СУМЫН ТӨВӨӨ НЭГДСЭН ДУЛААНЫ СИСТЕМД ХОЛБОЛОО

2022 оны 2-р сарын 23 өдөр


 -          Сайн байна уу? Өнтэй сайхан өвөлжиж байна уу, Та. Өнгөрсөн жил Чулуунхороот сумын хөгжилд түлхэц болох ямар ажил хийгдэв. Энэ жил улс, аймгийн төсвөөр томоохон ямар  ажлууд хийгдэх гэж байна?
-          Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна аа. Чулуунхороот сум 1956 онд үүсэн байгуулагдсан. Монгол орны зүүн хоймор нутаг. Жаран жилийн түүхтэй. Манай сум 1926 хүн амтай, 128 мянган толгой малтай. Төмөр замын боомттой болохоор улс, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн нэгэн  түлхэц газар гэж хэлж болно. Өнгөрсөн жил улсын болон орон нутгийн төсвөөр 2,6 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Төр, хувийн хэвшил хамтран нэг тэрбум орчим төгрөгөөр сумын төвөө нэгдсэн дулааны системд холбосон онцлог жил боллоо. 1962 онд Эрээнцавын сангийн аж ахуй одоогийн Чулуунхороот сумын төвд нүүн ирж 1972 онд ЗХУ -ын буцалтгүй тусламжаар 16 айлын орон сууц 10, 8 айлын гурван орон сууц баригдсан. Төрийн байгууллагууд тэр үеийн л тоосгон барилгад үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Төвлөрсөн халаалтын систем нь ерэн оны зах зээлийн “шуурганаар” эвдэрч ашиглах боломжгүй болсон. Хуучин халаалтын системийн зураг бэлэн байсан ч хөрөнгө мөнгөний гачаалаас  арав гаруй жил ажил хэрэг болж чадаагүй өдийг хүрсэн. Өнгөрсөн жил хувийн хэвшлийнхэнтэй 20 жилийн концессын гэрээ байгуулж нэгдсэн халаалтад холболоо.  Одоогоор уурын зуухныхаа нийт хүчин чадлын 46-47 хувийг л ашиглаж байна. Энэ нь дахин нэг сумын дайтай барилга байгууламжийг төвлөрсөн халаалтад хамруулах боломжтой гэсэн үг. Цаашдаа суманд бүтээн байгуулалтын ажил өрнөхөд инженерийн шугам сүлжээ бэлэн. Ирэх 20 жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэсэн компани нь  засвар үйлчилгээг хариуцана.

- Дулааны үнэ тарифын асуудлаа шийдэж чадсан уу?
- Аймгийн эрчим хүчний зөвлөлөөс манай дулааны төлбөрийг засвар үйлчилгээ үзүүлж буй компанид куб метрээр тооцож төлөх үнэлгээг гаргаж өгсөн. Энэ нь өмнө нь дулаанд төсөвлөдөг байсан мөнгөнөөс хэд дахин их гарч, төсөвт байгууллагуудад энэ тариф үнэхээр хүнд тусч байгаа. Тиймээс үнэ тарифыг уян хатан байдлаар зохицуулах хэрэгтэй. Монгол улсын 330 сумаас 80 гаруй сум л төвлөрсөн халаалтгүй байдаг юм билээ. Манай аймгийн Баян-Уул, Халхгол сумаас бусад нь төвлөрсөн халаалтад холбогдоогүй. Халхгол сумын тухайд ОХУ -ын Ерөнхийлөгч Путины дэмжлэгээр “Шинэ сум” төсөл хэрэгжиж төвлөрсөн дулаанд холбогдсон. Баян-Уул суманд таван тэрбумын “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр төвлөрсөн дулаанд холбогдож байсан. Манай сум сумын төвөө нэгдсэн дулааны системд холбосон аймгийнхаа гурав дахь сум болж байна. Манай сумын хувьд хувийн хэвшлийнхнээс хөрөнгө оруулалт татаж дээрх ажлыг хийснээрээ онцлогтой. Үүгээрээ бусад сум ч ялгаагүй энэчлэн асуудлыг шийдэх боломж бий гэдгийг харуулахыг зорьсон.

- Танай сумын тухайд сумын төвөө тойроод ус намаг ихтэй. Олон жил яригдсан Улз голын гүүр энэ жил ашиглалтад орно гэж сонслоо?
- Манай сумын төвийн урдуур Улз гол урсдаг. Бороо хур элбэгтэй жил сумын төвөөс гарахад хүндрэлтэй. 30 жил яригдсан Улзын гүүр энэ жил ажил хэрэг болох нь. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн гүүрийн ажлыг улсын төсөвт суулгаж, Монгол Улсын гавьяат барилгачин Чинзориг захиралтай компани гүйцэтгэхээр болсон. 1990 онд шүү дээ, Улз гол үерлэхэд сумын төвөөс гарахын тулд ОХУ -аар дамжин Тарь нуурыг тойрч байсан гашуун сургамж бий. Энэ бүхэн ард үлдэж   Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 97 метрийн урттай 7 метрийн өргөнтэй гүүр баригдана.

-  Танай суманд шинээр цэргийн анги баригдаж байна уу?
-   Улсын төсвийн 6 тэрбум төгрөгөөр Хилийн цэргийн ангийн барилгын ажил явагдаж байна. Энэ онд ашиглалтад орно. Ирэх жил офицер, ахлагч нарын орон сууц баригдана.   

- Хөдөө суманд иргэдийн амьжиргааны эх үүсвэр нь юу байдаг юм бэ? Иргэд төрөөс ямар бодлого шийдвэр хүсч байна? 
- Иргэд ажлын байр орлого л хүсдэг. Ажилтай, орлоготой байхын тулд төр засгийн бодлого шийдвэр зайлшгүй  хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа шудрага байхыг л тэд шаарддаг. Хот газрыг бодвол суманд бүх зүйл ил тод нээлттэй байдгаараа онцлог. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд гучин жил боллоо. Хувь хүний өөрийн хүсэл сонирхол, хөдөлмөр бүтээлээс амьдрал шалтгаална гэдгийг иргэд мэддэг болсон. Гагцхүү төрөөс иргэнээ дэмжсэн бодлого л хэрэгтэй. Иргэд төрөөс дэмжлэг л хүсдэг. Сумын иргэдийн эдийн засгийн гол хөшүүрэг нь мал аж ахуй. Манай сум аймгийн төвөөс алслагдсан, хилд ойрхон учир өөр аймгийн малчид ирж оторлодох нь харьцангуй бага. Хадлан бэлчээрийн асуудал ч мөн адил . Цагаан зээрийн бэлчээр нутаг ихтэй. Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн нөөц, дархан цаазат газартай. Уул уурхайгүй  сумдын нэг шүү дээ. Ашиглалтын ганц лиценз байдаг ч үйл ажиллагаа явуулаагүй найман жил болж байна. 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Орон нутгийн хөгжлийн санг бий болгосноор суманд олон ажил хийгдсэн.  Цаашид сумын Соёлын төвөө өргөжүүлэх, шинэ барилгатай болгох, сургуулийн их засвар, эмнэлгийн орчин нөхцлийг  сайжруулах гээд төлөвлөсөн ажлууд байна. Манай суманд Сум хөгжүүлэх сангийн 180 сая төгрөг бий. Үйлдвэр үйлчилгээ эрхэлж, ажлын байр бий болгох иргэдээ төсөл хөтөлбөрт хамруулдаг. Хийе бүтээе гэсэн иргэнд алдаа оноо аль аль нь байлгүй л яахав. Сум хөгжүүлэх сангийн төсөл хөтөлбөрт хамрагдаад алдахаасаа оносон нь олон. Бид аймгийн төвөөс галт тэргээр шуудай шуудайгаар нь талх зөөж иддэг байсан бол одоо сумандаа үйлдвэрлэдэг болсон. Төмөр замын үр өгөөж жилээс жилд нэмэгдэнэ. Төмөр замын шинэ бодлогын хүрээнд Хөөт, Чойбалсан, Баруун-Уртын нэгдсэн сүлжээнд холбогдохоор яригдаж байгаа. Ингэснээр ажлын байр олноор бий болно. Эрээнцав нутагт ирээдүй гэрэлтэн харагддаг.  

Б.ОДМАА

  • Туяа
  • 268
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313