ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАРИЛЦАА ХАМГИЙН ЧУХАЛ

2022 оны 1-р сарын 3 өдөр

Аймгийн ХХҮГ-ын дарга Намжилцэрэнгийн БАЗАРРАГЧАА:

-Сайн байна уу? Ажил тавтай юу? Манай сонины хуудсанд зочилж байгаад баярлалаа.
-Сайн байна уу? Ажил тавтай. Оны сүүл болохоор санхүүжилтүүдээ олгох, хийсэн ажлын тайлан гаргах,  тайлангаа ХХҮЕГ-т явуулах ажилтай сууцгааж байна.
-Аймгийн ХХҮГ-ын даргаар томилогдоод хэдэн сар болов. Ажилдаа дадаж байна уу?
-Хоёр сар болж байна. Энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын тушаалаар ажил хүлээж авсан. Өмнө нь аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст  ажиллаж байхдаа халамжийн тэтгэвэр тэтгэмжийн санхүүжилтийг олгодог байсан болохоор миний хувьд шинэ тутмын ажил биш л дээ. Гэхдээ хөдөлмөр халамжийн үйлчилгээ онцлогтой. Хөдөлмөр халамжийн дэмжлэг туслалцаа тэтгэвэр тэтгэмжийн санхүүжилт тодорхой тогтсон цаг хугацаандаа иргэдийн гарт очих ёстой. Манай байгууллага зөвхөн халамжийн чиглэлээр 12 хөтөлбөрийн 72 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Хөдөлмөр эрхлэлтийн сан жилд нэг тэрбум төгрөг зарцуулдаг юм байна. Ихэнх төрийн үйлчилгээ цахимжсан нь иргэдэд хялбар болсон байна. 
-Төрийн албанд хэд дэх жилдээ ажиллаж байна?
-2000 онд анх төрийн албан хаагч болж аймгийн ЗДТГ-ын босгоор алхсан.  Тухайн үед төрийн албан хаагчдыг аймгийн Засаг дарга захирамж гарган томилдог байлаа.  Зургадугаар сард нь төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцээд найман сард нь Сүхбаатар дарга захирамжлан аймгийн ЗДТГ-ын Төлөвлөлт санхүү эдийн засгийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнээр ажилд орж байв.  Дараа жил нь ЗГ-аас аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн манай хэлтсийг Санхүү, эдийн засгийн хэлтэс, Үйлдвэрлэл, худалдаа, хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн хэлтэс гэж хоёр салгасан.  Түүнээс хойш төрд 19 жил ажилласан байна.
-Төрийн албанд ажилласан ихэнх хугацаандаа аймгийн төсвийг төлөвлөсөн байх нь?
-Тэгсэн, тэгсэн. 2002 онд анх Монгол улс төрийн сангийн тогтолцоонд шилжсэн. Аймгийн төрийн сангийн анхны мэргэжилтнээр ажиллаж дараа нь төсвийн мэргэжилтэн болсон. Төсвийн мэргэжилтэн төрийн сангийн мэргэжилтнээс ялгаатай. Төсвийг төлөвлөдөг, зарцуулалтад нь хяналт тавьдаг. 2009 оноос Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Монгол улсын төсвийн тухай хууль өнөөдрийг хүртэл гурван удаа шинэчлэн өөрчлөгдсөн. Хоёр дахь өөрчлөлтөөр нь төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль батлагдаж Монгол улс анх удаа төрийн сангийн тогтолцоонд шилжсэн. Хуучин төрийн байгууллагууд арилжааны банканд данстай, арилжааны банк бүх гүйлгээг нь хийдэг байлаа ш дээ. Одоо бол төрийн сан банкны системтэй болсон. Банкнаас ялгагдах шинж нь хяналтын чиг үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөнөөс бусад харилцах дансны гүйлгээг төрийн сангийн дансаар дамжуулан хийдэг болсон гэсэн үг. Ингэснээр төсвийн хөрөнгийн хяналт, бүртгэлийн тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжих болсон гэж ойлгож болно.
-Төрийн сангийн тогтолцоотой болсноор ажил цэгцэрсэн үү?
-Бүх гүйлгээг нэг дансаар хийнэ гэдэг маш том ололт. Нэг байгууллага гурван арилжааны банканд 10 гаруй данстай. Тэр олон дансаар мөнгө оруулж гаргахад төсвийн салхига бат зөрчигдөх нь хэвийн үзэгдэл болсон байлаа шүүдээ. Төрийн сантай болсноор зориулалтын бус гүйлгээ хийгдэнэ гэсэн ойлголт үгүй болно гэсэн үг.
-Орон нутгийн төсвийг яаж төлөвлөдөг вэ?  
-Орон нутгийн төсөв оны эхнээс үе шаттай төлөвлөгддөг. Тухайлбал 2023 оны төсвийн төлөвлөлт 2022 оноос  эхэлнэ. Оны эхний улиралд төсвийн төсөөлөл хийгдэнэ. Энэ төсөөллийг 2021 оны төсвийн гүйцэтгэлийг үндэслэн хийдэг.  2021 онд орлого, урсгал зардал ийм байж, 2022 онд ийм болж батлагдсан байна. Тэгвэл 2023 онд ийм хэмжээний өсөлт, бууралт байх нь гэж төсөөлдөг. Төсөв төлөвлөх дүрэм гэж бий түүнийхээ л дагуу явагдана. Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл тухайн жил ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан байгааг харна. Ингээд ерөнхий төсөөллөө сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам Засгийн газраар хэлэлцүүлээд төсийн ерөнхий мэдэгдэл гаргаж танай аймгийн төсөв энэ тоонд багтах ёстой гэдэг төсвийн дээд хэмжээг явуулна. Түүнийг нь үндэслэн ирэх оныхоо төсвийн төслийг боловсруулан найман сард Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам хянаж Засгийн газарт, Засгийн газар УИХ-д өргөн барьж 11 сард улсын төсөв батлагдаж 12 сард орон нутаг  аймгийн ИТХ-аараа ирэх оны төсвөө баталдаг. Манай аймаг 2001 онд 810 сая төгрөгийн төсвийн орлоготой байсан бол 2020 онд 80 тэр бум болж өссөн байна. Аймгийн ИТХ-ын хуралдаанаас харж байхад орон нутгийн төсөв бүрдүүлж буй төрийн байгууллагуудын нийт орлого 20-гаруй тэрбум орчим байна лээ.
-Хүмүүс улс аймаг, сумын төсвийг хөрөнгө оруулалтаар л хардаг?
- Жилээс жилд орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна. Аймгийн төсөвт орлого нэмэгдүүлэх талаар сүүлийн таван жил аймгийн удирдлагууд идэвхтэй ажиллаж байна.  Уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар жилд 4 тэрбумын орлого ордог болсон. Энэ цэвэр бүтээн байгуулалтад зарцуулагддаг мөнгө. Мөн УИХ-аас орон нутгийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр улсын төсөвт тодорхой хөрөнгө суулгаж байна. Аймгийн ИТХ-аас харахад манай аймгийн хөрөнгө оруулалтын нийт дүн 28 тэр бум гэж харагдана лээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад нэг дахин нэмэгдсэн байна. Гол нь үр дүнтэй зарцуулах ёстой. Орлогыг зөв төлөвлөж олж зарцуулна. Зарцуулсан мөнгөндөө хяналт тавина.  Орлого төвлөрүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Орлого төвлөрч орж ирээгүй зарцуулалтаа гаргаж чадахгүй байх хэцүү. Орлого төвлөрөөгүй бол дараагийн сар жилийн эцэст  хүндэрдэг. Оны сүүлд төрийн сангийн ажил ид бужигнана.
-Таныхаар төрийн албан хаагч ямар байх ёстой вэ?  
-Ёс зүйтэй байх ёстой. Төрийн албан хаагч аливаа хувийн ашиг сонирхлоос ангид байх ёстой.  Хүн болгонтой адил тэгш харилцах ёстой. Төр татвараар санхүүждэг. Төрийн албан хаагч татвар төлөгчдийн мөнгөөр цалин авдаг гэдгээ ямагт санах ёстой.  Өнөөдөр над дээр уурлаад орж ирсэн иргэн намайг цалинтай байлгадаг гэдгийг мартаж болохгүй. Ер нь төрийн албанд орж буй хүнийг эхлээд ёс зүйн сургалтад хамруулдаг байх хэрэгтэй гэж боддог.  Харилцаанаас харилцаа үүснэ гэж үнэн үг.  Тэр тусмаа манай байгууллагаар нийгмийн халамж дэмжлэг туслалцаа хэрэгтэй л хүмүүс үйлчлүүлдэг. Би энэ ажилд томилогдсон өдрөө хамт олондоо “Биднээс үйлчилгээ авахаар ирсэн ямар ч иргэнтэй зүй зохистой, албан харилцааны соёлтой байх, ямар нэгэн гомдол гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг анхааруулсан. Төрийн албанд хүнд суртал байж болохгүй. Иргэн анх уулзсан хүнээсээ л хэрэгтэй мэдээллээ авч асуудлаа шийдүүлдэг байх ёстой.  Би мэдэхгүй, та өөр хүнээс асуу гэх мэтээр үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийх нь хамгийн бүдүүлэг харилцаа.
-Манай улс хөдөлмөр халамжийн бодлогод тавьж буй том зорилт гэвэл?
-Монгол улсын Засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэж том зорилт тавьсан. Манай аймагт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 3600 өрх бий. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг эрс багасгана гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл халамж авдаг иргэнийг хөдөлмөрийн харилцаанд шилжүүлж хөдөлмөр эрхлэгч болгох юм. Нэг өрхөд хоёр хүн халамжийн дэмжлэг туслалцаа авдаг гэж бодвол нэгийг нь ажилтай орлоготой болгох нь халамжаас хөдөлмөрт бодлогын зорилго.  Гэхдээ айл өрхүүдийг шууд хүнсний эрхийн бичгээс хасна гэсэн үг биш. Тухайн хүн тогтвор суурьшилтай ажлын байранд тогтмол орлого олдог болсны дараа хүнсний талоноос гаргана. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг өрхийн 30 хувийг ажил орлоготой болгоно гэсэн төлөвлөлт бий.  
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжит хүсье.

Зориод ирсэн хүний асуудлыг нь шийдээд  гаргахыг зорьдог. Хэрэгтэй болоод л хүн өөрийн биеэр ирсэн байж таараа. Дараа ирээрэй, би тэрэнд энэнд хэлье гээд асуудлыг аргацаах дургүй гэж Базараа дарга ярив. Тэр төрийн албанд шинэ хүн биш. Хөдөлмөр халамж хол хөндий салбар ч биш амжилт хүсье.

Б.ОДМАА
 

  • Туяа
  • 124
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313