ГЭРЭЛТЭЖ АМЬДАРСААН, ТЭР МИНЬ

2021 оны 10-р сарын 19 өдөр

  Сэтгэлийн зул

   Цонхны хуруу орох зайны жижиг завсраар салхи хүүгэн хүүгэн исгэрнэ. Тэр тоолон сэтгэл сэмрэх шиг... Урьд орой нь Энхболдтой ярихад “Даралт нь уначихлаа...” гээд хоолой нь сааралтан утсаа салгасансан. Өглөө босоод утас нээхээс нэг л халгаад болдоггүй ээ. Ойрын үед ямар ширүүн байна вэ, телевиз, сошиалаар эмгэнэлийн үг зайгүй шахам урсана. Таних танихгүй, хөгшин залуу, эр эм хэнийг ч ялгалгүй энэ  өвчин авч ойчсоор...  Долгормаа маань эмнэлэг бараадсан ч сайжралыг олохгүй байсаар намрын дунд сарын 19-ний 06 цагт хорвоог орхилоо. Юутай их уй, юутай их харуусал вэ. Хамгийн сүүлд бид хориод хоногийн өмнө хотод байдаг хүүхдүүддээ мах явуулах гэж холбогдсон. Захьсан махыг жижиглэж, хайрцаглаад, хөлдөөгчид хийж хөлдөөгөөд жин тан болгоод өгнө. “Найз аа, хоол хоолныхоор болгоод ууталчихлаа. Ажил, сургуультай хүүхдүүдэд амар шүү дээ” гээд утасны цаанаас цангинаж байна. Цовоо цолгиун тэр дуу одоо ч чихэнд сонсогдох шиг. Хүнд тус хүргэвэл тултал хүргэдэг сайхан чанар энэ гэр бүлд байдаг. Бидний танилцаж дотноссон нь гэвэл сүүлд юм. “Хөдөлгөөн эрүүл мэнд” бүжгийн клуб байгуулагдахад анхны гишүүдийн нэг нь Энхболдынх маань. Энэ үеэс бид биеэсээ мэдэлцэж, тэр цагаас хойш таван жил болоход амьдралын баяр жаргал, зовлон гунигаа хуваалцаж, хүн чанар, хүний мөс, жинхэнэ ааш араншингаа таньсан найзууд болжээ. Ярьсан хэлсэндээ хүрдэг, даасан ажлыг яв цав гүйцэлдүүлдэг гээд олон сайхан төстэй чанарууд биднийг ойртуулж чадаж.
       Инээж хөхрөлдсөн, аз жаргалтай байсан тэр мөчөө энэ өдрүүдэд илүүтэй дурсан сууна.  Бидний уулзсан, сүүлчийн өдөр наймдугаар сарын 5 байсныг хэн  хэн маань яаж мэдэх. Буягаагийнхан хотоос ирлээ гээд клубынхэн маань  “Энх” зусланд хонуут очсон юм. Доомаа маань ганган, донжлог эмэгтэй. Тэр өдөр ногоон, шар хосолсон цамц өмсөж хумсаа яг тийм өнгөөр будаж, сүүлийн үед мэр сэр харагдах болсон шав шар өнгийн сүлжмэл гутал жийсэн байсныг тод санаж байна. Гутлыг нь бид сонирхож, хүүхнүүд л болсон хойно зугаа яриа дэлгэж суусансан. Тэр маань их наргианч, амьдралд тохиолдсон хөгтэй явдлаа нүдэнд ургатал ярина. Бидэнтэйгээ суугаад ... Айдаа дууны энэхэн хорвоод 
Азаар гэрэлтэн амьдрах сайхаан гээд толгойгоо донжтой нь аргагүй хөдөлгөөд цаанаа л эвлэг, дотортой дуулна. Ханьдаа яг л хүүхэд шиг  эрхэлж тунина. Энэ насанд ховорхон ааш аяг. Хоёр жилийн өмнө клубын долоон гэр бүлийн 14-үүл бид “Хужирт” рашаан сувилалд амарсан юм. Мань мэт нь эртхэн эмчилгээгээ дуусгах гээд адгаж очоод амжуулчихна. Энхболд, Долгормаа хоёр яарамгүй очно. “Яасан бэ, та хоёр” гэхэд “Хөгшин самраа цөмөөд суучих юм аа” гээд Энхболд муухан мушийна. Энэ хоёр маань дунд сургуулийн нэг  ангийн, бүр нэг ширээний хоёр. “Хар нялхаараа” хайртай хүнтэйгээ учирч жаргалтай амьдарч,  4 сайхан үрийг нь төрүүлсөн азтай эмэгтэй. Ажил, амьдралынх нь үүх түүхийг нарийн сайн мэдэхгүй ч социализмын үед гуравдугаар бааз буюу Тээврийг удирдах газар гэж байхад гарын таван хурууд багтах эмэгтэй жолоочийн нэг явсан гэдэг. Хожим хувиараа махны худалдаа эрхлэх болж ханийнхаа хамт зүтгэсэн. Хатууд тэвчээртэй, зовлонд өвдөг сөхөрдөггүй сэтгэлийн хаттай хүн байж дээ, Доомаа маань. Баахан хэнэггүй байж мэдэх зантай, тиймдээ ч аюулт өвчнийг тоолгүй явсаар хүндрүүлчихсэн байж мэдэх юм.   
      Энэ цар тахал гэдэг хүмүүст зовлон зүдүүр авчирсан айхавтар хатуу жил тохиож байна даа. Хайртай ээжийнхээ энэрэл хайраар дутагдаж үгүйлэн санах өдрүүд хүүхдүүдэд ирнэ. Энэ үед аав нь хичээх л учиртай. Амьдрал дэндүү хатуу, утга үгүй санагдавч баяр жаргалтай өдрүүд бий гэдэгт итгэж түүний  төлөө амьдрах ёстой шүү, миний найз. Доомаа маань яг л дуулах дуртай дуу шигээ Хүмүүст сэтгэл түгээхийн сайхныг мэдрээд 
Хүний төлөө нартай амьдарсаан. Тийм болохоор хүнд хэцүү үеэ ухаанаараа залж, зовлонд авталгүй тэвчээртэй байж чадна гэдэгт чамд итгэж байна, Энхболд оо.   
Хайртай хүнийхээ хойноос гашуудан харуусч буй гэр бүлд нь найз нөхдийнхөө өмнөөс эмгэнэн бөхийе. Сайн заяанд төрөх болтугай.

Б.ТУЯА
 

  • Туяа
  • 354
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313