ГАНГАН ЭМЭЭГИЙН ГОЁЛООС ҮҮДЭН ЯРИЛЦАХУЙД

2021 оны 10-р сарын 5 өдөр

      Уншигч та үндэсний дээл хувцсаараа гоёсон хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй бахдал төрдөг биз?. Тэдэнтэй зургаа хамт татуулахыг хүсдэг ч байж мэднэ. Үндэсний хувцас урладаг хижээл насны ганган эмэгтэйтэй саяхан санаандгүй таарлаа. Буриад хамган дээлтэй, чимэг зүүлт болсон малгайтай, хэт хутга зүүсэн түүнийг Батын Доржпагма гэнэ. Тэрээр амьдралынхаа 30 шахам жилийг үндэсний хувцас урлахад зориулжээ. Түүний урласан буриад малгай өмсөхөд эвтэй, эдэлгээ сайтай. Хүн бүр үндэсний дээл хувцасныхаа утга учрыг мэдэж, өмсөж хэвших хэрэгтэйг тэр онцолж байлаа. Түүнтэй буриад үндэсний хувцасны тухай хэсэг хөөрөлдлөө. Буриад үндэсний малгай нь тоорцог, юүдэн, үрчлээ гээд олон төрөл гэнэ. Буриад тоорцгон малгай конус хэлбэртэй. Конус хэлбэрийг тойруулан 11 удаа ширэх ба энэ нь буриадын 11 омгийг илэрхийлдэг юм байна. Малгайн оройд эх дэлхийг гэрэлтүүлэгч нарыг бэлгэдсэн шар өнгийн тав хийнэ. Тавыг тойруулан улаан утас эрчилж залаа оёно. Буриад малгайн улаан залаа нарны цацрагийг бэлгэддэг. Нарны цацарга нь байгаль дэлхий, зон олонд хүрч аз жаргал бэлэглэнэ гэж үздэг. Конус хэлбэрийн доод талаар хар өнгөтэй хүрээ оёх ба энэ нь байгал далайг илтгэнэ. Усан дээр туссан нарны тусгалыг дүрсэлж хар хүрээг шар өнгөөр эмжинэ. Малгайгаа шүр, оюу номин чулуугаар чимэглэнэ. Малгайнаасаа доош гинж, эрдэнийн чулуугаар унжлага зүүлт хийнэ. Буриадууд тоорцог малгайгаа ихэвчлэн гоёлд өмсөнө. Өдөр тутам ахуй амьдралдаа, өвлийн улиралд үстэй, үсгүй юүдэн малгай өмсдөг аж. Б. Доржпагма гуай  нэг малгай урлахад нэг бүтэн өдрийг зарцуулдаг гэж байлаа. “Малгай урлана гэдэг өнгө дотрыг нийлүүлээд болчихдог юм биш. Малгайныхаа дотор талыг торгон женс, кашмер давхарлан ширнэ. Түүнийгээ эсгээд дотроо хавна. Үүний дараа конус хэлбэртэй болж ирнэ. Малгай гол нь хэлбэрээ алдахгүй, өмсөхөд эвтэйхэн байх ёстой” гэж ярилаа. Доржпагма гуай “Манай ээж намайг насны юм оёх юмаа гэдэгсэн. Би тэгэхээр хариугүй хэврэг юм хийдэггүй байх. Аль болох олон хүнд малгай урлаж өгөхийг хүсч явдаг” гэв. Ойрд захиалга их үү? гэвэл “Би багш байсан болохоор англи үсэгний зах зухтай. Буриад үндэсний хувцас гэсэн facebook хуудас ажиллуулдаг юм. Монголын өнцөг булан бүрээс хүмүүс надтай холбогдоод ийм малгайтай болмоор байна гээд захиалга өгдөг. Сошиал орчинг зөв ашиглаж чадвал маш үр дүнтэй, хурдтай. Хаанаас хэнтэй ч холбогдож болно. Өчигдөр гэхэд 8 малгайн захиалга авсан. Захиалагчид маань та яараад яах вэ тааваараа хийгээд өгөөрэй гэдэг.  Тэднийхээ захиалгыг Монгол шуудангаар илгээдэг. Хэлбэр дүрсээ алдахгүйгээр эзэндээ очно. Ирж авч байгаа хүмүүсийн хувьд “уутлаад яахав, өмсөөд явчихъя” гээд талархсан сэтгэлээ илэрхийлээд нүд нь гялалзаад гараад өгдөг дөө” гэв. Түүний энэ эрч хүч, ажилсаг занг залуу хүн бүхэнд хүргэхсэн гэж бодож суулаа.
     Авьяас гэдэг хөдөлмөр. Б. Доржпагма гуай “Хүн хоол идэж л байвал хөдөлмөрлөх хэрэгтэй, Хөдөлмөр эрхэлж буй хүн эрч хүчтэй, эрүүл саруул байдаг” гэж ярина.  Тэрээр Булган суманд төрж Цагаан-Овоо суманд өсжээ. Дэндүү сайхан буриад “бурхад” намайг өсгөсөн дөө гэж аав, ээжээрээ бахархана. Түүний аав Лхамжавын Бат, ээж Очирын Нансалмаа гэж Цагаан-Овоо сумын хүмүүс байжээ.  Аав минь намайг 4-р ангид байхад  бурхан болж, ээж маань зургадугаар ангид байхад хараагүй болсон. Аав минь нутаг усандаа гайхагдсан дархан хүн байсан даа. Мод, төмрөөр ходоок тэрэг дархлана. Сур элдэнэ, хазаар ногт хийнэ, хөдөлмөрч гэж жигтэйхэн. 1937 онд аавыг минь лам хүний хүүхэд гэж хэлмэгдүүлж, 11 жил хоригдохдоо хийгээгүй ажил үгүй гэдэг. Лам нар оюунлаг хүмүүс болохоор хар бор ажилд тааруу. Тэдний хийх хар ажлыг аав минь л нугалдаг байсан гэдэг. Аав минь өвдөхөд ээж асарч байгаад халуун галд хараагүй болсон юм. Ээж маань хараагүй хэр нь үнээгээ саана, арьсыг ёстой л торго шиг зөөлөн болтол элдэнэ. Манай нутгийнхан ээжээр арьс элдүүлэх дуртай. Манайх олон үнээ саадаг айл байлаа. Зуны цагт харахуйгаар хоёр дүүтэйгээ, ээж, хөгшин ээжтэйгээ шөнө дүлээр л үнээндээ гарна. 20 гаруй үнээг нар мандахаас урьтаж сааж дуусгадагсан. Сүүгээ заводод тушаана. Завод аваачсан сүүг  машиндаад өглөө бүр 160 литр орчим зөөхий бэлтгэнэ. Дөчийн бедонтой зөөхийгөө морь тэргэн дээр ачаад “Галуут” нэгдэлд тушаана. Миний бага нас ингэж л өнгөрсөн. Тэр үед ээж минь “Айлын хүүхдүүд тоглож байхад миний охинд тоглох зав гарахгүй юм” гэдэгсэн.  Би үнэндээ тоглохсон гэж бодож байгаагүй. Ажил хийхдээ дуртай охин байсан. Зуны цагт ноос хайчлана, ногоо дарна гээд мундахгүй их ажилтай гэж ярих Доржпагма гуайн бага насаар бид хамтдаа аяллаа. Тэртээ 60, 70 жилийн өмнөх хүүхэд насных нь нандин дурсамж түүний сэтгэлд тодоос тод хадгалагдан үлджээ. Аав, ээжийгээ ярихдаа үе үе нүдэнд нь нулимс дүүрч ирэх нь жаахан охин болчих шиг санагдав.
Тэрээр 1968 онд Багшийн техникум төгсөж, 1972 онд  биологийн багш мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөж ирээд Булган суманд ажиллаж олон таван хошуутай гавшгайч анги хоёрыг төгсгөжээ. Үүний дараа Хан-Уул сургуульд бага ангийн багш, биологийн багш, дотуур байрны багшаар ажиллаж байжээ. Тэрээр хүүхдэд ерөнхий эрдмийн мэдлэгээс гадна, амьдралын арга ухаан суулгах нь чухал гэж үздэг. Дотуур байрныхаа бүх хүүхдэд хатгамал зааж дэрний уут, орны торыг чимэглүүлдэг байсан гэх. Яг л тэр үеийн амьдралын зураг. Юм ховор, бэлэн юм гэж үгүй. Бүхнийг гараараа хийдэг байсан цаг. Ардын боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт буурал багш  сургууль, хамт олон, Монгол орны өнцөг булан бүрт ажил амьдрал нь тэгш сайхан яваа шавь нараа дурсан ярьж суув.
     Б. Доржпагма  гуай гавьяаны амралтдаа гарсан цагаас үндэсний хувцас урлах болжээ. Миний том эгч Жалам эдүгээ 90 настай буурай надад үндэсний хувцас оёхыг зааж сургасан.  Мөн долдугаар багийн өндөр настан Дэжидээс их зүйлийг сурсан гэж байлаа. Үндэсний хувцас гэдэг тухайн ард түмний туулж ирсэн түүхэн замналыг өгүүлэх онцгой шинжийг агуулдаг. Тэр тусмаа Буриадууд үүх түүх, үзэж туулсан зовлон жаргалаа хувцсандаа шингээсэн зонууд.  Буриад эрэгтэйн дээл зах, их бие гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Буриад дээлийн энгэр бол буриад хүний нэрийн хуудас. Энгэрийн гурван өнгө гүн гүнзгий утга учиртай. Хамгийн дээд талын өнгө нь цагаан бол Цагаанууд, шар бол Шарайд, хөх бол Хөвдүүд гэх зэрэг ямар омгийн хүн гэдгийг илтгэнэ. Хамгийн доод талын улаан өнгөнд хоёр хаваас оруулна. Энэ хоёр хаваас нь харь оронд нутаглаж байсан буриад зоны хоёр нүүдэл Монгол нутагт ирээгүйг илэрхийлнэ. Дундах хар өнгө хүний амьдралын хэцүү бэрхийг илтгэх жишээтэй. Өөрөөр хэлбэл Буриадуудын туулж ирсэн хэцүү цаг үеийг илэрхийлдэг гэх юм билээ. Харжээ суухад буриад дээл их ганган. Тэр тусмаа эмэгтэй буриад дээлэнд орчин цагийн бөмбөгөр ханцуй, дэрвэгэр хормой, дээлийн гадуур өмсөх ууж гээд хувцас загварын ертөнцөд үл хуучрах элементүүд багтсан байдаг. Энэ тухай Б. Доржпагма гуайгаас асуухгүй өнгөрч чадсангүй.
     Тэрээр “Буриад басгадууд үсээ 12 салаа сүлжинэ. Харин хадамд гарахад нь ивээл жилтэй хүн үсийг нь хоёр салаа сүлжиж үсний уутанд хийн аав ээж, ах дүүдээ ачлалтай, амрагтаа халамжтай амьдрахыг ерөөдөг. Буриад үндэсний хувцаснаас тухайн хүний гэрлэсэн эсэхийг мэдэж болдог. Хадамд гаргаагүй онгон дархан охид басган дээл өмсөнө. Басган дээлийн ар өвөр нь улаан шар өнгийн татаастай,  хормой нь хуниастай байдаг. Ханцуйны үзүүрийн хоёр талыг эмжсэн байвал хадамд гараагүй охин, эхнэр аваагүй хөвүүн гэж харна.  Басган дээл, хамган дээл хоорондоо ялгаатай. Хамган дээл зах, энгэр, ар, булуувч, ханцуйн  үзүүр, хормой хэсгээс бүрдэнэ. Хамган дээл үүссэн түүхийг олон янзаар тайлбарладаг. Эрт дээр үед бие биедээ хайр сэтгэлтэй бүсгүй, залуу хоёр үерхдэг байж.  Тэгтэл нэгэн хөгшин ноён бүсгүйг богтлон авч гэргийгээ болгожээ. Бүсгүй нутаг ус, найз залуугаа санан хөгшин ноёнтой насыг барж чадахгүй хэмээн зугтсан байна.  Зугтаж яваад баригдсан бүсгүйг олон хэсэг болгон таслан хороосон гэдэг. Залуу бүсгүйн гэгээн хайрыг хүндлэн хамган дээлийг зохиосон  түүх бий. Мөн хамган дээлийг гарын алгыг дуурайж хийсэн ч гэдэг. Эрхий хурууны цүндгэр хэсэг булуувч юм. Зурааснууд нь хуниастай хормой, арын нарийн зураас ар тал нь гэх нь бий” гэж Доржпагма гуай үндэсний хувцасны үүх түүхээс сонирхуулав. Үндэсний хувцас урлана гэдэг нэг хэрэг. Түүнийг судалж, арвижуулж, сурталчлан түгээн дэлгэрүүлнэ гэдэг бас нэгэн үйл.
Б. Доржпагма гуай “Хүн дуртай юмаа хийхдээ ядардаггүй”. Ач зээ нь нар минь эмээ та хоббигоо жаахан багасга л даа гэдэг гэх. Тэрээр одоо 70 насыг хол давсан буурай. Юм оёход нь хүүхдүүд нь эхлээд дургүйцдэг байсан ч одоо хүү хүргэд, охин бэрүүд бүгд тусалдаг болжээ. Би хүүхдүүдээ энийг, тэрийг хий гэж албаддаггүй ээ. Завтай цагтаа туслахад л болно. Манай хүүхдүүдийн хэн нь ч буриад хувцсаа оёод өмсчхнө гэв. Тэр энэ өв соёлыг хойч үедээ өвлүүлэхийн тулд өөрийн мэддэг чаддаг бүхнийг бусдад харамгүй зааж зөвлөнө. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын ангийн сурагчдад буриад малгай, дээл хийх талаар хичээл зааж, Дорнод аймгийн Оёдлын холбооны тэргүүн Д.Ганчимэг даргатай оёдлын салоныханд ур чадварын зөвлөгөө өгсөөр... Та залуудаа юм оёдог байсан уу гэвэл “Миний залууд ногоон даалимба л элбэг байсан. Даалимбаар охидууддаа тарпец өмд оёж өгч гангалдаг байлаа гэх. Бид ийм энгийн зүйл ярьсаар уулзалтаа өндөрлөсөн юм. Он цагийн урсгалд хүмүүс амьдралд өөр өөрийн мөрийг үлдээсээр.

Б.Одмаа

  • Туяа
  • 415
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313