Сувилагчийн төрх хэний ч нүдэнд тод үлддэг

2022 оны 1-р сарын 31 өдөр

БОЭТ сувилахуйн албаны  арга зүйч Ванчинсүрэнгийн БАТЦЭЦЭГ:

        Дэлхий дээр устахгүй мэргэжлийн жагсаалтад сувилагчийн мэргэжил багтдаг гэнэ. Харин эмч мэргэжлийг устана гэж үздэг байна. Учир нь өвчний шинж тэмдгээ илэрхийлсэн тест бөглөж  машинд уншуулснаар тухайн хүнийг эмчгүйгээр оношлох боломжтой. Харин сувилагчийн мэргэжлийг робот ч орлож чадахгүй гэх. Тийм л дээ. Өвчтэй хүн сувилана гэдэг бие сэтгэлээрээ хийх ажил. Эмнэлэгт хэвтсэн хүн бие нь эвгүйрхвэл  сувилагчаа л гэдэг. Эмнэлгээс сувилагчтай л найз болоод гардаг.  Энэ бүхнийг БОЭТ-д 27 дахь жилдээ ажиллаж буй В.Батцэцэг эгчээс сонслоо. Тэр арван жилийн сургуулиа төгсөж 18 хан настай эмнэлгийн ажилтан болсноос хойш амьдралынхаа ихэнх хугацааг өвчтэй хүн асарч тойглоход зарцуулж. Их буян шүү. Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг юм гэсэн. В.Батцэцэг ерөөлтэй амьдарч яваа нэгэн. Түүний ээж насаараа БОЭТ-д ажилласан болохоор хүүхэд байхаасаа ээжийгээ дагаж эмнэлгийн цэвэр цэмцгэр орчин, эм тарианы үнэр нь хүртэл дотно санагдах болж. Ээж шиг ээ л ажил хийдэг хүн болно гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн шар эмнэлэгт асрагчаар ажилд оржээ. Хүмүүс нэг ажлыг олон жил хийхээр уйддаг л гэх. Харин В.Батцэцэг 10 жил ажиллаад уйдах нь бүү хэл 2001 онд Анагаах ухааны “Энэрэл” сургуульд суралцан сувилагчийн мэргэжил эзэмшиж, 2006 онд дахин мэргэжлээ дээшлүүлжээ. Асрагчаар ажиллаж байсан болохоор сувилагч болоход дөхөм байсан. Түүнээс биш оюутны ширээнээс ажлын байранд гарч буй хүүхдүүд барьц алдана шүү дээ гэх. Сувилагчдыг шинэ, дадлагажсан, мэргэшсэн, тэргүүлэгч, зөвлөгч гэж ангилна. 5 хүртэлх жил ажилласан сувилагчийг шинэ сувилагч, 5-12 жил ажилласан бол дадлагажсан сувилагч гэхчлэн эрэмбэлдэг юм байна. Тэднийг харахад өдөр тутам нэг л ажлаа хийх боловч гарын хурд, мэдрэмж шаардана. Сувилагчийн ажлыг бүжиглэх урлагтай адилтгадаг юм билээ. Сувилахуйн шинжлэх ухаан бол залуухан шинжлэх ухаан.  Сувилахуйн тусламж үйлчилгээ жижиг зүйлээс эхэлнэ. Эмнэлгийн хаалгаар янз бүрийн л хүн орж ирэх. Хэн ч орж ирсэн сувилагчтай нүүр тулна даа. Эмнэлэг дотор өвчтөнг сувилагч л зөөж явна. Наад зах нь хэвтрийн өвчтэй хүнийг ор руу нь өргөж хэвтүүлэх кран хэрэг болно. Сувилагчийн түрж буй тусламж үйлчилгээний тэргэнд бүх юм багтсан мөн бэлэн байх ёстой. Холголт цооролтоос сэргийлэх гудас, хэвтрийн өвчтөн орноос босохдоо татах бариул гээд энгийн жижиг зүйл энэ шинжлэх ухааны амин сүнс нь аж. Хэвтрийн өвчтөн орноосоо татаж босох бариулгүйгээс болж гэмтэл  авах магадлалтай. Сувилан туслах үйлчилгээний тоног төхөөрөмжийг жижиг гээд орхиж болохгүй. Өнгөрсөн жил коронавирусын ид дэгдэлтийн үед масс ихтэй өвчтөнүүд холголт цооролтгүй эмчлүүлээд эдгэсэн. Тоног төхөөрөмжөөр хангасан орон нутгийн удирдлагууддаа талархаж байна гэлээ.  
В.Батцэцэг  ажлын гараагаа БОЭТ-ийн нүдний тасгаас эхэлжээ. Хүний гавьяат эмч Оросоо болон нүдний тасгийн хамт олноос их зүйл сурсан. Мэргэжил дээшлүүлж Эрчимт, эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасагт ажилласан. Цаг минут тутамд аврал эрсэн өвчтөнтэй ажиллахад самбаа хурд шаарддаг гэв.  Сувилагч хүн энэрэнгүй байх ёстой. Тэр минийх, энэ хүнийх гэж хэрхэвч ялгаатай хандаж болохгүй. Бүх хүнд өөриймсөг хандана. Ажилдаа дуртай байж гэмээнэ, хүний төлөө хөдөлнө.  Түүнээс биш ингэх ёстой гэсэн хандлагаар хандвал тэр сувилагч биш гэх
Тэр “Мэдрэлийн мэс заслын эмч нар маш том хагалгааг амжилттай хийж л дээ. Хагалгаанаас гарсан өвчтөнг ямар хоол идэж байгааг хэн ч хянаагүй байна. Гэтэл өвчтөн өтгөн хатах хоол хүнс хэрэглэж хагалгааны дараа 8 дахь хоног дээрээ өтгөнөө гаргаж чадалгүй хүчтэй дүлж хагалгаа нь задарснаас цус алдаж нас барж.  Тиймээс сувилагч өвчтөнд зөвхөн цагийн тариа хийдэг хүн биш. Хоол хүнс, сэтгэл санаа бүх л зүйлээр сувилдаг хүн юм. Өвчтөнөөс ямар шээс баас гарах нь хүртэл сувилагчийн ажилд хамаатай. Асаргаа сувилгаа ямар байхаас эмчилгээний үр дүн хамаарна. Хариуцлагатай ажил. Олон хүний хүч хөдөлмөр, хүний эрүүл мэндийг жоохон зүйлээр үгүй хийж болохгүй шүү дээ. Өвчтөний хөлийн улнаас толгойн үсний ширхэг хүртэл асаргаа сувилгаа чухал” гэнэ.
      В.Батцэцэг БОЭТ-ийн гэрийн сувилахуйн багийн ахлагч. Хүмүүс гэртээ дусал хийлгэх гэсэн юм,  тариа хийгээд өгөх таньдаг сувилагч байна уу гэж асуудаг. БОЭТ-д өнгөрсөн жилээс 12 хүний бүрэлдэхүүнтэй гэрийн сувилахуйн баг ажиллаж байна. 103 –т дуудлага өгч гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ авах ба ямар тусламж үйлчилгээ авч байгаагаасаа хамаараад бага хэмжээний төлбөр төлдөг юм байна. Үйлчилгээний төлбөр нь сувилахуйн багцаас хэрэглэсэн эм тариаг цэнэглэхэд зарцуулагдах ёстой. Гэрийн сувилахуйн багт нарийн мэргэжлийн сувилагч нар ажилладгаараа онцлогтой. Төрөлжсөн мэргэжлийн сувилахуй, ерөнхий мэргэжлийн сувилахуй гэж хоёр тусдаа ойлголт бий. Тухайлбал, хагалгааны сувилагч боолт хийх, хавдрын сувилагч зөвлөгөө өгөх нь илүү үр дүнтэй. Мөн гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ авснаар эмнэлгийн байгууллагын ачааллыг хөнгөлнө, иргэд цаг мөнгөө хэмнэнэ. Гэртээ хүн хамгийн тухтай байдаг. Сүүлийн жилүүдэд өвчтөнийг эмнэлэгт удаан хэвтүүлэх бус гэрийн асаргаа сувилгаанд шилжүүлэхийг илүүд үзэх болжээ. Өвдсөн хүн сэтгэл санаа, бие махбодийн олон чадвараа алддаг. Алдсан чадваруудыг сэргээхэд орчин маш чухал аж.  Цөсний хагалгаа хийлгээд гэртээ гарч буй өвчтөнг одоо зүгээрээ, өөх тосгүй хоол идээрэй гээд явуулдаг. Гэтэл өвчтөн шархны боолтоо солихоос эхлээд бүрэн эдгээгүй, ажил хөдщөлмөр эрхлэх чадвар нь сэргээгүй байх жишээтэй. Гаднын хөгжилтэй орнуудад хагалгаа хийлгэсэн өвчтөн эмнэлгээс 3 хоноод гардаг ба тухайн өвчтөний алдагдсан чадварыг сэргэтэл оршин суугаа газрынх нь нийгмийн ажилтан, сувилагч нь асардаг гэж ярилаа. Өвчтөнг эмнэлгээс гарахад нь багийн нийгмийн ажилтан тосч аваад та тэд хоног ажлаа хийхгүй юм байна. Нийгмийн даатгал төлдөг бол таны орлого хадгалагдана, эмнэлгийн хуудсыг тань би холбогдох байгууллагад нь өгье гэхчилэн уялдаа холбоотой ажилладаг аж. Харин манайд зөвхөн бие махбодитой нь ажиллаад , сэтгэл зүй болон нийгмийн асуудлыг орхигдуулдаг гэмтэй. 
Өвчтөний нийгмийн асуудлаас гадна өнөөдрийг хүртэл сувилагч бага мэргэжилтний цалин, нийгмийн асуудал манай улсад орхигдсон. Үүнтэй холбоотой уг мэргэжлийг сонгох хүүхдүүд ховордсон. БОЭТ-ийн хэмжээнд 200 гаруй сувилагч тусгай мэргэжилтэн бий.  Энэ нь аль 1980 –аад онд аймгийн Нэгдсэн эмнэлэг байхад тэдэн сувилагч бага мэргэжилтэн байх ёстой гэж баталсан орон тоо юм. Тэр үед жилд дунджаар 700 хүн төрдөг байсан 2012 он гэхэд төрөлт нэг дахин өсчээ. Ажлын ачаалал өссөн ч ажиллах хүний нөөцөө нэмэлгүй 20,30 жилийг ардаа хийсэн тухай В.Батцэцэг ярилаа.  
     Ямар үед мэргэжлийнхээ сайхныг мэдэрдэг вэ гэвэл, тэрээр “Нэг удаа Баян-Уул сум руу буудуулсан хүний дуудлагад явсан. БОЭТ-ийн эмч сувилагч нар шуурхай ажиллан аймгийн төв дээр авчирч 7 цагийн турш хагалгаа хийн нөгөө хүн амьд үлдэж билээ. Олон жилийн дараа сайн сайхан амьдарч явна баярлалаа гээд намайг шинэ жилийн баярт урьсан. Сувилж, асарч байсан хүн эрүүл саруул болоод явж байхыг харах хамгийн сайхан” гэв. Энэ бол түүний мэргэжлийн олон бахархлын нэг. В. Батцэцэг ээлжийн амралтаа эдлээд ирэхдээ ажлаа санадаг гэх. Өвчтөнүүд нь ч нөгөө охин хаачив хэзээ ирэх вэ? гээд сурна.  Гудамжинд таарсан танихгүй хүн эгчээ, миний дүү би тэгэхэд тэгэж өвдөөд БОЭТ-д хэвтэж байсан хүн байна. Тэр маань тэгээд байна яах вэ, энэ маань ингээд байна яавал дээр вэ гээд зөвлөгөө авна. 
      Коронавирусын хүнд цаг үед энэ мэргэжлийн нандин чанарыг хүмүүс илүүтэй ойлгож байна. В.Батцэцэг 16 хоног “улаан бүс”-д ажиллахдаа өдөрт 3-4 цаг унтдаг байсан гэх. Битүү цагаан хувцсан дотор маш их хөлөрнө. Ам байнга цангана. Тариагаа хийж байхдаа өвчтөнийхөө аягатай усыг аваад балгачихмаар санагддагсан гэлээ. “Ковид-19”-ийн “улаан бүс”-д 120 хүний дунд гуравхан сувилагч ажиллаж байж. Эхний хүнийг тариад сүүүлийн хүн дээр 3 цагийн дараа очно. Ийм нандин мэргэжлийг бид хайрлах ёстой.  Хүн ертөнцийн мөнх бусыг үзэхэд нүдэнд нь хамгийн сүүлд сувилагчийн дүр үлддэг гэнэлээ. Амь аврахын төлөө эмч ажиллаж, амьдралын чанарыг алдагдуулахгүйн төлөө хичээж буй Та нартаа баярлалаа.  

Б.ОДМАА

 

  • Туяа
  • 544
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313