Ц.Шинэбаяр: Монголын хамгийн анхны газрын зургийг Германаас олж авсан

2018 оны 1-р сарын 18 өдөр
 \"\"Сайн байцгаана уу? Эрхэм уншигчид аа. Бид энэ буландаа \"Дорнод зон\" сэтгүүлийн дугааруудаас \"амттай, шимтэй\"-г нь сорчилж хүргэх болно.

\"Хобби\" буландаа Цэндийн Шинэбаяр эрхмийг урьж, саарал ордны  зүүнтээх \"Пума\" ресторанд үдийн цайных нь үеэр цөөн хором хөөрөлдөв. Бид улс төр ярьсангүй. Түүнийг \"Адуунчулуун\" ХК-ийн дийлэнх хувьцааг эзэмшигч, нэгэн цаг үед тус байгууллагыг удирдаж явсных нь хувьд зочноор урьж, түүний \"Хобби\" ертөнцөөр аялахыг зорьсон юм. 

- За ярилцлагаа эхлэх үү дээ. Та тун олон төрлийн хоббитой. Гэхдээ би газрын зургуудыг чинь илүүтэй сонирхож байна?

- Би хүүхэд байхаасаа л марк, хөл бөмбөгтэй холбоотой зүйлүүд гээд олон төрлийн зүйл цуглуулсан даа. Гэхдээ хүний сонирхол цаг хугацааны явцад өөрчлөгддөг. Одоо бол ном, газрын зурганд татагдах болж. Ер нь хүүхэд байхаасаа л газар зүйн хичээлд дуртай, газрын зураг, тэр тусмаа дэлхийн том хотууд, арал хойг, булан тохой, хамгийн өндөр уул нурууд, ноён оргил гээд л надад тун сонирхолтой санагдаж, нүд булаадаг байсан. Одоо бол түүхэн ач холбогдол талаас нь илүү анхаарч цуглуулж байна. 

- Таны цуглуулганд ховор зургууд олон байдаг гэж сонссон. Тэр ховор зургуудыг хаанаас олж, цуглуулгаа баяжуулдаг юм бэ?

- Миний цуглуулганд дэлхийн эртний газрын зургууд, Монголын түүхэн газрын зураг, Богд хаант Засгийн газрын үеийн зураг, хошуу нутгуудын газрын зураг гээд Монголд байхгүй ховор зураг бий. Ижил хоббитой хүмүүстэйгээ холбогдож, бид хоорондоо мэдээллээ солилцдог. Сонирхуулахад, БНМАУ 1921 онд байгуулагдахад Гэгээрлийн яамнаас анх санаачилж, газрын зургаа Германд хэвлүүлсэн юм билээ. Гэтэл тэр зураг Монголын албан ёсны архив, музейд байдаггүйг мэдээд би Герман улсад аспирантурт суралцдаг нэг залуугаар хөөцөлдүүлж байж олж авсан юм. Тийм ч амар олдоогүй ээ, нэлээд ажил болж байж сургийг нь гаргаад яваад очтол тэр архивын газар Подстам руу шилжчихсэн байсан. Араас нь очиж байж, Монголын хамгийн анхны газрын зургийг олж авч чадсан. 

- Уг нь Семуковын зургийг Монголын анхны газрын зураг гэдэггүй бил үү? Та түүнээс ч өмнөх үеийн зургийг олж чаджээ.

- Манайд нэг ийм буруу ойлголт яваад байдаг. Семуковын ногоон зургийг манай анхны зураг гэж яриад байгаа байхгүй юу. Тийм биш шүү дээ. Манай анхны зураг бол 1921 онд Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбат хаан өөрөө Германд очоод захиалж хэвлүүлсэн хоёр зураг. Семуковын зургийг анхны зурагтай харьцуулаад харах юм бол маш их өөрчилсөн, таначихсан байгаа юм л даа. Тэгээд манай зарим улс төрч энэ зургийг Монголын анхны газрын зураг гэж үзээд л хэвлээд тараагаад байдаг. Энэ нь угтаа түүхийг гуйвуулж байгаа хэрэг. Өөр бас Коростовецийн зураг гэж бий. Коростовецийн зураг гээд хар цагаан, жижигхэн, А4-ийн цаасны тал хэмжээтэй зураг тус музейд өлгөөтэй байсан. Гэхдээ тийм шаардлага хангахгүй зургийг өлгөчихөөд Богд хаант засгийн үеийн зураг гээд сууж байж болохгүй. Би Оросоос энэ зурагны өнгөтэй, том хэмжээтэйг нь олж ирж, Богдын музейд бэлэглэх гээд бэлдчихсэн байгаа. Мөн тухайн үеийн хошуудын зураг гээд манайхан өөрсдөө дотооддоо хийсэн зураг миний цуглуулгад бий. Цуглуулгыг хав дарахаас илүү нийтийн хүртээл болгох хэрэгтэй гэж боддог. Бас Дорнод аймгийн музейд Германаас авчирсан зургуудаа хувилж бэлэглэсэн. Хамгийн гол нь ийм түүхийн ач холбогдолтой зургийг хойч үедээ үнэн зөвөөр нь ойлгуулах ёстой юм даа. 

Үргэлжлэл бий...

\"Дорнод зон\" сэтгүүлийн 3 дахь дугаар. 2015 оны III улирал
  • Отгонтуяа
  • 5884
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313