АМЬДРАЛД ЗӨВ ЗАМААР АЛХАХ ГОЛ ШАЛГУУР НЬ ҮНЭНЧ БАЙХ

2021 оны 10-р сарын 19 өдөр

Би сэтгүүлч хүний  хувьд “за гэвэл ёогүй” хүмүүст дуртай. Уулзана гээд утсаа авдаггүй, ажил хийнэ гээд алга болдог хүмүүс төвөгтэй. Товлосон цагтаа уулздаг, ярьсан ажлаа яв цав хийдэг хүмүүс харилцахад амар байдаг юм. Тийм нэг хүнтэй таарсан нь “Голомт”-ын Ариука. “Голомт” банкны  Дорнод салбарын захирлаар томилогдоод удаагүй Э.Ариунтунгалагийг сониныхоо хуудсанд урилаа.  Тэр яг л ярьсандаа ярилцлагадаа бэлэн  сууж байна.  Дорнодын залуусын тод төлөөллийн нэг түүнээс үеийнхэн нь үлгэрлээсэй гэсэндээ бид Хөнгөн атлетикийн тамирчнаас Банкны захирал хүртэл нь ярилцсан юм.  


-Та “Голомт” банканд хэдэн жил ажиллаж байна?
-2009 онд “Голомт” банкны теллерээр анх ажилд орсон. 12 дахь жилдээ ажиллаж байна.
-Энэ хугацаанд банкандаа ямар албан тушаалууд дээр ажиллаж байв?  
-Банканд ажиллаж байгаа хүмүүс анх ямар албан тушаалд томилогдсоноосоо шалтгаалаад  бүртгэл эсвэл зээлээ дагнадаг.  Би аль алинаар нь ажилласан. 12 жил ажиллахдаа 10 ажлын байр дамжсан байх жишээтэй. Манай банканд шинэ ажлын байр бий болоход ажиллана. Ажиллаж байсан ганц нэг ажлын байр минь одоо байхгүй болсон байх жишээний.  Ямар ч ажлын байран дээр байсан борлуулалтад  их явна. Би өөрөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах дуртай гэх үү дээ.-Өөрийг тань багаасаа гүйдэг, хөнгөн атлетикийн тамирчин байсныг мэднэ л дээ. Яагаад спортын мэргэжил эзэмшилгүй банкны салбарыг сонгов ?
-Би есөн наснаасаа хөнгөн атлетикаар хичээллэсэн.  Хан-Уул сургуулийн Пүрэвжав багшийн шавь болж  ах, эгчийгээ дагаад сургуулийн гаднах биеийн тамирын талбайгаас салдаггүй хүүхэд байлаа.  9 дүгээр ангидаа авьяастны 12 дугаар сургууль руу шилжиж Сүхбаатар багштай бэлтгэл хийх болсноор  Улсын болон Олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож эхэлсэн дээ. Аравдугаар ангид байхдаа дэлхийн аваргын тэмцээнд яваад ирсэн чинь их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт буюу конкурс болоод өнгөрсөн байсан.  Тэр үед спорт, урлагаар спортоор амжилт гаргасан төгсөх ангийн хүүхдүүдэд их дээд сургуулиуд шалгалтгүй элсэх урилга өгдөг байсан юм. Надад спортын дөрвөн сургууль, нэг менежментийн сургуулийн урилга ирсэн байсан. Конкурс тэр жил дахин болохгүй, хүссэн сургуульдаа элсэн орох боломжгүй  юм чинь нөгөө дөрвөн урилганаасаа нэгийг сонгох болсон. Монгол улсад тамирчин байх хэцүү ш дээ. Бэлтгэл хийх стандартад нийцсэн орчин нөхцөл байхгүй. Тэмцээн уралдаанд явах зардал мөнгө олдохгүй. Тиймээс өөр салбарт ажиллая гэж бодсон.   “Шинэ иргэншил” дээд сургуулийн урилгыг хүлээн авч дөрвөн жил суралцаж төгсөөд үргэлжлүүлэн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.
-Яагаад “Голомт” банкыг сонгосон бэ?
-Оюутан байхдаа анх удаа “Голомт” банкаар үйлчлүүлсэн. Тохь тухтай, цэмцгэр орчинд, найрсаг харилцаатай ижилхэн хувцастай хүүхнүүд эгнээд суусан нь их гоё санагдаж билээ.  Манай сургуулийн санхүүгийн багш банкны талаар мэдээлэл өгөхдөө “Голомт” банкыг сайн жишээнд авч ярина. Өмнө нь байсан таатай мэдрэмжин дээр сайнаар ярихаар тэнд л ажиллах юмсан гэсэн хүсэл төрнө ш дээ. Би их сургуульд сурч байхдаа Улсын шигшээ багийн хөнгөн атлетикийн тамирчин байсан.  2008 оны сонгуулиар тухайн үеийн “Голомт” банкны захирал Мөнхчулууны Зоригттой уулзсан чинь намайг төгсөөд хаана ажиллах гэж байна. “Голом” банканд ажиллах хүсэл байна уу гэж асууж билээ. Тэгж л анх банкны салбарт хөл тавьсан даа.
-”Голомт” банкны бусдаас давуу онцлог гэвэл?     
-Нэгт, бид үндэсний хөрөнгө оруулалттай банк гэдгээрээ бахархдаг.  Хоёрт, бид салбартаа анхдагч бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлдэг. Хамгийн сүүлд гэхэд интернет банкаар банк хооронд гүйлгээ хийхэд шилжүүлж буй данс эзэмшигчийн нэр гарч ирдэггүй, тухайн албан байгууллага, иргэний нэрийг нь буруу хийвэл буцдаг хүндрэлтэй байсан. “Голомт” банкны интернэт банкаар бусад банк руу гүйлгээ хийхэд шилжүүлж буй дансны нэрийг бичих шаардлагагүй дансны нэр харагддаг болсон. Банкны үйлчилгээнд харилцагч төвтэй байх хамгийн чухал. Харилцагчийг яаж халамжлах вэ гэдэг дээр бид салбартаа тэргүүлэх бодлого барьдаг. Манай банкны хүний нөөцийн газар шалгаруулж авсан ажилтнаа сургах тал дээр маш их анхаардаг. Теллерийн сургалт гэхэд 14 хоног явагдана. Улирал бүр бүх ажилтандаа харилцааны стандартын сургалт зохион байгуулна.  Би хэдэн ч удаа стандартын сургалтад суусан юм бүү мэд, тоогоо алдсан. Бид “Дэлхийн жишиг  Монголын банк” гэдэг уриатай ажиллаж банкны салбарт дэлхийтэй хөл нийлүүлэхийг зорьж байна.
-Ямар үед ажлынхаа сайхныг мэдэрдэг вэ?
-Санхүүгийн асуудал хүний амьдралын хүнд асуудлуудын нэг. Санхүүгийн асуудлаа шийдүүлэхийн тулд л иргэд банканд ирдэг. Би иргэний санхүүгийн асуудлыг шийднэ гээд сууж байгаа бол  дүрэм журмынхаа дагуу шийдэх л ёстой. Асуудлыг нь шийдэх боломжгүй байлаа гэхэд санхүүгийн маш сайн зөвлөгөө өгөх хэрэгтэй. Санхүүгийн асуудлаа шийдүүлсэн хүний сэтгэл тэнийдэг. Асуудлаа шийдүүлээд “баярлалаа” гээд гарч байгаа харилцагчдаа харах л сайхан даа.
-Ажил амьдралдаа ямар зарчим баримтлахав?
-Үнэнч байх. Амьдралд зөв замаар алхах гол шалгуур нь үнэнч байх явдал гэж боддог. 
-Спорт хүнээс юу шаарддаг вэ. Спортоос олж авсан чанар ажил амьдралд хэр хэрэг болж байна?
-Спорт хүнээс тууштай байхыг л шаардана. Олон хүүхдүүд хөнгөн атлетикаар хичээллэдэг. Би тэднээс тууштай хичээллэснээрээ л ялгарч чаддаг.  Бэлтгэлийг үнэнчээр  тууштай хийж чадсан хүн л амжилтад хүрнэ.  Тэгж тэсвэр тэвчээрийг өөртөө суулгана. Спортоос олж авсан энэ зан чанарууд хүний амьдралд эерэг нөлөө үзүүлнэ үү гэхээс биш муу зүйлд хөтлөхгүй. Тиймээс хүүхдүүдээ багаас нь спортоор хичээллүүлэхийг хүсдэг. 
 -Таны дурсамжид хамгийн тод үлдсэн тэмцээн гэвэл?
-15 настайдаа анх Улсын аварга шалгаруулах тэмцээнд орсон. Хөдөөний хүүхдэд Улсын нийслэл Улаанбаатарын юм бүхэн гайхмаар гоё санагдаж билээ. Төв цэнгэлдэх хүрээлэн маш том харагдаад л, 21 аймаг, Улаанбаатарын бүх дүүргийн өсвөрийн тамирчидтай өрсөлдөнө гэхээр сүрдээд л. Тэр үед УАШТ-ний  400 метрийн гүйлтийн төрөлд Дорнод аймгаас таван тамирчин явсны хамгийн бага нь би. Улсын чанартай тэмцээнд оролцож байсан туршлагагүй, тийм болохоор багш маань эгч нарт л медалийн найдлага тавьж байгаа ш дээ. Тэгсэн би 400 метрт гүйсэн нийлбэр цагаараа хүрэл медаль авсан. Эгч нар миний араас орж билээ. Тэр хүрэл медаль надад цаашдаа энэ спортоор хичээллэх том урам өгсөн. Түүнээс хойш өсвөрийн болон  насанд хүрэгчдийн УАШТ-д 14 удаа түрүүлсэн, хүрэл болон мөнгөн медалиа  тоолж үзээгүй.  2000 онд Якут улсад зохиогдсон байгуулагдсан хүүхдийн Азийн наадмаас хүрэл медаль авсан.  Өдий зэрэгтэй амьдарч буй амьдралын минь бүх зүйл хөнгөн атлетикийн спортоос эхлэлтэй. Багш шавийн барилдлага гэдэг бурхны зурсан зураг байдаг юм гэнэ билээ. Энэ спортоор хичээллэх боломж байгааг харуулсан, олон тэмцээнд хөтөлж явсан Сүхбаатар багшдаа үргэлж талархдаг.  Тухайн үеийн Сүхбаатар багшийн бэлтгэж байсан шавь нар үнэхээр сайн. Тэмцээнд очиход Дорнодын охидоос тамирчид айдаг байсан. УАШТ-нд таван охин очоод 10 гаруй медаль зүүгээд ирдэг байсан. Буриадын улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн амжилт бий. 
-Өөрийг тань Монгол улсын рекордыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоосон  гэж сонсож байсан?
-2002 онд насанд хүрэгчдийн УАШТ-нд гурвын харайлтын төрөлд МУ-ын рекордыг шинэчлэн тогтоосон.  Дараа жил нь “Алдар” спорт хороонд мэргэжлийн тамирчин болж дөрвөн жил дараалан өөрийнхөө рекордыг шинэчлэн тогтоосон. 12 жилийн дараа Хэнтий аймгийн тамирчин миний рекордыг эвдсэн. Тэр охин Сүхбаатар багш дээр бэлтгэл хийж, надтай нэг техникт суралцаж байсан тамирчин.  Миний хувьд 4*4 танхимын буухиа төрөлд МУ-ын рекорд эзэмшигч дөрвөн хүний нэг. Азийн спортын наадамд  танхимын 4*4 буухиа төрөлд улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон. Тэр рекорд одоо ч эвдэгдээгүй байгаа. 
-Тамирчдын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпод оролцох нь мөрөөдөл юм шиг ээ?
-Хөнгөн атлетикийн спортод Африк, Америк тивийн хар арьстнууд ноёрхдог. Ойрын зайд Ямайк, Америкийн харууд, холын зайд Итоп, Кейнийн тамирчдын урд орно гэдэг хэцүү. Дэлхийн аваргын тэмцээнд орж үзэх юмсан гэж боддог байсан. Тэр мөрөөдөл минь биелсэн. Гэхдээ би ДАШТ-нд  оролцож үзэх юмсан биш түрүүлэх юмсан гэж мөрөөдөх байж гэж боддог. /инээв/ Мэргэжлийн тамирчин байхдаа Монгол улсынхаа амжилтыг ахиулахыг л хүсдэг байсан даа. Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапэшт хотод болоход оролцсон. МУ-аас эрэгтэй эмэгтэй хоёр тамирчин оролцсон.  Хөнгөн атлетикийн спорт маш олон төрөл. Би гурвын харайлт болон ойрын зайн гүйлтээр хичээллэдэг байсан. 100, 200, 400 метрт гүйнэ. Хамгийн холдоо 400 метр цэнгэлдэх хүрээлэнг нэг л тойрно.  Ойрын зайн гүйлтэд хурд, тэсвэр, хүний биеийн чац их чухал. Би холын зайд гүйнэ гэхээр айдаг.  Чойбалсан марафонд хоёр удаа гүйсэн. Амьдралынхаа ихэнх хугацаанд байнгын эрчимтэй дасгал хийж байсан болохоор зүгээр суухаар бие хүндрэнэ, зүрх өвдөнө. Эрүүл мэндээ бодсон ч хүн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх ёстой. Амралтын өдрүүдээрээ 3 км-т гүйдэг.  
-Тамирчдад тэмцээнд оролцох зардал асуудал болдог. Сурагч, оюутан байх үед аав ээж тань зардлын асуудлыг зохицуулдаг байв уу?
-Залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцох болсон чинь замын зардал байхгүй. Уг нь тэмцээн зохион байгуулагчид зардлыг нь өгдөг л дөө. Гэхдээ тамирчид тэмцээндээ оролцсоны дараа тухайн улс руу нь  замын зардлыг шилжүүлдэг байж.  Тэр үед аав ээжид бэлэн гаргаад өгөх мөнгө байхгүй, аймгийн Засаг даргатай уулзаж хашаа байшингаа барьцаалж  мөнгө орж ирэхээр буцааж өгсөн юм билээ. Аав ээж хоёр гэрээ барьцаалаад чамайг тэмцээнд явуулж байна шүү гэхэд нь хүүхэд байсан болохоор сайн учрыг нь ойлгоогүй.  Сүүлд банкны ажилтан болж л “өө орон гэрээ барьцаалаад явж байсан байна ш д би” гэж ойлгосон. /инээв/
-Аав ээж тань ямар хүмүүс байдаг вэ? Юу гэж сургадаг байв?
- Манай аав цэргийн хүн. Би эхээс дөрвүүл, айлын гурав дахь хүүхэд. Бага байхаас л аав биднийг уралдуулж шагнадаг байсан. Би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.  Том эгч нартай дээс, резин тоглоно. Ойр хавийнхаа охид дунд сайн тоглодог байсан болохоор “маяа” болно. Багийн бүх гишүүд алдсан ч “маяа” нь алдахгүй бол тэр баг хожигдохгүй ш дээ. Дээс бол хөнгөн атлетикийн үсрэлтийн дасгал. Багаасаа спортын бэлтгэл хийдэг байж л дээ. Ах эгч хоёр маань гүйлтийн тэмцээнд орно.  Манай аав Хилийн цэргийн заставын дарга байсан. Заставт өнгөрүүлсэн бага нас амьдралын минь хамгийн тод дурсамжуудын нэг. Аавыгаа дагаад цэргүүдтэй кросонд гүйнэ. Заставт тоглох хүүхэд байхгүй, цэргүүдтэй тоглоно.  Манай ээж нийгмийн маш идэвхтэй. Хилийн цэргийн 0132-р ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан.  Бид аав ээжийнхээ шударга зан чанарыг өвлөсөн байх. 
-Та дөрвөн хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”. Ар талыг тань хэн дааж байна?
-Хоёр талын аав, ээжүүд л арын албыг даана даа.  Би хүүхдүүдээ гурван сартай болоход нь л ажилдаа ордог. Ээжүүд  минь аваад л үлдэнэ. Ажилтай хэр нь хөхөөрөө өсгөнө. Гүйдгийн хэрэг тэнд л гарна шүү дээ. Ажил, гэр хоёрын хооронд сайн гүйнэ дээ. 
-Нутагтаа амьдаръя гэсэн санаа яаж төрөв?
-Би 2008 онд  тэмцээнд явахдаа орон нутгаас дэмжлэг хүсэхээр аймгийн Засаг даргын туслахтай холбогдсон.  Тэр үед Ц.Жанлав даргын туслахаар манай хүн ажилладаг байсан.  Тэгж анх нөхөртэйгээ танилцсан.  Нөхөр маань аймагтаа ажилладаг байсан болохоор Санхүү эдийн засгийн сургууль төгсөөд шууд нутагтаа ирсэн. Ирэхдээ нэг их удахгүй хот руу явна гэж бодож байлаа. Тэгтэл анхны хүүхэд төрж, хоёр дахь, гурав дахь гээд Улаанбаатар шилжих тухай бодохоо ч больсон.  Орон нутагт амьдрах нь хүүхэд өсөх хамгийн таатай орчин. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөх хамгийн чухал.      
-Өндөр өсгийтэй охидын уралдаанд түрүүлж зурагтаар ярилцлага өгч байсныг тань санадаг юм?
-Намайг “Алдар” спорт хорооны тамирчин байхад  загварын нэг сэтгүүлээс  100 охины дунд 9 см гадсан өсгийтэй, мини юбкатай 400 метрт гүйх уралдаан зарласан. Шагналын сан нь нэг сая төгрөг. Тухайн үед маш их мөнгө. Эгч чи ор л доо гээд ятгаж байна. Би “багш мэдвэл загнана” гэсэн чинь багшдаа битгий хэл гэж байна.  Нийгэмлэгийнхээ тамирчин эгчтэй хоёул бүртгүүлж эхний 100-д ам өлтөс багтлаа. Тэр үед надад 9 см гадсан өсгийтэй туфль байхгүй. Эгчийн туфльнүүд 9 см хүрдэггүй. Тэмцээн болохын өмнөх өдөр эгчтэйгээ хоёул дэлгүүр хэсч нэг туфль сонгосон нь мөнгө байдаггүй.  “Би тэмцээнд түрүүлээд л таны мөнгийг шууд өгнө” гээд хүргэн ахаасаа мөнгө зээлж туфлээ авсан. Тэмцээн эхлээд охидууд гараанаас гарахад тамирчин эгч бид хоёр хөлөө бэртээхээс болгоомжлоод хамгийн сүүлд гарлаа. Аль болох охидоос зайдуу замаар гүйлээ.  Урд талын хүнийг харсан нэлээн тасарсан байна. Тэгэхээр нь би яах гэж энэ тэмцээнд орлоо гэж бодоод сүүлийн 100 метр өсгийтэй гутлаа мартаад гүйсэн. Барианд орохын өмнөхөн урд талын охиныг гүйцсэн. Түрүүлж явсан охин барианы шугаман дээр бүдэрч унаад харамсалтай юм болж билээ. Тухайн үед телевиз, сонин, сэтгүүлээр энэ тэмцээний туха мэдээ цацагдаж ёстой л “од” болж байж билээ. /инээв/
-Ярилцсанд баярлалаа. Ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. Дараа дараагийн олон олон амжилтаар эргэн уулзахын ерөөл бэлэгдье.
 
Э.Ариунтунгалаг спортын салбарт ажиллаагүй ч Дорнод аймагтаа хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг нэгэн.  Аймагтаа хөнгөн атлетикийн мэргэжлийн замтай болох мөрөөдөл бий гэв.  Намайг тамирчин байхад Монгол улс  Олон улсын стандартын гүйлтийн зам байхгүй  ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Бээжин хотод очиж бэлтгэл хийдэг байсан.  Сургуулийн зуны амралтаар  гэртээ ирэхгүй бэлтгэлээ хийнэ. Тиймээс спортоор хичээллэж буй ирээдүйн тив, дэлхийн аваргуудын төлөө ажиллах болно гэж итгэлтэй ярив.  

Б.Одмаа
 

  • Туяа
  • 313
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313