ЖИРМИЙН ЦАГААН НУУРЫН ЗЭГСЭНД ХОНЬ ТОГТУУН ИДЭЭШИЛНЭ

2022 оны 1-р сарын 31 өдөр

Чулуунхороот сумын Цагаанчулуут гуравдугаар багийн Аймгийн аварга малчин Жаргалын Отгонбаяр:  

Чулуунхороот сум гуравдугаар баг Жирмийн цагаан нуурт энэ жил цас бага унажээ. Айлын яндангийн утаа эгц дээш суунаглаж, салхи тогтуун гадаа жаваргүй урин байна. Бид аймгийн алдарт малчин Жаргалын Отгонбаярынд буулаа. Айл саахалт, ах дүү нар нь цуглаж хол ойрын сонин хачинг хуучилна. Отгонбаяр эхээс арвуулаа. Гэрийн эзэн том ахтайгаа хоймортоо заларчээ.  Хахир хатуу өвлийг өнтэй давж урин дулаан хавартаа золгосон малчин түмний баяр- Сар шинийг тохиолдуулан “Дорнод медиа групп” сайн малчны хотонд зочиллоо.  
       Отгонбаярын аав Жамцын Жаргал Увс аймгийн Тарилан сумын уугуул. Эхнэр, долоон хүүхдийн хамт 1975 онд Чулуунхороот сум Эрээнцавын сангийн аж ахуйд илгээлтээр иржээ. Найр ахаасаа наадам дүүгээсээ гэж. Ж.Отгонбаярын том ах болох Ж.Отгон “Аав минь хотон хүн. Би гурван настай энэ нутагт ирсэн гэдэг. Миний бага гурван дүү маань Чулуунхороотод төрсөн. Отгоо дүүгийнхээ мэндэлсэн өдрийг одоо ч тод санадаг. Намар цаг. Сангийн аж ахуйн ид ажлын үе. Аав хадландаа гарч  би хонио хараад үлдэх болсон юм. Ээж минь тулгар, төрөх дөхчихсөн. Тэр өдөр ээж “Миний хүү хонио тогтоогоод ир, хоёулаа дүүгээ хүлээж авна” гэлээ.  Гэртээ төрнө гээд хэрэгтэй бүх л зүйлээ хэдүйн бэлдэж надаар туслалцуулж шинэ хүнийхээ хүйг боож билээ.  Тэр цагаас хойш хагас зуун жил энэ сайхан нутагт амьдарч байна даа. Аав минь, ажил хөдөлмөрөө сайн хийгээрэй. Ахмад хүний үгийг сонсож яваарай гэж захидагсан.  Малын буянаар үр ач өнөр өтгөн, энх тунх сайхан л амьдарч байна” гэв.
Ж.Отгонбаяр наймдугаар анги төгсөөд л мал маллажээ. Нутгийн бүсгүй Н.Цэрэнбүтэдтэй ханилж том ахынхаа тасалж өгсөн малыг өдий зэрэгтэй өсгөн өнгөрсөн жил Аймгийн аварга малчин болжээ. Тэр оторлох нь нүүдэлчин Монголчуудын мал ахуйн онцлог гэж үзнэ. Тиймээс өвсний сор, усны тунгалагийг даган жилийн дөрвөн улирал оторлоно. Гэрийн гадаа автобус харагдана. Одоогийн малчид морь малаа ачих портер, ойр зуур малаа эргүүлэх мотоцикль, аймаг сум гялс хийх жижиг машинтай болсон. Автобусыг нь асуутал отрын гэр нь гэнэ. 70 саяын унаа гэж хот газрынхны хошигнодог тээврийн хэрэгслийг хотондоо сойчихсон отроор нүүж явдаг байх нь. Энэ жил л орой хөдөлж байна. Түүнээс биш мал тооллогын дараа л оторт гардаг гэх. Чулуунхороот сум энэ жил бороо хур элбэг зусжээ. “Намар оройхон ялаа шумуул ихтэй байсныг эс тооцвол сайхан зун болсон. Малдаа тарга тэвээрэг авахуулахад хужир шүү, ялаа шумуул, ус, бэлчээр, цаг агаар гээд олон зүйл нөлөөлнө гэх.  
Арван хэдэн жил урсгал нь тасрах шахам байсан Улз гол саваа халин мэлтэлзэж малчин ардын сэтгэл тайван, нуруу тэнэгэр. Үхрээ услах зуур  нь Отгонбяртай хөөрөлдлөө. Эдний бүх үхэр бэрктэй харагдана. Бэрк гэдэг нь имтэй адил үхрийн чихэнд зүүсэн таних тэмдэг юм. Уг тэмдэг дээр малчны гар утас бичээтэй байх.  Ж.Отгонбаяр “Энд анх буухад худаггүй байлаа. Зуны дэлгэр цаг, хавар намартаа булаг шандны задгай усаар малаа усалдаг юм. Ус хөлдөхөөр худгаас усална. Манай энд Чанадын булаг гэж  өвөл арван нэгэн сар хүртэл хөлддөггүй сайхан задгай ус бий. Манайх худаг гаргадаг төхөөрөмжтэй. Бэлчээр усжуулах бол түүгээрээ л ухчихна. Дүү нартайгаа нийлж зургаан худаг гаргасан. Энэ худаг гэхэд гурван суурь хонь услахад шавхагдахгүй. Найман метрийн гүнтэй. Одоо ч удахгүй төлийн ажил эхэллээ дээ. Миний багад өвлийн шөнө тачигнаж хонодогсон. Одоо цаг агаар дулаараад байх юм.  Манай нутаг голын сав дагуу болохоор жавартай. Мал гэдэг малчин хүний арга ухаанаар өсөж үржинэ.  Манайх таван хошуу малтай. Манай багт тэмээтэй айл хоёрхон байдаг нь хүргэн ахынх, манайх хоёр. Тэмээ онцлогтой амьтан. Хавар ботго авах үеэр л тэмээгээ татдаг юм.  Түүнээс өвс ус хөөгөөд бэлчээртээ явах нь зүгээр. Туранхай мал төл авахад хэцүү шүү. Онд мэнд тарга тэвээрэгтэй орвол төл авахад хөнгөн, ноос ноолуурын гарц ч сайн” гээд мал маллах арга ухаанаасаа хуваалцав.
Чулуунхороот сум Сангийн аж ахуй байсан болохоор мал аж ахуй төдийлөн хөгжөөгүй сум юм. Энд Өвөр байгалийн нарийн ноост үүлдрийн хонь өсгөж байсан үе бий гэнэ. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжихэд Чулуунхороот суманд өөр аймгаас илгээлтээр ирсэн олон айл өрх малаа авч нүүснээр сумын хэмжээнд есөн мянган толгой мал тоолуулж байсан үе бий. 1996 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан Бадамсүрэнгийн Батбаяр гэж хүн Английн элчин сайдад захидал илгээж арван таван сая төгрөгийн  буцалтгүй тусламж авч малжуулах төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Английн элчин сайд Чулуунхороот суманд зочлон малжуулах төслийн үр дүнтэй танилцаж байсан гэдэг. Гучин жилийн хугацаанд Чулуунхороот сумын 9 мянган мал 128000 толгой болж өсжээ. Хөдөөгийн сумын хүн амын амьдралын гол үүсвэр нь мал аж ахуй.
        Ж.Отгонбаяр “Бид чинь хавар ноолуурын үед, намар мал махны цагаар жилд хоёр удаа орлогоо бүрдүүлнэ. Малчны зээлээ төлж түүгээрээ л амьдралаа болгоно доо” гэх. Малчдад ямар асуудал тулгарч байна? гэхэд Малчид мэдээллээс хоцрохоо больсон.  Телевизээ үзээд мэдээлэл авчихна. Утсаараа яриад бие биедээ хэл дуулгачихна. Малын түүхий эд үнэгүй болсонд л харамсдаг юм.  Малаас хаях зүйл байхгүй л гэдэг. Гэтэл махнаас бусдыг хаяж байна.  Үүнийг зохицуулах улс орны бодлого хэрэгтэй. Хүүхэд шигээ бөөцийлж өсгөсөн буянаа бузар мэт хог дээр хэвтэхийг харахад хэцүү шүү дээ” гэлээ. Энэ бол монголын эмгэнэл, сэтгэл эмзэглэх зүйл мөнөөс мөн.   Тэр багийн Засаг даргаар ажиллаж, гурван удаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдож Тэргүүлэгчээр ажиллаж байсан хүн. Малчдын төлөөлөл болж төрд үгээ хэлж явахдаа Багийн хөгжлийн байртай болох асуудлыг шийдэж худаг ус, бэлчээр сайжруулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажилласан байна.
Малчин хүний амжилт гэр бүлийн хөдөлмөр гэдэг. Ж.Отгонбаярын эхнэр Н.Цэрэнбүтэд цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Эднийх найм, нэгдүгээр ангийн хоёр охинтой. Охидоо цэцэрлэгт ороход нь мэргэжлээрээ ажиллан таван жил сумын төвд амьдарсан ч эргээд мал дээрээ гарчээ. “Одоо ч хоёр охин минь тусад орсон. Том охин машин, мотоциклоо унаад малаа эргүүлчихнэ. Аавдаа их нэмэртэй. Хөдөөний амьдрал  стрессгүй тайван. Цагт баригдахгүй. Эрүүл агаарт, эрүүл хүнс идэж, амьдралын зөв хэвшилд амьдарч байна” гэж Н.Цэрэнбүтэд ярив.
       Чулуунхороот бол ОХУ, Хятад улс, Чойбалсан сумтай хиллэх манай улсын хамгийн зүүн хойд  сум. Ж.Отгонбаярынх хилийн бүстэй тун ойрхон. Ах эгчтэйгээ хаяа хаяагаа дэрлэн энэ л нутагт удам дамжин монгол уламжлалаараа амьдарна.  Жирмийн цагаан нуурын зэгсэнд хонь тогтуун идээшилж байна. “Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан” хэмээн их найрагчийн сэтгэлийн утсыг хөндөн найрагт мөнхөрсөн Эрээнцав нутаг эгэлгүй тансаг үзэмжээ гайхуулан ард үлдлээ. 
 

  • Туяа
  • 467
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313