа сонирхолтой түүх бий. Хувь хүн талаас нь хэдэн үг бичих гээд үзлээ. Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул гэхээс өөрийг үнэндээ мэдэхгүй аж. Дэргэдэхдээ хүн ийм л арчаагүй байдаг хойно доо. Харин аялах хоббитойг нь мэднэ. Орон нутгийнхныгаа хамаж аваад Монголоо хэдэнтээ тойрсон. Аян замын зугаа болгож хүмүүс амьдралынхаа үүх түүх элдвийг л ярьдаг. Шараваа дарга аян замд ч тэр, аятайхан газарт зоог барихдаа ч өнөөх ажлаа ярих. Харин түүнийг улс төр яриад байхыг бас мэдэхгүй юм. Яг л урдах ажилдаа санаа тавьж, гарц гаргалгаа юу байна гэдэгт санаагаа чилээн суух. Хорин жилийн өмнө анх танилцахад тас хар үстэй, нүд нь гялалзсан, сэргэлэн байрын нэгэн байсан. Одоо нас хэвийж үсэнд нь мөнгөн сор суусан ч нөгөө л хурдан шалмаг, зүтгүүр зан нь хэвээр. Эр хүн болохоор тэрүү, сэтгэлээр барагтай унахгүй. Мэдээж энэ олон жилд хүний амьдралд юу эс тохиолдохов. Гунигаа өөртөө шингээх нь илүү тайтгарлыг авчирдаг ч байж мэдэх юм. Хааяахан алсыг харж байгаад “Эрдэнэ засгийн унага”-ыг уянгалуулна. Сэтгэлдээ Очирваань хайрханаа, сайхан ханиа, тулгын гурван чулуу мэт үрсээ, туулсан, бүтээсэн бүхнээ харах шиг тийм уужуу, уянгатай санагддаг. Миний мэдэхийн хамгийн жаргалтай үе нь энэ.  
      Монголын хөрсөнд Чөлөөт хэвлэлийн үрийг тарьж, орон нутгийн хэвлэл мэдээллийг хөгжүүлэх адармаатай замыг сонгож бүтэн амьдралаа бүрэн зориулж ирсэн С.Шаравдоржийг төр үнэлж, гавьяаг нь дээдэллээ. Шагнал нүдээ олох юутай гэгээн, юутай сайхан. 

Б.ТУЯА      
 

  • Туяа
  • 274
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313