Нөхөд өө
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нам, ард түмэндээ онцгой хувь нэмэр оруулсан намын гишүүдэд намын дээд өргөмжлөлийг гардуулах томоохон ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Юуны өмнө миний бие Намын Төв Хорооны нэрийн өмнөөс “Долоодугаар Сарын Нэгний Одон” хүртсэн хүмүүст халуун баяр хүргэж, хамгийн дээд хүндэтгэл дэвшүүлье. 100 жилийн турш ХКН анхны зорилгоосоо үл хазайн, ард түмнийг нэгтгэн удирдаж агуу их замыг нээн, агуу их үйлсийг бүтээж, агуу их үзэл баримтлалыг бэхжүүлэн, үнэт туршлага хуримтлуулж ирсэн. Хятадын үндэстний хөгжлийн түүх, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн түүхэнд гайхалтай хуудсыг бичлээ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Хятадын Коммунист Намын үе үеийн гишүүд үндэсний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, улс орны хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргалын төлөө шаргуу тэмцэн, амь нас бүх зүйлээ зориулан баатарлаг түүхийг бүтээсэн. Өнөөдөр энд “Долоодугаар Сарын Нэгний Одон”-гоор энгэрээ мялаалгаж буй хүмүүс бол олон олон салбарын намын гишүүдийн гарамгай төлөөлөл юм. Тэднээс Хятадын коммунистуудын бат итгэл, зорилгоо биелүүлэх, шаргуу тэмцэх, үнэнч шударга байх сайхан чанар, эрхэмсэг үзэл баримтлалыг харж болно.
- Бат итгэл гэдэг нь анхны зорилгоо мартахгүй, хүсэл эрмэлзлээ өөрчлөхгүй байж, чин үнэнчээр нам, ард түмний төлөөх шударга сэтгэл, хайр халамжийг зүрхэндээ тээж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх билээ. Нам, ард түмний төлөө аливаа бүх зүйлээ, алтан амиа зориулж, намын үзэл баримтлал, итгэл үнэмшлийн төлөө тууштай тэмцэхийг хэлнэ. Сэтгэлдээ итгэл бишрэлтэй бол хөлдөө хүч чадалтай байж чадна. Намын бүх нөхөд марксизмд итгэх итгэл, Хятадын онцлогтой социализмд итгэх итгэлийг насан туршийнхаа эрэлхийлэл болгож, үүрд намдаа итгэж, намаа хайрлаж, намынхаа төлөө зүтгэн, өөр өөрсдийн ажлын байрандаа шаргуу ажиллаж, эрхэм үзэл баримтлалын төлөөх практик үйл ажиллагааг тасралтгүй урагшлуулах ёстой.
- Зорилгоо биелүүлэх гэдэг нь ард түмнээ энэрэх, сэтгэлдээ ард түмнээ тээх, ард түмний төлөө ажиллах, ард түмний бодож байгаа зүйлийг бодож, ард түмний санаа зовж байгаа зүйлд анхаарч, ард түмэнд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Ард түмэнтэйгээ ойр дотно харилцаатай байж, ард түмнээ түшин, ард түмэнд чин сэтгэлээсээ буян үйлдэхийг хэлнэ. Ард түмний ашиг тусын төлөөх бодит үйлдлүүд нь “Ард түмний төлөө өөрийгөө мартах” коммунистуудын эрхэм дээд үзэл суртлыг тод харуулж байдаг. Улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон юм. Намын бүх нөхөд ард түмний байр суурийг баримталж, ард түмнийг дээдлэн, ард түмний төлөө бодитой, сайн үйлсийг бүтээн, ард түмэнтэйгээ үргэлж холбоотой байх хэрэгтэй.
- Шаргуу тэмцэх гэдэг нь эх орныхоо төлөө зүтгэхээр намдаа өгсөн тангараг, үүрэг хариуцлагаа биелүүлэхийг амьдралынхаа зорилго болгон, хүнд бэрхшээл, аюул зовлонгоос айхгүй, шаргуу хөдөлмөрлөн, цуцашгүй зүтгэх явдал билээ. Энэ нь мөн коммунистуудын өөрийгөө харамгүй золиослох, тууштай тэмцэх үзэл баримтлалыг бүрэн харуулж байдаг. Аугаа үйлсийг бүтээхэд бэрхшээл сорилт дүүрэн байдаг ба ачааллыг үүрэх зориг зүрхтэй байх шаардлагатай. Намын бүх нөхөд “Бэрхшээлийг зоригтой сөрөх” баатарлаг зоригийг барьж, “Өдөр шөнө солигдох жамыг наран, саранд заах” омголон зангаар хүнд бэрхшээлийг даван туулж, нам, ард түмэн, цаг үеийн өмнө нүүр бардам, амжилт дүүрэн ажиллах ёстой.
- Үнэнч шударга байх гэдэг нь коммунистуудын эгэл даруу, хөдөлмөрч, нийтийн төлөө өөрийгөө умартдаг шилдэг уламжлалыг баримтлахыг хэлнэ. Гавьяа зүтгэлээрээ бардахгүй, хувийн алдаа оноогоо чухалд үзэхгүй, жаргалд ташуурахгүй, сахилга бат, дүрэм журамтай байх нь коммунистуудад байх ёстой үзэл суртахуун. Коммунистууд эрхэм зан чанартай байж иргэдийн сэтгэлийг олж чадна. Намын бүх нөхөд эрхэм ёс суртахууныг мэдэж, нийгмийн ёс суртахууныг баримтлан, хувийн ёс суртахууныг чанд сахиж, үг болон үйлдлээ хянан, олон нийтийн төлөө өөрийгөө зориулж, арвич хямгач, үнэнч шударга улс төрийн чанараа үүрд хадгалж үлдэх ёстой.
“Долоодугаар Сарын Нэгний Одон”-гийн эзэд бүгд ард түмнээс гаралтай. Улсдаа өөрсдийн үүргээ биелүүлж, хувь нэмрээ оруулсаар ирсэн эгэл жирийн баатрууд юм. Тэдний үйл ажиллагаанаас суралцаж, тэдний үзэл баримтлалыг дагаж мөрдөх ёстой. Үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй, тууштай тэмцэж, шаргуу ажиллаж чадвал намын гишүүн нэг бүр үндэсний сэргэн мандлын их үйлсэд нам ба ард түмний төлөө хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг тэд үйлдлээрээ харуулж байна.
Нөхөд өө
Шинэ эрин үе нь баатруудыг шаардах ба баатруудыг төрүүлж чадах эрин үе юм. ХКН нь цаг үеийн хошууч, үндэсний ноён нуруу байхын тулд намын гишүүд нь хүчтэй байх ёстой. Одон алдар хүртсэн нөхөд алдар нэрээ дээдэлж, ололт амжилтаа ахиулан, илүү их амжилт бүтээлийн төлөө зүтгэнэ гэдэгт итгэж байна. Бүх шатны намын байгууллагууд эдгээр намын гишүүдийн ажил, амьдралд анхаарч, одон хүртсэн хүмүүсийн сэтгэл хөдөлгөм үлгэр түүх, эрхэм дээд ёс суртахууныг эрчимтэй сурталчлан, бүх нам, бүх нийгмийн хэмжээнд алдар хүндтэй хүмүүсийг бишрэн дээдэлж, тэднээс суралцах уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Улмаар намын гишүүд, боловсон хүчнүүд намын мөн чанар, анхны зорилгыг санаж, шаргуу тэмцэн, социалист орчин үеийн улс орныг байгуулах шинэ аянд хоёр дахь “100 жилийн зорилго”-ыг биелүүлэхийн төлөө, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэх Хятадын мөрөөдлийн төлөө тэмцэх итгэл зоригийг нь сэргээх ёстой.
//www.solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл