МӨРӨӨДӨЛ ГЭДЭГ ЗҮРХ СЭТГЭЛИЙГ АСААЖ, НҮДИЙГ ГЭРЭЛТҮҮЛДЭГ

2022 оны 1-р сарын 3 өдөр

Итгэлийн БАДНААГАРАВ:

Ном ертөнцийг харах цонх гэдэг бол энэ удаа ертөнцийг харах нэгэн шинэ “цонх”-ыг нээлээ. Энэ цонхоор урьд хожид үзээгүй, сонсоогүй, мэдээгүй олон юмс харагдана. Заримдаа хэн нэгэнтэй ярилцах нь сайхан ном уншихтай адил санагддаг. Хаанаас ч уншиж мэдэхгүй зүйлийг хүмүүс хоорондоо ярилцдаг. Мэдэх, авах зүйл ихтэй тийм нэг ярилцлагыг танд дэлгэе.  

-Одоо эрхэлж буй ажлын тань талаар ярилцлагаа эхэлье?
-Би одоогоор шууд худалдааны бизнес эрхэлдэг.  Хүн болгонд өөрийн гэсэн зорилго, үнэт зүйл байдаг. Зарим хүнд мөнгө, карьер чухал бол миний хувьд гэр бүл, үр хүүхдийнхээ дэргэд ойр байхыг илүүд үздэг. Өөрийн үнэт зүйлээ гээлгүй урагш ахиж болдог бизнес учраас энэ ажлыг сонгосон. Мөнгөөр үнэлэхгүй амьдралын олон эерэг хандлагад сургадаг учраас ажилдаа  дуртай. 
-Яагаад энэ ажлыг  сонгох болов гэж олон хүн асуудаг уу?
Би хэдэн жилийн өмнө хүндээр өвдсөн л дөө, эрхэлж байсан бизнесээ орхисон.  Надад тохирох ямар бизнес байж болох талаар нэлээн судалсан. Тэгтэл  хүмүүсийн айж зугтдаг сүлжээний бизнесийн давуу талуудыг олж харсан. Нэгт, өөрөө цагаа зохицуулаад, ар гэртээ, үр хүүхэддээ ч хангалттай цаг гаргах боломжтой. Хоёрт, бүгд бие биеэ дэмжиж, хөгжих боломжтой. Гуравт, пассив орлого үүсгэх болмжтой гэдгийг олж хараад сэтгэл шулуудсан.
 Өмнө нь банкинд ажилладаг байхдаа гадна харагдах байдлыг чухалчилж дотоод сэтгэл рүүгээ өнгийж хардаггүй байсан юм билээ. Одоо бол дотоод хүнтэйгээ ажиллаж, урдах ажлаа хийж, бусадтай хамт өөрчлөгдөж аз жаргалыг хамтдаа амтлахыг хүсдэг. 
Би 100 гаруй бүсгүйчүүдтэй хамтарч ажилладаг. Бидний хамтран ажиллах болсон гол шалтгаан нь амьдралын зөв хэрэглээ, хэвшил. Өөрөөр хэлбэл хэрэглээгээ дагаж нэмэлт орлоготой болж хамтдаа хөгжихийг хүссэн хүмүүс гэж ойлгож болно. Энэ бизнест анх орохдоо 500 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт л хийсэн. Гэтэл одоо сар бүрийн эргэлтийн хөрөнгөтэй, жилийн 40-60 сая төгрөгийн орлоготой болсон байна. Энэ бизнест орохоос өмнө дотуур хувцас болон хүүхдийн хувцасны дэлгүүртэй байж үзсэн. Бараа татах болгондоо нэмж хөрөнгө оруулдаг, оруулсан мөнгөө хэзээ ч бүтнээр барьж авч чаддаггүй. Одоо хэрэглээгээ эрүүл эко болгосныхоо төлөө сар бүр пассив орлоготой болж чадсан. Хүн бүр өөрийн ажиллах арга барилтай. Би аливаа зүйлийг хэн нэгний шахалт шаардлагаар хийх дургүй. Бусад хүмүүс ч гэсэн өөрийн арга барилаа олж, ажлаасаа аз жаргал мэдэрдэг байгаасай гэж хүсдэг. Хүмүүс намайг ааваасаа дэмжлэг аваад л асуудлаа шийдчихдэг гэж хардаг байх. Гэтэл би 10 жилийн сургуулиа төгссөнөөс хойш ааваасаа мөнгө авч үзээгүй. Шаардлага гараад туслалцаа хүслээ гэхэд буцаагаад төлдөг. Учир нь тэр хүний амжилт тэр хүнийх, миний амжилт минийх гэж боддог. 
-Та багаа мөрөөдөл нь дуусаагүй хүмүүсийн нэгдэл гэж хэлж байсан? 
-Хүн өөрөө хүсвэл юуг ч хийж чадна гэж боддог.  Гол нь тэр хүслийг нь асаах чухал. Мөрөөднө гэдэг чинь хүсч байна гэсэн үг шүү дээ. Мөрөөдөл өөрөө хүний зүрх сэтгэлийг асааж, нүдийг гэрэлтүүлдэг. Хүүхдүүд мөрөөдлөө ярихаар оргилсон их тэмүүлэл мэдрэгддэг биз дээ.  Харамсалтай нь насанд хүрэхээрээ  тэр оргилсон их мөрөөдөл  нь замхран алга болдог. Миний хувьд хүний мөрөөдлийг сонсох, мөрөөдөлд нь хүрэх арга замыг хамтдаа олох дуртай. Санхүүгийн хараат бус эмэгтэйчүүдийг олон болгох нь  миний мөрөөдөл юм даа 
-Хас банкны Баднаагарав гэж олонтоо сонсож байсан. Эрч хүчтэй залуу насаа банкны салбарт зориулсан байх?
- Амьдралынхаа мартагдашгүй сайхан цаг хугацааны нэгээхэн хэсгийг Хас банкныхаа хамт олонтой өнгөрүүлсэн. 2003 онд 22 настай ид залуухан байхдаа Хас банкны салбарын хүний нөөцийн сонгон шалгаруулалтад орж тэнцээд, зээлийн эдийн засагчаар ажилд орж байлаа. Эдийн засагч, нягтлан бодогч,  менежер гээд олон албан тушаал дээр ажилласан. Хамгийн сүүлд Бизнес борлуулалтын менежерийн ажлыг хийж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Одоогийн “би” гэдэг хүний суурь тэнд тавигдсан гэхэд болно. Банкинд ажиллаж байхдаа ажлын цагийг ажилдаа л зориулах ёстой гэдэг зарчимд суралцсан. Манай захирал 18 цагаас хойш битгий ажилла, гэр бүлдээ зориулах цагаа гэр бүлдээ зориул гэдэг хүн байлаа. Сүүлд дотуур хувцас, хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулж байхдаа ч худалдагч нараа энэ зарчмаар ажиллуулдаг байсан. Тухайн хүний гэр бүлтэйгээ өнгөрүүлэх аз жаргалтай мөчөөс хэн ч хумслах эрхгүй гэж боддог. Үр хүүхэд, хань ижилтэйгээ өнгөрүүлэх цагаас нь авах бол илүү цаг ажилласных нь хөлсийг өгөх ёстой. Одоо ч ажил, амьдралаа тэнцвэртэй авч явахыг эрмэлздэг.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй.
-Хоёр дахь өдрийн өглөө болгон өрхийн санхүүгээ хэрхэн хянах тухай өөрийн туршлага арга зүйгээсээ бусадтай хуваалцдаг. Би хоёр ч удаа сонссон, сонирхолтой мэдээлэл байсан?   
-ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан менежер Т.Тунгалагтай хамтран Facebook дээр Happy women’s группын бүсгүйчүүддээ Хувийн санхүү сэдвээр өөрсдийн мэдсэн зүйлсээ хуваалцаж, хамтдаа өөрчлөлт хийх зорилгоор “LET’S CHANGE” нэртэй мэдээлэл хүргэж байна. Их, дээд сургуулиудад санхүүгийн бүртгэл, тооцоо, баланс барих, хяналт тавих тухай заадаг хэр нь өрхийн санхүүгээ хэрхэн зохицуулах талаар заадаггүй. Гэтэл амьдрал дээр тэр талын мэдээлэл хамгийн их хэрэгтэй. Өрхийн орлогын зарцуулалт ихэнхдээ гэрийн эзэгтэй бидний нуруун дээр буудаг шүү дээ. Хүнсээ цуглуулах, хувцас авах, боловсрол, эрүүл мэнд, аялал гээд бүх л зүйл дээр санхүү шаардагдана. Олсон орлогоо гарынхаа салаагаар урсгах уу? үр ашигтай зөв зарцуулах уу? гэдэг эмэгтэйчүүд биднээс их шалтгаална. Энэ туршлагадаа тулгуурлан өрхийн төсвөө хянах сонирхолтой хүмүүст мэдээлэл өгөхийг зорьдог. Гэрийнхээ санхүүг зохицуулаад эхлэхээр сэтгэл санаа хөнгөрч, амьдралд маш олон эерэг өөрчлөлт гардаг.  Үүлээ хөөсөн тэнгэр, Үсээ боосон эмэгтэй, Үнсээ авсан тулга цэмцгэр гэдэг шиг өрхийнхөө санхүүг зохицуулаад эхлэхээр амьдрал эмх цэгцтэй болдог. Тэр мэдрэмж нь их сайхан. Санхүүгээ цэгцлээд гарч буй өөрчлөлтийн сайхан мэдрэмжийг олон хүн аваасай гэж хүсдэг дээ.
-Өрхийн санхүүгээ эмх цэгцтэй байлгах юунаас эхлэх вэ?. Маш энгийн зөвлөгөө өгөөч?   
-Нэгт, орлого зарлагыг нэгд нэгэнгүй бичих. Хүүхдэдээ өгсөн 500 төгрөгөө ч бич. Гарсан зардлуудаа ангилаад түүн дээрээ дүн шинжилгээ хийх. Хоёрт ,хэрэглээнд нөлөөлөхгүйгээр орлогынхоо таваас арван хувийг хадгаламжандаа тогтмол хийх, Гуравт, хэмнэх зардлаа мэдэх, Дөрөвт, ухаалаг худалдан авалт хийж сурах. Хэрэгцээтэй зүйлдээ мөнгөө хуримтлуулж, тэр зүйлээ авах хугацаа ойртоно гэдэг маш гоё мэдрэмж шүү дээ.
-Гоё зүйл гэснээс таны сэтгэлийг гоё болгодог зүйл?
-Би их жижигхэн зүйлд баярладаг. Утасныхаа гэрийг шинээр сольсон ч баярлана, уулзаагүй удсан хүнтэйгээ таарахдаа ч баярлана. Хүн сайхан үг хэлэхэд л баярлана. Хүнд туслахдаа ч баярлана. Хүн надад сэтгэлээсээ хандахад юу юунаас илүү баярлаж, гоё санагддаг. Жижигхэн зүйлээс ч эрч хүч авдаг.
-Сайн ээж, сайн гэрийн эзэгтэй гэдэгт та ямар хэмжүүр тавьдаг вэ?. Эмэгтэй хүн болгонд хүүхдээ хүмүүжүүлдэг өөрийн гэсэн арга барил бий. Таныхыг сонирхоё?  
-Би хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хориглодоггүй. Хүүхэдтэйгээ аль болох ярилцахыг эрмэлздэг. Ихэнх аав, ээж том хүний байр сууринаас хүүхэдтэйгээ ярьдаг. Энэ нь хүүхэд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүйд хүргэдэг. Би бол ээж нь гэдэг өндрөөс биш яг ижил төвшинд ярилцахыг хүсдэг.  Миний хүүхэд ямар нэгэн дугуйлан, дамжаанд явсан бол тэнд юу хийсэн, чамд ямар санагдсан, таалагдсан уу? гээд асуудаг. Өөрт таалагдаагүй зүйлийг дахин хийхгүй байж болно гэж хэлдэг. Би өөрийгөө дотроосоо ухаж байгаатай адил хүүхдүүдийнхээ дотоод сэтгэл рүү өнгийдөг. Хаагдмал, эцэг эхийн халаасанд багтсан хүүхэд биш нээлттэй, өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээсэн хүн болоосой гэж хүсдэг. Хамгийн гол нь миний хүүхдүүд том мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Хүн сэтгэлд нь багтаж байгаа зүйлийг л хийдэг шүү дээ.  Тиймээс чи ийм хүн болж төлөвшвөл тийм зүйлд хүрнэ гэдгийг таниулах чухал. Би арван жилийн сурагч байхдаа гадаадад сурахыг мөрөөдөж ч мэддэггүй байсан. Яагаад гэвэл миний харах өнцөг бага  байсан учраас тэр. Дэлхийн топ 10 сургуулийн талаар, тив алгасан боловсрол эзэмших тухай ойлголтгүй юм чинь аргагүй шүү дээ. Одоо хүүхдүүддээ багаас нь хүмүүс ингэж суралцаж, хөгжиж, амьдарч болдог юм гэдгийг таниулахыг зорьдог. Үүний дараа хүүхэд өөрөө сонголтоо хийнэ биз. Хаана өөрт нь тухтай тааламжтай байна түүгээрээ л амьдраасай гэж хүсдэг дээ. Бага хүүхдүүддээ л арай илүү анхаарал хандуулж байна аа. Бага хоёртоо анхаардаг шигээ хоёр томдоо анхаарал хандуулж чадаагүй. Зөвхөн сурлага биш хоол хүнсний хувьд ч эрүүл зөвийг хүүхдээр өөрөөр нь сонгуулж, мэдрүүлэх гэж хичээж байгаа.   Би өөрийгөө гэрийн сайн эзэгтэй гэж боддоггүй. Мөн эмэгтэй хүн л хоолоо хийж, гэрээ цэвэрлэх ёстой гэдэгтэй санал нийлдэггүй. Хэн завтай нь хоолоо хийж, гэрээ цэвэрлээд харилцан бие биедээ туслаад явбал амьдрал сайхан шүү дээ. Мэдээж айл гэрийн эзэгтэй учраас эдгээр зүйлсэд тодорхой хэмжээний цаг гаргадаг.
-Гэр бүлдээ анхаарна гэдэг үргэлж гэртээ байхыг хэлэхгүй юм байна. Тийм үү?  
-Тийм. Амьдралын зөв хэвшилтэй, өөртөө цаг гаргаж чаддаг, хүссэн зүйлдээ хөрөнгө оруулж чаддаг эмэгтэйг сайн эзэгтэй, сайн ээж гэж ойлгодог. Хэрвээ чи өөрөө эрүүл хоол иддэг бол гэр бүл чинь эрүүл хооллолттой болно. Эерэг хандлагатай, юмсыг сайн сайхнаар хардаг бол гэр бүлийн харилцаа халуун дулаан байна. Санхүүгийн сахилга баттай бол гэр бүл тань хямралд өртөхгүй амьдарна. Түүнээс өдөржин гэртээ байж гэрээ цэвэрлэж хоолоо хийснээрээ сайн эхнэр болно гэдэгтэй санал нийлэхгүй. Бэлэнчлэх сэтгэлгээ бол өөр ойлголт. Тухайлбал, би гар доорх материалаар хийж болох ахуйн зүйлсээ өөрөө хийчихдэг. Ор хөнжлийн даавуу, буйдангийн бүтээлэг, гар ариутгагч гэх мэт өөрөө хийж болох зүйлсэд мөнгө бага зарцуулахыг хичээдэг. Тэр тусмаа хүүхдүүддээ цаг гаргаж, тэдэнтэйгээ хамт хийвэл аливаа зүйлийг орлуулж болдог юм гэдэг ойлголт өгч,  хүүхдийн сэтгэхүйд эерэгээр нөлөөлдөг юм билээ.  Бид чинь энэ хорвоод үр хүүхдэдээ л хоргоддог шүү дээ. Сайн муу эцэг эх байх нь хамаагүй  үр хүүхдээ насанд хүрч гэр бүлтэй болохын цагт хүүхдийг нь хараад өгчихдөг, гэр бүлийн асуудал үүсэхэд аав, ээж минь байгаадаа гэж бодон сэтгэл өег байхаар ард нь түшиж тулах ёстой. Хүүхдээ аав ээжийгээ хайрладаг болгож өсгөх нь их чухал гэж боддог. Бид нэг чихэр олдоход хүүхдэдээ хадгалаад гэртээ аваад очдог шиг хүүхэд аав ээжийгээ хайрлаад хадгалсан чихрээ өгөхөд нь миний хүү өөрөө идчих гэхгүйгээр хайрыг нь хүлээж авах ёстой юм байна. Эцэг эхээ хайрласнаар бусдыг хайрлаж сурна. Хүүхдүүд минь ээжийгээ халамжлах бас л сайхан мэдрэмж.
-Ярилцсанд баярлалаа. Таны яриаг сонсоод хайраар дүүрэн амьдармаар санагдлаа. Олон олон хүний амьдралыг сайхан замд хөтлөх ерөөл өргөе. 

Б.ОДМАА 
 
 

  • Туяа
  • 287
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313