ИРГЭНЭЭ ХҮНДЭЛЖ БАЙЖ ТӨРӨӨ ХҮНДЛҮҮЛНЭ

2021 оны 10-р сарын 5 өдөр

Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, Түнтүүшийн БОЛД:

        Хотын захиргаанд Түнтүүшийн Болд гэж төрийн хар хүн байх. Түүнд нэг ажил даалгавал түүнийхээ араас салахгүй явна. Хариуцлага, сахилгатай, зарчимч зан  ёстой л цусанд нь байдаг байх гэлтэй. Угтаа бол тэр өөрийнхөө төлөө биш төрийн төлөө ийн гүйх. Залуу зандан наснаасаа санчигтаа буурал суутал  амьдралынхаа бүхий л цаг хугацааг тэр хотын захиргаа гэх их айлын халуун тогоонд өнгөрүүлсэн.  Тендер, газар,,,, гээд бүхий л асуудлын углуурга дээр суудаг түүнийг энэ мэт ашиг сонирхлын элдэв хэл үгэнд нэр холбогдохыг сонсоогүй. Зах зээлийн шуурганд наймаа панз хөөсөнгүй, улс төрийн бужигнаанд урваж шаравсангүй, төрийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэсээр өдийг хүрсэн хүн дээ. Ямар ч асуудлын эв зүйг олдог мяндсан арга ухаан түүнд бий. Байж л байх юм шиг санагдах ийм л эрхэмүүд маань нэг л өдөр “ноосоо тушаагаад”  төрийн ажлаас нуруугаа амраах нь мэдээж. Түүнээс нь урьтаж уулзаж ухаан бодлоос нь хуваалцахаар Хэрлэн сумын ЗДТГ-ыг зорьсон юм. Бидний ярилцлагыг уншигч та таалан болгоогоорой.       


-Хотын захиргаа гэдэг их айл таны хувьд овог, бүр гэр бүл тань болжээ. Төрийн албанд та хэдэн жил зүтгэж байна даа?
-1988 онд анх хөл тавьснаас хойш 33 жил өнгөрсөн байна.
-Төрийн албанд анх хөл тавьсан үеэ эргэн дурсъя л даа?     
-Би 1982 онд цэргийн албанд татагдаж, 1985 онд халагдсан. Тэр үед гурван жилийн цэрэг буюу 1081 хоног цэргийн алба хаадаг байлаа. Цэргээс халагдахын өмнөхөн ангийн дарга намайг өрөөндөө дуудаад “Ангидаа улирч үлдэх үү? Чамайг Орос улс руу цэргийн дунд сургуульд явуулъя” гэдэг юм. 1081 хоног аав ээж, нутаг усаа санасан хүн юу гэж цэргийн албанд улирахав. “Би нутаг руугаа явна. Харин халагдахдаа тодорхойлолт авч болох уу, очоод шалгалт өгөх гэсэн юм. Манай аав, ээж малчин. Би айлын том хүүхэд. Сургууль соёлын мөр хөөх ёстой” гэж хэлсэн. Дарга “Тэр бололгүй яахав. Алдаатай шийдвэр гаргаагүй биз. Чамд ирээдүй бий шүү” гэж билээ. Цэргээс халагдаад сумандаа очилгүй шууд аймгийн төвд шалгалтад орсон. Тэр жил Хууль цаазын дунд сургуулиас манай аймагт 4 хувиар иржээ. Аймгийн захиргааны Зохион зааварлах хэлтэс шалгалтад орох эсэхийг шийддэг  байсан үе. Тэгээд очиж асуулаа. Одоогоор 4 хүүхэд бүртгүүлсэн. Цагдаад ажиллаж байсан нэг хүн,  цэргээс халагдаж ирсэн 3 хүүхэд байна гэв. Дөрвөн хүүхэд, дөрвөн хувиар дээр шалгалт өгсөн болохоор сургуулиа авалгүй яахав, ингэж мэргэжил эзэмшиж төрийн албанд ажиллах зам мөр шулуудсан даа. 
-Ажлын анхны гараагаа хаанаас эхлэв?
-1988 онд сургуулиа төгсөөд Дорнод аймагт хуваарилагдлаа. Тэр үед Сайд нарын Зөвлөл төрийн албанд томилдог байсан юм. Тэгсэн нь Дорнод руу явах өглөө гэнэтхэн “Энэ хүүхэд Өмнөговийн зохион зааварлах хэлтсээс гэрээтэй ирсэн юм байна. Нутаг руугаа явна даа” гэсэн. Өмнөговьд очсон өдрөө Сэврэй сумын нарийн бичгийн даргаар томилогдлоо. Тэр өдөр гуравдугаар сарын 7-ны өдөр байсныг тод санадаг юм. Сэврэй сумын нэгдлийн дарга, намын дарга нар  эзгүй. Сумын нарийн бичгийн даргатай нь уулзаж шөнө ажлаа хүлээлцээд хуучин дарга өөр суманд томилогдож явсан. 
-Сумын нарийн бичгийн дарга гэж одоогоор яг ямар албан тушаал юм бэ? 
-Одоогоор бол Сумын ЗДТГ-ын дарга юм даа. Онолын мэдлэгээс өөр зүйлгүй миний хувьд ахмадуудаасаа төрийн албаны ажлын арга туршлагаас суралцсан. Ахмадын үг алт гэж, тэд залуусын туулах замын энхэл донхлыг эндэхгүй мэддэг жинхэнэ чиглүүлэгчид байдаг. За тэгээд ажлаа аваад гурав л хонож байсан санагдана. Сумын талхны цехэд хулгай оржээ гэнэ. Хамгийн түрүүнд зурагчин дууд гэлээ. Ямар ч байсан ул мөр байвал зургийг нь авч баримтжуулья гэж бодсон хэрэг. Шөнийн ээлжинд гарч байсан уурын зуухны жижүүрийг дуудаж асуулаа. Шөнө нэг хүн явсан гэнэ. Зурагчнаа аваад гурвуул очлоо. Талхны цехийн хаалгыг лоомоор хөшиж онгойлгосон болохоор мэдээж гар, хөлийн мөр үлдээснийг зургаар баталгаажууллаа. Уурын зуухны галч их гярхай хүн байсан. Шөнө тэдний ажил дээр орж ирсэн хүн завилж суухад нь өрөөсөн гутлын улны резин залгаатай байсан. Энэ мөр нь мөн байна гэж байна. Мөрийг нь мөшгөсөөр явтал 70 кг-ын шуудайтай гурилыг үүрч явсан хүн 50м яваад л гурилаа буулгаж амрахдаа мөрөө үлдээгээд явсан байдаг. Тэгсээр нэг айлд хүрч, орохдоо үүдний амбаарын хөшгийг сөхтөл тал шуудай гурил байна. Гэрийн эзэнтэй уулзлаа. “Би ажил төрөл хийдэг хүн хэдэн хүүхдээ тэжээхтэйгээ” гээд уурлаж байна. Өчигдөр манайх гурил авсан гурилын сав дүүрэн байгаа л гэнэ. Зургийг нь аваад дэлгүүрийн худалдагчтай уулзана гэж хэлээд өрөөндөө очоод сууж байтал өнөөх хүн ирлээ. Олон хүүхэдтэй, тэднийгээ тэжээх гэж арга мухардахдаа хулгай хийсэн гээд уучлалт эрж байна. Тэгээд хөөрхий, Хэсгийн төлөөлөгч 50 төгрөгөөр торгоод салж билээ. Тэр үед архи талоноор өгнө. Би залуучуудад архи өгөхийг нь хориглосон тушаал шийдвэр гаргаж байсан. Гурван жил Сэврэй суманд ажиллаад Ханбогд суманд нарийн бичгийн даргаар томилогдоход Сэврэй сумын танхай гэгддэг залуус намайг мотоциклтой үдэж өгч,  “Хэрвээ бидэнд архи өгдөг байсан бол бид гэмт хэрэгт холбогдох байсан. Танд их баярлалаа” гэж хэлж билээ.
-Өсөж төрсөн сумандаа Тамгын газрын даргаар очиход аав, ээж тань ихэд баярласан байх даа? 
-Цэргийн алба хааж ирээд малчин болох болов уу гэсэн нь сургууль аваад ирлээ гээд тэд маань баярлалгүй яахав.  
-Төрсөн нутгийнхаа тухай, хүүхэд насныхаа тухай, аав ээжийнхээ тухай яриач? Бидний ярилцлага хожим түүх болон үлдэх учраас...  
-Миний төрж өссөн нутаг Өмнөговь аймгийн Ханбогд сум. Оюу толгойн уурхай манай тэмээний бэлчээр байсан газар. Наахан талд нь Таван толгой гээд сайхан тал байсан. Одоо тэнд Нисэх онгоцны буудал баригдсан. Говьд тэмээ олонтой. Манайх 1966 оноос хойш тэмээ малласан. Тийм болохоор тэмээн зэлэн дээр өссөн дөө. Тэмээ сүрдмээр том хэр нь их ухаантай, уяхан, дуулгавартай амьтан. Тэмээг хуурын эгшгэнд уярч нулимс бөмбөрүүлэхэд нь хайрлахгүй байхын аргагүй. Бага байхад сургуулийн амралт эхэлсэн цагаас намар болтол ботгоны зэлэн дээр өнжинө. Эмнэг ботгыг эхлээд хөлнөөс нь уяж уяанд дасгадаг. Номхрохоор нь хүзүүнээс нь уядаг. Зун очиход гар хүргэдэггүй эмнэг байсан ботгонууд намар сургуульдаа явахын үед араас дагах нь үнэхээр өхөөрдөм. Манайхыг номхон тэмээтэй гэдгэээр нутгийнхан андахгүй. Нэгдэл тарахад Түнтүүшийн тэмээг л авъя гэсэн хүн олон байж билээ. Тэмээн дээрээс нар ойрхон гэж... наранд ойр нутгаас нар эхэлж манддаг нутагт ирсэн хүн дээ, би. Говийнхон элгэмсэг зочломтгой. Айлууд нь хаалгандаа цоож зүүхгүй. Хаалганыхаа уяаг бүслүүрэндээ хавчуулаад малдаа явна. Нүүж яваа айл, ажлаар явж буй хүн, эрлийн малчин эзгүй айлд ороод тоононоос уясан тэмээний борцтой богцыг авч хоол, цай хийж идээд морддог. Замдаа айл, хүн таарвал тэднийд бууж ундаалсан шүү гэж талархсан сэтгэлээ дамжуулж дуулгана. Хүмүүс говь нутгийг элс шуурсан, малын хамар хатгах өвсгүй, айлууд нь ганц ганцаараа нутагласан эзгүй газар гэж төсөөлөх нь бий. Миний нутаг устай, ургамалтай үнэхээр сайхан нутаг. Аав, ээж минь хүнд тустай яваарай. Үг дааж амьдраарай л гэж захьдагсан. 
-Төрийн албанд үг даах гэдэг чухал чадвар байх шүү?
-Тийм шүү. Үг даахгүй хүний өөдөөс өрвөлзөөд байвал ойлголцохгүй ш дээ. Хүний үг сонсож сурна гэдэг төрийн албаны анхан шатны шалгуур. Төрийн алба хүний төлөө алба. Би нэг удаа хувийн ажлаа хөөцөлдөөд аймгийн Халамж үйлчилгээний газарт очлоо. Бичиг баримт хувилах гэсэн нь дээд давхарт хувилах машин байгаа гэнэ. Дээр нь очтол доод давхарт хувилуул гэнэ. Эргээд доошоо буусан нь “минийх эвдэрсэн, дээр хувилуул гэж хэлсэн биз дээ” гээд уцаарлах янзтай. Би хэллээ, “Төрийн үйлчилгээг ингэж хүргэхгүй ээ, дүү минь. Би ч өөрөө төрийн албанд ажилладаг хүн. Миний өрөөнд хувилагч машин байхгүй бол өөр өрөө рүү тухайн хүнийг дагуулж яваад хэрэгтэй бичиг цаасыг нь хувилж өгдөг” гэлээ. Би Хэрлэн сумын Тамгын газрын даргаар 10 жил ажилласан. Сумын ИТХ-ын ажлын албаны даргаар 10 гаруй жил ажиллаж байна. Төрийн албан хаагч татвар төлөгчдийн татварын мөнгөөр цалинждаг. Бид иргэдэд үйлчлэх үүрэгтэй хүмүүс. Тухайн иргэнд төрийн албыг яаж ойлгуулах нь биднээс шалтгаална. Ер нь хүн шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй. Шүүмжлэлийг ажилдаа тусгаж чадсан хүн зорилгодоо хүрч чадна. Төрийн албан хаагч хүн иргэнээ хүндэлж байж төрөө хүндлүүлнэ. Хүнийг хүндэлж харьцвал ямар ч асуудлыг ойлголцож болно. 
-Сургуулиа төгсөөд төрийн албанд Дорнод нутагт анх томилогдож байсан гэсэн. Энэ нутагт ирэх хувь ерөөл байж дээ?
-Амьдралынхаа 30 жилийг өнгөрүүлсэн Дорнод нутгаа үргэлж сэтгэлдээ сүсэлж дээдэлж явдаг. Энэ нутагт миний бүхий л ажил, амьдрал үргэлжилж буй. 1992 онд Дорнодод ирээд ажил хайсан. Шилжилтийн үед хүмүүс бизнест хөл тавьж байхад би төрийн албанд орно гээд явж байлаа. Тухайн үеийн Хэрлэн сумын Засаг даргаар Цэндийн Баттөмөр дарга ажиллаж байсан. Уулзлаа. Төрийн албанд ажиллаж байсан туршлага, ажилд орох хүсэлтэйгээ хэллээ. Тэгээд хариу хүлээх зуураа охиноо сахиад эмнэлэгт хэвтэх болж, тэгсэн нь Насандэлгэр даргыг манай гэр лүү явуулсан байсан. Эмнэлгээс хувцсаа сольж өмсөөд шууд хотын захиргаа руу очиж билээ. Ингэж анх Хотын захиргаа хэмээх их айлын босгоор хөл тавьж, анх Иргэний бүртгэлийн ажилтан болсон. Нотариатын түр ажилтан гэдэг тушаалаас бүр мөсөн 30 жил “хадагдчихлаа”. \Инээв\ 
-Хамт олон гэдэг таныхаар? Ямар үед хамт олныхоо түшиг тулгуурыг илүүтэй мэдэрдэг вэ? 
-Зорилго нэгтэй хүмүүсийг хамт олон гэнэ. Нэг зорилготой учир нэг чигт харж, нэг зүгт алхана. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэж. Хүн гэр бүлгүй, хамт олонгүй, найз нөхөдгүй амьдарч чадахгүй ш дээ. Тамгын газар, ИТХ үйл ажиллагаа чиг нь өөр ч нэг зорилгын төлөө явж буй нэг хамт олон. Бид нэг зорилготой байхгүй бол иргэдэд үйлчилж чадахгүй. Хамт олны дунд бие биенээ гэсэн хүндлэл зайлшгүй байх ёстой. Ажлаас гадна хамт олон гэдэг амьдралын түшиг тулгуур найз нөхөд байдаг. Бие биенийхээ сайн, мууг мэдэлцэж, зовлон, жаргалаа хуваалцдаг хүмүүс. Амьдал гэдэг тэмцэл. Тэмцэл дунд алдаа,  оноо аль аль нь бий. Хүн өөрөө зөв явбал буцаад зөв л хариу ирнэ. Би аав ээж, найз нөхөд, үр хүүхэдтэй хүнийг баян гэж боддог. Миний хамт олон миний нэг баялаг.
-Олон төрийн нүүр үзсэн хүн гэдэг шиг. Та Чойбалсан хотын захиргаанд хэдэн даргатай хамтарч ажиллав? 
-Цэндийн Баттөмөр даргын тухайд 1992-1996 онд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байсан. Хүн загнана гэж үгүй. Буруу зүйл хийвэл учиргүй том харна. Тэр харцнаас нь бид айдагсан. Пүрэвийн Алтангэрэл дарга болохоор хүнээр өөрөөр нь асуудлыг шийвэрлүүлдэг, холын хараатай хүн байсан. Хүнээ хөгжүүлэхэд их анхаарна. Ядамын Насандэлгэр дарга хамт олныг нэг баг болгон бүрдүүлж чаддаг. Жаргалын Энхцэцэг даргын үед би сумын ИТХ-ын дарга болсон. Түүний хувьд өндөр  боловсролтой, төрийн албаны баримт бичгийг стандартын дагуу хөтөлдөг, сүрхий зарчимч хүн. Сумын Засаг дарга солигдлоо гэхэд хотын захиргааны хамт олны зорилго солигдоно гэж үгүй шүү дээ. Төрийн залгамж чанар тасрах учиргүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба бол хурлын төлөөлөгчдийг хуулийн дагуу шийдвэр гаргахад нь мэдээллээр хангах үүрэгтэй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гарч байгаа шийдвэр бүхэн иргэдийн төлөө байх ёстой. Сумын ИТХ-д Л.Эрдэнэ даргатай, Б.Батбаяр даргатай, Одоо Н.Батмөнх даргатай ажиллаж байна. Л.Эрдэнэ дарга их зөөлөн хүн байсан. Манай Б.Батбаяр дарга нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ажил хийхгүй байвал хэн ч хийсэнгүй гэхгүй ч, хийе гэвэл ажил мундахгүй их гэж хэлдэг байж билээ. ИТХ-ын үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгахад их анхаарна. Шударга хүн дээ. 
-Та Чойбалсан хотын иргэн хүн ямар байгаасай гэж хүсдэг вэ?  
-Иргэн хүн бүхэн миний хийж буй үйл хотынхоо төлөө, аймгийнхаа төлөө, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байгаасай. Тэгж ухамсарлаж чадвал амархан хөгжинө. Одоо хүмүүсийн сэтгэлгээ, хандлага харьцангуй эерэг болж байна. 
-Иргэн хүнийхээ хувьд юунд эмзэглэж явдаг вэ? 
-Одоо цагт хүн болгон шүүмжлэгч болжээ. Ажил хийхгүй хэр нь ам нь хөдлөдөг хүн олширсонд эмзэглэдэг. Эерэг үйлийг олонд түгээхгүй хэр нь хар бараан зүйл сонсвол хаа сайгүй сэвдэг болж. Энэ нь халамжийн бодлого хавтгайрсантай холбоотой гэж боддог. Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөөр өл залгуулаад ажил хийхийг хүсэхгүй байна. “Барилгын компанид цалин сайтай туслах ажилтан авна. Хоолны газар угаагч, үйлчлэгч ажилд авна” гэсэн зар хэдэн сараар явж л байх. Ажиллах хүн олдохгүй байна. Хүн эерэг хандлагыг өөртөө бий болговол муу зүйлийн гарц гаргалгаа тод харагддаг. Тэгж байж бид хөгжих тухай яримаар байна. Ажил хийж буй хүнд хэн нэгнийг шүүмжлэх цаг зав олдохгүй ш дээ. Ажил хийнэ гэдэг сэтгэл гаргана гэсэн үг шүү дээ. Аливаа ажыг оромддог хүн хэзээ ч өсөж дэвжиж урагшлахгүй. Ухарч байна л гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье
-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Б.Одмаа 
 

  • Туяа
  • 431
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313